Тоглоом тоотой нь дээр буюу наран хэлний онол
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Таны амралтанд

Тоглоом тоотой нь дээр буюу наран хэлний онол

2011.07.01
Ататуркийн гаргасан “наран хэлний онол”
    1923 онд Турк улс тусгаар тогтносноор ард түмнийх нь үндэсний ухамсар сэргэж, улсын эцэг Ататурк нь ч энэ хөдөлгөөнийг удирдан манлайлж, улам бүр довтолсоор байв. Ататурк Турк улсыг орчин үеийн гүрэн болох замд нь оруулж өгсөн, агуу удирдагч мөнөөс мөн билээ. Тиймдээ ч ард түмэн нь түүнийг одоог хүртэл шүтэн биширсээр байна.
    Гэвч агуу хүн гэдэг алдаагүй хүн гэсэн үг биш ажээ. Ялангуяа өөрийн мэдэхгүй сэдэв рүү халтираад эхэлбэл агуу хүн тусмаа алдаа нь бас агуу болох юм. Ататурк жишээ нь Туркийн хэл соёлын төлөө ихийг хийсэн удирдагч мөн боловч тэр нь баахан хэтрээд, Турк хүн бүхнээс илүү, түрэг хэл хамгийн эртний хэл гэсэн үзлийг гарган, үгийн гарал судлал руу хүртэл нэрээ оруулж амжсан нь туркчүүддээ бол эх оронч, хэл соёлынхоо төлөө зүтгэгч гэж харагдсан боловч гадаад улс орны судлаачид, оюутнуудын хувьд бол элэг доог болсон билээ.
    Ататурк гучаад оны эхээр түрэг хүн хамгийн анхны соёлт хүн, түрэг хэл дэлхийн бүх хэлний язгуур хэл хэмээн тунхагладаг “Наран хэлний онол” гээчээ боловсруулжээ. Тийм ээ, “наран цэцэг” гэдэг шиг “наран хэл” гэж байгаа хэрэг. Тэр онол ёсоор бол хамгийн анхны хүн (мэдээж хэрэг түрэг нөхөр байгаа) нарыг хараад “аа” буюу “аг” (г нь “гэр” гэдгийн г биш, “агаар” гэдгийн гүн угийн г мэт авиа, “ага” гэж бичсэн ч болох юм) хэмээн дуу алдсанаар хэл гэж юм үүсчээ. Нар гэж хамгийн анхны агуу юм болохоор тэр “аг” гэсэн үе нь анхандаа “нар”, “бурхан”, “ус”, “цаг хугацаа” зэрэг маш олон утгыг агуулж байсан бөгөөд түрэг хэлний ганц энэ үеэс дэлхийн бүх хэл үүссэн гэж байгаа.
    Ингээд Анкарагийн Их Сургуульд “Түрэг хэл, түүх, газарзүйн тэнхим” байгуулж, хичээлээ зааж эхлэхдээ албан ёсны хөтөлбөртөө ингэж тунгхагласан байна:
    “Төв Азид анхлан бий болсон Шүмэрүүд нь түрэг үндэстэн байсан бөгөөд тэдний түрэг хэлнээс дэлхийн бүх хэл үүсчээ...
    Нэн эртний хүн ийнхүү түрэг хүн байсан учраас нарны гэрэлд илүү ойр байж, туяанд нь нөлөөтсөнөөс болж, амьдралд нь сайн муу бүх зүйл илүү хүчтэй бүрэлдсэн байна...”
    Их сургуулийн албан ёсны хөтөлбөр шүү дээ, энэ. Ингээд л галзуурал албан ёсоор эхэлсэн байна.
 
Ататурк үгийн гарлаар “хичээллэсэн нь”
    Ер нь том том удирдагчид, мундаг “онол” бүтээгчид, гоц авьяастнууд өөрийнхөө салбараас өөр шинжлэх ухааны ямар нэг салбараас барьж авахдаа хоёр л ухааныг голдуу амлаад байгаа харагддаг юм. Нэг нь үгийн гарал, нөгөө нь түүх. Ататурк бас л түүх, үгийн гарал хоёрт үнэн хоббитой байжээ. Түүний өөрийнх нь болон шүтэн бишрэгчдийнх нь гаргасан үгийн тайлбараас заримыг нь толилуулъя:
Аскер – цэрэг
    Турк хэлний “цэрэг” гэсэн утгатай “аскер” хэмээх үг бол латин хэлний exercitus араб хэлээр дамжин орж ирэхдээ дуудлага гажсан хэлбэр гэдэг нь тодорхой юм. Харин Ататурк үүнийг турк хэлний “ашик” буюу монгол хэлний “ашиг”-тай гарал, утга нэгтэй үг дээр “эр” хэмээх мөн л монгол хэлний “эр”-тэй адил гарал бүхий үгийг залгаж “ашик+эр = аскер”, өөрөөр хэлбэл “эх орондоо ашиг бүхий эр хүн” хэмээн тайлбарлажээ.

Академи

    Ататурк 1931 онд Туркийн Хэлний Хүрээлэн хэмээх байгууллагыг үндэслэсэн юм. Уг нь ч шинжлэх ухааны л байгууллага, гэвч тухайн үедээ их удирдагчийнхаа алдаа дутагдлыг засах байтугай бүр дэвэргэж, элдэв сонин тайлбар, гаргалгаа хийж байсны нэг жишээ нь “академи” хэмээх үгийн тайлбар юм. Тус хүрээлэнгийн тайлбарласнаар “академи” нь турк хэлний “ак” буюу “цагаан”, “адам” буюу “хүн” гэсэн хоёр үг нийлж үүссэн, “цагаан хүн” гэсэн турк үг ажээ. Хамгийн хөгжилтэй нь “адам” нь үнэндээ турк үг биш, араб хэлнээс зээлдсэн үг билээ.

Амазон
    Ататуркийн үнэхээр шүтэн биширч, итгэдэг байсан өөр нэг онол бол Америк тивийн уугуул иргэд бол тэр чигээрээ Берингийн хоолойг даван очсон түрэг нүүдэлчид хэмээх үзэл юм. Тийм ч учраас уугуул нутгийн индиануудын хэлэнд түрэг үгс маш их байх ёстой аж. “Амазон” мөрний нэрийг жишээ нь тэнд очсон түргүүд өгсөн гэнэ. Маш урт гол харагдсанд биширч түргээрээ “Ама узун” буюу монголчилбол  “Гэвч урт” хэмээн хашгирсан нь “амазон” болжээ.

Ниагара
    Мэдээж хэрэг Ниагараг бас л түргүүд нээн, нэрлэсэн байж таараа. “Не яаягара!” буюу “Юун шуугиан бэ?” гэж түргүүд гайхан хашгирснаас “Ниагара” гэсэн үг үүссэн гэжээ. Манай нөгөө Японыг эзлэхээр явсан Хубилайн цэргүүд цунамид туугдаж явсаар арай гэж нэг эрэг хараад ихэд баярлан “Амь... эрэг” гэж хашгирснаас “Америк” гэсэн тивийн нэр үүссэн гэдэг шиг л.

Электрон
    Электрик гэсэн үгийн гарлыг эртний уйгар буюу түрэг хэлний нэгэн салбар хэлнээс олсон байгаа юм. Яалтрик гэж уйгар хэлээр “цацрах, гялтганах, очтох, цахилах” гэсэн үг, үүнээс “электрик” гэсэн үүссэн гэжээ.
Суурийг нь хэлшинжээчид өөрсдөө тавьж өгсөн юм аа
    Хэдий одоо энэ бүгдийг уншихад инээдтэй, хүн бүр туркуудыг дооглон инээх боловч үнэн хэрэгтээ Наран хэлний онол буй болох үндсийг нь хэл шинжээчид өөрсдөө тавьж өгсөн билээ. Нарыг анх хараад анхны түрэг хүн “Аа” гэж дуу алдсан тухай санаа анх Австрийн хэл шинжээч, доктор Квергикээс гарсан нь хожмоо нар зөвхөн түрэг хүмүүсийг илүү ээдэг, илчээ өгдөг болон хөгжсөн юм. Квергик угаасаа түрэг хэлний логикийг шүтдэг, үг бүрийг нь элемэнт болгон задалж тусад нь тайлбарладаг хүн байжээ.
    Хир жигтэй хэл шинжээч байсныг нь баталж ганцхан жишээ дурдъя:
“унутмак” гэж туркээр “мартах” гэсэн үг. Зарим судлаач монгол хэлний “умартах” бол яг тэр “унутмак” гэж үздэг. Квергик гуай тэгсэн өнөөх түрэг үгийг уг + ун + ут + ум + ак хэмээн задалжээ. Ингээд,
“уг” гэдэг нь тус үгийн язгуур эх бөгөөд “ялган үйлдэх сүнс” гэсэн утгатай.
“ун” гэдэг нь язгуур эх гадаад огторгуйд гарахыг үзүүлнэ.
“ут” болбоос үргэлж хөдөлгөгч хүчнийг заах бөгөөд энэ тохиолдолд язгуур эх гадаад огторгуйд гарч тархан байршихыг өгүүлж байна.
“ум” хэмээх нь өмнөх гурван хийсвэр утгыг базан бодьжуулж байна.
“ак” нь үгийн утгыг төгс болгон, үгзүйжүүлэх бөгөөд ингэснээр “унутмак” хэмээх үг үүсэх нь үнэн хэрэгтээ “ялган үйлдэх сүнс тархинаас гадагшилж, толгойг нэлэнхүйд нь бүрхэх” гэсэн утгатай үг гэнэ. Тэгж байж хүн юм “мартдаг” юм байх.
Жеофри Лүис гэж түрэг судлаач эрдэмтэн нэгэнтээ “Ийм галзуу солиотой юм ярьдаг хүн докторын зэрэг хамгаалсан гэхээр итгэхийг аргагүй юм даа” хэмээн дуу алдсан байдаг.
    Турк хүн дээр нар илүү тусдаг байсан, дэлхийн бүх хэл түрэг хэлнээс үүссэн байх ёстой гэж ярих нь зарим иргэдийнхээ анхаарлыг татаж, урам зоригийг нь сэргээдэг, бас үндэстэн дотроо“од” болон гялалзах зам болж болдог байж магадгүй л юм. Харин жинхэнэ тулхтайхан судлаачид, гадаад улс орны эрдэмтдийн хувьд элэг доог болох юм даа.

Дэлхийн анхны хэл болох гэсэн бусад оролдлогууд
    Хөөрхий туркууд энэ ертөнцөд ганцаараа хэлээ хамгийн анхны хэл болгох гэж үйлээ үздэг улс бас биш ээ. Бараг л хэл соёлдоо хайртай үндэстэн бүрээс ганц хоёр жирийн биш эрдэмтэн төрж, хамгийн анхны үндэстэн, хэлтэн болохоо баталсан байдаг.
    1679 онд бичсэн Атлантика гэсэн бүтээлдээ Олоф Рудбек гэж нөхөр алдагдсан Атлантид бол Швед мөн болохыг өгүүлж, Латин, Грек болон бусад бүх хэл швед хэлнээс гаралтайг батлахаар оролдсон байдаг. Эх орон нэгт эрдэмтэд нь үүнийгмэдээж дэмжээгүй боловч тухайн үед Швед бус нутагтаа хамгийн нөлөө бүхий гүрэн болоод байсан улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан төрийн томчууд нь харин энэ онолд маш дуртай, дэмждэг байжээ.  
Еврей, финн, баск, дани хэлийг ч мөн бүх хэлний язгуур болсон хэмээх онолууд бий. “Сал, бер, йон, рош” гэдэг дөрөвхөн үгнээс дэлхийн бүх хэл, үг үүссэн гэдэг онол ч бий. Адам Ева хоёр диваажингийн цэцэрлэгт ямар хэлээр ярьж байсныг маргалдан булаацалдаж байсан түүхийн талаар “Сонирхолтой хэл шинжлэл” номдоо дурдсан байгаа. Ер нь бол энэ удаад тоглоом тоотой нь дээр байдгийг л үзүүлэх гэж үүнийг бичив.

Мягмарын Саруул-Эрдэнэ (хэл шинжлэлийн ухааны доктор)




 

1923 онд Турк улс тусгаар тогтносноор ард түмнийх нь үндэсний ухамсар сэргэж, у...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN