МУСГЗ, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ш.Дулмаа: Эмэгтэй хүн хаана байртай байдаг вэ, эр хүний зүрхэнд л байртай байдаг
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

МУСГЗ, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ш.Дулмаа: Эмэгтэй хүн хаана байртай байдаг вэ, эр хүний зүрхэнд л байртай байдаг

2011.08.01
Шинэ монгол найргийн загалмайлсан эх Босго өндөр!
Шингэх ургах орчлонгийн дунд шилэгдсэн тэр Босоо өндөр!
“Жарын харын” тоосонд 60 жил дарагдаа нь үгүй
Жаахан цагаан “даалуу”-Гавъяа өндөр!
Жамаараа яваа ертөнцөд баригдаа нь үгүй
Жанжин төрсөн эрийн жанжин туг-Заяа өндөр!
Газар шорооны хайр хатан хөх алмаас
Гал нарны жимс дурлалын шар ананаас Дулмаа! гэж МҮЧЗХ-ны шагналт, ХМТА Л.Сэлэнгэмөрөн яруу найраг, зохиолч Ш.Дулмаад зориулан ийн шүлэглэсэн байна.
Үнэхээр ч түүний хэлдгээр тэр Монголын яруу найргийн загалмайлсан эх юм. Хэдий Ш.Дулмаа гуай ная дөхөж яваа ч сэтгэлгээ нь залуу, ануухан, сайхан байна лээ. Урлагаар амьсгалж, оюуны хөдөлмөрийн үр шимээр тэтгэгдэж, олон мянган хүнд ухаарал хайрласан гавъяа нь Дулмаа гуайг үргэлж залуугаар нь байлгадаг биз. Түүний амьдарлыг яруу найраг, уран бүтээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ш.Дулмаа гуай сэтгэлийн гүнд энэрэл, ухаарал түгээн дэлгэрүүлэгч агуу найрагч билээ. Ингээд уншигч танд ярилцлагаа толилуулъя.
-Хоёулаа таны хүүхэд ахуй наснаас ярилцлагаа эхлэх үү?
-Миний бага нас тал хээрийн бүсийн хөдөөний айлд өнгөрсөн. Талд төрсөн, цэцэг дунд эрвээхэй хөөж өссөн бага нас минь эргэж олдохгүй жаргалтай мөч байж дээ. Тэр их сайхан амьдрал минь намайг хожим шүлгийн мөр хөөхөд их хэрэг болсон юм. Хэрвээ би хөдөө төрөөгүй, тал нутагт наран ургахыг, саран жаргахыг, солонго татахыг хараагүй байсан бол ийм хүн болж Уянгын сайхан сэтгэл надад буух ч байсан юм уу, үгүй ч юм уу гэж боддог юм. Би улсын их сургуульд орон ортлоо л хөл нүцгэн гүйсэн байх. Зүлгэн дээгүүр, ганган эрээн цэцэгсийн дээгүүр эрвээхэй хөөж хөл нүцгэн алхах хичнээн сайхан гэж бодно. Би хөдөөний хүүхдийн л адил үнээгээ сааж, үхэр малаа тууж, айргаа эсгэж, таргаа бүрж, ааруулаа тавьж өссөн. Жирийн малчны энэ амьдрал намайг амьдралд сургаснаас гадна сэтгэлийн их тэнхээтэй болгосон юм. Хөдөөний тэр тэнүүн сайхан агаарт усанд явж, аргалаа түүж, тал нутгийн сайхныг харж өснө гэдэг гайхамшиг. Хүүхэд насаа хөдөө өнгөрөөгөөд оюутан болж хотын хүн болсон доо. Гэлээ ч зуны амралтаараа нутагтаа очихын жаргалыг юутай ч зүйрлэмгүй. Сүрэнжав “Газрын холоос цайвалзсан ганган цагаан өргөө байна аа” гэж бичсэн байдаг. Хотоос нутаг руугаа очиход цагаан гэрүүд цайвалзаад л гэртээ ойртох тусам улам  яардаг байж билээ. Гэр лүүгээ яарсан тэр их тэмүүлэл, төрсөн нутгаа үгүйлж байсан сэтгэл намайг яруу найрагч болоход бас их нөлөөлсөн гэж боддог юм.
-Тал нутгийн уянга таныг яруу найрагт хөтөлж тийм үү? Бас таны цаглашгүй авъяас хамгийн ихээр нөлөөлсөн нь мэдээж?
-Тэгэлгүй яахав. Авъяас гэдэг хүнд төрөхөөс нь заяатай байдаг. Би анх гуравдугаар ангидаа сургуулийн концертод оролцож “Би Монгол хүн” шүлэгийг уншиж байлаа. Тэгээд л шүлэгт дурлаж, Жамсран гуайн “Нутгийн салхи”, Ц.Дамдинсүрэнгийн “Буурал ээж минь”, Цэдэнжавын “Миний нутаг” гэх мэт олон сайхан шүлгийг цээжээр уншдаг болсон. Нэг үгээр хэлбэл шүлэгтэй танилцах боломжийг сургуулийн тайз надад олгосон юм.
Шүлэг цээжилнэ гэдэг ерөөсөө олон зохиолчийн сэтгэлийн их баяр баясгалан, өрнөл, ухаарал бүхнийг хайрлана гэсэн үг л дээ. Энэ сайхан зохиолчдын шүлэгтэй нөхөрлөж явсан минь хожим эдэн шиг чадалтай зохиол бичих юмсан гэсэн их эргэлзэлд дуудсан юм. Багаасаа шүлэг унших нь хүнийг их өөр болгодог. Энэ яруу найргийн сэтгэлгээ хүүхэд байхаас л төрдөг юм. Цэцгийн яруу сайхныг талаасаа харж, тэр их үзэсгэлэнт байгаль дунд өссөнөөрөө миний оюун ухаан цэцэг шиг дэлгэрсэн гэж би боддог. Хөдөөний хүүхдийн амьдрал болоод ч тэр үү эсвэл миний сэтгэхүй цэцгэнд баясч чадаж байсан даа ч тэр юм уу, би яруу найрагт их хайртай байсан. За тэгээд оюутан болж 1958 онд сургуулиа төгсч ирээд Эвлэлийн төв хорооны “Үзэл сурталын хэлтэс”-т 14 жил лектор, хэлтэсийн эрхлэгч хийж байгаад хойшоо сургуульд явж ирээд “Үнэн” сонины сурвалжлагч болсон доо. Тэгээд “Үнэн” сонинд 20 жил ажиллаж 1987 оноос чөлөөт уран бүтээлч болсон. 1994 оноос Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд багшаар орж өнөөг хүртэл ажиллаж байна. Миний намтар ердөө л энэ.
-Яруу найрагчид онгод гэж ярих дуртай. Таны онгод ямар үед ордог вэ?
-Тийм ээ, онгод гэж бий. Бичмээр санагдаад утга уянга нь өөрийн эрхгүй нийлээд ирэх нэг өдөр байхад бичье гээд зориод суусан ч огт болохгүй өдөр бас байна. Тэгэхээр яруу найраг их тансаг орчноос гардаг юм. Онгод гэдэг чинь сэтгэлийн их хөөрөл, баясал, ер бусын догдлол юм. Энэ их сэтгэлийн үрээр хөглөгдөж шүлэг тэрлэх юм бол сайн шүлэг гарна.
-Шүлгийн сэдэв олох, донжийг нь олж бичих, цаг хугацаатай нь уялдуулах гэдэг амаргүй байдаг байх. Танд шүлгийн санаа хэрхэн орж ирдэг вэ?
-Шүлгийн санаа янз бүрээр л орж ирдэг. Зүгээр явж байхад гэнэтхэн шүлгийн санаа ороод л ирдэг. Жишээ нь, “Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна” шүлгийг би яагаад ЗХУ-д бичсэн бэ гэхээр тэр үед Вьетнамын дайн болж байсан юм. Орой болгон дайны тухай мэдээ гараад л, Вьетнамын хүүхдүүд бөмбөгнөөс дайжаад нуувчинд ороод, эцэг эхээ алдсан өнчин хүүхдүүд уйлаад янз бүрийн үйл явдал гардаг байлаа. Тэрийг харж байгаад хүүхдүүд тоглоомоо тоглоод л явж байвал жаргалтай гэж энэ шүлгээ бичсэн. Энэ бол хүн төрөлхтөнд зориулж бичсэн шүлэг шүү. Энэ шүлгээ би олон хэл дээр хөрвүүлж гаргаагүй л болохоос хаана ч очсон хүнд хүрнэ. “Халхын сайхан эрчүүд” найраглалынхаа санааг наадмын талбайгаас олсон гэх үү дээ (инээв). Наадмын сурвалжлага хийгээд гүйж явахдаа л олсон хэрэг. Эмэгтэй хүн сэтгэл хөдлөхдөө амархан байдаг. Тиймдээ ч би бүсгүйчүүдэд зориулж олон шүлэг бичсэн. Яагаад гэвэл эмэгтэй хүн ертөнцөөс заяахдаа урьхан, турьхан, ариун, үзэсгэлэн төгөлдөр төрдөг. Бүсгүй хүн олон зүйлээрээ эрчүүдээс ялгаатай. Тэр сайхан ялдам зүйлийг хүмүүсийн зүрхэнд хүргэхийн тулд бичдэг юм. “Бүсгүй” шүлэгт маань:
Бүсгүй- Үйлдвэрийн уудам цехийн үйл дундаас мишээнэ
             Үе тэнгийн залуусын зүрхэн дундаас мишээнэ гэж байдаг. Эмэгтэй хүн хаана байртай байдаг вэ, эр хүний зүрхэнд л байртай байдаг юм шүү дээ. Ер нь би бүсгүйчүүд, байгаль, хайр дурлал, хүний амьдарлын жаргал зовлон, эх орон, цэрэг эрсийн сэдвээр их бичсэн.
-Жаргал зовлонгийн тухай таны бодлыг сонсъё. Та хэр сэтгэлийн тэнхээтэй хүн бэ?
-Жаргал, зовлон гэдэг чинь хүний сэтгэлд л байдаг юм. Жаргаж байна гэж бодвол жаргаж л байна, зовж байна гэж бодвол зовж л байна. Би жаран жил энэ нэг жаахан өрөөндөө л шүлгээ бичлээ. Зарим хүн хэлнэ л дээ, яасан жижигхэн өрөөнд юмаа бичдэг юм бэ гэж. Би энэ өрөөндөө байхдаа л жаргалтай. Надад юу ч дутаагүй. Надад энэ хорвоо дээр хүнд ямар жаргал хэрэгтэй байлаг тэр бүгд бий.
Зовлон хүнд тохиолдолгүй яахав. Зовлонгүй амьдрал гэж байдаггүй байх. Хамгийн наад зах нь л гэхэд би эхээс 12-уулаа. Одоо ганцаараа л байна. Бусад нь бүгд нас барчихсан. Хоёр хүүхэд маань бас нас барсан. Тэгээд бод доо, тэр олон ах, дүүгээ оршуулна гэдэг ямар байхав. Надад бишгүй их зовлон тохиолдсон. Энэ бүгдийг би сэтгэлийн тэнхээгээр л давж байсан. Хамаг зовлонгоо би шүлгэндээ оруулж бичээд гунигаа сэгсрээд хаячихдаг юм. Би сэтгэлийн тэнхээтэй байсан учраас тэр бүх зовлон бэрхшээлийг давж гарч чадсан юм. Тэрийгээ би шүлгээ бичиж байж олж авдаг. Энэ бол миний амьдарлын замнал, авъяасын минь хүч чадал, мэдрэмж минь юм.
-Сэтгэлийн тэнхээ барагддаг уу?
-Сэтгэлийн тэнхээ барагддаггүй юм. Тэр хүний сэтгэл дотор байгаа агуу юмыг хэн ч уудлаж авч чадахгүй шүү дээ. хүн аль хэр ухаан, мэдрэмж, боловсролтой байна тэр хэмжээгээр сэтгэлийн тэнхээтэй байдаг гэж би боддог. Хүн бүх зүйлийг гэгээн сайхнаар төсөөлж явах хэрэгтэй. Гуниж, гутрах хэрэггүй. Ирээдүйгээ гэрэлтэйгээр төсөөлж явах л сайхан.
-Яруу найргаас та юуг мэдэрч, олж авдаг вэ?
-Ертөнцийн гоо сайхныг мэдэрдэг. Ямар ч яруу найрагчийн бичсэн шүлгээс ертөнцийн гоо сайхан, тэр хүний сэтгэлгээ, тэр улсын онцлог харагддаг. Би Югаславт болсон “Дэлхийн яруу найргийн олон улсын симпозиум”-д оролцож байлаа. Тэнд дэлхийн 100 гаруй орны яруу найрагч арван өдөр шүлгээ уншицгаасан. Тэр арван өдөр Югаславын гудамжаар энд тэндгүй байрлах шонгийн модонд цагаан хоолой зоогоод яруу найргийг хотын иргэдэд сонсгож байсан. Тэр хот арван өдрийн турш яруу найргаар амьсгалах шиг л болсон. Дерим голын гүүрэн дээр яруу найргийн үдэш зохион байгуулж, их том тайз засч, яруу найрагчид шүлгээ уншиж сонирхуулж байлаа. Тэр үе бол миний насандаа мартамгүй сайхан мөч байсан. Энд тэндээс гялалзсан гэрлүүд асч, яг л бурханы оронд байгаа юм шиг сэтгэгдэл төрж билээ. Дэлхийн яруу найрагчдын шүлгээс сонсч, өөрийнхөө шүлгийг уншиж, би ер нь альхан талд нь явна гэдгээ баримжаалах боломж олгосон сайхан уулзалт болсон доо.
-Та тэгээд өөрийгөө ямар төвшинд байна гэж дүгнэсэн бэ?
-Манай яруу найраг гайгүй яваа юм байна гэж бодсон. Гагцхүү манайхан орчуулж чаддаггүй, олон түмэнд шүлгээ хүргэж чаддаггүй л болохоос. Тийм учраас манайхан яруу найргийг жинхэнэ ёсоор нь, бидний хэлснийг хэлсэн чигээр нь орчуулаад таван тивд цацаж чадах юм бол Монгол хэзээ ч доогуур орохгүй. Гүн ухаан, дүрслэл, бясалгал, гоо сайхан, уран тансаг байдал, үгийн баялагийн хувьд хэзээ ч доогуур орохгүй. Монгол хэл тансаг хэл, уран яруу, эгшиглэнтэй хэл.
-Хайр дурлалын талаар таниас асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Хайр бол сэтгэлийн хамгийн нарийн бөгөөд хамгийн нандин гэрэл гэгээ. Амьдарлын туршид хайр хүнийг гэрэлтүүлж байх ёстой. Тэр хайраараа хүн амьсгалж, амьдарч явдаг юм. Дурлал гэвэл хүн хэдэн ч удаа дурлаж болно. Жинхэнэ хайр бол дурлал шиг олон дахин олддог зүйл биш. Тэр хайрын тансагийг мэдэрч, сайхныг нь амталж, түүндээ уярч уусаж, өөрийгөө хайраараа амьдруулж чадсан хүн мөнхийн жаргалтай л явна даа. Хайр бол мөнхийн сэдэв. Хайргүй амьдрал гэж энэ дэлхийд байхгүй.
-Эрчүүдийн тухай таны бодол?
-Би эрэгтэй хүнийг шүтэж явдаг. Эрчүүдгүй бол бүсгүйчүүд бид юу билээ. Тийм ч учраас би эрчүүдийн тухай маш олон шүлэг бичсэн.
Тэнгэрлэг сайхныг өвөрлөн төрсөн
Тэнхээт эрчүүд айлын шүтээн
Бүхэл бүтэн нэгэн өрхийн
Бүрэн эрхт эзэн заяа гэх мэтчилэн. Ингээд бодохоор эр хүн гэдэг айл гэрийн ноён нуруу, амьдрал тэгшлэх эзэн заяа юм даа. Эр хүн айлд ханхайгаад сууж байхад хэн ч юунаас ч айхгүй. Эр хүний ноён нурууг нь түшиж айл амьдардаг. Эмэгтэй хүний нарийн ухааныг нь түшиж айл болдог. Энэ бол арга билэг хоёр юм. Аль алингүйгээр амьдрал бүтэн биш. Тэр арга билгийн уялдаагаар айл оршин тогтнодог юм шүү дээ. эр хүн эмэгтэй хүний нандин хайрыг дандаа хүсч байдаг. Харахад бүдүүн хадуун хэрнээ хайр сэтгэл дээр очихоор тэд чинь хамгийн нарийн утастай болчихдог. Тэр утсыг нь эмэгтэй хүн эмхэрч эрчилж чадах юм бол сайхан хайрыг бэлэглэж чадна. Онцолж хэлэхэд хүүхнүүд нөхрөө их сайхан авч явах хэрэгтэй. Нөхрөө гоёх хэрэгтэй, хувцсыг нь хиргүй сайхан байлгах хэрэгтэй, сэтгэлийг нь гундаахгүй, элгэмсэг хайраар дутаахгүй байх хэрэгтэй.
-Амьдрал хайр дээр тогтдог гэж та эрт үед тунхагласан байх аа?
-Амьдрал хайр дээр тогтдог гээд аль хэдийн тунхаглачихсан. Орчин үед зарим хүмүүс амьдрал мөнгөн дээр л тогтдог, яасан дэмий юм бичээд байгаа юм гэдэг. Би бол амьдрал хайр дээр тогтдог гэдгийг баримтална. Хүмүүсийн хайрлаад байгаа тэр мөнгийг чинь хүн өөрөө бүтээж, олдог юм. Мөнгөн дээр амьдрал тогтдог бол Холливудын тэр одод салахгүй сайхан амьдарч байх байсан. Гэтэл бараг хоёр, гурван сар болоод л салж бйадаг юм билээ. Тэдэнд чинь мөнгө нь дутаад байгаа юм биш, хайр дутаад байгаа юм. Тэгэхээр хүнээс илүү юм гэж энэ хорвоод байхгүй. Маркс тийм ч учраас дэлхийн хамгийн үнэтэй капитал бол хүн гэж тодорхойлсон байдаг. “Амьдрал хайр дээр тогтдог” гэсэн шүлгээ би хүмүүст хүргье гэж бичсэн. Хүн төрөлхтөн хайр дээр уярч, хайлж, амьдарлаа босгодог. Энэ бол миний философи.
-Таны унших дуртай зохиолч?
-Зөндөө л байна. Би Роберт Вернсийг их шүтдэг. Их ухаантай, сайхан юм бичдэг хүн байсан. Амьдрал нь л жаахан золгүй төгссөн болохоос. Явуу, Дамдинсүрэн, Чимэд багш, Гайтав гээд олон ухаантнуудын зохиолыг уншиж байхдаа агуу их ертөнцийг олж авсан юм шүү дээ би. Уран зохиолын хувьд ч, хүний хувьд ч. Тэднийг шүтэхээс өөр аргагүй.
-Та хамгийн сүүлд ямар ном уншив. Уран бүтээлээ хийж байна уу?
-Лхагвасүрэнгийн гурван ботийг уншлаа даа. Би шүлгээ бичихгүй өөр юу хийх юм. Зүгээр сууж байх юм уу. Одоо би дууныхаа түүврийг гаргах гэж байна, дурсамжийн ном бичиж байна. Өмн цэрэг, эх орны сэдэвтэй зохиолуудаа эмхэтгэж гаргана.
За тэгээд хайрын шүлэг бичиж байна. Хөгшин хүн хайрын шүлэг бичиж болохгүй гэсэн теором байхгүй. Бичсээр л байна.
-Энэ ондоо багтааж гаргаж төлөвлөгөөтэй байна уу?
-Заримыг нь ч тэгнэ. Харин бусдыг нь яадаг юм билээ. Санхүүгийн асуудал гэж айхтар юм байна шүү дээ. Том юм биччихээр хүч хүрдэггүй, тэрийгээ гаргаж чаддаггүй нэг зовлон бий. Өөрийн амьдралд тохиолдсон сонин содон зүйлийг бичиж үлдээе юү л гэж бодож сууна. Нэлээн олон оронд явсан, үзэж харсан юм ихтэй хүн шүү дээ би. Ойрдоо хуучин дуунуудынхаа үгийг эргэж харж байна. Шинэ дуу, хуучин гаргасан дуунуудаа эмхтгээд гаргах санаа байна. Нэг харамсалтай юм байна. Надтай хамт дуу хийж байсан хүмүүс ихэнхи нь бурхан болчихож. Дууны маань нот нь олддоггүй. Архивуудаар зөндөө явлаа, харамсалтай нь нот нь алга.
-Ханийхаа тухай бидэнтэй дурсамж хуваалцаач. Та хоёр яаж анх танилцсан бэ?
-Бид хоёр хүүхэд байхаасаа бие биеэ мэддэг байсан л даа. 1960-аад оны үед оюутан байлаа. Тэр үед кино драмын ангийн залуучууд бүсгүйчүүдийн сонирхлыг их татаж байлаа шүү дээ. тэгээд үдэшлэг их болно, тэнд кино драмынхан ирээд дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглээд л бужигнана. Манай нэг багшийн ач нь манай хүн байсан. Би багш дээрээ очно. Тэгэхэд нэг их сайхан залуу яваад л байдаг байсан. Тэгээд яахав бид хоёр урлагийн хүмүүс болохоор танилцаж, хамт үдэшлэгт явж, музей, кино үзнэ. Танилцаад бол бид хоёр сууж чадалгүй арван жил болсон юм. Тэр эхнэртэй, би ч нөхөртэй байлаа. Хоёулаа бие биедээ нэг их дотно, хамт юм үзнэ, хоолонд орно. Би мөнгөгүй бол тэр намайг хоолонд оруулна, тэр мөнгөгүй бол би хоолонд оруулна. Тэгж яваад л ханилсан. Хүний сэтгэл нэг нэгнээ олдог юм. Олсон тохиолдолд их жаргалтай л байдаг юм. Хагацсан үед л харин хэцүү юм байна. Хорвоо ер нь тиймээс хойш. Хэцүү гээд би яалтай билээ, ямар босгоод ирж чадах биш (хэсэг дуугүй болов). Миний хань нэртэй кино найруулагч, жүжигчин хүн байсан. Ханьд минь хүнд муу санах юм уу, хүнийг муу хэлэх юм ерөөсөө байдаггүй. Мөнхөд ямар ч дайсангүй явсан хүн бол миний хань. Хүн яаж ч муу хэлж, уурлаж загнаж байсан ерөөсөө юу ч боддоггүй. Дороо л мартчихдаг. Мандухай хатан киног хийж байхад Балжинням малаа гээд л орилно. Тэгж байхад чинь манай хүн инээгээд л юмаа хийгээд явж л байна. Би тэрэнд нь уур хүрээд “хүнийг малаа гээд байхдаа яадаг юм бэ” гэхээр Ганболд “яахав, яахав, найруулагч хүн чинь ийм зантай байдаг юм. Тэгж л байж хүнээр юм хийлгэнэ шүү дээ” гэдэг байж билээ. Манай өвгөн хүнд их хайртай, их сайхан сэтгэлтэй. Тэрийг юугаар ч солихын аргагүй. Энэ хэдэн хүүхдүүдийг чинь жаахан байхад өвөр түрийндээ бөмбөрүүлээд л, чихэр өгөөд л явдаг дэндүү сайн хүн байсан даа. Хүүхдүүддээ өгнө гээд л хаанаас ч хэдийдээ олдог юм хэдэн чихэр өвөртлөчихсөн явдаг байж билээ. Жүжигчин хүн чинь их сайхан сэтгэлтэй, гудамжны хүнийг ч хамаагүй даарч, цангаж яваа гээд дагуулж орж ирээд цай уулгаад гаргадаг хүн байсан. Би их завгүй. Миний олон шавь нар ирээд л гэрээр дүүрэн хүүхдүүд шүлэг бичээд л маргааш “Болор цом” болно гээд сандралдаж байхад чинь тэдэнд сэдэв өгөөд шүлэг бичүүлээд суудаг. Сэдэв их сайн өгнө дөө, найруулагч хүн юм болохоороо. Тийм нийтэч сайхан хүн байсан.
-Таны амьдарлын философийг сонирхож болох уу?
-Аливаа зовлонд гудайхгүй, аливаа хүнд бэрхийг сэтгэлийн тэнхээгээр даваад гарах юм шүү гэдэг гол философитой. Би өнөөг хүртэл нэг хундага архи ууж үзээгүй. Ер нь бүсгүй хүн архи уух чинь тийм аятайхан зүйл биш.
Энэ бол миний амьдарлын бас нэгэн гол философи. Яагаад гэвэл эмэгтэй хүн эрүүл ухаантай байж гэмээнэ, биеэ зөв авч явж нэр төр болон өөрийн авъяас билгийг ард түмэнд бүрэн бүтэн харуулж чадах юм болов уу. Тэгж л өдий болтол тэсч ирсэн. Архи уугаад хөлчүү яваа эмэгтэй хүн харахаар би их харамсдаг. Эмэгтэй хүнд хэзээ ч архи тохирохгүй. Эмэгтэй хүн хүний нүдэнд бүртийх ч муухай юм харуулахгүй явах ёстой.
-Р.Чойномтой та сайн найзууд явсан. Тэгээд ч түүний илгээсэн захидлуудаар “Мөнхзул” гэж ном гаргасан нь уншигчдад их хүрсэн?
-Р.Чойном бид нар их сайн найзууд явлаа. 1950-иад оноос л нөхөрлөж ирсэн андууд байлаа. Манай яруу найрагчид нэг нэгийгээ сайн мэднэ. Чойном, Сүрэнжав, Бадарч, Пүрэвсүрэн, Цогт гээд миний үеийн яруу найрагчид манайхаар их ирнэ. Тэгээд л шүлгээ уншицгаана, онигоо ярина, хөхрөлдөнө, хөөрөн баясалдана. Би 1960-аад оны яруу найрагчдын амьдарлаар л амьдарсан хүн. Тэр үед Чойном шоронд орчихлоо. Шоронд орсноосоо хойш тэндэхийн хатуу амьдарлын тухай, аж байдлын тухай надад захидал бичдэг байсан. Тэр захидлуудыг уншигчиддаа толилуулъя гэж бодоод л ном болгож хэвлүүлсэн. Юм гэж их сонин. Ардчилал гараад Чойномыг магтаад л, алдаршуулаад эхэлсэн чинь би ч Чойномын найз, Чойном бид хоёр чухам л нөхөрлөж явсан өдий төдий найзууд гээд, найз байгаагүй хүмүүс тэгж яриад л их сонин байсан даа, ер нь. Тэгээд би зориуд баримт болгож Чойномын надад бичсэн захидлуудаар ном хийсэн. Гар бичмэлийг нь эмхтгэсэн бичвэртэй нь оруулсан байгаа. Тэр бол хөдлөшгүй баримт мөн биз дээ. гарын үсэг нь байна, гар бичмэл нь байна, тэгж зориуд хэвлүүлж хүмүүст танилцуулъя гэж бодсон маань тэр. Чойномын нэрийг барьж, Чойном бид хоёр сайн найзууд, бид хоёроос өөр шударга зохиолч байхгүй гэж ярьдаг байсан хүмүүсч бий. Тэгэхээр нэрд гараагүй, Чойномтой ч нэг их үерхэж байгаагүй хүмүүс тэгж яриад байх нь надад бол их сонин санагдаж байсан. Чойном бол өөрийн зүрх сэтгэлээсээ яруу найргийг хайрладаг, хүндэтгэдэг яруу найрагч, оюун ухааны өндөр чадал мэдрэмжтэй хүн. Чойном сайхан зурна бас сайхан дуулна, хөгжим бичнэ, орчуулга хийнэ. Тэр хүнд маш олон авъяас байдаг юм шүү дээ. Манай улс тэр сайхан авъяасыг нь дээдэлж, хөгжүүлж чадаагүй л болохоос. Хаана ч очоод баримал барьж, зураг зурж, хөгжим тоглож, орчуулга хийж чадна. Ер нь агуу авъяастай хүн байсан. Чойномоор хүмүүс бахархах л учиртай юм.
-Хариу захиандаа та юу бичиж байсан бэ. Уг нь тэр номонд таны хариу захидал орсон бол их сонирхолтой байх байсан даа?
-Би өөрийнхөө захидлыг арай хийж нууцаар өгнө. Манай хүн уншаад л тэр дор нь урдаг байсан байлгүй миний захидал яаж одоо байхав. Чойномын дүүд л байхгүй бол. Ай, байхгүй л байх даа. Би захидалдаа шоронгийн хатуу амьдрал дунд яруу найрагч хүн босоогоороо үлддэг, сэтгэлийн ямар нэгэн гутрал гуниг байж болохгүй, хүний авъяас билиг шоронд хоригддоггүй гэж, сэтгэлийг нь өөдрөг байлгах гэж бичдэг байсан. Тэр ч бас хэрэг болсон байх аа.
-Таныг Дуся гэж энхрий дотноор дууддаг байсан юм билээ. Хонгорхон Дуся минь гээд л?
-Тэгдэг байсан юм. Өө яахав тэр үед оросоор л тэгж дууддаг, Дуся л гэнэ, Дуяа л гэнэ (инээв).
-Тухайн үед та нарт хэцүү үе байсан нь мэдээж. Яруу найрагчдыг улс төр бичлээ гэж дарамтлаад л, мөрдөж мөшгөөд л?
-Чойном баригдаад явчихсан чинь бид нар улс төрийн шүлэг бичиж чадахгүй, тэр байтугай “Хүлгийн төвөргөөн” гэж шүлэг бичээд байцаагдах тийшээгээ хандаж, сонин дээр шүүмжлүүлж байсан.
“Хэний морины төвөргөөн юм бэ
Чингисийн морины төвөргөөн үү... ” гээд л хардаж байсан. Тэр үед Чингисийн тухай бичиж болдоггүй байсан. Тэгж бас маталтад их орж байсан. Би хэд хэдэн “Болор цом”-д орсон. Гэхдээ миний шүлгүүдийг дандаа үндэсний үнэр ханхалсан гээд хасчихдаг байлаа. Жишээлбэл “Мандухай” шүлгээ бичээд орсон чинь шууд л хасчихсан, тэр байтугай яаманд миний, Пүрэвдоржийн, Чойномын шүлгээс хураагдсан юм бий л байх. Ер нь л хэцүү байсан даа. Тэгэхдээ хэцүү гээд бид нар бичихээ болиогүй. Хэлэх гэсэн үгээ хэлж, бичих гэсэн юмаа бичиж л байсан. Чойномтой захидлаар ил харилцаж болохгүй, хэн нь Чойномтой холбоотой байна гээд Дотоод Яамныхан чинь шинжилж байсан үе. Хэцүү л байлаа. Тэглээ гээд найз нөхдийн холбоо, хүнийхээ хувьд бид нар хэвээрээ л байсан. Тэр шорон чинь хүний сэтгэл санаа, нөхөрлөлийг хаадаг зүйл биш л дээ. Сүрэнжав, Бадарч, бид гурав Чойномд захидал бичиж, хөвөнтэй дээл эн тэр явуулж л байсан. Харамсалтай нь тэр авч явсан хүн нь идэх уух юмыг нь өгөөд, хөвөнтэй дээлийг нь өгөөгүй байсан. Хүн ядарч явахад явуулсан юмыг нь аваачаад өгөхгүй замаас нь аваад өөрөө өмсчихдөг тийм хачин юм байх л юм билээ.
-Таны “Хүүгийн эцэгт бичсэн захидал” найраглал чинь олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдэд итгэлийн оч, сэтгэлийн гал хайрласан гэдэгтэй хэн ч маргахгүй. Таны энэ найраглалаа бичих болсон шалтгаан эмэгтэйчүүдийн хүсэлт байсан гэдэг. Ямар хүмүүс танд хандаж байв?
-1971 онд “Газар шороондоо хайртай” гэдэг шүлгээ “Цог” сэтгүүлд хэвлүүлсний дараа маш олон хүмүүс захидал бичлээ. Та их сайхан шүлэг бичдэг гээд урам хайрлахаас гадна, хүүхнүүд голдуу хандаж захидал илгээж байсан. Тэр дунд “Би нөхөртөө хаягдаад хүүхэдтэйгээ хоёулаа үлдсэн. Хүүхэд маань өөр хүнтэй суух гэхлээр үзэж харахгүй их хэцүү байна. Тийм учраас эрчүүдэд хүүхдээ битгий орхиоч, эхнэрээ битгий хаяач гэж хэлж өгөөч” гэсэн захидлууд их ирсэн. Өмнөговийн хоёр малчин, Эрдэнэтийн хоёр их эмч, Багшийн дээдийн нэг оюутан, Хөвсгөлийн нягтлан бодох хүүхэн гээд олон хүнээс дандаа тийм утгатай захидал ирсэн учраас би бичсэн. Эхлээд нөгөө хүүхдийгээ гурван настай байхаар бичсэн чинь гурван настай хүүхдийг өсгөх гэж тэр хүн зовж базаахгүй, наадхыгаа нэлээн том болгож, олон жил хүүхдээ хүүхдээ хүмүүжүүлэх гэж зүдэрсэн байдлаар бич гэсэн зөвөлгөө аваад тэгээд гурван настай байхдаа орхигдсон хүүхэд 18 нас хүрээд цэрэгт мордлоо гэж бичсэн.
Өнөөдөр хүү чинь 18 хүрч
Өөртэй чинь адилхан ханхар эр болжээ гэж эхэлдэг.
-Чойном агсан энэ найраглалд хариу бичсэнийг та номондоо гаргасан байсан. Олон хүн хариу бичсэн байх даа?
-Тэгэлгүй яахав, олон хүн янз янзын хариу бичсэн. Зарим нь эр хүнээ өмөөрч бичсэн, зарим нь хүүхнүүдээ өмөөрч бичсэн олон хариу хүлээж авсан. Тэгээд яахав тэр дотроос Баасангийн хариуг “Утга зохиол” сонинд нийтэлсэн байсан. Чойномын хариуг бол би сүүлд өөрөө хэвлүүлсэн. Намайг тэр үед янз бүрээр дайрч, давшилж байсан л даа. Дулмаа “Хүүгийн эцэгт бичсэн захидал”-аа Чойномоор бичүүлсэн гэж миний их дотны найз өөрчлөлт шинэчлэлт болсон чинь намайгаа матаад, янз бүрээр бичсээн. Чойном шоронд байхдаа мөнгөгүй учраас Дулмаад энэ найраглалыг бичиж өгөөд, Дулмаагаас мөнгө авсан гэсэн бил үү, юу ч билээ... тэгэхээр би зориуд өөрийнх нь бичсэн хариуг сонинд нийтлүүлсэн юм. Үнэн юм үнэнээрээ л сайхан. Амьдрал гэдэг чинь асар өргөн цар хүрээтэй, алдаж онодог юм ихтэй, асаж, бадамлах юм ч ихтэй.
-“Болор цом” яруу найргийн талаар хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг. Зарим зохиолчид тайзан дээр шүлэг уншуулж уралдана гэж ямар юм байхав гэж байхад зарим нь шагшин магтдаг. Таны бодлыг сонсмоор байна?
-Болор цом сайхан наадам. Ёстой жилд шилдэг яруу найрагчид уншигчидтайгаа уулздаг, уншигчид ч сайн бөхийн барилдаан үзэх гэж дурладаг шиг сайхан найрагчдын шүлгийг сонсох гэж цугладаг сайхан наадам. Зүгээр зарим хүн “Болор цом” ийм тийм гээд ярьж л байдаг юм, мөнгө цаасаар “Болор цом”-ын эзэн боллоо гэдэг юм. Мөнгө өгөөд “Болор цом” авдаг яруу найрагч бол Монголд үнэндээ байхгүй л дээ. Тэр бол яруу найрыгчдыг гүтгэсэн л явдал. Яахав зарим хүн тэр нэгдүгээр байранд орох ёстой, энэ нь орох ёстой гэж маргалддаг. Энэ бол уншигчдын л дүгнэлт шүү дээ. хүмүүсийн сэтгэгдэл төдий л зүйл. Тэрний цаана яруу найргийг шалгаруулна гэдэг хамгийн хэцүү ажил байна. Тэр хэдэн шүүгч тамаа л эдэлж байгаа байхгүй юу. Зарим яруу найрагчийн шүлэг агуу их мэдрэмжтэй, маш нарийн далд утгатай байдаг. Зарим нь зүгээр аж байдлыг юмыг маш сайн гаргадаг, ард түмэн ч сайн ойлгодог. Жишээлбэл, Билигсайханы шүлгүүд байна. Билигсайханыг гараад ирэхээр алга ташаад л сүйд болдог шүү дээ. Тэгэхээр яруу найргийг дүгнэж, тэр бүхний давс хужрыг тааруулж, “Болор цом”-ын байрыг эзлүүлнэ гэдэг шүүгч нарт хүнд ачаа байдаг. Би нилээн хэдэн “Болор цом”-ыг шүүсэн.
-Таны яруу найргийг шүүх өнцөг юу вэ?
-Би шүлгийн урыг харж шүүдэг. Ухаан шигтгэснийг нь хардаг. Ард түмэнд энэ хүн юу хэлж байна вэ, энэ хүн уртай шүлэг бичиж үү, сэтгэлийн ур, нүдний ур, мэдрэмж шигээж үү гэдгийг хардаг. Яруу найрагт олон сайхан зүйл бий. Тэр бүхнийг харж, түүгээр л хэмжүүр тавих ёстой л доо. Хашгирч, орилж, янз бүрээр л шүлэг уншиж байдаг. Тэрнээс олон хүнд хүрэх юм нь юу билээ гэдгийг харах хэрэгтэй, бодох хэрэгтэй.
Модерн урсгалыг хүмүүс их амархан гэж боддог юм шиг байна лээ. Модерн шүлэг бичнэ гээд л залуус оролдож байгаа нь бий. Гэхдээ зарим нь модерн шүлгийн далд утга, хоёр давхар санаа гардаг, хүнд юм хэлдэг талыг нь тэр бүр ойлгохгүй л байх шиг байна. Модерн шүлгийг энгийн хүн ойлгоход хэцүү.
-Яруу найраг юугаар бүтдэг юм бэ?
-Яруу найраг сэтгэлийн их тэнхээгээр босдог юм. Сэтгэлд юу ургаж ирсэн түүгээр бий болдог. Хайрын, эх орны, ээж, аавын шүлэг аль аль нь ялгаагүй. Сэтгэлийн тэнхээ дотор хүндлэл, хайрлах сэтгэл, уран дүрслэл, ухаан гээд бүх юм нь байдаг. Сайн яруу найраг уншихад хүмүүс ухаарал авдаг юм. Амьдарлын их сургамж авдаг. Сайн яруу найрагт гуниад сууж байсан хүнийг сэвхийтэл босгох чадал байдаг юм. Би захаас дээлийн зузаан дотор авлаа л даа. Тэгэхэд 11100 төгрөг боллоо. Хэдалдагч нь 40-өөд насны хүүхэн байсан. Тэгээд хэдэн төгрөг болов оо гэсэн чинь 11100 гэхээр нь аваад өгөх гэтэл, би юу гэж танаас мөнгө авах юм бэ. Намайг нөхөртөө хаягдчихаад ёстой нулимстайгаа хутгалдаад сууж байхад таны шүлгийг уншаад гутралаа хаясан. Сайхан шүлгээрээ надад сэтгэлийн тэнхээ хайрласан таниас би мөнгө авахгүй гээд. Би яаж болох вэ дүү минь, ав гэхээр ер авахгүй, ядаж талыг нь өгөх гэж үзлээ үгүй гээд авдаггүй. Нэг тийм юм болсон юм. Энэ бол яруу найраг хүний сэтгэлд мөнхөд оршиж байдаг гэдгийг харуулж байгаа юм. Энэ бол Дулмаагийн сайных биш, яруу найргийн жинхэнэ мөн чанарынх.
-Уран бүтээлд нас нөлөөлдөг үү?
-Уран бүтээлч хүнд нам хамаарахгүй гэж би боддог. Үхэн хүтлээ үзгээ тавилгүй явж байж манай зохиолчид энэ амьдарлыг магтан дуулж ирсэн. Чойном шоронд байхдаа ч, наранд байхдаа ч амьдарлыг магтан дуулж л байсан. Нас бол уран бүтээлчдэд нөлөөлөхгүй. Харин ч амьдарлын туршлага сууж, хуурамч, худалч, муу муухайг мэдсэнийхээ хувьд бас агуу сайхныг нь амталсныхаа хувьд ахмад сэтгүүлч, зохиолчдын бичиж байгаа зүйл маш үнэтэй.
-Таны өнөөдрийн зохиолч, сэтгүүчдийн талаарх бодлыг сонсож болох уу?
-Өнөөдрийн манай зохиолчид үүргээ биелүүлж л яваа. Сайхан шүлэг, нийтлэл гарч байна, амьдарлыг шүүмжилж байна, одоо байгаагаар нь зураглаж байна. Би “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” хоёрт гарч байгаа материалуудыг үнэлдэг. Зарим сонин хачин юм бичдэг. Хүнийг уруу царайлтал гүтгэж, гэр бүл сарниулж, авгай нөхрийг салгаж байсан тохиолдлууд бий. Сэтгүүл зүйн үндсэн зарчим үнэнийг ард түмэнд мэдээлэх үүрэгтэй. Сэтгүүлчийн ажил бол үнэнийг л дуулгах ертөнц. Гэтэл зарим сонин хэвлэл нэгнээ ертөнцийн муу муухайгаар дайрч давшилж, хогонд ортол нь муулж байдаг нь зохисгүй шүү дээ. Би Баясгалан эд нарыг хааяа өрөвддөг юм. Жавхлантай дуулаад гараад ирэхээр нь тэр хоёр суух гэж байна гээд, дараагаар нь салах гэж байна гэж баахан бичсэн, сүүлд нь Баясгалан Мөнхбаттай суусан гээд л, одоо саллаа гэсэн Мөнхбат нь ч яасан ч юм. Энэ бол ярилцлагын үнэхээр сэтгүүлчийн ажил биш. Аргаа барсан хүмүүс л ийм юм бичдэг байх.
-Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе?
-Хүмүүс хямрал гэж сүүлийн үед их ярьж байна. Монголчууд хэзээ ч өлсч үзээгүй ард түмэн юм шүү. Хямралд нэрвэгдэж элгээ эвхэж явбал залуу хүний хийморь дорой байна. Монголчууд минь ямар ч юм тохиолдсон давж гарах, сэтгэлийн тэнхээтэй, оюуны их хүч чадалтай, дандаа өөдрөг бодож сэтгэж, аливаа юмыг нарны гэрэл шиг гийгүүлж, үргэлж тэмүүлэлтэй яваарай гэж хэлмээр байна.

Ярилцсан П.Ундрах
“Uptown” сэтгүүл

Шүлгийн санаа янз бүрээр л орж ирдэг. Зүгээр явж байхад гэнэтхэн шүлгийн санаа ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN