Цаг үе
“Эрүүл мэндийн үзүүлэлт-2022”-ыг танилцууллаа

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүрийн Эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийг нэгтгэн “Эрүүл мэндийн үзүүлэлт”-ийг эмхэтгэн монгол, англи хэлээр хэвлэмэл болон цахим хэлбэрээр түгээж хэрэглэгчдийг мэдээллээр хангадаг.
Тус төв эрүүл мэндийн салбарын албан ёсны статистик мэдээ тайланд тулгуурлан 2022 оны эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэсэн “Эрүүл мэндийн үзүүлэлт-2022” номыг танилцуулах уулзалт өчигдөр ЭМЯ-нд боллоо.
Уулзалтад ЭМЯ, ЭМХТ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, төсийн нэгж, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвүүд, ЭМЯ-ны харьяа газруудын төлөөлөл, эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд танхимаар, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийнхэн цахимаар нийт 300 гаруй хүн оролцов.
Хэрэглэгчдийн гарт очиход бэлэн болсон “Эрүүл мэндийн үзүүлэлт-2022” эмхэтгэлийн танилцуулгыг ЭМХТ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Нарантуяа хийлээ. Тэрбээр энэхүү эмхэтгэл нийт 14 бүлгээс бүрдэж байгаа ба эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулан салбарын үндсэн үзүүлэлтүүдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлалаар, хүн амын өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудыг бүс нутгаар тооцон харуулсан нийт 76 хүснэгт, 187 зураг, 50 газарзүйн байршлын дүрслэлээр илэрхийлснийг танилцуулсан.
Монгол Улсын хүн ам 2022 онд 3 сая 457.5 мянга болж, өмнөх оныхоос 47.6 мянган хүн буюу 1.4 хувиар өссөн. Хүн амын 69.1 хувь нь хот суурин газар, 30.9 хувь нь хөдөө амьдардаг, нийт хүн амын 49.1 хувь нь эрэгтэй, 50.9 хувь нь эмэгтэйчүүд байгаа ба хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 96 байна.
Төрөлтөөс тооцсон дундаж наслалт 2022 онд улсын хэмжээнд 71.0 болж сүүлийн 10 жилийн дунджаас 1, өмнөх оноос 0.3 жилээр тус тус нэмэгдсэн байна. Хүйсээр харуулбал эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.5, эрэгтэйчүүдийнх 67.1 жил байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.4 жил байна.
2022 онд статистик тайлан ирүүлсэн 4 652 эрүүл мэндийн байгууллагаас хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 14, тусгай мэргэжлийн төв 3, бүсийн оношлогоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төв 10, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сумын эрүүл мэндийн төв 308, өрхийн эрүүл мэндийн төв 207, хувийн ортой эмнэлэг 215, хувийн клиник 1458 байна.
Улсын хэмжээнд 2022 онд хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний 29 629 эмнэлгийн ор ашигласан бөгөөд сүүлийн 10 жилийн дунджаас 4 471-ээр нэмэгдсэн байна. Үүнээс 75.2 хувь нь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад, 24.8 хувь нь хувийн хэвшлийн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний ор байна.
2022 оны байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 63.3 мянган хүн ажиллаж хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэ байна. Манай улсад эмч, сувилагчийн харьцаа улсын түвшинд 1:1.0, Улаанбаатар хотод 1:0.8, аймгийн түвшинд 1:1.3 байгаа нь өмнөх онтой харьцуулахад улсын дүнгээр 0.1-ээр буурсан үзүүлэлттэй байна. Эмч, сувилагчийн харьцаа аймаг бүсүүдээр ялгаатай байгаа ба хангай, баруун, зүүн бүсийн аймгуудад 1:1.4 байгаа бол төвийн бүсийн аймгуудад 1:1.2 байна.
Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 29 төрлийн 325.3 мянган халдварт өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн нь 10 000 хүн ам тутамд 973.9 байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн 302 018 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчлөлийн дотор 92.8 хувийг эзэлж байна.
Монгол Улсын хүн амын дунд 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба зонхилон байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 33.2, ходоодны хорт хавдар 17.1, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.6, улаан хоолойн 5.0, умайн хүзүүний хорт хавдар 4.6 хувийг эзэлж байна.
Манай улсад эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр, элэг, ясны чөмөг үүдэл эс, судас, шөрмөс, Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах мэс засал, “Гэгээн мэлмий” эмнэлэгт нүдний эвэрлэг мөн үр шилжүүлэн суулгах эмчилгээг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, CLWH, RMC, “Өжинмед”, “Юнимед” эмнэлгүүд амжилттай хийж байна.
2022 оны жилийн эцсийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах мэс засал 292, элэг шилжүүлэн суулгах мэс засал 260, ясны чөмөг үүдэл эс 31, нүдний эвэрлэг 24, арьс шилжүүлэн суулгах мэс засал 800, шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал нийт 150-ийг хийсэн зэргээр “Эрүүл мэндийн үзүүлэлт-2022” эмхэтгэлд салбарын олон чухал мэдээлэл багтсаныг Б.Нарантуяа захирал танилцуулсан.
ЭМХТ-өөс нэгтгэн гаргадаг мэдээллийг үндэслэн эрүүл мэндийн салбарын бодлогын судалгаа, шинжилгээ, нийгэм, эдийн засгийн тооцоолол, төсөв хийгддэг ба урт болон богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, дотоодын хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөх, сайжруулах, бодлого боловсруулах зэрэгт өргөнөөр ашигладаг юм. Тиймээс тус төв хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн статистик мэдээллийг нэгжийн түвшинд гаргах, түгээх, өргөжүүлэхийг эрмэлзэж буй бөгөөд энэхүү эмхэтгэлд тусгагдсан мэдээллүүдийг цаашид дэлгэрүүлэн, задаргаа байдлаар цахимаар авах www.1313.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа билээ.
Цаг үе
Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж буй хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ
Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.10.02/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо удирдаж явууллаа.
Хуралдааны эхэнд өнгөрсөн шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлуудын мэдээллийг танилцуулав. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
-Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалын хүрээнд “Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах” аяныг өрнүүлж, хоёр яамны хамтарсан хяналт шалгалт, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
-Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, сайдад танилцуулахад бэлэн болгов.
-Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ОБЕГ-аас Барилга, хот байгуулалтын Улсын албанд явуулсан үзлэгээр тус албаны бэлэн байдал “хангалттай” гэж үнэлэгдлээ.
-Азийн хөгжлийн банкны техник туслалцааны “Хөшигийн хөндийн ногоон, гамшигт тэсвэртэй шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын төсөл /ТА-10059 MON/”-ийн хүрээнд зөвлөх багтай хамтран ойлголцлын санамж бичиг байгууллаа.
-Хаягжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусгах хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, олон нийтийн санал авах, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагад хүргүүлж санал авах ажлыг зохион байгуулж байна.
-Хуучны 40, 50 Мянгатын орон сууцны хорооллуудын өргөтгөл, сунгалтын байдалд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байна.
-Улаанбаатар хотын гэр хорооллуудын дэд бүтцийг хөгжүүлэх, дэд төвүүдийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээнд хяналт шалгалт явуулах ажил үргэлжилж байна.
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэлийг эрчимжүүлж байна.
Шуурхай хуралдаанаар мөн харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлуудынхаа хүрээнд мэдээлэл тавилаа.
Хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх 14 хоногт хийх ажлууд, төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах хүрээнд дэд сайд Э.Золбоо газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
-“Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ны хүрээнд зохион байгуулах сургалтад орон сууцны хороолол барьж буй аж ахуй нэгж байгууллагуудыг түлхүү хамруулж, мэдлэг мэдээллэл олгох;
-“Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгах саналыг техник туслалцааны Койка байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хүргүүлэх;
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "President” спорт цогцолборын зураг төслийг хөрөнгө оруулагч талд хүлээлгэж өгөх ажлыг эрчимжүүлэх;
-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн барилгын ажлыг эрчимжүүлж, нэмэлт санхүүжилтийн асуудлыг судлах;
-"Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийн хүрээнд тус хороололд Улсын цэцэрлэг, сургууль бариулах саналаа Хятадын талд яаралтай өгөх;
-Барилгын нэгдсэн мэдээллийн сан "BIM" системийг нэвтрүүлэхтэй холбоотой зөвлөх үйлчилгээний хэрэгжилтийг эрчимжүүлэх.
Эх сурвалж: БХБЯ
Цаг үе
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төсөлтэй танилцлаа
БОАЖЯ-ын жендэрийн салбар зөвлөлд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн тайлангийн төсөл”-ийг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас танилцууллаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг УИХ-д 2 жил тутамд тайлагнахаар заасан байдаг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, тогтолцоо, манлайлал, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, санхүүгийн удирдлага, бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ, жендэр судлалыг хөгжүүлэх хүрээнд ажлын явц, үр дүн болон эрх тэгш байдлыг хангах сургамж ба сорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тус тайланд тусгасан гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.
Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г 10 дугаар сард Засгийн газрын хуралдаанд, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Уулзалтад ажлын албаныхан болон судлаач, шинжээчид оролцож, бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал бодлоо солилцон, хэрэлцүүлэг өрнүүлэв гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Цаг үе
Цагдаагийн алба хаагчдад авлига өгөхийг завджээ
Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.
Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжууллаа.
Визний журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл