Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.
Ковид-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Хүүхдийн төлөө хэрэгжүүлж байгаа Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа бүс нутагтаа үлгэр жишээ болж байдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Комини тэмдэглэв.
Цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулж, иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулан, нийгмийн хамгааллын уян хатан бодлого хэрэгжүүлж, тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэмжээг нэмсэн нь жишиг болсныг онцлов.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж ХӨСҮТ-ийн дэргэд Вакцин, био бэлдмэлийн төв агуулах барьж, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж суурилуулсан болон цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймагт CHIP багцыг үргэлжлүүлэх, “Гига” төслийн хүрээнд малчдын хүүхдүүдийг цахим нэвтрэлтэд хамруулах, цахим сургалтын чанарыг сайжруулах талаар ярилцав.
Мөн эрүүл мэндийн өгөгдлийг цахимжуулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ариун цэвэр, усан хангамжийн байгууламжийг сайжруулах, хүүхдийн өвчлөлийн эрт илрүүлэг, өсвөр насныхны хоол тэжээлийг сайжруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл