Үзэл бодол
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис,
Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт зочид оо.
Та бүхэнд мөнх хөх тэнгэрийн орон, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын эзэнт гүрний гал голомт манай сайхан эх оронд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис анх удаа төрийн айлчлал хийж байгаа энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй.
Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавьсан билээ.
Санваартан Плано Карпини Их Монгол Улсын хаанд анх удаа бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны элч төлөөлөгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.
Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг.
Тэр бээр өөрийн аяллын тэмдэглэлд тулгуурлан “Монголчуудын түүх” хэмээх бүтээл туурвиж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь монголчуудын түүх, соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн түүхэн бүтээл болсон төдийгүй Дундад зууны үеийн Монгол болон Евроазийг судлан шинжлэхэд одоо ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна.
Эртний түүхт манай хоёр орны харилцаа тэр цаг үеэс хойш үргэлжлэн 1274 онд Ил хаан Абага Пап X Грегорид, 1278 онд Пап III Николас Хубилай хаанд, 1285 онд Ил хаан Аргун Пап IV Хонориуст, 1288, 1289 онд Пап IV Николас Ил хаан Аргунд, 1290 онд Ил хаан Аргун Пап IV Николаст, 1302 онд Ил хаан Хасан Пап VIII Бонифаст тус тус элч төлөөлөгчөө илгээж албан бичгээр харилцаж байсан нь манай хоёр орны харилцааны түүхийн чухал эх сурвалж болон хадгалагдан үлдсэн байна.
Эдгээр эх сурвалж нь манай хоёр орны хооронд тухайн үед дипломат харилцаа, албан яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байсныг гэрчлээд зогсохгүй өрнө, дорнын өргөн хүрээний хамтын ажиллагааны үндэс суурь, өнгийг тодорхойлогч гол хүчин зүйл, батжин бэхжих баталгаа болж байсныг нотолж байгаа юм.
Орчин цагт манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 31 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд соёл боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллаж ирлээ.
Энэхүү харилцаа өнөөдрийг хүртэл өргөжин тэлж, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад гүн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө.
Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид монгол туургатныг нэгтгэн, Монголын эзэнт гүрнийг байгуулж, өрнө, дорнодод олон зуун жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг эцэслэн, “Монголын их амар амгалан”-г тогтоосноор, Ази, Европын олон үндэстэн, ард түмэн энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоон байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм.
Үүний үр дүнд даян дэлхийн олон ард түмэн өөрсдийн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил зэрэгцэн оршиж, өртөө шуудан, зам тээвэр, дипломат харилцаа, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, урлаг, соёлын олон салбар цэцэглэн хөгжиж, шашны эрх чөлөөний тухай үзэл санаа, хууль дээдлэх зарчим төлөвшин тогтсон зэрэг нь монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр, хүн төрөлхтөнд өвлүүлсэн үнэт өв болохыг дэлхийн эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэдэг.
Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байна.
Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад энхийн замаар хувь нэмрээ оруулахын төлөө идэвх санаачилга гарган, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах 15 удаагийн ажиллагаанд 20 гаруй мянган энхийг сахиулагчдаа оролцуулж, дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг хангах ариун үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ тив, дэлхийн халуун цэгүүдэд нэр төртэй биелүүлж байна.
Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хаан, Их Монгол Улсын үеэс монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм, хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод Буддын, Христийн, Исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ.
Оюун санаа, итгэл үнэмшлийн эрх чөлөөг хүндэтгэх энэхүү үзэл санааг өнөөгийн монголчууд залгамжлан хөгжүүлж Үндсэн хуульдаа тунхаглан дархалсан юм.
Нүүдлийн соёл иргэншилт монголчууд бид өнө эртнээс эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, ирээдүй хойчдоо унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээхийг эрхэмлэж ирсэн.
Эрхэм хүндэт Пап Францис Таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон дэлхийн хүн амын хүнсний хомсдол, хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрнээ нийцэж байгаа бөгөөд цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно.
Мөн түүх, архив, сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис,
Таны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай улсын олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, манай хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэн, алтан үсгээр бичигдэн үлдэх болно.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, эрхэм хүндэт Пап Францис Танд болон даян дэлхийн улс түмэнд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтөн өнө мөнхөд амар амгалан орших болтугай.
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис:
Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч,
Эрхэм Улсын Их Хурлын дарга,
Эрхэм Ерөнхий сайд,
Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид,
Иргэний болон шашны байгууллагын хүндэт төлөөллүүд,
Соёлын ертөнцийн нэрт төлөөлөгчид,
Хатагтай, ноёд оо.
Халуун дотноор хүлээн авч, сайхан үг хэлсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье.
Энд хуран цугласан эрхэм хүндэт Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, “айлчлал” гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ.
Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож, Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна.
Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ.
Бид анд нөхдийнхөө гэрт зочлон ирэхдээ мэндийн бэлгээ солилцож, эртний түүхээ эргэн дурсдаг сайхан уламжлалтай.
Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын хооронд орчин үеийн дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч энэ жил хоёр тал харилцан зөвшилцөж гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиож байна.
Эрт цагт, 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр Папын элч санваартан Жон Плано Карпини Их Монгол Улсын гуравдугаар хаан Гүюг хаанд бараалхаж, Пап IV Иннокентийн албан бичгийг гардуулж байсан.
Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай.
Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан.
Бид ч бас алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай.
Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг юм.
Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана.
Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна.
Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм.
Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм.
Цаашилбал, монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ.
Хот, хөдөөгүй байгаа монгол гэр нь настан буурлууд хийгээд залуу хойч үеийн ахуй амьдралын хэвшлийг холбон, уламжлал хийгээд шинэчлэлийн үнэт шүтэлцээг нотлох мэт монгол үндэстний үе залгамжийн гэрч нотолгоо болж байна.
Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ.
Өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм. Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ.
Цаг уурын эрс тэрс уур амьсгалын алинд ч тохиромжтой монгол гэр монголчуудад янз бүрийн газар оронд оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх домогт цаг үед нотлогдсон байдаг.
Миний бие Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буй энэ цаг үед Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байна.
Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж , улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм.
Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой.
Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай.
Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай.
Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе.
Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцолмоор байна.
Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужууу бодлогоор хандана гэсэн үг юм.
Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм.
Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлэн хөгжүүлж иржээ.
Та бүхнийг хүрээлэн буй байгаль орчны тоо томшгүй олон юмс үзэгдлийн ер бусын сүр жавхлан та бүхний эгэл даруу зан чанарыг төрүүлж байгаа гайхамшигтай мэдрэмж, буруугаас ангид байх чадварыг тэтгэн хөгжүүлж байгаа юм.
Энэ ташрамд би олон шударга бус явдал хийгээд хэрэглэгчийн сэтгэлгээгээр хандаж байгаагаас болж буй өнөө цагийн аюул заналууд, өрөөл бусдыг үл хайхарч, ёс заншлыг үл тоож, хувиа хичээсэн аминч үзэлд хөтлөгдөж байгаад санаа зовниж байна.
Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог.
Ийм нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ.
Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг хамгаалагч болж байдаг.
Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм.
Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн.
Энэ нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ.
Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй.
Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.
Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан анх монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ нь монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм.
Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.
Монголын католик шашинтнууд гадаад улс орноос хүрэлцэн ирсэн, эмэгтэй, эрэгтэй, сахилтан, санваартнуудын тусламж дэмжлэгтэйгээр танай орны ард түмний сайн сайхны төлөө танай орны алсыг харсан, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль ёс, дүрэм журмын ачаар хүн ёсны хийгээд оюун санааны хувь нэмрээ ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр оруулж ирсэн юм.
Үүнд бид талархаж байгаа бөгөөд цаашид ч ийм нөхцөл боломж нээлттэй байна гэдэгт итгэж байна.
Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд гэрээ байгуулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тэдний үйл ажиллагаа шашны зан үйлээс гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний цогц хөгжлийн төлөөх олон санал санаачилгад чиглэсэн байдаг.
Тэдгээр санал, санаачилга нь даруу төлөв, элэгсэг дотно, эв найртай байх Есүсийн сургаал номлолын нотолгоо болж байдаг бөгөөд тус сургаал номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалдаа даган мөрдөж, дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ.
Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан “Хамтдаа итгэж найдацгаая” гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм.
Эртний сурвалжит оюун санааны уламжлалыг хадгалсан, дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институт шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна.
Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна.
“Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг.
Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна.
Энд цохон тэмдэглэсэнчлэн, монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай.
Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа.
Үзэл бодол
Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна
Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.
Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.
Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Үзэл бодол
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно. Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ.
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.
Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг 2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.
-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Үзэл бодол
Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.
-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт 200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.
-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?
-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Үндсэндээ бол татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
-
Улстөр нийгэм2022/03/17
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж 400 тэрбум төгрөгийн зээл олгоно
-
Цаг үе2021/03/11
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
-
Шударга мэдээ2022/02/23
Аж үйлдвэржилтийг сэргээх ажлын хүрээнд 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ
-
Үзэл бодол2022/12/13
АН-ын бүлгээс жагсагчдын эрхийг хамгаалж эрх баригчдад шаардлага өгнө