Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа

Огноо:

,

Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХҮСЭЛТЭЭ ӨРГӨН БАРИХДАА:
“Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект.

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна.

Жишээ нь, Авлигатай тэмцэх газрын дэд дарга нас барсны улмаас энэ асуудлыг оруулсан боловч Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хөндөж, эрх барьж буй намын дарга буюу Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилно гэж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орууллаа.

Олонх болсон, эрх барьж буй намын дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч нь Авлигатай тэмцэх газрын даргыг санал болгож томилуулна гэдэг нь өөрөө өөрийгөө хянах механизм байхгүй болно гэсэн үг.

Нэгэн жишээ дурдахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан.

УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгаа юм.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох асуудал орж ирсэн. Өнөөдөр УИХ бага ард түмэн биш болсон. УИХ-д олигархуудын буюу мөнгөтэй хүмүүсийн, ялангуяа уул уурхайн төлөөлөл олноор орж ирсэн. УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна. Ийм учраас энэ хүсэлтийг өргөн барьж байна.

Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна.

Нөгөөтэйгүүр Авлигатай тэмцэх газар сүүлийн хоёр жилд маш идэвхтэй ажилласан. Авлига гэдэг бол хөдөө орон нутагт байдаг асуудал биш, харин Монголын баялгаас олсон хууль бус хөрөнгөө хилийн чанадад маш их хэмжээгээр нуусан эзэд нь ил болж ирэх үед эрх баригчдын ойрын нөхөд, тэдний төлөөлөл сандралдаж, хуулиудыг хурдан хуумгай байдлаар батлах үйл явц өрнөж байна. Түрүүн хэлсэнчлэн, Авлигатай тэмцэх газрын дэд даргын асуудал яригдангуут даргын асуудал болж оруулж ирэх жишээтэй. Ард түмэн үүнийг мэдэхгүй, ойлгохгүй гэж эрх баригчид боддог байх. Ийм учраас маш тодорхой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэлээ.

УУЛЗАЛТЫН ҮЕЭР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Н.ЧИНБАТ ХЭЛЭХДЭЭ:
“Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, дөрөвдүгээрт, Монгол Улсын ерөнхий прокурор, тавд, Монгол Улсын дээд шүүх гэсэн ийм таван субьект Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг.

Өнөөдрийн байдлаар энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. УИХ-аас хүсэлт ирж байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урьд нь олон жилийн өмнө хоёр удаа хүсэлт ирсэн байдаг. Прокурор, дээд шүүх, Монгол улсын Засгийн газраас хүсэлт ирж байсан.

Бусад төрлийн процессын үйл ажиллагаанаас ялгаатай нь хүсэлтийг хүлээн авч шалгаж байгаа гишүүн түүнээс татгалзах эрхгүйгээр, 14 хоногийн дотор шууд маргаан үүсгээд явдаг. Хүсэлт нь процессын шаардлага хангасан эсэх, бусад нэмэлт шаардлага материал байгаа эсэхээс шууд хамаараад хэргээ үүсгэнэ. Үндсэн хуулийн цэц дээр ирээд хоёроос гурав хоногийн дотор гишүүдэд хуваарилагдана. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хуваарилах зарчим тойргийн журмаар явна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монголын ард түмний талд шийдвэр гаргахыг хүслээ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ: Засгийн газрын хөгжлийн баримт бичгүүдийн тайлантай танилцлаа

Огноо:

,

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс хойших  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан дунд болон богино хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуултаар нэгдсэн хуралдаан үргэлжилэв.

УИХ-ын гишүүн  Х.Ганхуяг, Засгийн газрын тусгай 13 сан бий. Экспортыг дэмжих, импортын бараа, бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс бусад сангуудыг багасгах бодлого байгаа эсэх, төрийн өмчийн компаниудын хяналт тавих иргэдийн оролцоог сайжруулах талаар ямар арга хэмжээ авах вэ, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн ажиллаж байгаа талаар асуулаа. 

Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын тусгай сангуудад  тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, шалгалт орж цэгцэлсэн. Сангуудын талаар төсвийн гүйцэтгэл орж ирэх үед аудит хийгддэг учраас тодруулж асууж болно.  Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үед, эсвэл төсөв өргөн мэдүүлэх үед эдгээр санд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай эсэх талаар ярилцахад сангийн талаар тодорхой хариулт авах боломжтой.  

Төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажиллах нь зөв байх гэж бодож байна. Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хариуцлага тооцож, хянаж ажиллаж эхэлсэн гэв. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дарханы замын бүтээн байгуулалтад  90 мянган тонн цемент орсон. Гэтэл цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонныг  авсан байна.  Өөрөөр хэлбэл, 36 мянган тонн цемент хаашаа явсан бэ, хоёрдугаарт, Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалт ямархуу шатанд явж байна вэ, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд  төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангана гэж заасан. Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллах үеэрээ өвлийн хүлэмж, зоорь шийдвэрлэж өгнө гэсэн. Энэ ажил хэзээ хэрэгжих вэ гэж асуув. 

Зам, тээврийн хөгжлийн  яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Батболд, 90.2 тонн цемент авч ашигласан. Гэвч 126 мянган тонн цементын асуудал өчигдөр ажлын хэсгийн хуралдааны үеэр яригдсан. Бид хянаж, шалгаж байна. Эргээд асуудлыг тодруулья гэв. 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун, Дарханы арьс, ширний цогцолборыг хувийн хэвшлийн компани барьж байгуулж  байгаад зогссон. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авч хууль бусаар зарцуулсан, мөн туслан гүйцэтгэгч компаниудын дунд маргаан үүссэн зэрэг нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа юм байна. Холбогдох 3 яамны сайдын  тушаалаар байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Ямар ч байсан  төр дэд бүтцийг гүйцэтгээд  үлдсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ  гэсэн чиглэлтэй явж байна. Орхон суманд зоорийг улсаас барьж өгөх боломжгүй. Харин Хүнс, хөдөө, аж ахуйн яамнаас  зоорь барьж байгуулахад хөнгөлттэй зээл олгож байгаа гэв. 

УИХ-ын гишүүн Н.Сарангэрэл, өнгөрсөн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн нэлээн хэдэн төсөл хэрэгжсэн. Тэгэхээр хичнээн хүнийг ажлын байраар хангав, хичнээн хүнийг ядуурлаас гаргасан бэ, гэр хорооллыг дахин төлөвлөлтийн ажил сайн явахгүй байна. Яармагт гэхэд 268 га газрыг чөлөөлсөн. Гэвч иргэд нь орон сууцаа хүлээгээд удаж байна. Энэ ажлыг хэрхэн ургашуулах вэ зэрэг асуултыг асуув. 

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг  хэрэгжүүлэхэд 28 байршилд 18843 нэгж талбайд газар чөлөөлөлт хийж,  148 мянган айлын орон сууц баригдахаар баталсан юм билээ. Өнөөдрийн байдлаар 18 байршилд 45 төсөл хэрэгжүүлж байна. Инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны асуудал бэрхшээл учирсан учраас цаашдаа орон сууц барих хүнд болсон. Тиймээс эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шинэ үүсвэрийг бүтээн босгохгүйгээр орон сууц барих боломж хязгаарлагдаж байна гэв. 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Өнөрбаяр,  2022 онд 111 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 85 мянган иргэн хамрагдаж, 40 орчим мянган иргэний ажлын байр хадгалагдсан. 30 мянган иргэнийг ажилд зуучилсан гэсэн юм. Ийнхүү Засгийн газрын гүйцэтгэлийн хэрэгжилт, тайлантай холбогдуулан  гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Огноо:

,

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс хойших  нэгдсэн хуралдаанаар Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Тэрбээр, УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлснийг Байнгын хороо  2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа  хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас ирүүлсэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа. 

Ингээд "УИХ-ын Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгов

Огноо:

,

Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өнөөдөр зарлав.

Энэ хүрээнд:

- Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн,

- Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн,

- Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч,

- Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн,

- Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.

Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.

- Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн,

- Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,

- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна.

230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байна.
Иргэдийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу. Мэдээллийн санд хандах>>>

Дэлгэрэнгүй унших

Санал болгох