Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнэ: МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа энэ үеэр мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриаллаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг бүрд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний холбогдох журамд аливаа байгууллагууд дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар заасныг заавал мөрдүүлэхээ Ерөнхий энэ үеэр мэдэгдлээ.

Тус төвийг Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулжээ. Улсын хэмжээнд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт ийм төв барих ажил эхэлж анхных нь Ховд аймагт ашиглалтад орж байна. Энэхүү төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Орон нутагт 30 гаруй ажлын байр бий болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн “Хөгжил” политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус коллеж нь Боловсролын багц хуулийн дагуу энэ хичээлийн жилээс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгдсөн. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1,5 ба 3 жил, богино хугацааны сургалт, ажлын байранд дадлага хийх хосолмол сургалтуудыг явуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа тодорхойлж бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад чадварлаг мэргэжилтнүүд, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх малын эрүүл мэндийг хамгаалахад мэргэшсэн малын эмч нар хэрэгтэй зэргээр хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин дутагдалтай байна. Өнгөрсөн хугацаанд зах зээлд эрэлттэй мэргэжилтэн бэлтгэх бодлого алдагдсан гажуудлыг засаж цаашид хөгжлийн бодлоготой уялдуулан боловсон хүчнээ бэлтгэх, дэмжих бодлого баримтлахаа Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.
“Хөгжил” политехник коллеж энэ хичээлийн жилд 775 суралцагч элсүүлэх квот батлагдаж, элсэлт 90 хувьтай байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд Ховд хотод “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил эхлээд байна. Төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.

“Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркт арьс шир, ноос, ноолуур боловсруулах болон мах боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, бүтээгдэхүүнээ экспортод гаргана. Одоогоор баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах төслөө ирүүлжээ. Эдгээрээс сонгон шалгаруулалт хийх юм. Дэд бүтцийн хувьд улсын төсвийн 19,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж 5,9 тэрбум төгрөгөөр төслийн бэлтгэл ажлууд хийж байна. Нэмэлт санхүүжилт 21,6 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт тусгуулахаар санал өгчээ. Төсөл ашиглалтад орсноор 30 орчим үйлдвэр байгуулагдаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ экпортолж, жилд 300 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, 2200 байнгын ажлын байр бий болно гэж тооцоолж байна.



Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
