Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн Дөрөвдүгээр бүлэг буюу Засаглалын бодлогын 4.1.2-т “Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.” гэж, УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.

Тэрбээр, олон улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлын хувьд Монгол Улс нь 2020 онд 194 орноос 120 дугаарт, цахим засаглалын кибер аюулгүй байдлын индексээр 160 орноос 123 дугаарт эрэмбэлэгдэж сүүлийн жилүүдэд Монгол Улсруу чиглэсэн интернэт хандалтад халдлагын шинжтэй урсгалын эзлэх хэмжээ нэмэгдсээр байна.

Цагдаагийн байгууллагаас авсан тоон мэдээллээр 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн нийт 8563 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6865 буюу 80.2 хувь нь Улаанбаатар хотод, 1695 буюу 19.6 хувь нь орон нутагт, 0.04 хувь нь бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн бөгөөд эдгээрийг гэмт хэргийн төрлийн хувьд ангилж үзвэл залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг гэмт хэргүүд нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хэсгийг эзэлж байна.  

Дээр дурдсан цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн төрлөөс сүүлийн нэг жилийн хугацаанд залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өсөн нэмэгдэж, цахим орчны хэрэглэгчдийн тоо өсөх бүрт тухайн орон зайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчилтэй контентын тоо, төрөл нэмэгдэж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие махбод, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссээр байгаа нь статистик мэдээ баримтаас тодорхой харагдаж байна. 

Иймд цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байна гэлээ.

Хуулийн төсөл нь 6 бүлэг, 12 зүйлтэй байх бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалтыг дурдвал:

- Зөрчилтэй контентод хамаарах мэдээлэлд цахим сүлжээ ашиглан залилсан, хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан, хүүхдийн бие махбодь, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан мэдээллийг зөрчилтэй контентод тооцохоор тогтоосон.

- Хүчирхийлэл, садар самуун, хүнийг амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан, хувь хүн буюу тодорхой бүлгийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг мэдээлэл нь зөрчилтэй контентод хамаарахаар тусгасан.

- Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүн, хуулийн этгээдээс, зөвлөмж, шаардлагыг хуульд заасан эрх бүхий байгууллагаас Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж нь хүлээн авч, 72 цагийн дотор хянан шийдвэрлэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр, зөвлөмж, шаардлагыг ногоон сувгийн үйлчилгээ эрхлэгч болон олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх, эсхүл харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллахаар тусгалаа. Мөн олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ лавлагаа, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах, шинжээч ажиллуулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авч болохоор тогтоосон.

- Олон нийттэй харилцах нэгж нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хохирох эрсдэлийг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийг соён гэгээрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс үүсэх хор аюулын талаар таниулах ажлыг олон нийтэд тасралтгүй явуулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулах, олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, хандлага, чадварыг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох