Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа эхэлж байна

Огноо:

,

“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод зориулан НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд технологи ашиглан үйлдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг театрчилсан хэлбэрээр үзүүлэв. Өсвөр насны охин гэр бүл, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн, насанд хүрэгчдийн бодит болон цахим хүчирхийлэлд өртөж буй агуулга бүхий “Анир чимээгүйг эвдэх нь” хэмээх энэхүү үзүүлбэрийн дараа залуучууд энэ сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. 






Хоёр дахь өдрөө (2024.12.08) үргэлжилж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар “Технологи ба хүний эрх” сэдэвт хичээл заав. Тэрбээр технологи нь эерэг, сөрөг нөлөөтэйг дурдаад, эдгээрийг хүний эрхийн талаас нь тайлбарласан. Хүн цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Харин эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд интернэтэд холбогдох, төхөөрөмж хүртээмжтэй байх шаардлагатай. Дэлхийн хүн амын 50 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол Монгол Улсын хувьд харьцангуй өндөр буюу нийт хүн амын 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг байна. Үргэлжлүүлэн хуульч Л.Галбаатар монголчуудын интернэтийн хэрэглээ, цахим орчин дахь хүний эрхийн асуудал, энэ талаарх эрх зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


Интернэт орчинд иргэдийн эдэлж болох олон давуу талын нэг нь төр, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх бөгөөд Улсын Их Хурал үйл ажиллагаандаа технологийг нэвтрүүлэн нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг хүлээн авах D-Petition талбарыг хөгжүүлснээр Монгол Улсын иргэд аливаа хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон нийтийн анхаарал татсан асуудлаарх санал асуулгад оролцох боломж нээгдсэн болохыг хэлээд хэд хэдэн жишээ дурдав. Мөн төрийн аливаа үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад цахим орчин нэн чухал түшиц болж байгаа гээд иргэд идэвхтэй, үр ашигтай ашиглах нь олон талын ач холбогдолтой талаар мэдээлэл өгсөн.
Цахим орчин дахь халдашгүй байх эрхийн талаар танилцууллаа. Цахим орчинд нээгдэж буй боломжуудтай зэрэгцэн бий болсон эрсдэлүүд, тэдгээрийн талаарх зарим баримт, тохиолдол, бусад орны жишээ, эдгээрээс сэргийлэхийн тулд технологийн компаниудаас эхлэн хувь хүн хүртэлх үүрэг, сэрэмж, арга хэлбэрийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд дахь онцлог зохицуулалтуудын талаар тайлбарлав. Түүнчлэн хүний интернэттэй байх эрхийг баталгаажуулсан олон улсын баримт бичгүүдийн талаар нэгбүрчлэн дурдаж, тус бүрд нь тайлбарлав.



Технологийн сөрөг нөлөөний талаарх танилцуулгадаа тэрбээр Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг жишээ болгосон. Хүний давтагдашгүй өгөгдлийн сан бүрдүүлж, янз бүрийн зорилгоор хэрэглэж байгаа нөхцөл байдал, түүнээс үүдэх сөрөг үр дагавар, бусад орны жишээг хуваалцсан. Технологийн хэрэглээ, хөгжил нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа олон жишээг дурдаад, энэ чиглэлээр бусад улс орон хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Л.Галбаатар хуульч “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод танилцуулав.



Сургалтад их, дээд сургуулиудын 100 гаруй оюутан оролцож байгаа бөгөөд “Технологи ба хүний эрх” хичээлийн дараа хэлэлцүүлэг өрнүүлж Л.Галбаатар хуульчаас сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан юм.
Сургалт "Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлээр үргэлжиллээ. Хүний эрхийн хамгаалагч болохоор суралцаж буй оюутан, залууст хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа, сургалтыг хэрхэн бие даан төлөвлөх, гүйцэтгэх талаар Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал, энэхүү сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан заасан юм. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар буюу НҮБ-ын тогтолцоонд хүний эрхийн асуудлыг дагнан хариуцдаг байгууллагын дэргэд хүний эрхийн боловсрол олгох сургалтын нэгж ажилладаг байна. Тус байгууллага “Өөрийн амьдарч байгаа нийгэмдээ хүний эрхийг бодит болгох нь хамтын, дундын хариуцлага” хэмээн хүний эрхийн боловсролыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл аль тив, ямар улсад амьдарч байгаагаас үл хамааран хүн бүр оршин буй орчин, нийгэмдээ хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад хувь нэмрээ оруулах үүрэгтэйг онцлов.


Монгол Улсын залуучууд хүний эрхийн мэдрэмжтэй байж, хаа байгаа газартаа, эх орондоо, гадны улс оронд ч хүний эрхийг хүндэтгэдэг, хамгаалдаг, хангадаг байхын ач холбогдлыг дурдаад, хэн нэгэн хүний эрх зөрчигдөж байгааг, хэн нэгний эрхэд халдаж байгааг таслан зогсоож, хамгаалдаг байхын чухлыг тайлбарласан. Мөн хүний эрхийн чиглэлээр ямарваа нэгэн арга хэмжээ авах, шийдвэр гаргах үйл явцад оролцож, нөөцийг хуваарилахад дуу хоолойгоо хүргэх нь хүний эрхийг хангах үйл явцад оролцож байгаа хэлбэр гэдгийг тодотгов. Энэ агуулгаараа оролцогчид хөтөлбөрийн хүрээнд суралцсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан байгаа орчныхоо, өөрийн хүрээллийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, тухайн нөхцөл байдалтай хүний эрхийн асуудлыг холбон тодорхойлж, шаардлагатай агуулга, чиглэлээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаагаа явуулах боломжтойг хуваалцаж, холбогдох арга зүйг хуваалцав.
“Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлийнхээ төгсгөлд сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан “Сургууль, хамт олон цаашилбал нийгмээ өөрчлөх, хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах бид бүгдийн хамтын ажиллагаа эхэлж байна. Монгол Улсын парламентын зүгээс бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа оюутан, залуусын оролцоог хангах, дуу хоолойг тусгахад бэлэн байгаагаа илэрхийлэн энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байгааг дахин хэлэхэд таатай байна” гэв.


Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын ахалж буй энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, М.Ганхүлэг, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат, М.Сарнай, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа юм.


“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын энэ өдрийн хичээлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал оролцсон. Тэрбээр хоёр өдрийн сургалтын төсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхний сайн дурын санал, санаачилгад тулгуурлсан энэхүү хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжин ажиллаж байна. Хоёр өдрийн сургалтаар та бүхэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, мэргэжилтэн, судлаачдаас хүний эрхийн талаарх дэлгэрэнгүй, сургалт, хичээл сонсож, суралцлаа. Цаашид та бүхний санал, санаачилгад суурилж хүний эрхийн боловсрол түгнэ. Энэхүү үйл ажиллагаатайгаа холбоотойгоор бидэнд нээлттэй хандаарай, дэмжин ажиллах болно” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидээр ахлуулсан хамт олон боловсруулж, 2003 онд Улсын Их Хурал баталж байсныг дурдав. Үүнээс 21 жилийн дараа Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг боловсруулж, энэхүү хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдоор эхэлж байгааг Х.Баасанжаргал гишүүн онцлоод “Энэ танхимд суугаа оюутан та бүхэн нэг талдаа Монгол Улсын парламентын түвшинд залуучуудыг төлөөлөх, дуу хоолойг хүргэх, шийдвэр гаргалтад оролцох өндөр хариуцлага, итгэл хүлээж байгаа" хэмээгээд хүний эрхийг хангах, хамгаалах, энэ төрлийн боловсролыг түгээх чиглэлээр нээлттэй хамтран ажиллахыг уриаллаа.


Их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс санаачлан Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн хамгаалагчдыг бэлтгэх зорилготой энэхүү сургагч багшийн хөтөлбөр нь 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе18 цаг 23 минут

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Цаг үе18 цаг 34 минут

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Шударга мэдээ19 цаг 24 минут

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Улстөр нийгэм19 цаг 41 минут

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Улстөр нийгэм19 цаг 47 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Улстөр нийгэм19 цаг 58 минут

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Цаг үе20 цаг 2 минут

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Цаг үе20 цаг 8 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Цаг үе2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Санал болгох