Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Парламентын Доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Энэтхэг Улсыг “гуравдагч хөрш” төдийгүй бүс нутаг дахь итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн зорилтуудын нэг гэдгийг тэмдэглэв.
Тэр бээр Парламентын Доод танхимын дарга Ом Бирла-тай 2023 онд Монгол Улсад уулзаж байснаа эргэн дурсаж, түүний айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьсан гэдгийг онцоллоо.

Дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Энэтхэг Улсад дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэ төрийн айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улсын Их Хурал болон Энэтхэг Улсын Лок Сабха хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болж буйг тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Энэтхэг, Монголын найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Энэтхэг Улсын Парламент хамтран ажиллана гэдгийг илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон гэдгийг онцоллоо.
Энэ төслийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Парламент анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд монголын ард түмэн нэн талархаж байдгийг тэмдэглэлээ.
Улстөр нийгэм
Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна.
Манай улсад өнөөдрийн байдлаар 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.
Улсын Их Хурлын даргын хувьд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахыг зорьж байна.
Энэ хууль батлагдсанаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно. Үүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тэргүүтэй гишүүд манлайлна.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хадмал орчуулга нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Үр дүнд сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад тэгш оролцож, парламентын ил тод байдал, хүртээмжийн соёл нэг шат ахина.
Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай.
Өнөөдрөөс эхлэн бид хүртээмжийг хэлэлцдэг бус, хэрэгжүүлдэг улс байхын төлөө алхам бүрээ бодит үр дүн рүү чиглүүлэх шаардлагатай.
Санаачилгатай хэн нэгэн бус, хүн бүр төрийн үйлчилгээ, нийгмийн амьдралд саадгүй, тэгш оролцож чаддаг орчныг бүтээх нь бидний нэн чухал зорилт.
Энэ зорилтыг үгээр бус үйлдлээр, зарчмаар бус бодит өөрчлөлтөөр баталгаажуулж, хамтдаа хөгжлийн шинэ соёл, стандартыг бүтээцгээе.
Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Улстөр нийгэм
Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад нийт 4893 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар бол бүх салбарт хамааралтай, нийт хүн амыг хамардаг онцгой салбар юм. Энэ салбарын албан хаагчдыг төрийн нүүр царай гэж тодорхойлж болно. Тиймээс бусдын зовлонг өөрийн биед эргэцүүлэн бодож, ажил үүргээ гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамж болон хүүхэд хамгааллын бодлогыг цогцоор нь шинэчлэх шаардлагатай. Зөвхөн хурал, зөвлөгөөн төдийхнөөр тоо, кэйс ярьж суухгүйгээр бодит ажлыг шуурхай хэрэгжүүлж, амьдралд нийцүүлэх нь чухал гэлээ.

Салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хууль, Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Улстөр нийгэм
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийв
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа.
Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм.

Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо.
Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм.
Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална.



