Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Э.Хонгороо: Өөрийгөө таньсан хүн нийгэмд нөлөөлж чадна

Огноо:

,

Ч.ҮЛ-ОЛДОХ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт АНУ-ын нөлөөллийн академийн сертификаттай цорын ганц  Ази хүн, сургагч багш  Э.Хонгороог урьж ярилцлаа.

-Хүмүүс бусдын нөлөөнд орчих вий гэхээс илүү өөрөө нөлөөлөгч байхыг илүүтэй хүсдэг. Тэгвэл АНУ-ын эрдэмтэд 20 гаруй жилийн турш энэ чиглэлээр судалгаа хийсэн байдаг. Харин дэлхий нийт нөлөөллийн тухай анх 2013 оноос хойш   ярих болсон. Их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөртөө оруулж, бүх салбарт нөлөөлөл, манлайллын талаар түлхүү ярьж эхэлсэн. Монголд сүүлийн жилүүдэд энэ талаар сонирхож, Дейл Карнеги болон гадаадын сурган хүмүүжүүлэгч, сэтгэлзүйчдийн ном бүтээлүүдийг орчуулах болсон.

Гэхдээ Дейл Карнегийн номууд бусдад яаж таалагдах вэ гэх юм уу,  их төлөв эсрэг хүндээ чиглэсэн, нөгөө хүн юу бодож байна, юунд дуртай байна вэ  гэдгийг  хардаг. Тэгвэл  нөлөөлөх гэдэг нь би хэн бэ гэдгээ таних, өөрийгөө бусдад ойлгуулах  хувь хүний  зүгээс  өөрийн дотоод руу чиглэсэн  ойлголт юм.

ӨӨРИЙГӨӨ ТАНЬСАН ХҮН ХҮЧИРХЭГ БАЙДАГ

Блиц

Боловсрол:

-Америкийн Вашингтон Лий ахлах сургууль төгссөн.

-Эм ай Ю олон улсын дээд сургуульд бакалавр хамгаалсан.

-Америкийн нөлөөллийн академид нөлөөллийн сургагч багш чиглэлээр суралцсан.

Ажилласан байдал:

2012 – 2013 онд:  Глобал удирдагч дээд сургуульд англи хэлний багш

2013-2019 онд: Афтер скүл англи хэлний сургалтын төвийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2014-2015 онд: Севен телевизэд программын албаны дарга

2015-2018 онд: Севен телевизэд Гүйцэтгэх захирал

2018-2019 онд: Нөлөөллийн чиглэлээр олон улсад заах эрхтэй сургагч багш

-Өөрийгөө таньсан хүн бол маш  хүчирхэг бие хүн, нийгмийн нөлөөлөгч байдаг. Өөрийгөө таньсны эцэст итгэл үнэмшлээрээ бусдыг дагуулах ч юм уу нөлөөлөх тухай ойлголт юм. Олон хүн нөлөөлөгч гэхээр олны танил хүн, дуучин, од гэж ойлгодог. Гэтэл тэд нөлөөлөх чадвараас 1-2-ыг нь л эзэмшсэн байдаг болохоос сонгодог утгаараа нөлөөлөгч биш. Иймд дэлхийн хөгжилтэй орнуудын хүүхэд залуус нөлөөлөгч болохын тулд суралцдаг болсон. Нөлөөлөгч болно гэдэг ахисан түвшинд очиж байна гэж ойлгож болох юм. Энгийнээр хэлэхэд, хүнд нэгдүгээр түвшин, хоёрдугаар түвшин гэж байдаг бол дараагийн шатанд очиж байна гэсэн үг. Энэ нь дүр эсгэх биш, хэн нэгэн болж өөрчлөгдөж буй юм биш өөрийнхөө дотоод хэн бэ гэдгээрээ, өөрийн байгаагаар, үзэл бодол, үнэт зүйлээрээ  бусдад нөлөөлөх юм. Түүнээс нийгэмд, бусдад тааруулах гэж дүр эсгэж, дүр бүтээх биш юм. Миний хувьд олон улсад заах эрхтэй сургагч багш. Нөгөө талаар нөлөөллийн чиглэлээр сургалт явуулах эрхтэй Азидаа цор ганц хүн байгаа. АНУ-ын нөлөөллийн академи дахиж сургагч багш бэлтгэхгүй байгаа  учраас над дээр өөр сургагч багш  нэмэгдээгүй. Тухайн хүн байсан ч өөрөө хүсвэл  бид түүнийг нийгэмдээ нөлөөлөгч болгохын төлөө сургаж, заана.

МОНГОЛЧУУД ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙГЭЭС  ТУЙЛШИРДАГ

-Монголчуудыг  туйршрамтгай. Бие биеэ дууриадаг гэлцдэг. Үнэхээр ийм байгаа. Олон ажлыг хийж үзэх боломжгүйгээс ч юм уу, бүгд Удирдлагын академид орж  бизнесийн удирдлагаар сурдаг ч юм уу, ийм байдал давтагдаж ирсэн. Би юу хийх ёстой вэ, би юуг илүү сайн хийж чадах вэ, эсвэл би юу хийж чадахгүй вэ гэдгээ мэдэхгүй учраас туйлширдаг. Жишээ нь нэг хүн гоё ганган хувцас өмчихвөл тэрийг дууриагаад аваад өмсчихдөг. Гэтэл тэр хүнд зохиж байгаа хувцас өөрт нь зохихгүй байж болно шүү дээ, тэрийгээ ойлгогдоггүй. Өөрийгөө  мэдэхгүй, би хэн бэ гэдгээ ойлгохгүй, дур сонирхлоо тодорхойлж чадахгүйгээс өөрийн гэсэн үнэлэмж, хандлагыг мэддэггүй. Монголчуудын бас нэг муу зан нь дүр эсгэх дуртай. Гоё ганган хувцас өмсдөг, хамгийн үнэтэй брэндийг өр тавиад ч хамаагүй авдаг. Гэтэл брэнд авах нь надад ямар ашигтай вэ гэдгээ өөрөө ойлгоогүй байдаг. Зүгээр л дүр эсгэж  бусдад гайхуулах дуртай. Үүнээсээ болоод  дүр эсгэх буюу бусдад таалагдах,  бусад хүн намайг юу гэх бол гэсэн бодолд баригдаж амьдардаг. Зарим манлайлагч гээд байгаа хүмүүс ч учир дутагдалтай. Элдэв сурталчилгаа, пиар хийж бусдад таалагддаг, дүр эсгэдэг. Иймээс өөрийнхөө үзэл бодлыг гаргаж чаддаггүй. Энэ нь  монголчуудыг туйлшрамтгай болгож байгаа юм. Бусад хүн намайг юу гэж бодох бол, бусдад би яаж харагдах бол гэж бодоод байхаар түүндээ автаж  дууриаж эхэлдэг. Гэтэл  тухайн хүн өөрийгөө ойлгож, надад ийм хувцас зохино, брэнд өмсөөд  надад ямар ч ашиггүй гэж бодож байвал аливааг харах өнцөг хүртэл өөр болж эхэлдэг. Бусад юу гэж бодох бол гэдэг хандлагаа өөрчилж харин өөрийнхөөрөө бусдад таалагдах үнэт чанараа өсгөх нь чухал. Дэлхий нийтийн чиг хандлага ийм болсон. Монголд бас тулгарч  байна. Гэтэл манайхан өөрийгөө ойлгодоггүйн дээр  өөрийгөө хайрлаж бас чаддаггүй. Иймээс өөртөө итгэх итгэл сул, өөрийгөө үнэлэх үнэлэмж муу, өөртөө шүүмж тавих эсвэл өөрийгөө хайрлах талаар  хангалтгүй  байна. Тиймээс хүүхдүүдийн дунд эцэг  эх маань намайг  энэ сургуульд ор гэсэн учраас би сурна гэх юм уу, тэр тэнд сурч байхад би сурахгүй яах вэ  гэх мэт хандлага байсаар байна. Ингэж зорилго, чиглэлгүй явсаар нэг л мэдэхэд амьдрал нь утгагүй санагдаж эхэлдэг. Нэг байгууллагад ажиллаж байгаагаа амьдрал гэж хараад өөрийгөө хөгжүүлэхгүй байвал бас л ийм байдал руу орно.

ХУВЬ ХҮНИЙ ЧАДВАРЫГ ДУНД СУРГУУЛИАС СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

-Хувь хүний чадвар буюу  soft style   болох  харилцаа, цаг баримтлах, манлайлал, багийн ажиллагаа, харилцаа хандлагын талаар  дунд сургуульд заадаггүй. Их,дээд сургуульд ч заадаггүй. Яагаад боловсон хүчин муу байна, шинэ төгсөгч ийм байна, хариуцлага алга гэсэн яриа гардаг вэ гэвэл хувь хүний чадварт суралцаагүйтэй холбоотой. Тэгэхээр энэ чиглэлийн хичээлүүдийг дунд сургуулиас нь эхлэн заагаад эхэлбэл зорилготой, цаг баримталдаг, бусдыг хүндэлдэг, үг даадаг, ядаж өөрөө өөрийнхөө хувьд менемженттэй, өөрөө өөрийгөө зохион байгуулах чадвартай болно. Үүний дараа ажлын талбар дээр гарч ирэхэд боловсон хүчин маш өөр болно. Энэ чадваруудыг ядаж ахлах ангийнханд суулгаж өгөх хэрэгтэй юм. Манай аль ч шатанд маш бүдүүлэг. Ялангуяа, цаг баримтлах, бусдыг хүндлэх талаар маш дутмаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч урсгал сөрөөд явж байдаг. Дүрэм журам гэж байдаг ч манайхан түүнд  баригддаггүй. Гэтэл Японд сурагчдын ирц 99.9 хувь байхад ирц муу байна гэж үздэг. Манайд  өнөөдөр эцэг эх нь  хөдөө явлаа  гэхэд “Хичээлтэй шүү дээ”  гэж  байгаа хүүхдээ “За яахав таслачих” гэдэг. Хүүхэд нь цаашаа “За, за таслачихъя” гэдэг байдлаар явдаг. Үүнээс болж хариуцлага гэдэг зүйл алдагдаж байна. Зам талбайд нус цэрээ хаяж байгаа нь ч гэсэн эцэг эхийн хүмүүжил шүү дээ. Хувь хүний соёл, хариуцлагын талаар дунд сургуулиас нь заахгүй болохоор ийм болчихож байгаа юм.

ХҮН БҮХЭНД БОЛОМЖ БИЙ 

-АНУ-д хүүхдүүдийг сонирхлоор нь олон талтай хөгжүүлдэг. Би тэнд очоод усан спорт, дугуйн спортоор хичээллэж байсан. Хүүхдүүдээр сонирхсон спортын төрлийг сонгуулж хичээлд хамруулдаг. Тэр бүхэн нь тодорхой кердиттэй. Ингэж боломж олгоод эхлэхээр шийдвэр гаргаж эхэлдэг. Гэтэл Монголд энэ 12 хичээл орох ёстой гээд  тулгачихдаг. Тухайн хүүхдэд ямар ч сонголт өгдөггүй. Сүүлийн үед өөрчлөгдөж байгаа гэж сонссон. Бидний үеийнхэн ийм л байдлаар сурч байсан. Тиймээс бүгд дүнгийн төлөө сурдаг байсан гэхэд хилсдэхгүй. АНУ-д сагс сайн тоглодог байвал тэр нь давуу тал болдог. Сагсан бөмбөгт сайн гээд тэр хүүхдийг урамшуулж тэтгэлэг олгодог. Их, дээд сургуулиуд нь ч тэднийг тэтгэлгээр авдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүхэнд боломж бий гэдгийг сайн ойлгуулдаг. Түүгээрээ давуу талтай. Япон улсад маш ёс журамтай. Хүнийг хүн болгох ухаан тэр дотор нь  байдаг. Хүүхэд сургуульд ороод  хүн болж гарах ёстой. Тухайн хүүхэд муу, сайн сурах нь хамаагүй. Боловсрол олгоно, хичээлээ заана. Хүн шиг хүн гэдэг нь хариуцлагатай, дэгтэй, зөв хүн болж гарахыг л хэлж байгаа юм. Монголд ийм байж яагаад болохгүй гэж. Заавал хүүхэд чинь муу сурлаа гэж багш нь уурлаад л, ангийн үнэлгээнээс хойш чангаалаа гэж загнаад байх хэрэггүй. Тухайн хүүхэд юу мэддэг болов, ямар мэдлэг олгов, тэр хүүхэд хувь хүн талаасаа хэр хөгжив гэдэг л  чухал.

УДИРДАГЧИД  НӨЛӨӨЛӨГЧ БОЛСНООР  ГҮЙЦЭТГЭЛ НЭМЭГДЭНЭ 

-Монголд нөлөөллийн сургалтыг багш нар түлхүү авч байна. Мөн хувь хүн, байгууллага, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрүүдэд түлхүү  хамрагдаж байна. Аль нэг байгууллагын удирдагч өөрөө нөлөөлөгч байх ёстой. Яагаад гэвэл доод түвшний хүмүүс ийм сургалт аваад ирэхээр удирдлагаа шүүж эхэлдэг. Иймээс байгууллагын тогтолцоогоор сургалт авах тохиолдолд удирдлагаа эхлэх нь зүйтэй. Удирдагч хүн сургалт авснаар ядаж ийм зантай хүнтэй би яаж харилцах вэ, сэтгэлтэй ажилтнаа гүйцэтгэлтэй болгохын тулд яах вэ  гэдгээ олж харж чаддаг болно. Нөлөөлөгч болохын тулд үндсэн долоон чадварыг эзэмшсэн байх ёсой. Өөрөөр хэлбэл, бусдад таалагдах юм уу бусдыг татах чадвараа хэзээ, хэдийд яаж ашиглахаа мэддэг болно. Жишээ нь, би өнөөдөр хуралтай юм чинь зоригтой байх ёстой. Үүний тулд яах ёстой вэ гэдгээ өөртөө бий болгож суулгаж эхэлдэг. Удирдлага нөлөөлөгч болоод ирсэн цагт багийн ажиллагаа, гүйцэтгэл ихээр нэмэгдэнэ. Яагаад гэвэл хүмүүсээ зохион байгуулалт талаас ажилтнуудын дотоод харилцаа сайжраад  ирэхээр гүйцэтгэл дагаад сайжирдаг. Ажилтнууд нөлөөлөгч болоод ирэхээр бие биеэ дэмжих нөлөөлөл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, би ганцаараа мундаг яваад юунд ч хүрэхгүй иймд бие биеэ ойлгож дэмжээд багаараа амжилтад хүрье гэсэн тэмүүлэл бий болно. Үүнээс үр дүн гардаг. Зарим хүний хувьд төрөхөөсөө  нөлөөлөгч байдаг. Энэ нь зарим хүнд бага, заримд нь их байна. Далай ламыг судлаачид  төрөлхийн нөлөөлөгч гэж тогтоосон байдаг. Хэзээ нэгэн цагт тэр хүн хэргэм зэрэггүй жирийн нэгэн болсон ч хүмүүс түүнийг сонсоно, дагаж дууриана. Тухайлбал, ямар ч нэр алдар, эд хөрөнгөгүй хэрнээ бусдыг дагуулж чаддаг ийм чадварыг эзэмшсэн хүнийг нөлөөлөгч гэж нэрлэж байгаа юм.

Манай рок, попын одод бусдад таалагдах чадвартай. Мэдлэгтэй байх хүч, царайлаг байх хүч, гоё дуулдаг байх хүч. Энэ бол давуу тал, түүгээрээ бусдад нөлөөлж чадаж байна. Гэхдээ түүнийг яаж зөв байлгах вэ гэдэгт суралцах ёстой. Үүнийг мэдэхгүйгээс биеэ тоох, өөртөө итгэх явдал нь бардамнал болж хувирдаг. Тэгэхээр юуг хэтрүүлж болохгүй  вэ гэдгийг ойлгох ёстой. Гэхдээ одууд дунд төрөлхийн нөлөөлөгч  хүмүүс бий.

Багш нар нөлөөлөгч байх ёстой. Гэхдээ багш гэхээр ихэнхдээ би мэддэг гэх хандлага их байдаг. Гэтэл математикийн мундаг багшид ч тэр чадвараас нь илүү нөлөөлөгч чадвар маш чухал. Цаашилбал, хүн бүхэн нөлөөлөгч байхын тулд суралцах хэрэгтэй. Хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд ч нөлөөлөх чадварыг эзэмших хэрэгтэй. Өрхийн тэргүүнд  энэ чухал. Хамгийн гол нь хүүхдүүдийг багаас нь хувь хүний чадварт суралцуулах хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.23  ДАВАА  №253  (6220)

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох