Улстөр нийгэм
Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл гаргалаа

Тэртээ 1989 оны 12-р сарын 10-нд ардчиллын анхны цуглаан тухайн үеийн Хүүхэд залуучуудын Соёлын төв /одоогийн Улаанбаатар чуулга / -ын гадаа болж байсан юм. Өнөөдөр тус газарт Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд, Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга Ж.Цэсэн болон Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болсон гишүүд хэвлэл мэдээллээр дамжуулан мэдэгдлийг олон нийтэд хүргэлээ.
Мэдэгдлийг уншиж олон нийтэд сонордуулах үеэр 1989 оны 12 дугаар сарын 10-нд яг энэ газарт өргөж жагсаж байсан лоозонгууд хэвээр байгааг сануулж, хуучин лоозонгуудыг барьж гарч ирсэн байна. Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр тулсныг санууллаа.
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

“МЭДЭГДЭЛ
МоАХ-ны үе үеийн гишүүд, дэмжигчид ээ!
Нийт Монголчууд аа!
Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой тохиож байгаа хэдий ч баярлахаас илүүтэй харуусан алдаа оноогоо дэнслэх учиртай түүхэн цаг үетэй нүүр туллаа. Цагаан морин жилийн хөр цаснаар хөх туган дор эхлүүлсэн Монголын ардчилал, ард түмний хүсэн мөрөөдөж зүтгэсэн тэр нийгэм хаачив аа?
Монголчууд бид:
-Авлигачдын өлмийд бөхийсөн
-Өдөр ирэх тутам үгүйрэн ядуурч, өвчин, өрөндөө баригдсан
-Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ боомилуулсан
-Бүтээмжит бизнесийн боломжоо хясуулж, нэг улсаас хэт хараатжсан
-Газар, газрын хэвлийн баялгаа гадныханд алдсан
-Алдагдалтай төсвөөс тэрбумтнууд төрсөн
-Төрийн сонгуулиа ч шударга явуулж чадахгүй МОНГОЛ УЛСЫГ ХҮСЭЭГҮЙ.
Өнгөрсөн хугацаанд тогтсон олигархи дэглэм Монгол үндэстний оршин тогтнохуйд заналхийлээд удсаныг бүрэн ухамсарлах ёстой. Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 2017 онд 103- т орсон бол 2022 оны байдлаар 116-р байранд бичигдэж сүүлийн таван жилийн дотор авлига нь хурдтай өсөж буй арван орны нэгээр тодорлоо. Мөн ардчиллын индекс 2021 онд 61- т байсан бол 2023 онд 77-р байранд ортлоо ухарч дэлхийн хуурамч ардчилалтай улсын тоонд багтсан төдийгүй ардчиллын үнэт зүйл - хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 88 дугаарт шигджээ. Дэлхий нийтийн бидэнд өгсөн бодит үнэнтэй нүүр тулж яг одоо шийдвэрлэх алхам хийхгүй бол цаг үлдсэнгүй. Алгуурлаваас ирээдүй үгүй юм.
Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн нам нэрийн доорх гэмт бүлэглэлүүд өөрсдөдөө зориулж хууль батлах замаар улс орноо, ард түмнээ тонон дээрэмдэж байна. Ийм дээрэмтэй МоАХ хэзээ ч эвлэрч чадахгүй!
Сөрөг хүчингүй шахам өнгөрсөн найман жилийн дотор улс орноо авлигад бүрэн автуулж, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж, тусдаа авлигын шүүх байгуулахаар зүтгэж, эх орныхоо газар шороог гадныханд 100 жилээр эзэмшүүлэх хууль санаачлан батлуулах гэсэн МАН-ын олон гэмт үйлдлийг МоАХ хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй!
1992 оноос хойшхи 8 сонгуульд 5 удаа ялсан МАН Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн үзэл бодлын сайн дурын нэгдлийн мөн чанараа аль хэдийнээ гээж, бохир мөнгөөрөө сонгуулийн үр дүнг өөрчлөн, ардчиллын нэр хүндийг гутааж жигшүүлэх зорилгоор сөрөг хүчнээ худалдан авч удирдлагад нь гэмт хэрэгтнүүд томилж, ёс суртахуунаа уландаа дэвслээ. МАН эцэстээ тоглоомын улс төрийн хүчин захиалж, ард түмнээ хуурч мэргэшжээ.
Монгол Улс өдөр ирэх тусам доройтож, үнэнийг илчилсэн бүхэн адлагдан шоронгийн хаалга татаж, шударга ёс гудамжинд суугаа өнчин хүүхэд мэт цурхиран уйлж, эцэг өвгөдийн ариун голомт үнсээ хийсгэсэн мэт хөсөр хаягдахыг ардчиллын эцэг, Монгол Улсын баатар - МоАХ хэрхэвч хүсэхгүй!
Эртний их түүхтэй, эрхэт төртэй Монгол Улсын маань мандан буурах мөч бүртээ үндэсний үзэлд зангилагдан нэгдэж ирснийг бид мартаагүй. Тиймээс эх орон, элгэн түмнээрээ уруудан доройтож яваа энэ цаг дор алтан соёмбот хөх туган дороо нэгдэж эх орноо олигархиудаас хамгаалахыг үе үеийн ардчилагч нартаа, ард түмэндээ хандан уриалж байна. Олигархи дэглэмийг халж улс орноо өөд нь татахаар сэрж нэгдэцгээе! “Олны хүч оломгүй далай ” гэсэн ардынхаа мэргэн үгийг санахтун.
Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ”
Мөн 1989 оны 12 дугаар сарын 10-нд тавьж байсан 14 шаардлагууд өнөөдрийг хүртэл ихэнхи нь хэрэгжээгүй байгааг санууллаа. Энэхүү 13 шаардлагыг эргэн сануулахад :
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголын Ардчилсан холбооны гишүүдийн цуглаанд оролцогчдоос МАХН-ын төв хорооны VII бүгд хурал, БНМАУ-ын Ардын Их Хурлын VIII чуулганд өргөн барих бичиг
Цуглаанд оролцогчид бид МАХН-аас дэвшүүлсэн өөрчлөн байгуулалтыг бүрэн дүүрэн дэмжиж энэ үйлсэд чин сэтгэлээсээ мэдлэг чадварынхаа хэрээр хүчин зүтгэхийг илэрхийлэхийн хамт өөрчлөн байгуулалт шинэчлэлийн явц, тус улсын нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагыг хангахгүй байгаад сэтгэл гүнээ зовниж буй учир дор дурдсан зүйлүүдийг Монголын Ардчилсан холбооны улс төрийн шаардлага болгон дэвшүүлж байна. Үүнд:
А. БНМАУ-ын Үндсэн хуулинд дараахь өөрчлөлтийг оруулах,
1. Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах зарчмыг хууль эрхийн баталгаатай болгож АИХ-аас намын тухай хууль боловсруулан гаргах.
2. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг төр, засаг намын үйл ажиллагаанд дээдлэн хүндлэх зарчмыг хатуу мөрдүүлэх.
3. БНМАУ-ын АИХ-ыг байнгын ажиллагаатай парламентын хэлбэрт оруулж түүний дэргэд хүний эрхийг хамгаалах ардын сонгуульт зөвлөл байгуулах
4. Үндэсний эрх ашгийг хөндсөн нийгэм, улс төр, эдийн засгийн асуудлыг бүх ард түмнээр ил тод хэлэлцүүлэх, орон нутгийн эрх ашгийг хөндсөн асуудлыг тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын саналыг авах замаар шийдвэрлэж байх зарчмыг АДХ-ын ажлын мөрдлөг болгох.
B. Өөрчлөн байгуулалт шинэчлэлийг хэрэгжүүлэх үйлсэд дараах арга хэмжээг даруй авах.
1. БНМАУ-ын сонгуулийн системийг үндсэнд нь шинэчлэн АИХ-ын депутатуудыг сонгох бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагас жилд багтаан явуулах
2.Эдийн засгийн механизмыг хөдөлгөгч гол хүчин зүйл болох социалист зах зээлийн концепцийг боловсруулан бүх нийтээр хэлэлцүүлэх.
3. Банкны сүлжээг өргөтгөн, түүнийг БНМАУ-ын Сн3-ийн мэдлээс гаргаж, АИХ-д ажлаа тайлагнадаг эрх бүхий байгууллагын статус бий болгох.
4. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох
5.Тусгай хангамжийг устгах.
B. БНМАУ-ын социалист хөгжлийн замыг дүгнэн цэгнэхэд дараах тодотгол хийх,
1. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын үйл ажиллагаа, тэдгээрийн дур зоргоороо авирлах бодлогыг дуулгавартай гүйцэтгэн ирснээрээ алдаа дутагдлыг нь дэвэргэн гааруулсан тодорхой нэр бүхий эздийг илрүүлж ард түмнээр шүүн хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн комисс байгуулах
2. БНМАУ-ын түүхийн явцад хэлмэгдсэн үй олон эх оронч зүтгэлтэн, жирийн иргэд, ардын эмч домч, лам мэргэдийг нэр устай нь нэг бүрчлэн тогтоож түүхэнд гэгээн дурсгалыг нь мөнхжүүлэн хэлмэгсдийн өмнө МАХН алдаагаа хүлээж тэдний ар гэрт зохих хохирлыг нөхөн олгох.
3. БНМАУ-ын болон МАХН-ын түүхийг үнэн бодитой шинэчлэн боловсруулах явцад ард түмний нэгдэлжих хөдөлгөөнийг дээрээс албадан тулгасан, 700 гаруй сүм хийд, түүх соёлын дурсгалт зүйл, ном судрыг устгасан,1956 онд БНУУ, 1968 онд БНСЧСУ-ын дотоод хэрэгт зэвсэгт хүчээр хөндлөнгөөс оролцсон явдлыг сайшаан дэмжсэн зэрэг үйл ажиллагаандаа МАХН-аас улс төрийн зохих дүгнэлт хийх.
4. Монголын Ардчилсан холбооноос дэвшүүлэн тавьж буй эдгээр шаардлагуудад албан ёсны нухацтай хариу өгөхийг МАХН-ын төв хорооноос хүсч байна. Олон улсын хүний эрхийн өдрийг бүх ард түмний ардчиллын баяр болгон тэмдэглэж байхыг цуглаанаас санал болгож байна.
Монголын Ардчилсан Холбоо
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр тус улсад хүрэлцэн очоод байна. Өнөөдөр түүнийг албан ёсоор угтан авах ёслол болно.
Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд болж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай уулзаж, Ерөнхий сайд Нарендра Моди-той албан ёсны хэлэлцээ хийн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Мөн “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл” гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, Гадаад хэргийн сайд Др.Субрахманям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх нарыг хүлээн авч уулзан, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Махатма Гандигийн дурсгалын “Ражгат” цогцолборт цэцэг өргөн, Ерөнхий сайд Нарендра Моди-той дурсгалын мод тарьж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд Монгол, Энэтхэгийн бизнес форум болон “Монголын сайхан орон” сэдэвт тоглолт, гэрэл зургийн болон морин хуурын үзэсгэлэн зохион байгуулна.
-
Улстөр нийгэм2022/01/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим...
-
Улстөр нийгэм2022/05/13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав...
-
Улстөр нийгэм2020/03/12
Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу мэдээллийг нэг урсга...
-
Цаг үе2019/07/01
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь