Хэвлэх    Хаах
 
Бат-Эрдэнэ нэртэн 13473 байна
2012-01-13
"Дуудах нэрийг эцэг эх, Дуурсах алдрыг өөрөө олдог”, “Хүн нэрээ, Тогос өдөө”, “Нэр хугархаар, яс хугар” гэхчлэн хүний нэр ямар эрхэм нандин, үргэлж хайрлаж хамгаалж явах ёстой зүйл вэ? гэдгийг Монголчууд эрт дээр үеэс үр ачдаа сургаж ирсэн уламжлалтай билээ. Нүүдэлчид хамгийн ахмад настан, мэргэдээр дөнгөж мэндэлсэн үрдээ нэр хайрлуулдаг байжээ. Энэ заншил нийгэм, улс төрийн байдалтай холбоотойгоор хувьсч өөрчлөгдөн, орос, нэртэй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Цаашлаад “хүрээ соёл” өрнөж хот нэр, хөдөө нэрийн ялгаа зааг ч гарах болсон. Түүнчлэн шашны янз бүрийн үзэл баримтлалаар хүүхдээ муу зүйлээс хамгаалж, ан амьтан, эд хогшлын нэр өгдөг нь ч элбэг болжээ. Харин орчин үед нэг нэртийн чих нэг гэдгийн адилаар хүмүүсийн нэр аажмаар адилсч аль болох товч бөгөөд олон үегүй, мөн гадаад нэр өгөх нь элбэгшжээ. Таны нэртэй ижил нэртэй хүн, Монгол Улсын хэмжээнд хэр их байдгийг ер нь сонирхож үзсэн болов уу? Тэгвэл Монголд анх удаа ХХ зууны Монгол хүний нэрийн давтамжаар судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн багш Ц.Сувдын олон жилийн турш хийсэн сонирхолтой судалгаанаас толилуулья.

Хамгийн тҮгээмэл нэр
Хамгийн түгээмэл хэрэглээтэй 73 нэрийг Бат-Эрдэнэ гэдэг нэр тэргүүлж байна. Ийм нэртэй хүн Монголд 13473 байдаг бөгөөд 1990-1999 онд төрсөн 3552 хүүхдэд өгсөн байна. Энэ нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын их баяр наадамд 1988 оноос 1999 он хүртэл 11 удаа, Монголын цагаан сарын барилдаанд 1988 оноос 2000 он хүртэл 11 удаа тус тус түрүүлж монгол түмний бахархал болж байсан үетэй давхцаж байгаа нь санамсаргүй тохиолдол биш ээ. Өөрөөр хэлбэл, Бат-Эрдэнэ гэдэг нэр хэдийгээр монгол хүн бүрт утга нь ойлгомжтой, өргөн тархсан монгол нэр боловч арав гаруйхан жилд давтамж нь огцом өссөн нь тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйтэй нягт холбогдож байгаа юм хэмээн үзжээ.
Харин хамгийн урт, богино нэрүүдийг ч судалжээ. Их, Иш, Од, Оч, Юм гэсэн нэр байна. Дээр үеийн хамгийн урт нэр гэвэл шашин их дэлгэрч байсан үед олон үг хоршиж бүтээсэн Лувсанчойдовнаваанбалжиддашцэрэн. Сүүлийн үеийн нэр гэвэл Ичинхоролцэвэлмаа, Эхорнынэгөглөө, Идэр­золзаяа­жаргал, Энэбиштөмөртогоо, Чибишбибаатар, Сүхбатмонголхүү, Хоёрмөнхцасталтай гэх мэт дөрвөн үгээс бүтсэн 30 гаруй нэр байдаг. Төрсөн гарагийнх нь болоод, түүхэн хүмүүсийн нэр өгдөг болсон. Монголчууд хүүхэддээ Даваасүрэн, Мягмарсүрэн, Пүрэвсүрэн, Нямсүрэн гэж төрсөн гарагийнх нь нэрийг төвд хэлний “сүрэн” /srun-сахиус, сахиул/ гэсэн нэртэй нийлүүлж тухайн төрсөн гараг нь эзнээ насан туршид нь сахин хамгаалж явахыг бэлгэшээсэн нэр өгдөг заншил ихэд түгээмэл байдаг ажээ. 1990-ээд оноос Монгол Улс нэг намын дэглэм, коммунист үзэл суртлын хүлээсийг халж ардчиллын замд орон, ард түмний үндэсний үзэл, сэргэсэнтэй холбоотой Есүхэй, Чингис, Тэмүүжин, Мандуул, Бат, Мөнх, Хубилай зэрэг хаадын нэр, Монголжингоо, Гоомарал, Өэлүн, Бөртэ, Есүй, Хулан, Мандухай, Ану зэрэг хатдын нэр Хасар, Бэлгүүдэй, Өгөдэй гэх мэт Чингис хааны үр хүүхэд, дүү нар, шадар жанжнуудын нэр олонтоо өгөх болжээ.
Орос гаралтай нэрийг Дэлхийн хоёрдугаар дайны дараахнаас буюу 1940-1950-иад оны эхнээс Монголчуудын дунд дэлгэрэх болсон. Мөн нийгэм, соёл ахуй амьдралд оросоор дамжиж орж ирсэн шинэ зүйлсийн нэр машин, техник, клуб, кино, медаль, архив, фестиваль, Олимпиад, диплом, консул, кассет зэрэг олон нэрээс гадна орос эмч, мэргэжилтнүүдийн нэр ч олонтоо тааралддаг.
Содон нэр ч их өгдөг байж. Цэцэг, Навч, Үндэс, Өлзий, Буян, Дэлгэр нэртэй хүүхэд олон бий. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нэг айлын 5 хүүхэд монголоор орчуулбал Цас, Бороо, Салхи, Шуурга, Мөндөр нэртэй. Эднийхнийг нутаг усныхан нь “Олон хүйтнийхэн” гэж хошигнодог байж. “Баянбуурал” амралтын малчны ихэр зээ нь Буш, Лора нэртэй байсныг гайхаж лавлахад Ж.Бушийг Монголд айлчлан ирдэг өдөр төржээ. Сангийн яаманд Үхэртар нэртэй газрын дарга байдаг. Түүнтэй уулзаж ярилцахад ахыг нь Морьтар, дүү нар нь Малтар, Хүрэлтар, Хүрэлшагай гэсэн нэртэй. Эхний хүүхдээ тогтохгүй болохоор нь аав нь нутаг усныхаа нэртэй ламаар хүүхдүүддээ нэр хайрлуулдаг болсноос хойш бид эрүүл энх өсч бойжсон гэж ярьж байсан гэнэ. Сүүлийн жилүүүдэд хүүхэддээ ХХ зууны түгээмэл нэр өгөх нь багасч нэг үгээс бүтсэн богино, аль болох ховор содон нэр өгөх хандлага бий болжээ. Жишээлэхэд Дөлгөөн, Билгүүн, Тогтуун, Цэлмүүн, Золбоо, Нинжин, Эсэр, Тайшир, Аялгуу, Эгшиглэн, Энэрэл.
Сонирхолтой нэрийг дурьдвал Итгэмжлэх, Пропуск, Винтов, Нато, Нүб, Үсрээ, Жижигзургаа, Моцарт, Галтогоо, Чашка, Магазин, Гөлчгий, Ноймор, Хурга, Оргодол, Өтгөс, Хурган, Бүдүүн, Ямаа, Тавантив байдаг бол

Хамгийн урт нэртнҮҮд Лувсандэнзэнпилжинжигмэд, Гүрсоронзонгомбосүрэнболд, Найманзууннандинцэцэг, Гурванхангайшатарманлай, Мятрашгүймонголжингоо, Дүүрэнбилэгтүвшин, Бадамлянхуацэцэг, Жүгдэрнамжилжавзмаа, Гурвындавааотгонбаатар, Дүүрэнбилэгтүвшин, Энхтөгөлдөрбаясгалан, Тунгалагнандинэрдэнэ, Баасанбүүвэйбаатар, Соронзонболдбаатар, Дэмбэрэлсамбуудорж гэх мэт.

Хамгийн тҮгээмэл нэртэй хҮмҮҮст
Бат-Эрдэнэ    13473, Отгонбаяр 11083, Алтанцэцэг 10967, Оюунчимэг 10580, Батбаяр 10570, Болормаа 10282, Энхтуяа 9721, Лхагвасүрэн 9334, Гантулга 9268, Эрдэнэчимэг 9232, Ганболд 9118, Нэргүй 8874, Энхжаргал 8843, Ганзориг 8760, Мөнхбат 8612, Наранцэцэг 8754, Батжаргал 8570, Мөнх-Эрдэнэ 8467 хүн байна.

Хамгийн ховор нэртэйд
Үүлэнсолонго, Одонтуяа­рахгэрэл, Адилсанаа, Тожбаатар, Ямагтбадрал, Багаууган, Алиман­тунгалаг, Бас-Ерөөл, Охинжав, Жааханчулуу, Бүүрэгмаа, Саясая­баяр, Олонбаярлах, Гагариндорлиг, Ариунмэлс, Мэлс, Юм-Аги, Үжин­гүнж,Дашкино гэх мэт.
Ер нь нэр бол дом тарнийн ид шидтэй, хүний амьдралын зам мөрд нөлөөтэй, хувь заяатай холбоотой муу юмнаас төөрүүлж хамгаалж өгдөг гэх мэт маш их утга учир агуулж байхыг үгүйсгэх аргагүй юм.
 
Хэвлэх    Хаах
 
URL: