Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

“Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд” III форум боллоо

Огноо:

,

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III  форумыг амжилттай  зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцсон юм.

Энэ үеэр Монголын Сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тэрээр “Монгол Улс ба цахим хэрэглээ”, “Монгол Улс ба цахим сэтгүүл зүйн хөгжил”, “ Цахим сэтгүүл зүйн цаашдын тулгамдсан асуудлууд” гэсэн гурван багц сэдвийн хүрээнд илтгэлээ танилцууллаа. Энэ удаагийн форумын үеэр “Худал мэдээллийг хэрхэн таних, яаж сэргийлэх вэ” асуулт, хариулт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.  Хэлэцүүлэгт Сэтгүүл зүйн доктор МУСГЗ, зохиолч сэтгүүлч Б.Галаарид, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн багш Д.Идэржаргал, “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв”-ийг үүсгэн байгуулагч “Fact Check Mongolia” хөтөлбөрийн зохицуулагч Ц.Тамир,  Монголын сайтын холбооны дэд Ерөнхийлөгч  Г.Улсболд нар оролцож, хуурамч мэдээллээс сэргийлэх,  олон нийтэд түгээхгүй байх талаар ярилцсан юм. Үнэн бодит мэдээлэл тодорхой эх сурвалж, баримт нотолгоотой байдаг бол хуурамч мэдээлэл тараагчид нотолгоог хуурамчаар үйлддэг. Хуурамч мэдээлэл бүтээгч, тараагчид мэдээллээ үнэмшилтэй болгохын тулд ашигладаг гол хэрэглүүр нь зураг, аудио бичлэг, видео бичлэг юм. Фотошоп программ гарсны дараа маш үнэмшилтэй мэт гэрэл зураг хавсаргасан хуурамч мэдээлэл түгж байсан бол өнөөдөр хуурамч мэдээлэл түгээх арга улам бүр нарийсч байгаа, үүний хор хөнөөлийн талаар хөндөн ярилцсан байна. Форумд Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн Мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Дагиймаа “Цахим сэтгүүл зүйн хөгжлийн  чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.  Тэрээр 

-Сэтгүүл зүй ба технологи 
-Сошиал медиа ба сэтгүүл зүй
-Хэвлэл мэдээллийн бизнесийн загвар
-Сэтгүүлч мэргэжилд гарч буй өөрчлөлт гэсэн багц сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. 

“Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд”  III форумыг зохион байгуулж байсан бөгөөд  форумаас  сэтгүүлчдэд хандан уриалга  гаргасан.  Энэхүү уриалгын төслийг Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Түвшинтөгс танилцуулж, форумд оролцогчдын саналыг тусгасан юм. 
Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд”  III форумаас гарсан уриалгыг Та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.

“Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын уриалга

Монгол Улсын цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын сайтын холбооны 10 жилийн ойн арга хэмжээ, “Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумын оролцогчид бид цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан дараах уриалгыг гаргав.
 

1. Хүний эрхийг дээдлэх 
1.1 Хүний эрхийг дээдэлж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хамгаалах
1.2 Олон нийт, хэрэглэгчдийн мэдэх эрхийг хангах 
1.3 Садар самуун, терроризм, хар тамхи, мансууруулах бодис зэрэг аливаа ёс бус мэдээллээс ангид байх 
1.4 Хувь хүний нууцтай холбоотой аливаа мэдээлэл, зураг, дүрс бичлэгт болгоомжтой, няхуур хандах 
1.5 Арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлах үзлийг сурталчлах, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй агуулга түгээхээс татгалзах 

2. Шударга ёсны дуу хоолой болж ажиллах 
2.1 Зөвхөн үнэн бодит мэдээллийг баримтад тулгуурлан олон нийтэд түгээх 
2.2 Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, дүрэм журмыг дээдлэн хүндэлж, дагаж мөрдөх 
2.3 Цахим орчинд оюуны өмчийг дээдэлж, бусдын бүтээлд хүндэтгэлтэй хандах 
 

3. Мэргэжлийн ёс зүйг чанд сахих 
3.1 Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргахгүй байх 
3.2 Мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг, хараат бус редакцийн бодлогыг хүндэтгэн үзэж, зөвхөн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх 
3.3 Мэргэжлийн нэр төрөө хамгаалж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг ямагт мөрдлөг болгон ажиллах 
3.4 Өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга хөгжүүлэн хийж буй ажилдаа мэргэших, дадлагажих 
3.5 Хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллах 
3.6 Аливаа төлбөртэй мэдээ, мэдээлэлд бусдын ажил хэргийн болон хувийн нэр хүндэд халдсан зүйл байгаа эсэхийг нягтлан шалгах 

Энэхүү зарчмыг Монголын цахим сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Та бүхнийг нийтээр мөрдлөг болгож, өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхийг уриалж байна. 

“Цахим сэтгүүл зүйн хөгжил-10 жилд” III форумд оролцогчид

2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот















Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

М.Түвшинжаргал: УОК-ын шийдвэрээр "Цэргийн наадам-2020"-д оролцохгүй

Огноо:

,

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын “Цэргийн наадам”-ыг зохион байгуулах талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэхгүй юу?

-Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны санаачилгаар олон улсын Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Цэргийн наадам”-ыг 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Оросын Холбооны Улс бусад зохион байгуулагч улстай хамтран 2020 оны 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Цэргийн наадам”-ын цэргийн мэргэжлийн цогцолбор уралдаан, тэмцээнүүдийг дэлхийн 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.

-Монгол Улсын хувьд ямар үүрэг, оролцоотой байгаа вэ?

-“Цэргийн наадам”-ын хүрээнд явагддаг зарим төрлийн цогцолбор уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2015 оноос эхлэн амжилттай оролцож ирсэн. Түүнчлэн 2019 онд анх удаа олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг өөрийн оронд зохион байгуулан уралдаанд оролцогч орноос зохион байгуулагч орон болж оролцоогоо нэмэгдүүлсэн.

-УОК-оос “Цэргийн наадам”-ыг зохион байгуулахтай холбоотой ямар санал, зөвлөмжийг ирүүлсэн бэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин “Цэргийн наадам-2020”-ын хүрээнд явагдах олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг бие даан, “Цэргийн ралли” уралдааныг Оросын Холбооны Улстай хамтран өөрийн оронд болон тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Мөн ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Шри Ланк улсуудад зохион байгуулагдах “Танкийн биатлон”, "Инженерийн томъёолол", “Цэлмэг тэнгэр”, “Зэвсгийн мастер”, “Артиллерийн галын мастер”, “Хурдач радист”, “Мэргэн буудагчийн зааг” “Хээрийн гал тогоо” зэрэг уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийг бэлтгэн оролцуулахаар тус тус төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гаргасан УОК-ын шийдвэрийг үндэслэн дээрх уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй болсон.

Цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал намжвал бид 2021 онд “Цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдах эдгээр уралдаан, тэмцээнд үргэлжлүүлэн оролцохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын саналыг оруулан бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн нийгмийн даатгалын чиглэлээр төслийн хоёрдугаар шатыг урт хугацааны сургалт зохион байгуулахаар болсон. Ирэх есдүгээр сард сургалтын агуулга тодорхой болно” гэв.

Дээрх хоёр төслийн хүрээнд яамны болон сайдын зүгээс саналаа илэрхийлэхийг хүслээ. Цаашид ХНХЯ-тай нийгмийн суурь судалгааны тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт хүрч чадаж байгаа эсэх хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхож байгаагаа дурдлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Яг одоо манай улс нийгмийн даатгалын шинэчлэл хийх цаг үе дээр явж байна. Тэтгэврийн тогтолцоог буруу гэж үзсэн ард иргэдээс хуримтлалын систем рүү шилжинэ гэсэн маш том хүлээлт үүсээд байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шинэтгэлийн хуулийн төслүүдийг олон жил бэлдсэн. Яамны зүгээс актуар тооцоолол хийх шатандаа явж байна. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхтэй холбоотой ажлуудыг хийнэ.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл. Манай улсын хүн амын 65 хувь нь 35 наснаас доош залуус. Хөдөлмөр эрхлэх гэхээр нэг талаасаа ажлын байр байхгүй. Нөгөө талаасаа сул байгаа ажлын байранд тохирох ур чадвартай боловсон хүчин байхгүй. Эрэлт, хэрэгцээ нь нийцэхгүй хөдөлмөрийн зах зээлтэй. Тиймээс хөдөлмөр, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх гэсэн манай яамны гол үндсэн чиглэл танай үйл ажиллагаатай уялдаа холбоотой.

Ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Мөн нийгмийн халамжийн 50-аас дээш хувь нь ядуу бус хүнд очсон гэсэн дүн гарсан. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэх ёстой хүндээ 100 хувь хүрч чадахгүй байна. Тиймээс эхний ээлжинд халамжийн газрын системийг цахимжуулж бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбох ажил хийнэ. Өрхийн мэдээлийн сангаас тухайн өрхийн гишүүн бүрт мэдээллийн сан үүсгэнэ. Ингэснээр халамж үйлчилгээнд хамрагдах иргэд бүрдүүлэх материалаа онлайнаар авах боломжтойгоос гадна тухайн иргэний бүх мэдээлэл гараад ирэх учраас яг халамж авах ёстой хүн мөнүү бишүү гэдэг нь ч тодорхой болно. Мөн манай албан хаагчдад ирэх цаасны ажил буурч иргэндээ үйлчилгээ үзүүлэх цаг зав нь нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөр эрхэлдэггүй, татвар төлдөггүй хэрнээ халамж авдаг бол хөдөлмөр эрхлүүлэх талаас нь анхаарах зэрэг халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ” гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мэдэгдэл

Огноо:

,

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар Үндэсний телевизийн сарын хураамж 20,000 төгрөг болно гэнэ” гэсэн худал мэдээлэл цацагдаж олон нийтийг эргэлзээнд оруулж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.

МҮОНРТ нь 2005 оноос эхлэн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү хуулийн 17.1.1-д “МҮОНРТ-ийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс байна”, 18.1-д “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна” заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, албан байгууллагаас 1,650 төгрөг, аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтоосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд айл өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар төвлөрүүлдэг.

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 3.1-д “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн үйл ажиллагааг зөвхөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан.

Иймд Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдаж мөрдөгдсөнөөр МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс буюу хураамж нэмэгдэхгүй хэвээр байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз

Дэлгэрэнгүй унших

Санал болгох