Цаг үе
Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа
Мал эмнэлгийн ерөнхий газраас аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, харьяа УМЭАЦТЛ, МЭСБУЛ болон ХААИС, Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулав.
Удирдах ажилтны зөвлөгөөнөөр мал эмнэлгийн 2024 оны урьдчилан сэргийлэх арга хэмжээг тархвар зүйн судалгаа, статистик мэдээ, лабораторийн тандалт шинжилгээнд үндэслэн оновчтой төлөвлөлтийн хүрээнд явуулах мөн хяналт тавих, дархлаажуулалтын дараах үр дүнг тооцох ажлуудыг хэлэлцлээ.
Мөн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөр, бог малын мялзан өвчнийг устгах стратеги, үхрийн тархи сархиатах өвчнөөр тайван болохыг баталгаажуулах доссер зэргийг хүргүүлнэ.
Ямааны годрон өвчний халдваргүй болохыг дотооддоо баталгаажуулж, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх, үхрийн сүрьеэ өвчнөөр тайван болохыг дотоодддоо баталгаажуулах сүүлчийн тандалтыг хэрэгжүүлж, үр дүнг Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн дэд сайд, М.Ганхүлэг, сайдын зөвлөх Б.Батбаатар, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун болон газрын дарга нар оролцлоо.
Дэд сайд М.Ганхүлэг орон нутгийн удирдлагуудад УИХ-аас 2023 онд батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт түүний ач холбогдол, хамгаалалтай аж ахуй, малын өвчин, халдваргүй тайван байдлыг хангах, баталгаажуулах, экспортыг дэмжих зэрэг олон асуудлуудыг хөндөж, эмнэлгийн салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгөв гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Цаг үе
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Засгийн газрын тэргүүн Н.Учрал эдийн засгийн сорилттой цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх, төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг тэлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө. Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс Ерөнхий сайдын дээрх санаачилгыг бүрэн дэмжиж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөллөө. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид цахим системд мэдэгдэл илгээн үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой боллоо.
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг улсын хамгаалалтад шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд зааснаар Соёлын өвийн эсрэг 7 төрлийн гэмт хэрэг байгаагаас Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна.
Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс I улирлын байдлаар анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн соёлын өвийн эсрэг хэргүүдийн шийдвэрлэлтийг тоймлон хүргэж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:
- Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, бурхны толгой, очир зэрэг соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг олж авч, завшсан Н, М, С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх), 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н, М, С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 5,4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох Сандуйжүд, Тарвачэнбу зэрэг судрыг хууль бусаар олж авч, бусдад худалдсан Ш-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ш-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон дээрх судруудыг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Түрэгийн үед хамаарах дөрөө, амгаа, зуузай, төмөр цагариг зэрэг эд зүйлсийг хууль бусаар олж авч хувьдаа завшсан, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан иргэн Н-д Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 8,1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дундговь аймгийн прокурорын газраас:
- БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нар нь бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт байдаг “Хүрэн хайрханы хадны бичээс” буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нарыг гэм буруутайд тооцож тус бүрд нь 5,6 сая төгрөгийн торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 9 сая төгрөгийг төлүүлсэн байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох, харьяалах аймаг, нийслэлийн Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, алдагдаж, үрэгдсэн тохиолдолд мэдэгдэх, хилээр гаргахад зөвшөөрөл авах, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй.
Гэвч иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулах зэргээр гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч байгаа тул соёлын биет өвтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судлахыг та бүхэнд анхааруулж байна.
Цаг үе
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийн олон талт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсролын яам хамтран “Хүний хөгжил, нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл” сэдвийн дор “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийн олон талт хэлэлцүүлгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Энэ удаагийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн 90 орчим төлөөлөл оролцсон юм. Оролцогчид нийгмийн тэгш байдал ба хүртээмж, хөдөлмөр эрхлэлт ба орлого, соёл, нийгмийн үнэт зүйлс зэрэг чухал асуудлуудын хүрээнд санал, зөвлөмж солилцов.
Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг улс, бүс, орон нутаг, салбар хоорондын уялдааг ханган боловсруулах, хүний хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зорилгын хүрээнд “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж байна.
Цаашид хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг улам боловсронгуй болгоход чиглэн ажиллах болно.
-
Цаг үе2021/11/15
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
-
Үзэл бодол2022/12/30
У.Хүрэлсүх: Хархорум хот Монгол Улсын хөгжлийн шинэ төв болох боломжтой
-
Цаг үе2019/08/21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2024/10/29
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
