Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлэх үүрэгтэй этгээдийн тус хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийг үнэлж, шинжилгээ хийх, зайны хяналтыг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын цар хүрээг тогтоох, эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг шинэчлэн сайжруулах болон салбарын ерөнхий төвшинг үнэлэх зорилгоор хагас жил тутамд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг тогтмол цахим хэлбэрээр хүлээн авч байгаа билээ.

Гэвч тогтоосон хугацаанд асуулгыг бүрэн бөглөөгүй, бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл өгөх эсвэл асуулгад огт хариулаагүй, зохих мэдээллийг ирүүлэхгүй зэрэг дутагдал гарсаар  байгаа нь тухайн этгээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэйд хамаарах үндэслэлийг бий болгож байна.

Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, өөрийн байгууллагыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс хамгаалахад аливаа мэдээлэх үүрэгтэй этгээдийн удирдлагын идэвх, оролцоо ихээхэн дутагдаж байгаагийн нэг илрэл юм. Иймд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй болон өгөгдсөн үүргийг биелүүлэхээс илт цааргалах, хамтран ажиллахаас татгалзах зэрэг дутагдал гаргаж буй аливаа мэдээлэх үүрэгтэй этгээдийн үйл ажиллагаанд дор дурдсан хууль тогтоомжид заасан хариуцлагын арга хэмжээг Хорооноос авч хэрэгжүүлэх үндэслэлтэй болохыг анхааруулж байна. Үүнд:

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, зогсоох, түдгэлзүүлэх, үйл ажиллагааны зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргах”,
  • Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 11-д “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”.

Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхнийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, түүнтэй холбоотой бусад хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилт болон Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүргийн биелэлтийг чанд мөрдөн ажиллахыг зөвлөж байна. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-оос орон даяар зохион байгуулагдана

Огноо:

,

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистикийн Хорооноос уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Лох Сиен Чи-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
 
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан”, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 1 жил 8 сар хорих ял оногдуулжээ.
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Лох Сиен Чи-д оногдуулсан хорих ялыг 15,400,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.
 
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан" гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
 
Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүх 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Охайо мужид цасан шуурга шуурч, Их нууруудын бүс нутагт олон автомашин осолджээ

Огноо:

,

АНУ-ын Охайо, Пенсильвани, Нью-Йорк муж дахь Эри, Онтарио нууруудын зүүн эрэг дагуу даваа гарагаас эхэлсэн цасан шуурга лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Цасан шуурганы сэрэмжлүүлэг Пенсильванийн Кливленд, Эри, Нью-Йоркийн Жеймстаун, Сиракуз, Освего, Уотертаун зэрэг хотуудад идэвхжсэн байна.

Их хэмжээний цас орсны улмаас тус бүс нутгийн сургуулиудыг хааж, оршин суугчдыг энэ шуурганы сөрөг нөлөөлөлд бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг уриалжээ.

“Цаг агаарын хамгийн аюултай нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед богино хугацаанд их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учир зарим авто замын зорчих хөдөлгөөнд багагүй хүндрэл учрах төлөвтэй байна” гэж мэдээлсэн байна.

Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо онцгой анхаарал хандуулж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Канад улсад ч мөн адил цасан шуурга болж, Онтарио мужийн цагдаагийн албанаас Торонто орчмын замуудыг хаахад хүрчээ.

Мөн улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, хэд, хэдэн авто ослын дуудлагад хариу арга хэмжээ авчээ.

Тус улсын хурдны зам дээр олон автомашины осол гарч, олон хүн хүнд бэртэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.

Их хэмжээний цасан шуурганы урсгал Онтарио нуураас зүүн тийш, Нью-Йоркийн төв хэсэгт орших Туг Хилл өндөрлөг газраар орж, баруун чиглэсэн 50-60 км/цагийн хурдтай хүчтэй салхины урсгал дайран өнгөрч, агаар чийгийг хуримтлуулан маш их хэмжээний хур тунадас бий болгохоор байгааг цаг агаарын байгууллагаас нь анхааруулжээ.

Цасны хэмжээ цагт 3 мм-ээс давж, зарим хэсэгт цагт 19-20 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж. 

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох