Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Батсүх: Наадмын жуулчдад зориулсан билетийг өөр хүн авах, дамлахаас сэргийлж холбогдох материалыг шаардаж байгаа

Огноо:

,

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүхтэй Үндэсний их баяр наадмаар жуулчдад олгох билет болон энэ жил зохион байгуулах арга хэмжээний талаар  ярилцлаа.

-Цар тахлын улмаас хоёр жил завсарласан Үндэсний их баяр наадам энэ жил өргөн дэлгэр болох нь гарцаагүй. Наадам бол жуулчдын хамгийн их сонирхдог арга хэмжээ. Энэ жилийн хувьд наадмын билетийг жуулчдад хэрхэн, яаж борлуулах вэ?

-Бид наадмын билетийн урьдчилсан захиалгыг аялал жуулчлалын компаниудаасаа авч байна. Жил бүр ижил аргачлалаар баяр наадмын жуулчдад зориулсан билетийг хуваарилдаг. Цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо 12 мянга орчим байдаг. Үүний 20 хувьтай тэнцэх хэмжээний буюу 2500-2800 билетийг жил бүр жуулчдад зориулан борлуулдаг. Хүсэлтийг цахимаар буюу info@tourism.ub.gov.mn е-мэйл хаягаар, мөн цаасан хэлбэрээр хүлээн авч байгаа. Мэйл хаягаар хүсэлт илгээх нь биеэр өгсөнтэй адилхан гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгох хэрэгтэй. Заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Зургадугаар сарын 29-н хүртэл урьдчилсан захиалгыг авна. Манай байгууллагад өмнө нь жилд 10-12 мянган билет худалдан авах хүсэлт ирж байсан. Энэ бол борлуулах боломжтой билетээс даруй тав дахин их тоо юм. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо хязгаартай учраас хүсэлт гаргасан хүн бүрд билет олгох боломж байдаггүй. Бид Аялал жуулчлалын холбоотой хамтарсан Ажлын хэсэг гаргаж, компаниудын хүсэлтийг харгалзан үзэж, үйл ажиллагаатай нь уялдуулж, билетийг хуваарилдаг. Ажлын хэсэг хүртээмжтэй, хүсэлт ирүүлсэн хүн бүрд аль болох билет олгохыг хичээдэг. Хүсэлт ирүүлсэн хувь хүн, компани гаднын жуулчин авчирч байна уу гэдгийг хамгийн гол шалгуур үзүүлэлт болгодог. Тиймээс хүсэлтийн хамт албан бичиг, онгоцны билетийн хугацаа, захиалга, зочид буудлын талаарх мэдээллийг авч байгаа. Энэ нь хүсэлт бодит эсэхийг шалгах, гаднын жуулчдад билетийг хүртээмжтэй байдлаар хуваарилах зорилготой.

Ер нь компаниуд болон хувь хүмүүстэй холбогдон ирж байгаа жуулчдад билет олгодог. Учир нь билетийн тоо цөөн, үзэх сонирхолтой хүний тоо их. Үүнтэй холбоотойгоор урьдчилж захиалга өгч, баталгаажуулсан жуулчдад л билетийг олгохоос өөр аргагүй. Энэ бол зөвхөн энэ жил хийж байгаа ажил биш. Сүүлийн 7-8 жил энэ аргачлалаар хуваарилалтаа хийж ирсэн.

-Тэгэхээр жуулчин бус, тухайн жуулчныг урьж авчирч байгаа иргэн, компани танайх руу албан бичиг явуулах нь байна, тийм үү?

-Тийм ээ, урьж байгаа иргэн, байгууллага л хүсэлт ирүүлнэ гэсэн үг. Энэ нь билетийн тоог гаргах, захиалгыг баталгаажуулахад баримт болох юм.

-Билетийн үнэ хэд гэж байгаа вэ?

-Наадмын төв комиссоос тогтоож өгсөн үнэ бол 25 ам.доллар дээр нэмэх нь 25 мянган төгрөг. Энэ бол сүүлийн жилүүдэд баримталж ирсэн үнэ. Тавцан засаж, нэмэлтээр цагаан сандал тавьж, суудлын тоог нэмдэг. Энэ билет өмнө нь 20 мянган төгрөг байсан, тэр хэвээрээ байгаа.

-Билет авах хүсэлт тав дахин олон ирдэг гэлээ. Тэгэхээр жуулчдад ямар шалгуураар билетийг олгох вэ?

-Хүсэлтийг харгалзан үзэж, бүгдэд хүртээмжтэй байх үүднээс хувьчилж олгодог. Өнгөрсөн жилүүдэд олон тоогоор захиалга өгч байгаа компаниудад билет олгохдоо тогтмол үйл ажиллагаа явуулсан эсэх, ажилчдын нийгмийн даатгал төлсөн байдал, татварын тайлан зэргийг харгалзаж үздэг байсан. Харин сүүлийн хоёр жил цар тахалтай байсан учраас эдгээрийг харгалзах боломжгүй болсон. Иймээс энэ жил БОАЖ-ын сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалгыг харгалзаж байгаа. Энэ нь жуулчдад л билетийг хүргэх зорилготой юм. Жуулчдын нэр барьж, билет авч, түүнийгээ цааш нь дамлан борлуулах эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Үүнийг салбарынхан маань бүрэн ойлгож байгаа.

-Одоогийн байдлаар хэчнээн хүсэлт ирээд байна вэ?

-Дөрөвдүгээр сараас эхлэн хүсэлт ирсэн. Зургаадугаар сарын 29-н хүртэл хүсэлтийг авна. Үүнээс хойш Ажлын хэсэг хуваарилалт хийнэ.

-Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд тус наадмыг ямар онцлогтой зохион байгуулах вэ?

-“Дээлтэй Монгол” наадам бол үндэсний соёлоороо бахархах бахархлын өдөр. Засгийн газрын тогтоолоор долдугаар сарын 9-нийг Үндэсний хувцасны өдөр болгон зарласантай холбоотойгоор тус өдөр “Дээлтэй Монгол” наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Энэ жилийн хувьд наадмын цар хүрээ өргөн болохоор байгаа. Өмнө нь Нийслэлийн Аялал жуулчлалын газар дангаараа зохион байгуулдаг байсан бол энэ жил Соёлын яам, мэргэжлийн урлагийн байгууллагын дэмжлэгтэйгээр илүү өргөн дэлгэр зохион байгуулна. Мөн орон нутгаас хүмүүс оролцохоор эхнээсээ хүсэлтээ ирүүлээд байна. Өмнө нь долдугаар сарын 10-нд зохион байгуулдаг байсан нь Төрийн хүндэтгэлийн тоглолттой давхацдаг учраас уран бүтээлчдийн оролцоо бага байсан. Энэ жилийн хувьд долдугаар сарын 9-н болгосноор өргөн хүрээнд болохоор байгаа. Есөн дүүргийн иргэдийн парад алхана. Түүнчлэн шилдэг дүүрэг, сайхан хувцастай хос, шилдэг дизайнер гэх мэт олон номинациар шилдгийг шалгаруулна.

-Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэ жил жуулчид төдийгүй Улаанбаатар хотынхоо иргэдэд зориулсан ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Наймдугаар сарын 6, 7-нд “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг зохион байгуулна. Энэ нь Үндэсний их баяр наадмын дараа орох аялал жуулчлалын томоохон арга хэмжээ. Үүний дараа “UB food” олон улсын хоолны фестивалийг зохион байгуулна. Мөн олон улсын явган аяллын фестивалийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд Япон, Солонгосоос алхагч жуулчид ирж, гурван улсын хамтарсан фестивалийг Тэрэлжид зохион байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн Япон, Солонгос Улсын соёлын наадам, “Хийморь” олон улсын морьт харвааны дэлхийн аваргын тэмцээн, Шонхрын баяр, “Уухай” шагайн харвааны наадам гэх мэтчилэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Эдгээр арга хэмжээний зорилго нь жуулчдыг татах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэж харах зүйлийг нэмэгдүүлэх юм. Мөн салбарын үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, өв соёл тээсэн иргэд, тамирчдаа дэмжих зорилготой.

-Одоогийн байдлаар хэчнээн жуулчин Улаанбаатар хотод ирээд байна вэ. Цаашид хэчнээн жуулчин ирэх төлөвтэй байна вэ?

-Өнгөрсөн хоёрдугаар сард хил нээснийг зарласнаас хойш улсын хэмжээнд тавдугаар таван сарын байдлаар 40 мянга гаруй жуулчин ирсэн. Энэ жил олон жуулчин ирэх төлөвтэй байна. Олон улсын нислэгийн тоо нэмэгдэхээр байна. Ялангуяа Монгол-Солонгосын хооронд олон улсын нислэг өссөн. Япон,  Герман, Турк рүү нислэгийн давтамжийн тоо нэмэгдэж байгаа. БНСУ-ын жуулчид зургадугаар сарын 1-нээс Монголд визгүй зорчих болсон. Энэ нь жуулчдыг татаж байгаа. Мөн манай салбарынхан Япон, БНСУ-д сурталчилгааны ажлууд, компаниуд хоорондын гэрээ, хэлцлүүдийг өндөр түвшинд хийсэн нь үр өгөөжөө өгнө. Түүнчлэн Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаа. Цаашид гадаад сурталчилгаа, маркетингаар жуулчдыг татах, Монголын аялал жуулчлалыг хүмүүст хүргэх талаар багагүй ажлуудыг төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.

Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно

Огноо:

,

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталсан. 

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд:
  • Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа
  • Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна
  • Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаадад эмчилгээ хийлгэсэн иргэдэд олгох эмчилгээний зардлын тодорхой хувийг олгох,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх арга хэмжээ
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмж
Ийнхүү дэмжих сангаар санхүүжүүлэх үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбоотойгоор тухайн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагаар оролцуулах, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг нийтэд, ил тод нээлттэй мэдээлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах юм.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг журам хэрэгжсэнээр иргэд эх орондоо оношлуулж, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэхээс гадна иргэдэд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад учрах санхүүгийн дарамтыг бууруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн нэг чухал хэсэг байх болно гэдгийг онцолсон. Тэрбээр “Өнөөдөр батлагдсан журмаар дээрх хөрөнгийн тодорхой хувийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээний технологи нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх тухайлбал, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж авчран өөрийн орны эмч нарыг ажлын байранд нь сургах, өөрийн эмч нарыг гадаад улс оронд багаар нь сурган чадавхжуулах, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд шаардагдах санхүүжилтийг шийдэх юм.
 
Шинэ технологи нэвтрүүлэх зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцдаг тул шинэ технологи нэвтрүүлэх ажил удаашралтай явагдаж ирсэн. Журам батлагдсанаар шинэ технологи нэвтрүүлэх зардлыг тусгай сангаас шийдэж, мэргэжлийн салбар зөвлөл тухайн технологи нэвтэрч нутагшсан гэсэн дүгнэлт гаргавал цаашдаа Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг зарчимд шилжиж байгаа болно.

Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд дэмжлэг болгон эмчилгээний зардлын ердөө 5,0 хувийг олгодог байсныг өөрчилж, насанд хүрэгчдэд 20,0 хувь, хүүхдийн эмчилгээний зардлын 50,0 хувийг буцаан олгох боломж бүрдсэн” гэсэн юм.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй, эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, донорын гэр бүлийн гишүүнд нэг удаа олгох тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс олгодог болгох зохицуулалтыг тус журмаар анх удаа шийдвэрлэж байгаа юм. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын хуралд үг хэллээ

Огноо:

,

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын VII хурал 2024 оны хоёругаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд боллоо.

Энэхүү VII хуралд 12 орны 17 намын төлөөлөл болсон залуучууд хүрэлцэн ирж, дуу хоолойгоо нэгтгэн тухайн улс орон төдийгүй бүс нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцох, энх тайван, хөгжил цэцэглэлтийг сурталчлан таниулах зорилготой юм.

“Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдэвтэй хуралд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Тэрбээр, Азийн улс төрийн намуудын  үйл ажиллагаанд Монгол Ардын Нам 2004 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн. 2013 оноос хойш тус байгууллагын Байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Цаашид ч идэвхтэй оролцож, улс төрийн намуудын төлөвшил, шинэчлэлд хувь нэмрээ оруулахдаа баяртай байх болно гээд, залуу парламентчдын тоог нэмэгдүүлэх төдийгүй нэн удахгүй болох ээлжит сонгуульд нийгмийн бүх төлөөллийг бүрдүүлсэн парламент байгуулахаар зорьж байгаа тухай болон залуучуудын улс төрийн оролцоо, бодлого, шийдвэрт оролцох боломжийг хэрхэн нээж буйгаа танилуулсан юм.

Тэрбээр, залуучууд сонгуульд оролцох, санал өгөх, УИХ-д сонгогдохоос гадна өөр олон хэлбэрээр улс төрд оролцох боломжтой. Үүний нэг нь дижитал шилжилт юм. “3D (дижитал, ардчилсан, зөвлөлдөх) парламент” болох томоохон зорилтынхоо хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих “D-parliament” системийг саяхан нэвтрүүлсэн. Мөн олон нийтийн өргөдлийн систем “D-petition” хэрэгжиж эхэлснээр цахим хэлбэрээр иргэд, залуучууд санал бодлоо илэрхийлэх үйл явц ихээхэн идэвхжсэн гэв.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар монгол орны цас зудын нөхцөл байдал хүндэрч, цаг уурын өөрчлөлт нүүдэлчин ард түмний амьдрал хүндээр тусч байгаа зэрэг улс орны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эцэст нь та бүхэн монгол орны тухай улам их мэдлэгтэй болж, хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож байгаад талархаж байна. Улмаар улс төрд, ялангуяа парламентад залуучуудын оролцоо, манлайллыг хэрхэн хангах талаар олон чухал санаачилга, шийдэл гарна гэдэгт итгэлтэй байна гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Газар, газрын хэвлийн баялгийн ашиглалт, хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Дэлгэрэнгүй унших

Санал болгох