Улстөр нийгэм
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
УИХ-ын 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Түүнээс гадна улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх зэрэг шаардлагаас үүдэн УИХ-ын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж байна гэх зэрэг үндэслэлийг илтгэлдээ онцлов. Мөн хуулийн төсөлд оруулсан өөрчлөлтүүдийг танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг хэд хэдэн харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан байна.
Түүний дараа тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Батлут нар Үндсэн хуулиар иргэн төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ эдлэхдээ шууд сонгох тухай заасан. Тэгэхээр сонгуулийн холимог тогтолцоо иргэний энэхүү эрхтэй зөрчилдөх эсэх талаар асуув. Хууль санаачлагчдыг төлөөлж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын сонгуулийг пропорцианаль, мажоритар тогтолцооны алинаар нь явуулахад Үндсэн хууль зөрчихгүй гэсэн Цэцийн дүгнэлт гарсан. Сонгогчид хүнээ нэрээр нь сонгох ёстой гэсэн шаардлага тавьдаг. Намын жагсаалтад орсон ч гэсэн нэр дэвшигч саналын хуудаст давхар бичигдэх учраас сонголт хийж болно, бас намыг ч сонгож болно. Мөн намын мөрийн хөтөлбөр болон бусад байдлыг харж сонголтоо хийнэ гэвэл намд дангаар нь саналаа өгч болохоор хуулийн төсөлд туссан гэж хариуллаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын гишүүд сонгуулийн зардал бууруулахад ямар тодорхой заалтууд туссан бэ, хэвлэл мэдээллийн зардлыг бууруулахад хуульчлан зохицуулан боломж бий юу, УИХ-ын гишүүн С.Чинзориг холимог тогтолцоогоор явуулахад дунджаар 1000 гаруй нэр дэвшигч саналын хуудаст бичигдэхээр байна.Тэгэхээр саналын хуудсыг унших техникийн хүчин чадал бий эсэх, санал хураалт хэдэн өдөр болохоор хуулийн төсөлд туссан талаар асууж байв. СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах чиглэлийг барьж ажилласан. Тэр дундаа сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн төрөл, хэмжээг 30-70 хувиар багасгаж тусгасан. Ингэхээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал нийт дүнгээр 50 хувь буурахаар хуулийн төсөлд туссан гэж СЕХ-ын дарга П.Дэлгэрнаран хариуллаа.
Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн намууд эвсэхгүйгээр бие дааж, мажоритар болон пропорцианаль хосолсон тогтолцоогоор нэр дэвшүүлэн оролцоход саналын хуудас ямар хэмжээтэй болох талаар туршиж үзсэн. Санал тоолох төхөөрөмж хамгийн дээд тал нь 22 инч буюу 56 см урттай саналын хуудсыг хоёр талаар нь унших боломжтой. Өөрөөр хэлбэл, техникийн хувьд боломжтой гэж ойлгож болно. Үндсэн санал хураах нэг өдөр, 5 хоногийн өмнөөс урьдчилан санал авч болно. Харин гадаадад буй сонгогчдын саналыг 4 хүртэлх өдөр авахаар төсөлд туссан гэв. Мөн цахим орчны сурталчилгааны зардлыг хэрхэн хянах, ухуулагчийн тоо хэд байх, тэдний цалин хөлсийг хэрхэн тооцохоор хуулийн төсөлд туссан талаар гишүүд асууж байв. Хуулийн төсөлд, сайн дурын үндсэн дээр ухуулагч ажиллана.Гэхдээ ухуулагчийн зардал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байхаар заасан. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар 200 сонгогч тутам нэг ухуулагч байсан бол нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутам нэг, бусад газарт 200 сонгогч тутамд нэг ухуулагч байхаар туссан зэргээр СЕХ-ны Ажлын хэсгээс хариулж байв. Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд Ж. Эрхэмбаатар, цахим орчинд сонгуулийн сурталчилгаа явуулах нийт сурталчилгааны зардлын 10 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалт хийж байна. Энэ заалтын хэрэгжилттэй холбоотой нам, эвсэл нэр дэвшигч цахим хуудсаа бүртгүүлж, сурталчилгаагаа байршуулах эрхтэй. Гагцхүү олон нийтэд хүргэх зорилгоор бүүст хийхдээ дотоодын карт ашигладаг. Энэ зардлыг хянах боломжтой гэсэн. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, ухуулагчдын тоог заавал заах хэрэг байгаа эсэх болон гадаадад буй иргэд саналаа хэрхэн өгөх вэ гэж асуусан бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын 38 гишүүнийг сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгох гэдэг заалт тодорхой бус байна. Энэхүү заалтыг тодруулж өгөхийг хүслээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, нэгдүгээрт, тойрогт нэр дэвшиж буй хүнээ сонгоно. Хоёрдугаарт, намын мөрийн хөтөлбөр зэргээ хараад намыг сонгож болно. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголтыг хийхээр төсөлд туссан гэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, хүн амын тоонд тохируулан ухуулагчийн тоог зааж өгөх ёстой гэж үзсэн. Хэрэв ухуулагчийн тоог хуульчлахгүй бол замбараагүй байдал үүсэх магадлалтай гэв. Гадаадад ажиллаж, амьдарч буй сонгогч зөвхөн пропорцианаль тогтолцоогоор нэр дэвшиж буй намыг сонгоно. Мөн эх орондоо санал өгч буй сонгогч өөрийн харьялагдаж буй тойргоосоо өөр газар явж байгаа тохиолдолд пропорцианаль тогтолцоо буюу намыг сонгох эрхтэй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахыг зорьсон гэж хариуллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа уг хуулийн төслийг дэмжиж буй, дэмжихгүй байгаа гишүүдийн төлөөлөл үг хэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Ц.Сэргэлэн нарын гишүүд хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Н. Ганибал, Д.Пүрэвдорж нар дэмжихгүй байр сууринаас үг хэллээ. Дараа нь хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Мөн өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр уг хуулийн төслийнхээ ерөнхий агуулга, ач холбогдлыг тоймлон илэрхийллээ. Тухайлбал, хуулийн төсөлд Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүлж, сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулснаас гадна жендерийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүлсэн гэх зэргээр танилцуулав.
Мөн ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтад нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өгсөн. Түүнээс олон намууд парламентын босго алхах боломжийг хэрхэн бүрдүүлсэн, сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын тогтолцоог сайжруулах талаар хэрхэн хуулийн төсөлд тусгасан талаар танилцууллаа.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Адъаяасүрэн танилцуулсан.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төсөлд тусгасан тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох зохицуулалт хэр оновчтой талаар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тойргоос сонгогдох гишүүдийн тоо намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тооноос өндөр байгаа үндэслэлийн талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нийт сонгогчийн 28 хувиас доош хувийн санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах босго, тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлж, суудал авсан байх хуулийн шаардлагын талаар, төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан “Бүх шатны сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахдаа оюутан, сурагчдад тэтгэлэг, тусламж өгөх, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх, нийгмийн халамж хамгааллийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглох” зохицуулалт нь УИХ-ын улсын төсвийг хэлэлцэн батлах онцгой бүрэн эрхэд халдаж буй эсэх талаар асуулт асууж, хариулт авсан талаар илтгэж, уг хуулийнтөслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.1 хувь нь дэмжсэн учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ж.Батжаргал нарын гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж хариулт авлаа. Түүний дараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65,1 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа
Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр угтан мэндчилэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Угтах ёслолын үеэр Хүндэт харуулын цэргүүд жагсаж, харуулын захирагч айлтгал өргөв.
Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дуулал үлээвэр найрал хөгжимд эгшиглэсний дараа Ерөнхийлөгч нар Хүндэт харуулын цэргүүдийн өмнүүр алхаж, харуулын тугийн өмнө хүндэтгэл үзүүлэв.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажилдаа орсон.
Холбооны Ерөнхийлөгчийг Бундестагийн нийт гишүүд болон муж улсуудын парламентуудаас сонгогдсон Бундестагийн гишүүдийн тоотой тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдэх Холбооны хурлаар 5 жилийн хугацаагаар сонгодог.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улсаас ХБНГУ-д төрийн тэргүүний түвшинд 1995, 2000, 2012, 2015 онд тус тус айлчлал хийсэн. ХБНГУ-аас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд 1998, 2008, 2015, 2024 онд тус тус айлчилжээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


Улстөр нийгэм
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




