Улстөр нийгэм
Энэ онд есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн.
Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар нийт 398 мянга гаруй цэцгийг тариад байна.
Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн сул шороон хөрс бүхий талбайд нэг болон олон наст цэцгээр цэцэгт байгууламж байгуулж, иргэдэд ногоон байгууламжаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг харуулах зорилгоор өнгөрсөн онд таван байршилд домбо, тогос, эмээл, тулга, эрийн гурван наадам сэдэвт долоон цэцэгт хийцлэлийг олон улсын жишигт нийцүүлэн байгуулж байв.
Харин энэ онд 25 хийцлэл болгон нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр мандарваа, тахиан залаа, хоёр төрлийн хайтан цэцэг, тасалгаанд ургадаг лили, алтан зул, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халганаа, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн цэцгийг дэлгээд байна.
Иймд иргэд та бүхэнд цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.
Улстөр нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Үүнд:
- Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүнийхээ ¼-ийг Уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээгЗасгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 11, 12, 13-т заасан уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна. Энэ заалтыг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
- Ерөнхий сайд Г.Занданшатараас 2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр өгсөн чиглэлийн дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Улстөр нийгэм
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Улстөр нийгэм
Зөвшөөрөлгүй ногоон байгууламжийг устгасан болон эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй сэтлэх, ногоон байгууламжийг устгах, эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барих зэрэг зөрчил илэрсээр байна. Тодруулбал, Хүннү 2222 хорооллын автобусны буудлын баруун талд “Хангилцаг” ХХК дулааны шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан бол “Номин Реалтор” ХХК эзэмшил бүхий газраасаа хэтрүүлэн хашаа барьсан. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж буй. Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ Хүннү 2222 хорооллын автобусны буудлаас баруун тийш 320 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэсэн. Тиймээс өнгөрсөн долоодугаар сарын 31-нд НХШГ-аас ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү өнөөдөр давтан хяналт шалгалт хийхэд тус аж ахуйн нэгжийн зүгээс ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийж эхлүүлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд мод тарина гэлээ.
Харин “Номин Реалтор” ХХК-ийн хувьд Хүннү 2222 хорооллын автобусны буудлын урд талд өөрийн эзэмшлийн газраасаа 2-3 метр зайд хашаагаа сунгаж, хэтрүүлэн барьсан. Иймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохих зөвшөөрөлгүй илүү талбай ашиглан, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан хашааг чөлөөлж, зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн юм. Гэвч мэдэгдэлд заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй юм.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хувийн аж ахуйн нэгжүүд кадастрынхаа дагуу барилгын ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн зам талбайг хумьж, явган хүн зорчиход хүндрэлтэй болгож болохгүй. Иймд “Номин Реалтор” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасны дагуу газар албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гаргуулна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” гэдгийг мэдэгдлээ.
-
Урлаг спорт2022/01/27
МЗХ-ноос ‘’Мазаалай’’ клубын тамирчдыг шагнаж урамшуулла...
-
Цаг үе2025/06/09
ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээври...
-
Улстөр нийгэм2021/04/16
Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигчдийн илтгэгч гишүүнийг томиллоо
-
Улстөр нийгэм2024/02/14
АТГ: Төрийн байгууллагуудын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд дүн ...