Улстөр нийгэм
Төрийн банк тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023” цуврал арга хэмжээ зургадугаар сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. ОУ-ын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий тус арга хэмжээнд Төрийн банк “Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь” сэдэвт салбарын хуралдааныг ТОС холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. Тус салбар хуралдааны Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар нээж хэлсэн үгэндээ:
- Төрийн банк урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалын тогтолцоог хангаж ажиллах, Тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн бүтээгдэхүүний багцыг 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувьд хүргэж ажиллах зорилтуудыг Байгаль орчин, Нийгэм, Засаглалын бодлогодоо тусган, хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Бид санхүүжилтийн хөшүүргийг ашиглах замаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицох үндэсний зорилтод хувь нэмрээ оруулах юм. Үүн дотор, хүлэмжийн хийг бууруулах зорилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй технологийг дэмжих, хөдөө аж ахуйн салбарт малын чанар, ашиг шимийг сайжруулахад санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан дэмжлэг үзүүлэн ажиллах болно хэмээсэн байна.
Харин тус салбар хуралдааны үеэр хүнсний тогтвортой, цэвэр, ногоон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тохирлыг үнэлэх, баталгаажуулах, бүртгэх, бүтээгдэхүүний шошгод гэрчлэх тэмдгийг олгох, зах зээлийн эрэлтийг бий болгох, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сурталчлах тогтолцоог бий болгоход голчлон анхаарсан байна. Оролцогчид салбарын өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг давж, туулах, зохицуулах, боломжит шийдлийг тодорхойлох зорилгоор дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Төрийн банк нь 2013 оноос эхлэн ТоС хөтөлбөр болон Тогтвортой санхүүжилтийн холбоонд элсэн орж байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлэхээс эхлэн Тогтвортой хөгжлийн 17 зорилтод үйл ажиллагаагаа нийцүүлэн, хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн ба тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг онцгойлон анхаарч, банканд “Тогтвортой хөгжлийн хороо” болон “Тогтвортой хөгжлийн алба”-г шинээр байгуулж, энэхүү үйл ажиллагааг банкны бүхий л түвшинд хэрэгжүүлэх ажиллаж байна.
Улстөр нийгэм
Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын 166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрчилгээ авч, Сүхбаатар дүүргийн 600 гаруй хүүхэд монгол, англи хэлээр суралцах боломж бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2023 онд санаачилга гаргаж Сонгинохайрхан дүүргийн 151 дүгээр сургуульд Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилээс 166 дугаар сургуулийн сурагчид олон улсын түвшний боловсрол эзэмших нөхцөл бүрдлээ.
Кембрижийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл нар оролцож хүүхдүүдэд сурлагын амжилт хүслээ.

Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох нь Засгийн газрын боловсролын бодлогын чухал зорилт гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой.
166 дугаар сургууль Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх зургаа дахь сургууль болж байна. Энэ бол эхлэл. Засгийн газар зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байгааг Ерөнхий сайд хэллээ.










Улстөр нийгэм
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.
Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томъёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.
Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.
Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно.
Улстөр нийгэм
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.
Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах, Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдийг хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг уриалав.
Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан баримт бичгийг солилцов.
Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг солилцов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцов.
Герман-Монголын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг урагшлуулах, Монгол, Германы Стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
-
Урлаг спорт2020/01/22
Х.Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын бая...
-
Шударга мэдээ2023/01/17
Өнгөрсөн онд 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
-
Цаг үе2020/12/28
Нийслэлийн үйлчилгээний зарим байгууллагын шилдэг ажилтнуудыг шагнав
-
Шударга мэдээ2021/03/23
Төрийн албаны шинэчлэлийг боловсрол, шинжлэх ухааны салбараас эхлүүлэх боломж ба...
