Улстөр нийгэм
Мах экспортлох бичиг баримт бүрдүүлэлтийг цахимжуулжээ
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан.
Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махыг нэг цонхны бодлогоор экспортлох боломжийг судалж, нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, мах, махан бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн экспортын нэг цонхны системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөө аж ахуйн бирж зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, тухайн байгууллагуудын мэдээллийн системүүдийг хөдөө аж ахуйн экспортын нэг цонхны системд нэгтгэсэн.
Энэхүү системийг нэвтрүүлснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, экспортлогч аж ахуй нэгжүүдэд тулгардаг бэрхшээлийг арилгах, цаг хугацаа, зардал мөнгийг бууруулах, экспортын гэрчилгээг олгоход бүрдүүлдэг баримт бичиг, шат дамжлагыг багасгаж, төрийн хүнд суртлыг бууруулж цахимаар шийдэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдаа холбоо сайжрах ач холбогдолтой. Тухайлбал, мах экспортлоход 26 нэр төрлийн 50 гаруй давхардсан баримт бичиг бүрдүүлдэг байсан бол 15 болж, зарцуулах хугацаа 316 цаг буюу 13 хоногийг 96 цаг буюу 4 хоног хүртэл багасаж байна.
Системийг туршилтын 2 сарын хугацаанд нийт 71 компанийн бүртгэлийг үүсгэсэн ба үүнээс 29 компани экспортын эрхтэй төлөөлөх хүнээ сонгон оролцуулснаар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн “Экспортын нэг цонхны систем"-ын үйл ажиллагаа 2023 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэвтрэхэд бэлэн болоод байна.
“Экспортын нэг цонхны систем”-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлож байгаа ч цаашид хөдөө аж ахуйн биржээр арилждаг бүтээгдэхүүний нэр төрөл болох ноолуур, ноос, арьс шир, тосны ургамал зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүх бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг "Нэг цонхны систем"-д нэвтрүүлэх юм. Мөн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр нэн шаардлагатай 10 гаруй үйлчилгээнээс ноос, ноолуурыг нэмэхээр бэлтгэл хангасан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
