Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Г.Занданшатар: Төрөө түших, түмний итгэлийг биелүүлэх журамт үүрэгтээ эзэн нь байхыг та бүхнээсээ хүсье

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Анхдугаар чуулганаас Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна.

  Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

    Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэд ээ,

    Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг сонгох 8 дахь удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, шинээр сонгогдсон гишүүд маань Монгол төрийн сүлдний өмнө төр, ард түмэндээ андгай тангаргаа өргөлөө. Ийнхүү 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

    Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон засаглах эрхээ эдэлж, төрийн үйл хэрэгт шууд оролцон, төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан тусгаар тогтносон Монгол Улсынхаа ард иргэдэд гүн талархал илэрхийлье.

    Ард түмнийхээ итгэл хүндлэлийг хүлээж, захиас даалгаврыг өвөрлөн, төрөө түших эрхэм хариуцлагатай, өндөр нэр хүндтэй албанд тохоон томилогдсон Улсын Их Хурлын Эрхэм гишүүд Та бүхэнд халуун баяр хүргэе.

    Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлэх үүрэг хариуцлагыг надад оноож, сонгосон Монгол Ардын Нам, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх, журмын нөхдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Эрхэм гишүүд ээ,

    Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын Нам 62, Ардчилсан Нам 11, “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвсэл, бие даагчдаас тус бүр 1 хүн сонгогдож, улс төрийн 4 нам парламентад суудалтай боллоо.

    Монгол Ардын Намын энэхүү үнэмлэхүй ялалт нь Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлж ажилласан Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны тэмцэл, тогтолцооны шинэчлэл, бүтээн байгуулалтын аяныг цаашид тууштай үргэлжлүүлэх, эхэлсэн ажлаа дуусгах, улсаа хөгжүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах, ёс зүйг эрхэмлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай, иргэнээ дээдэлсэн төрийг төвхнүүлэх алсын харааг дэмжсэн ард түмний итгэл, өндөр хариуцлага, үүрэг даалгавар гэж бид ойлгож байна.

    Ард түмнийхээ энэ итгэл, их хүчийг бид Монгол орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхан маргаашийн төлөөх их давалгаа гэдгийг ухамсарлан ойлгож, түүний эрч хүчийг сааруулах биш, эгнээнд нь нэгдэж, хүчээ нэгтгэж, хошуучлан манлайлж зүтгэх ёстой.

    Энэ бол том зорилго, амаргүй ажил. Гэхдээ Монголын сайн сайхны төлөөх энэ зорилгоос ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх бидэнд байхгүй.

    “Том зорилго л Таныг хөдөлгүүр мэт зогсоо зайгүй ажиллуулж чадна” гэсэн мэргэн үг бий. Тиймээс Монгол орноо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх том зорилгын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэх эрхэм үүрэг эрхэм гишүүд Та бидэнд ногдож байна.

    Эрхэм гишүүд ээ,

    Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал нэн яаралтай ажилдаа орж, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, хүчээ нэгтгэсэн ард түмнийхээ улсаа мандуулах эрмэлзэл тэмүүллийг ажил хэрэг болгох ёстой.

    Иймээс Улсын Их Хурал дараах таван чиглэлээр Ажлын хэсгүүд байгуулж, хугацаа алдалгүй ажилд нь оруулах ёстой гэж үзэж байна.

    1. Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Үүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хууль биднийг хүлээж байна. Заримынх нь эхний хэлэлцүүлгийг хийсэн, төсөл нь бэлэн болсон байгаа. Шууд хэлэлцэж эхлэхэд ямар ч саад байхгүй.    

    2. Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орох шаардлагатай байна. Коронавирусийн халдварт цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх нь чухал байна. Тухайлбал, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг Улсын Их Хурал нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.

    3. Эдийн засгаа солонгоруулахын тулд эхний ээлжинд хос морьтой болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болж эхлэх шаардлагатай байна. Үүний тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах нь зайлшгүй чухал юм.

    4. Төрөө төвшитгөх, сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж Улсын Их Хурлын даргын хувьд үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцүүдээр дамжуулан зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийг биш, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

    5. Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэнт авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна.


    Эдгээр 5 чиглэлээр Улсын Их Хурлаас ажлын хэсгүүд байгуулж, ойрын үед ажилд нь оруулна. Зуны сар зургаа биш. Нөгөө талаар улсын нийгэм, эдийн засгийн байдал, цаашдын төлөвөөс дүгнэлт хийхэд бидэнд амарч суух эрх алга байна.

        Тиймээс төрөө түших, түмний итгэлийг биелүүлэх журамт үүрэгтээ эзэн нь байхыг Та бүхнээсээ хүсье.

        Хөх тэнгэрийн дор Монгол эх орон минь мөнх оршиж, төр засаг нь түвшин, түмэн олон нь амгалан байх болтугай.    

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. 

2020 оны 12дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн асуудал үүсэж, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг хүүхэд хамгаалах төвд хүргэн, сэтгэлзүйн засал эмчилгээ хийх арга хэмжээ авсан. Мөн уг хэрэгт холбогдсон өсвөр насны хоёр хүүг мөн соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж байгааг хэлэв.  

Засаг дарга Д.Сумъяабазар уг төвийн удирдлагууд болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынханд хандан “Цаашид бид бүгдээрээ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө байр суурь, дуу хоолойгоо нэгтгэж явахгүй бол зохисгүй үйлдлийг нь дэмжээд байгаа юм шиг явмааргүй байна. Нийгэм эмзэг байна. Мөн энэ газарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ганцаардсан, ар гэрийн амьдрал хэцүү, аав ээж нь архины хамраалтай,  хичээл ном сурах нөхцөл нь бүрдээгүй, ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөн харж чадахгүй байгаа хүүхдүүд ирдэг. Тийм болохоор бид л эдгээр хүүхдийнхээ сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролтой, мөрөөдөлтэй болоход нь дэмжиж нийгэмд гаргах хэрэгтэй. Тэгж байж ирээдүйд зөв иргэн, зөв аав, зөв ээж болоход нь тусална. Энэ байгууллагын гол зорилго ийм байх ёстой” гэлээ. Тиймээс өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан асуудалд тус төвийн удирдлагуудаас тайлбар нэхэж, хариуцсан газарт нь ийм асуудал гарсан нь хариуцлагагүй байдалтай шууд холбоотой хэмээв. 

Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Бат-Орших “Өнөөдөр манайх дээр янз бүрийн нөхцөл байдалтай орчноос ирсэн, янз бүрийн төлөвшилтэй хүүхдүүд байна. Тиймээс аль болох хүүхдүүдтэй тулж ажилладаг албан хаагчдынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна” гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Манай улс шиг “Энэ бол хүүхдийн асрах байр” гээд хаяг хадчихсан хүүхэд хамгаалах газар бусад улсад бараг байхгүй. Орон сууцны хороолол дунд ялгахын аргагүй орчинд хүүхдүүдээ хамгаалж, сургаж, тэндээс хүүхдүүд ялгаварлан гадуурхалгүй нийгэмдээ гардаг. Та нарын ажлын алдаа бол энэ олон хүүхдэд тулж ажиллах, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үүрэгтэй албан хаагчид дутмаг байгаатай холбоотой. 74 хүүхдийг нэг ээлжинд есөн багш яаж харж, хандах юм бэ. Хүүхдийг хүн болгох, амьдралын ирээдүйг нь залж өгөх ёстой асран хүмүүжүүлэх газар өнөөдөр засан хүмүүжүүлэх дээр байсан хүн шиг харизмтай хүүхдийг гаргаж байна. Дахин ийм асуудал энэ төвөөс гарах ёсгүй шүү” гэлээ. 

Засаг дарга мөн тус төвд байгаа хүүхдүүдтэй уулзаж ярилцан, хичээл номондоо шамдаж, бусаддаа тустай, найз нартайгаа эвтэй байхыг хэлэв. Тэрбээр “...Та нарт маш их ирээдүй байгаа. Хичээлээ сайн хийж, бие биенээ хайрлаарай...” хэмээн захисан юм. 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Халдвар судлаач Т.Энхбаатар: Хятадууд вакцины туршилтын үр дүнгээ шинжлэх ухааны болон анагаахын сэтгүүлд одоо хүртэл нийтлээгүй

Огноо:

,

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг вакцин Монголд орж ирж, анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариулсан. Үүнтэй холбоотойгоор монгол хүн бүр ковидын эсрэг вакцинтай холбоотой мэдээллийг сонирхож буй билээ. Тиймээс вакцин хэрхэн бүтдэг болон вакцины үе шатуудын талаар нийгмийн эрүүл мэндийн магистр, халдвар судлаач Т.Энхбаатарын өөрийн цахим хуудас https://www.facebook.com/enkhbaatar.tumurbat -таа бичсэнийг уншигчиддаа хүргэж байна.

Эх оронд минь тахлыг үлдэн хөөхөөр “хүндэт” вакцинууд “морилон” ирж буйд гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд эрхэм 4 “баатар”-ын талаар мэдээлэл өгсү. Энэ мэдээллийг шинжлэх ухааны мэргэшсэн 3 сэтгүүлчийн хамтран бэлтгэсэн нийтлэлээс авсан болно (Бичвэрийн төгсгөлд эх сурвалжаа оруулах болно). Юуны өмнө хүмүүст ойлгомжтой байх үүднээс аль болох энгийн үгээр бичиж байна. Эхлээд вакцин хэрхэн бүтдэг, мөн төрлөөр нь хэд ангилдагийг мэдвэл цаашдын 4 вакциныхаа талаар тодорхой ойлголт авахад тус болох болно Вакцин бол шинжлэх ухааны гайхамшигт бүтээлүүдийн нэг. #Нэг Вакциныг хэрхэн бүтээх вэ? Вакциныг эхлээд эсийн түвшинд дараа нь амьтад (хулгана, сармагчин гэх мэт) дээр туршаад туршилт амжилттай үр дүн өндөр байвал хүн дээр клиник туршилтад ордог. Ингэхдээ 3 үе шатыг даваад цаашаа бүрэн ашиглагдах, хязгаарлагдмал ашиглах, туршилт амжилтгүй бол судалгаанаас хасагдах гэсэн зарчмуудаар явагдаж бий болно.

1-Р ҮЕ ШАТ: Энэ үед 10-20 орчим хүнд вакцины аюулгүй байдал, хэрэглэх тунг туршина.

2-Р ҮЕ ШАТ: Аюулгүй байдлын өргөн хэмжээний туршилт явагдана. Үүнд 100-аас дээш хэдэн зуун хүн хамрагдана.

3-Р ШАТ: Өргөн хэмжээний туршилтаар вакцины үр дүнг тодорхойлдог маш чухал үе шат.

Үүнд 1000-аас дээш хэдэн мянган хүн оролцоно. 4-Р ҮЕ ШАТ: Туршилт амжилттай явагдаж үр дүн өндөр байвал тухайн улс дотооддоо ашиглах эрх олгохоос гадна ДЭМБ олон улсад ашиглах зөвшөөрлийг олгодог. Мөн энэ шатанд 3-р шатны туршилтанд амжилтгүй үр дүн гаргасан вакцинууд судалгаанаас хасагддаг. 6-Р ШАТ: ТОДОРХОЙ ЦАГ ХУГАЦААНД ХЯЗГААРТАЙ АШИГЛАХ!!! #ХОЁР . Манай захиалсан вакцинуудын нэршил, хэрэглэх тун, хадгалалт зэрэг нь мэдээллийн бүхий л сувгаар та бүхэнд хүрч буй тул энд давхардуулахгүй алгассан болно. 2.1. Генетикийн аргаар гаргаж авсан вакцин. Энэ нь Дархлааны хариу урвалыг өдөөх зорилгоор коронавирусын нэг буюу хэд хэдэн генийг бидний эсэд тарааж өгдөг вакцин. Ийм энгийн ойлголт. Энэ төрлийн вакцинуудаас манайх “Pfizer”-ийг захиалсан. Энэ вакцин нь бүх шатны туршилтанд хамгийн өндөр үзүүлэлттэй (95%) яваа бүх улс оронд ашиглахыг зөвшөөрсөн номер нэг вакцин. Үүнийг захиалсанд нь эрхбаригчдад талархая… Даанч хязгаартай тул бүх хүн амд хүрэлцэхгүй. Миний болоод манай гэр бүлийн сонголт #PFIZER. Тийм болохоор та бүхнийг ч бас энэ хамгийн сайн вакциныг сонгоорой гэж уриалмаар байна. 2.2. VEKTOR буюу инженерийн аргаар гаргаж авсан вакцин.

Аденовирусын эсээс генийн мэдээллийг нь авч оронд коронавирусын генийг суулган бүтээсэн вакцин бөгөөд энэ нь хүний биеийн эсэд нэвтэрч вирусийн уургийг бүтээдэг. Энэ төрлөөс манайх Астра Зенека болон Спутник гэсэн 2 вакцин захиалсан. 2.2.1 #АСТРАЗЕНЕСА вакцин нь 82.4%-ийн-ийн үр дүнтэй вакцин бөгөөд 2021 оны 2-р сарын 16-нд ДЭМБ яаралтай тусламжийн үед 18-аас дээш насны хүмүүст хийх зөвшөөрлийг өгсөн болно. Хамгийн сонирхолтой нь Астра Зенека вакцины зохион бүтээгчид нь Оросын Спутник вакцин зохиогч нартай хамтран ажиллана гэдгээ зарласан бөгөөд Астра Зенека вакциныг Спутник вакцинтай хослуулан хэрэглэвэл үр дүн нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн өмнөд Африк руу оруулах гэж байсан нэг сая хүн тунг зогсоосон байна. Яагаад гэвэл тэнд илрээд байгаа коронавирусын мутацилагдсан шинэ хэлбэр (А.1.135.)ийг дарж чадах эсэхээ нотлоогүй учир өмнөд Африкийн ЗГ оруулахыг хориглосон (Өмнөд Африкт өмнө нь БНХАУ-ын Синофарм вакцин 3-р шатны туршилтанд ороод маш муу үр дүн илэрсэн ). Тийм учраас Астра Зенека компанийн хэвлэлийн төлөөлөгч нь хэлэхдээ тус компани нь Коронавирусын (А.1.135.) шинэ хэлбэрийн эсрэг вакцины шинэ хувилбар зохиохоор зогсолтгүй ажиллаж байна гэж мэдэгдсэн байна. 2.2.2. #СПУТНИК вакцин нь 91.6%-ийн үр дүнтэй бөгөөд бүтээх явцад вакцины мэргэжилтнүүд 3-р шатны туршилтыг эрсдэлтэй алхам гэж үзэн хийхгүй байсан ба харин Энэтхэгт энэ вакциныхаа 2 ба 3 дахь шатны туршилтыг хийж 91.6% үр дүнг баталж гаргав. Иймд ерөнхийлөгч Путин өөрийн оронд бүх нийтэд хэрэглэх зөвшөөрлийг баталсан байна.

Зохион бүтээгчид нь “Sputnik V”вакцины 3-р үе шатны туршилтын үр дүнгээ шинжлэх ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлжээ. Орос вакцин одоо ДЭМБ-ийн зөвшөөрлийг хүлээж буй. Гэвч зөвхөн өөрийн орондоо л хэрэглэх зөвшөөрөлтэй вакцинаа улс орнуудад худалдан борлуулсан учир Орос Хятад хоёр улс нь олон улсаас сануулга аваад буй ажээ. Манай улсын иргэдийн хувьд хийлгэвэл орос вакцин л хийлгэнэ гэдэг сонголт ихэд давамгайлж буй. Гэхдээ 50 мянган хүн тун гэдэг маш бага тоо. Энэ 4 вакцинаас хамгийн цөөн тоотой нь :Спутник” юм. Эрх баригчдын хувьд вакцины захиалга өгөхдөө иргэдийн саналыг үндэслэсэн бол хамгийн их захиалга авах вакцин “Спутник” байх байлаа. 2.3. INACTIVATED буюу уламжлалт вакцин. Манай улс энэтөрлийн вакцинуудаас БНХАУ-ын #СИНОФАРМ вакциныг захиалсан бөгөөд манай оронд 2-р сарын 22-ны 22 цагт тусгай үүргийн онгоцоор ирснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ бусад 3 вакцинаасаа хамгийн их тоотой буюу 300 мянган хүн тун ирсэн хэрэг. Синофарм вакциныг Бээжингийн институт нь Биологийн хүрээлэнтэйгээ хамтран зохиож төрийн өмчит “Синофарм” компани клиник туршилтанд оруулж 79.34%-ийн үр дүнг ЗГ-таа танилцуулж өөрийн улсдаа бүрэн хэрэглэх зөвшөөрөл авсан байна.

Гэвч энэ компани 3-р шатны туршилтын үр дүнгээ шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлээгүй ба олон улсад мэдэгдээгүй. Харин өнгөрөгч оны 7-р сард Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ), Марокко, Перу улсуудад нэг сарын турш 3-р шатны туршилт явагдсан байна. Энэ туршилтын дараа 9-р сарын 14-нд АНЭУ-ын ЗГ эрүүл мэндийн болон төрийн албан хаагчдад яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг өгсөн байна. Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа 12-р сарын 9-нд АНЭУ нь Синофарм вакцин нь туршилтын хугацаанд 86% үр дүн гарсныг зарлаж улсдаа ашиглах бүрэн зөвшөөрлийг олгов. Өнгөрөгч 11-р сард Синофарм компанийн хэвлэлийн төлөөлөгч “Тус компани өөрийн вакцинаа Хятадад бараг нэг сая хүнд хийсэн” гэж мэдэгдсэн бөгөөд Хятадад хийсэн АНЭУ-д хийсэн туршилтын дүн яагаад ийм зөрүүтэй байгаад сэтгүүлчдийн асуултанд тайлбар хийгээгүй бөгөөд “Энэ 2 үр дүн хоёулаа бодит ба хүчин төгөлдөр” гэж гуйвуулсан байна. Хятад улс нь уг вакцинаа нэг мужийн 50 сая хүнд тарихаар томоохон төсөл төлөвлөөд буй гэнэ.

Гэсэн хэдий ч Хятадын тус вакцин үйлдвэрлэгчдийн санааг зовоож буй нэг асуудал бол Өмнөд Африкт илэрсэн коронавирусын мутацид орсон шинэ хэлбэр (А.1.135.)-ийн эсрэг энэ вакцинаа туршиж үзсэн бөгөөд уг вакцины үүсгэсэн эсрэг биеийн хариу урвал нь маш сул үр дүн үзүүлсэн байна. Хятадууд энэхүү туршилтын үр дүнг одоог хүртэл шинжлэх ухааны болон анагаахын сэтгүүлүүдэд нийтлээгүй болохоор олон улсад ч үр дүн тодорхойгүй байна. Товчхондоо гэвэл ийм байна. Энэ бүх мэдээллээс дүгнэж хэлэхэд Манай улс хамгийн үр дүнтэй бодит вакцинаа л татах хэрэгтэй. Хятадууд энэ вакцины мэдээллээ нууцлаад байгаа нь улам л эргэлзээ төрүүлж байна. Манай иргэдийн хувьд дийлэнх нь Хятад вакцинд дургүй байгаа. Энэ нь тэдний буруу биш бөгөөд Хятад Монгол хоёр үндэстэн үүссэн цагаасаа л шахам бие биенээсээ болгоомжилсоор ирсэн. Тэд бидний газар нутагт үеийн үед шунасаар ирсэн бөгөөд өвгөдийн минь дайнч түрэмгий байдлаас айж ямар сайндаа түмэн газрын цагаан хэрмийг барих вэ дээ. Монголчуудын хувьд тэдний хязгааргүй шунал, балмад зан үйлд ясны дургүй бөгөөд тэднийг сайн вакцин хийсэн ч муу вакцин хийсэн ч тариулах хүсэлгүй. Учир нь бидний генд өвлөгдөн ирсэн сонор сэрэмж, мөн монгол үндэстэний сэтгэхүйн онцлог. Үүнийг эрх баригчид маш сайн мэдэж байх ёстой уг нь….

Тийм учраас хятад вакцин хийлгэхгүй гэж байгаа хүмүүсийг би буруутгаж бодохгүй байна. Харин бусад 3 вакцинаас нь сонголтоо хийх хэрэгтэй. Бид заавал вакцин хийлгэх ёстой. Тэгж байж амьдрал хэвийн үргэлжлэх гээд байна. Бас та бид аюулт тахлыг эх орноосоо үлдэн хөөх болно. Гэхдээ хятад вакцин биш!!! Хэрэв та миний өгч буй мэдээлэлд эргэлзэж байвал доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Баярлалаа та бүхэнд. Эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: By Carl Zimmer, Jonathan Corum, Sui Lee. nytimes.com “Coronavirus Vaccine Tracker”

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

МСНЭ: Хүний эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авна

Огноо:

,

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.

Ийнхүү түр хороо байгуулж байгаа нь төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх арга зам бөгөөд цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэлд дурдсан байна.

Иймд түр хороо байгуулах асуудлыг зогсоохгүй бол МСНЭ тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авна гэсэн байна. МСНЭ-ээс гаргасан мэдэгдлийг хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлж байх бөгөөд уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөний зэрэгцээ Үндсэн хуулиар иргэнд олгогдсон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах хэмээх халхавчийн цаана төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх, зөвхөн Түр хороо гэгч төрийн бүтцийн тогтоосон үнэнийг тулган хүлээлгэх гэж байгаа нь үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, эрх чөлөөг дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед л хязгаарлаж болохыг хуульчилсан атал нийтэд халдварлах өвчний жам ёсны үр дагавраар далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар улам бүр хязгаарлан хумисаар байгаад харамсаж байна.

Ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоох гэсэн энэхүү санаархлаа зогсоохгүй бол хүний эрх, эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2 цаг 32 минут

ЗГ: Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгана

Шударга мэдээ2 цаг 35 минут

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ

Улстөр нийгэм2 цаг 40 минут

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Үзэл бодол2 цаг 55 минут

Д.Сумъяабазар: Хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчилж, гэгээрүүлж, боловсролт...

Улстөр нийгэм3 цагын өмнө

Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичэ...

Чөлөөт цаг3 цаг 5 минут

Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ

Улстөр нийгэм3 цаг 9 минут

Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ

Улстөр нийгэм3 цаг 14 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгэ...

Чөлөөт цаг3 цаг 17 минут

Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Чөлөөт цаг3 цаг 21 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн

Санал болгох