Улстөр нийгэм
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг батлав

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Ингээд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан тул хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний 41 нь дэмжсэнээр хууль батлагдав.
Уг хуулийн төсөл нь таван зүйлтэй бөгөөд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.” гэсэн агуулгатай 7.6 дахь хэсэг нэмэх, хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг “Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.” гэж өөрчлөн найруулахаар зохицуулжээ.
Мөн Эх, олон хүүхэдтэй өрх хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмэхээр зохицуулсан байна. Хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.
Улстөр нийгэм
Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
Улстөр нийгэм
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо есдүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хүч чармайлтад оруулж буй чухал хувь нэмэр болж байгааг онцолж, цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь цөмийн зэвсгийг бүрэн устгах хамгийн үр дүнтэй арга зам болохыг цохон тэмдэглэв.
Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис болон НҮБ-ын гишүүн улсын төлөөлөгчид оролцов.
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд тус өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготойгоор тэмдэглэдэг өдөр юм.
Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд, Дундговь, Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн нээлтэд оролцсон. Энэ өдөр Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ийм төв байгуулахаар зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг төрд оруулж, иргэдээ дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд нээлтийн үеэр илэрхийллээ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй эдгээр хөгжлийн төвүүдийг байгуулснаар орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж байна.
Ерөнхий сайд дараа нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай танилцав. Станцын ажил энэ оны долоодугаар сард эхэлсэн, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох ажээ.
Энэ станц жил бүр дунджаар 20.14 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна. Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц, 10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих аж.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана туссан. Импортын эрчим хүчийг бууруулах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд удахгүй ашиглалтад орох энэ төсөл үүнд чухлаар нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Сэтгэгдэл