Улстөр нийгэм
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулсан хэвлэлийн хуралд Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж буй зарим хэргийн мэдээллийг танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван: "Цахим орчинд энэ оны 11 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын “Тик Ток” аппликейшн дээр “Цахим ертөнц” нэртэй цахим хаягаас хуурамчаар хүний мэдээлэл, царай болон дуу хоолойг өөрчлөн засварлах боломжтой программын тусламжтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийтэлсэн “Дэлхийн нийслэл Хархорин” нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчлөн, хятад хэлээр ярьж буй мэтээр хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн 38 секундийн хуурамч бичлэг үйлдэж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Радио, телевизийн хорооны "Талын дуу хоолой радио үзэх" нэртэй хуудсаар олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Энэ асуудалд Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хойшлуулшгүй явуулж, тус бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр холбогдох ажиллагааг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дахь хэсэгт заасны дагуу М, А нарыг хойшлуулшгүйгээр баривчлан, шалгаж байна.
Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу худал мэдээлэл тараасан байж болзошгүй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна." гэж цаг үеийн шаардлагатай мэдээлэл өглөө.
Улстөр нийгэм
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Улстөр нийгэм
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
Улстөр нийгэм
Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын Ногоон бүсэд Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон иргэдэд танилцуулж байна.
Ногоон бүсийн нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон ажиллаж байгаагаас нийслэл таван павильонд таван үндсэн чиглэлийн төсөл, хөтөлбөрөө дэлгэн үзүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хот, тусгай бүсүүдийн төлөвлөлт, нийтийн тээвэр болон авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг танилцуулж байна.
Мөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах ногоон эрчим хүчний төслүүд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг танилцуулж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр COP17 нь Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж болж байгааг онцолжээ.
Тэрбээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, хотын хөгжилд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцохыг урьсан байна.
Нийслэл эдгээр төслөөр дамжуулан түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатарыг аюулгүй, ногоон хот болгон хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар зорьж байна.
-
Улстөр нийгэм2021/11/22
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсэг хуралдана
-
Цаг үе2025/03/31
ЦЕГ: Бусадтай маргалдахдаа тоглоомон буу ашиглаж танхайрчээ
-
Цаг үе2021/06/07
Киргизийн экс Ерөнхий сайдыг авлигын хэргээр саатуулжээ
-
Цаг үе2025/06/23
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна
