Цаг үе
Автомашин ачилтын компаниудад үүрэг, даалгавар өглөө
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хууль бус авто машин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийлээ. Уг уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра, Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөл оролцов.
Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Иргэдээс автомашин ачилттай холбоотой нэлээдгүй санал гомдол ирсний дагуу өнөөдөр та бүхнийг дуудаж уулзаад байна. Авто машин ачилтын компаниуд иргэдийн машиныг ачихдаа гэмтээдэг, зогсоол дээр байхад нь ачих, хүн нь гарч ирээд гуйгаад уулзахаар мөргөх нь холгүй ачаад явах зэрэг гомдлууд баримттайгаа надад байна. Тухайлбал өнөөдөр өглөө “Тоёото” маркийн автомашиныг хөндлөн чирээд явж байгаа бичлэг сошиалаар цацагдсан. Энэ мэтчилэн ачилтын компаниудтай холбоотой гомдол санал манай ажлын албанд ч, Засаг даргын албанд ч их ирсээр байна. Тухайн машин дүрэм зөрчиж зогссон бол бид ачих үүрэгтэй ч хүний эд хөрөнгийг буруу тээвэрлэн гэмтээх эрх, үүрэг байхгүй.
Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийтдээ 19 аж ахуйн нэгж байгууллага зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд шалгалт явуулж, дөрвөн аж ахуйн нэгжийн гэрээг цуцалсан. Дахин шалгалт зохион байгуулан алдаа дутагдал гаргасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсныг улиралд нэг удаа болгож, манай Авто замын хөгжлийн газраас шалгалт хийж байгаа. Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас та бүхний үйл ажиллагаанд тогтмол хяналтаа тавьж, шаардлагыг хүргүүлж, зөрчлийг арилгуулах тал дээр ажиллана. Мөн иргэдэд НӨАТ-ын баримт өгдөг асуудлыг удаа дараа холбогдох газруудад нь тавьж байгаа. Энэ асуудлыг шийдүүлэх тал дээр бид өөрсдөөс хамаарах бүх ажлуудыг хийх болно. Програмын асуудлыг шийдүүлэх, ажлыг нь хурдлуулах тал дээр анхаарья” гэлээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра “Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсан бол одоогоор улиралд нэг удаа шалгалт хийж байна. Энэ бол үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүд. Иргэдэд үйлчилж байгаа тохиолдолд Хууль зүйн яамнаас гаргасан сайдын тушаал НИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Авто замын хөгжлийн газраас гаргасан гэрээ зэрэг олон бодлогын бичиг баримтыг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Буруутай автомашин байсан ч ачилтын үйл ажиллагааг явуулах жолоочдоо сургалт явуул, соёлтой үйлчил. Гурван удаа зарлан дуудна. Энэ тохиолдолд ирээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны зөвшөөрлөөр ач гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг нэр бүхий аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэхгүй алдаа дутагдал гаргаж байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Гэрээгээ цуцална. Бид үйл ажиллагаа илүү сайжруулна” гэв.
Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар “Холбоо дөрөвдүгээр сараас хойш маш эрчимтэй ажиллаж байгаа. Бүх ачигч автомашиныг хувийн болон баазын дугаартай болгосон. Одоо холбооны зүгээс дөрвөн оператор компанитай ярилцаад мессеж тусгай дугаарыг гэрээ хийгээд авсан. Програм хийлгээд холболтын ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж очдог болох гэж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Компаниуд ачилтын автомашинуудаа нэмж байгаа болохоос үйлчилгээгээ сайжруулж чадахгүй байна. Энийг яаж сайжруулах вэ гэдгээ Нийслэлийн авто замын газартай ярьсан уу, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уулзсан уу” гэдэг асуулга тавиад “Хууль дүрэм зөрчсөн жолоочийн автомашиныг ачиж болно. Ачаад явж байхдаа хүний эд хөрөнгийг авч яваа шүү гэдэг сэтгэлээр ажил явуул. Үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгжүүдээр явж газар дээр нь очиж ажиллана. Дүрэм журмынхаа хүрээнд ажиллаж буй эсэхийг шалгана. Стандарт шаардлага хангахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална” гэдэг үүрэг даалгаврыг өглөө.
Хэрэв ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой.
Цаг үе
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
Цаг үе
Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө
Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.
Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.
Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.
Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.
Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.
Цаг үе
“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.
Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
-
Цаг үе2020/08/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Цаг үе2025/06/03
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт 647 хэвтэн эмчл...
-
Улстөр нийгэм2021/08/25
Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байн...
-
Урлаг спорт2023/08/18
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын нээлтийн ёслол бол...
