Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад орно

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтуудын явцтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Морингийн даваа орчимд байгуулж буй авто баазын бүтээн байгуулалтын хүрээнд автобусны дулаан зогсоол, авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвийг барихаар төлөвлөсөн. Гүйцэтгэгчээр “Улз буянт пропертиз” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. Нийт 110 автобусны багтаамж бүхий дулаан гараашны ажлыг энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Гарааш болон халаалтын зуух ашиглалтад орсноор үйлчилгээнд явж буй автобуснууд дулаан гараашт байрлах боломж бүрдэх юм.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат:

-Морингийн давааны авто баазын бүтээн байгуулалтад хүндрэл гараагүй. Энэ оны дөрөвдүгээр сард тендер нь зарлагдсан бөгөөд ажлын графикийн дагуу бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тахилт дахь авто баазын хувьд багагүй асуудал үүссэн. Тус авто баазын ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд 11 аж ахуйн нэгж 13 ажлыг хуваан хэрэгжүүлж байгаа. Аж ахуйн нэгж хоорондын ажлын уялдаа хамаарлаас үүдэн хүлээгдэж буй ажлууд бий. Мөн зарим аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас үүдэн хугацаа алдсан асуудал ч байгаа. Тахилт орчимд байгуулж буй тус дулаан гарааш нь 110 автобусны багтаамжтай. Эхний ээлжид буюу энэ онд багтаан 55 автобусны гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх онд үлдсэн 55 автобусны гараашийн ажлыг дуусгана. Гараашнаас гадна автобус угаалгын төв, засварын төв зэрэг объектыг барьж байгаа бөгөөд одоогоор 28 автобусны угаалгын болон засварын төв ашиглалтад ороод байна. Ийнхүү энэ онд Морингийн даваа болон Тахилт орчимд байгуулж буй автопаркийн эхний ээлжийн объектууд ашиглалтад орсноор ойролцоогоор 200 гаруй автобусыг дулаан гараашт байрлуулах боломж бүрдэнэ. Шинэ автобуснууд орж ирэх гэж буйтай холбогдуулан автобусны гарааш, халаалтын зуухыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагыг гүйцэтгэгчдэд тавьж байгаа. Тус хоёр байршил дахь авто баазын ажил ирэх онд бүрэн дуусна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацаа өгсөн бөгөөд заасан хугацаанд ажлаа бүрэн дуусгаагүй бол гэрээг цуцалж байгаа хэмээлээ.

Шинээр орж ирж буй автобуснуудыг хотын төв болон баруун, зүүн талд хуваарилан байрлуулахаар төлөвлөсөн. Хотын баруун болон зүүн зүгт холын чиглэлийн автобуснууд явдаг бөгөөд голчлон дунд болон их багтаамжийн автобуснуудыг хуваарилдаг байна.

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар:

-Манай байгууллагад 170 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. 2018 онд эхэлсэн авто баазын бүтээн байгуулалт удааширснаас үүдэн стандартын бус байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл нийт автобусныхаа 50 орчим хувийг дулаан гараашт байрлуулж, үлдсэнийг нь гадаа зогсоон, хүнд нөхцөл байдалтай байна. Стандартад нийцсэн дулаан гарааш, авто баазууд ашиглалтад орсноор ажилчдын ажиллах нөхцөл сайжрахаас автобуснууд иргэдэд үйлчлэхдээ дулаан зогсоолоос гарах зэрэг ач холбогдолтой гэв.

Эхний ээлжийн автобуснууд арванхоёрдугаар сарын 29-нд ирэх тул авто баазуудын ажлыг шуурхай гүйцэтгэн, дулаан гараашийг яаралтай ашиглалтад оруулахыг Хотын дарга холбогдох албаныхан болон гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 04-нөөс 2024 оны тавдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Огноо:

,

Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ. 

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна. 

Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.

Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байгаа юм. Дээрх 48 дуудлагын хоёрт буруутай этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
 
Тухайлбал 2024.04.19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд Иргэн Б шар өвс шатаасны улмаас 13 га орчим талбай гал түймэрт өртсөн зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.2.1 дэх хэсэгт заасан “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” иргэний үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгосон.
 
Мөн 2024.04.29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 15 дугаар гудамжинд зэргэлдээх 2 айлын хашаанд шар өвсний гал түймэр гарсан талаар зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шар өвс шатаасан иргэн Д-д Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу нэг зуун нэгжээр торгож тус тус хариуцлага тооцлоо гэж НОБГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох