Шударга мэдээ
Түүхий нүүрс түлж буй талаарх мэдээллийг 102 дугаарын утсаар авна

"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат агаарын чанарыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан танилцуулав. Тэрбээр хэлэхдээ:
-Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан гаргасныг танилцуулъя. Хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 тоосонцор, РМ 2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн түгээмэл зургаан бохирдуулагчийн хэмжээгээр тогтоолоо. Хүхэрлэг хий 2020 онд 220 микрограмм /мкг/ байсан бол энэ онд 140 микрограмм буюу багассан үзүүлэлттэй байна. Азотын давхар исэл долоо хоногийн үзүүлэлт 2020 онд 61 мкг байсан бол энэ онд 64 мкг буюу ойролцоо түвшинд, РМ 10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 158 мкг, 2021 онд 156 мкг, РМ 2.5 тоосонцор 2020 онд 120 мкг, 2021 онд 112 мкг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм. Нүүрстөрөгчийн дутуу исэл долоо хоногийн дундаж агууламжаар 2020 онд 3806 мкг, 2021 онд 2968 мкг, озоны хувьд 2020 онд 8 мкг, 2021 онд 14 мкг байлаа. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индексийн мэдээллээр Улаанбаатар хотын нэгдүгээр хороолол, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд агаар бохирдолтой, бусад газард агаар бага бохирдолтой түвшинд байсан хэмээн мэдээллээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн:
-Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон ажил зохион байгууллаа. Үүний нэг нь 102 тусгай дугаарт түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг болж байна. Зөвхөн түүхий нүүрс төдийгүй дугуй, хаймар, тос масло зэрэг зориулалтын бус агаар бохирдуулагч зүйлсийг шатаасан тохиолдолд ч 102 дугаарын утсанд мэдээлэхийг иргэдээсээ уриалж байна гэлээ.
Түүнчлэн иргэдийг стандартын зуух хэрэглэж заншихыг уриалав. Түүхий нүүрс, стандартын бус зуух хэрэглэснээр зөвхөн та, танай гэр бүлийнхэн хохироод зогсохгүй хөрш айлынхан ч мөн хордож байдаг тул хөрш айлууд, зэргэлдээ суурьшиж буй хүмүүсийн мэдээлэл чухал байгааг тодотгосон юм. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний хоногийн борлуулалт 3000-3200 тоннд хүрчээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан цагдаагийн ажилтнуудтай хамтран тээврийн товчоод дээр 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 82 шуудай шахмал түлшийг хөдөө, орон нутаг руу тээвэрлэхийг завдсан байна. Тээвэрлэгч иргэнд торгууль ногдуулж, шахмал түлшийг Амгалан станцад буулгажээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 15 тонн түүхий нүүрс оруулж ирснийг илрүүлж хураасан байна.
Хэвлэлийн хурлын үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:
-Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын зургаан иргэн шахмал түлшинд угаартсан. Угаартсан шалтгааныг тодруулахад ердийн монгол зууханд галлаж, зуухны битүүмж алдагдсанаас болсон байсан. 2020 оны мөн үед 387 иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол энэ онд 73 хүн болж, 83 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Өнөөдрийн байдлаар эрсдэл бүхий 63 мянган өрхөд угаарын хий мэдрэгч байршуулан 24 цагаар хянаж байна. Эрүүл мэндийн байгууллагын тусламж авах хэмжээнд хүрэхээс өмнө хяналт хийснээр өмнөх долоо хоногт 150 гаруй айлын гэрт угаар ялгарч байгааг мэдэгдэж, урьдчилан сэргийлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд 44 айлын гэрт угаар илэрч байгааг урьдчилан мэдэж, 160 гаруй иргэнийг угаартахаас сэргийлж чадлаа. Энэ нь долоо хоногийн хугацаанд гэрт нь угаар ялгарсан айлын тоо 60 гаруй хувиар буурсан гэсэн үг. Тиймээс хүмүүст хандаж угаар мэдрэгчээ цахилгаанаас нь бүү салгаарай гэж сануулъя гэлээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс агаар дахь PМ-2.5 тоосонцрын хэмжээ их байгаа нь зүрх судасны өвчлөл нэмэгдүүлдэг аюултай. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Иргэд маань агаарын чанарын индексийг ашиглаж сурахын дээр агаар бохирдуулахгүй байх оролцоогоо нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавьдаг байх нь чухал байна” гэлээ.
Түүнчлэн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж буйг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Мөн ирэх оны эхнээс долоо хоног бүрийн мэдээлэлдээ зөвхөн Улаанбаатар хотын агаарын чанарыг бус улсын хэмжээнд агаарын чанар ямар түвшинд байгааг мэдээлдэг болох юм.
Шударга мэдээ
ЗГ: Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсад нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тэдгээрээс Улсын Их Хурал нийт 318 хуулийн 2493 заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 111 байгууллагын 2357шийдвэр бүртгэлтэй, харин хуулиар тусгайлан эрх олгосон боловч шийдвэр нь батлагдсан эсэх нь тодорхойгүй 850 хуулийн заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх, тэгш байдлын зарчмын хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна.
Ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, эрх зүйн үйлчлэлийн хугацаа дууссан, хууль тогтоомжтой давхардсан, зөрчилдсөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүргүүлсэн дүгнэлтийн дагуу хуульд нийцүүлэхээр ажиллагаа хийгдэж байна гэсэн хариу ирүүлсэн шийдвэрүүдийг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан хүчингүй болгох, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор боллоо.
Хуулиар Засгийн газарт эрх олгосон 642, төрийн захиргааны төв байгууллагад эрх олгосон 919, төрийн захиргааны байгууллагад эрх олгосон 258 заалтыг тус бүр хоёр дахин бууруулах чиглэлийг Ерөнхий сайд өглөө.
Шударга мэдээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх болон компанийн удирдлагыг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлж, засаглалыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Тухайлбал,
-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв.
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв.
-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.
-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв.
-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов.
-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав.
-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн.
Шударга мэдээ
Энэ онд барилга ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ
Хотын стандарт, хяналтын газар нь үйл ажиллагааны үндсэн чиг үүргийн дагуу нийслэлд баригдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулдаг. Энэ онд улс, нийслэл, төсвийн хөрөнгө оруулалт, иргэн, хувийн хэвшлийн байгууллага, гадаад орны санхүүжилтээр барьсан барилга, эрчим хүчний байгууламжийг ашиглалтад оруулах 1496 хүсэлт иржээ. Эдгээр хүсэлтийг шийдвэрлэхдээ иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлсэн эсэх, барилгын стандарт, норм ба дүрмийн хэрэгжилт, холбогдох бичиг баримтыг шалган, комиссын 826 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох шийдвэрийг гаргаад байна.
Комиссын үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж буй. Ингэхдээ ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээллийг нэгтгэн, орон зайн мэдээллийн сан /https://standard.ub.gov.mn/spatialdb/-д оруулан ажиллаж байна. Тухайлбал,
- Дэд бүтэц, барилга байгууламжийн судалгааг нэгтгэн гаргах дэд ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу орон сууцны 485, олон нийтийн барилгын 391 нийт 876 байршлын мэдээлэл
- “Шил” ажиллагааны хэрэгжилтийг биелүүлэн, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын 2020-2023 оны 728, 2009-2012 оны 155 дүгнэлтийн мэдээллийг нэгтгэн, холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
2023 онд 8100 суудал бүхий арван сургуулийн барилга, 5420 хүүхдийн хүчин чадал бүхий 12 цэцэрлэгийн барилга, 6381 хүүхдийн хүчин чадал бүхий 19 сургууль, цэцэрлэг, сургалтын төвийг байнгын ашиглалтад хүлээн аваад байна.
ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР
Сэтгэгдэл