Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 1 дүгээр захирамжийг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан гэлээ.

Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болж буй авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулах, улмаар улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр логистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн гэв. Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумдыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөлд улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, аюулгүй байдлын үзүүлэлт буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голуудын төмөр бетон гүүрүүдийн ажил хамарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюулгүй, үр ашигтай зорчих нөхцөл дээшилж, тээвэр ашиглалтын зардал буурах, цаг хугацаа хэмнэх чухал ач холбогдолтой гэж үзжээ. Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ гэлээ.

Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх эсэх асуудлыг өмнө нь Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд саналаа ирүүлсэн бөгөөд тус Байнгын хороодоос ирүүлсэн саналуудыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгтгэн хэлэлцээд Засгийн газарт есөн санал бүхий санал, дүгнэлтээ хүргүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлэлцүүлгийн өмнө онцолсон.  

Тэрхүү санал, дүгнэлтэд, төсөл нь тээвэр логистикийн дэд бүтцийн сүлжээг сайжруулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний алдагдлыг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэсэн боловч эдийн засгийн үр ашгийн шалгуур тооцоо, судалгаа үнэлгээг нарийвчлан гаргаагүй байгааг анхаарах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс шинэчлэх, засвар хийх улсын чанартай 311 км авто замын болон засвар хийх 8 бетон гүүрний үнэ өртгийг нарийвчлан гаргаж тооцох талаар тусгажээ.

Мөн авто замыг олон улсын болон бүсийн тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ баруун болон зүүн босоо тэнхлэгийн авто зам, хөрш орнуудын сүлжээтэй холбоход анхаарах, жишиг логистикийн төвийг байгуулах, боомтын нэвтрэх чадварыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд автомашины жин хэмжүүр ариутгалын болон холбогдох тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулах ажлыг цогц байдлаар шийдвэрлэх, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, жишиг логистикийн төвөө барих хамгийн боломжтой газрыг оновчтой тогтоох асуудлыг холбогдох яамтай тохирч Засгийн газрын хуралдаанаараа нэг мөр шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан байна. Түүнчлэн төсөлд тусгасан эмэгтэй малчдыг платформын үйл ажиллагаанд оролцох цахим хэрэгсэл, ур чадвар, мэдлэгээр дэмжих сургалттай холбоотой үйл ажиллагааны талаар, гэрээний албан ёсны орчуулга бүрэн хийгдээгүй зэрэг асуудлыг санал, дүгнэлтэд хөнджээ. Байнгын хорооноос хүргүүлсэн есөн саналтай холбогдуулан ямар арга хэмжээ авсан талаар Байнгын хорооны дарга тодрууллаа.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт,  Засгийн газар ирүүлсэн саналуудыг зөвшилцөн, Засгийн газрын хуралдаанаар дахиж хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Өвөрхангай аймагт жишиг логистикийн төв байгуулахаар төлөвлөсөн байсан. Энэ нь эдийн засгийн үр ашиг муутай, үүнийг хувийн хэвшил хийж хэрэгжүүлэх бололцоотой гэсэн гишүүдийн байр суурьтай сайд нар санал нэгдэн тэр үйл ажиллагааг хассан. Түүний оронд  Дорнод, Хэнтий аймгийн дунд байдаг “Тамын 50” гэж нэрлэгдсэн, хамгийн их эвдэрсэн 50 км замыг сайжруулахаар тусгасан. Зам, гүүрүүдийн өртөг зардлын тооцоог нарийвчилж гаргасан. Жишиг логистикийн төвийг байгуулах, боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд автомашины жин хэмжүүр, ариутгалын болон холбогдох тоног төхөөрөмжийг шинэчлэх тухайд хилийн үр бүтээмжийг сайжруулж, тогтвортой худалдааг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эмэгтэй малчид гэж онцолсон арга хэмжээг хассан гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан.

Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1968 онд гишүүнээр элсэн орсон. Манай улс Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд нэгдэн орсныг, энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг УИХ 2019 онд тус тус соёрхон баталсан. Швейцарь улсын нийслэл Женев хотноо 2016, 2018 онуудад зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд одоогоор нийт 90 гаруй улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр далайчдын эрхийг хамгаалах үүднээс хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах, далайн дээрэм болон хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул гэсэн нэр томьёог шинээр тусгаж тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нэмсэн. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд өнөөдрийн байдлаар манай улсын далбаатай хэдэн онгоц байгаа, тэрхүү хөлөг онгоцуудад хэдэн далайчин ажиллаж байгааг тодруулаад, манай улсын далбаатай онгоц далайн дээрэмчдийн халдлагад өртсөн, конвенцод заасан хүчирхийллийн аливаа халдлагад өртсөн тохиолдол бий юу хэмээн тодруулсан.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнөөдрийн байдлаар 26 улсын 281 хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлтэй байгаа аж. Нийтдээ 650 гаруй далайчин манай улсын далайн асуудал эрхэлсэн байгууллагаас гэрчилгээ аван дээрх хөлөг онгоцууд дээр ажиллаж буй юм байна.  БНСУ-ын нэг хөлөг онгоц 2010 оны 04 дүгээр сард энэ Оманы эрэг орчимд дээрэмчдэд барьцаалагдаад, 2011 оны 01 дүгээр сард чөлөөлөгдсөн байна. БНСУ-ын эзэмшигч компаниас барьцаалагчид 10 сая ам.доллар нэхэж, солонгосын талаас 4 сая ам.доллар өгч онгоцоо чөлөөлж авчээ. Конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөлөг онгоцонд тохиолдсон  аливаа зүйлээс учирсан төлбөр, далайчдын цалин хөлсийг зөвхөн хөлөг онгоц эзэмшигч бүрэн төлөх зохицуулалтыг оруулж өгч байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан Монгол Улсын далбаатай, бүртгэлтэй хөлөг онгоцны ямар асуудлыг манай улс хариуцдаг, хэрхэн хяналт тавьдаг тухай болон улсын төсөвт төвлөрүүлдэг нийт ашиг, Далайн захиргааны байгууллагын жилийн төсөв, бүтэц, орон тооны талаар асуулт асууж, хариулт авсан. 

Эцэст нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 12 дугаар сард Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Тус Байнгын хороо энэ сард Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаас гадна “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангаар ахлуулан байгуулж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа өнө эртний түүхтэй. ОХУ-ын хувьд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг тэмдэглэлээ. 

Мөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг онцлов. “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” хэмээн хэлэв. 

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  

Мөн хоёр улсын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд ярилцсан аливаа асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэв.

Талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав. 

Монгол, Оросын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. 

Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, бусад албаны төлөөлөл оролцов. ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Шадар сайд А.Л.Оверчук, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Тээврийн сайд А.С.Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Төв банкны орлогч дарга А.Г.Гузнов болон “Оросын төмөр зам” ХК, “Росатом” улсын атомын эрчим хүчний корпорац, “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлага зэрэг албаныхан байлцлаа.

Цаашид хоёр тал хамтран ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.

Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.

“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.

Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.

“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Олон улсын болон дотоодынх нь зах зээлд нийлүүлэлт доголдолтой хэдий ч ОХУ-ын тал шатахуун нийлүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.

Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.

Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох