Гэр бүл, тэтгэвэр тэтгэмж...?
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга лавлах

Гэр бүл, тэтгэвэр тэтгэмж...?

2011.05.05
1. Гэр бүлийн баталгаа чухам юунд хэрэгтэй байдаг вэ?
Гэр бүлийн баталгаа нь зөвхөн гэр бүлээ цуцлуулах асуудалд биш, хуулийн дагуу бие биеэ тэжээн тэтгэх эрх үүсэх, өв залгамжлах, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах, шилжилт хөдөлгөөн хийлгэх зэрэгт зайлшгүй шаардлагатай болдог. Эмэгтэй хүний хүүхэд өсгөх болон гэр орны ажил нь төдийлөн үнэлэгддэггүй хөдөлмөр учраас төрийн хуулийн дагуу хамгаалалтад багтахын тулд гэрлэлтээ заавал батлуулаарай.
2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид ямар хөрөнгө хамаарах вэ?
Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоос олж авсан хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө багтана. Мөн ноогдол хувь, үнэт цаас, гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө зэрэг болно.
3. Эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан гэр бүлийн гишүүн хөрөнгө хамтран өмчлөх эрх эдлэх үү?
Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдлэнэ. Гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ноогдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.
4. Нөхөр маань гадаадад амьдардаг, бидний гэрлэлтийн үнэмлэх үрэгдсэн. Энэ тохиолдолд гэрлэлтээ цуцлуулбал хаана хандах вэ?
Гэрлэлтийн баталгааны хуулбар нь Иргэний гэр бүлийг бүртгэх байгууллагад байдаг учир тэндээс авч сэргээж болно. Тухайн гэр бүлийн нэг нь гадаадад байдаг тохиолдолд гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байвал харьяаллынхаа шүүхэд хандаж өргөдөл гаргаж өгнө. Гэр бүлийн гишүүд хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй бол захиргааны журмаар цуцлуулж болно. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай нөхцөлд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.
5. Манай хүүхэд 4 настай. Эхнэр ажилгүй, бас хүүхэддээ төдийлөн анхаарал тавьдаггүй юм. Гэр бүлээ цуцлуулж хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Үүнийг хуульд яаж тусгасан байдаг вэ?
Гэр бүлийн хуулинд зааснаар 7-оос дээш насны хүүхдийг өөрийнх нь саналаар эцэг, эхийнх нь нэгний асрамжинд өгдөг. 7-оос доош насны хүүхдийг эхийн асрамжинд өгөх боловч эх өөрөө зөвшөөрвөл эцгийн асрамжинд үлдээж болно, Харин эх сэтгэцийн гажигтай, эсвэл бусад шалтгааны улмаас хүүхэд асрах чадваргүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.
6. Миний хүүхдийн эцэг тусдаа амьдралтай тул бид хамтран амьдрах боломжгүй юм. Гэхдээ хүүхдээ эцгээр нь овогломоор байна. Биднээс заавал гэр бүлийн баталгаа шаардах уу?
Эцэг нь хүүхдээ хүлээн зөвшөөрч өөрөөрөө овоглуулна гэвэл дүүргийнхээ Тамгын газарт зөвшөөрлийн анкетаа бөглөхдөө үүнийгээ тэмдэглэх ёстой. Эцэг нь хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд эх нь харъяалах шүүхэд өргөдөл бичиж шүүх эмнэлгээр хүүхдийн эцгийг тогтоолгож болно. Ийм тохиолдолд хүүхдийг эцгээр овоглож болно.
7. Манайх эцэг тогтоох лабораторитой болсон гэдэг үнэн үү?
МУИС-ийн Биологийн факультетад генетик молекул, биологийн лабораторийг саяхан байгуулжээ. Уг лабораторид молекул оношлогоо, ангилал зүй, амьд организмын удам төрлийн холбоог өндөр нарийвчлалтайгаар тогтоох, удамшлын өвчин оношлох, гэмт хэрэгтнийг илрүүлэх, хүүхдийн эцэг тогтоох зэрэг судалгааны ажил хийх боломжтой юм байна.
8. Манай нөхөр 1998 онд гэмт хэрэг үйлдсэн учир таван жилийн хорих ял аваад уг ялаа эдэлж байхдаа шоронд нас барсан. Тэгэхээр бид хоёрын гэрлэлтийг юу гэж үзэх вэ?Учир нь би одоо хүнтэй суух гэсэн юм?
Монгол Улсын Гэр бүлийн хуулинд зааснаар таны нөхөр нас барсан бол тухайн үеэс эхлэн та хоёрын гэрлэлтийг дуусгавар болсонд тооцно.
9. Би нөхөртэйгөө гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл бидний гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж үзлээ. Яагаад ингэж байгаа юм бол?
Бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор эсвэл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Гэрлэлт цуцлалт хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд бусдад учирсан хохирлыг гэр бүлийн гишүүдийн хөрөнгөөс холбогдох хуульд заасан журмын дагуу гаргуулна.
10. Манай нөхөр сураггүй алга болсон. Гэрлэлтээ яаж цуцлуулах вэ?
Оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон этгээдийг сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүхэд хандан сураггүй алга болсонд тооцуулна. Энэхүү үндэслэлээр гэрлэлтийг дуусгавар болсонд тооцуулах өргөдлөө та оршин суугаа газрынхаа сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргаарай. Өргөдөлдөө сураггүй алга болсон тухай шүүхийн Шийдвэрийг хавсаргана.
11. Оюутан хүн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Хаанаас авах вэ? Оюутны нэмэгдэл гэж байх уу?
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас сургуулиараа дамжуулан авдаг. Оюутны нэмэгдэл гэж байдаггүй. Тэтгэмжийн хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байхаар бодож (2005 онд 40000 төгрөг байгаа) 4 сарын хугацаанд олгогдоно.
12. Би 63 настай. Би улсад ажиллаж байгаагүй. Надад ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж олдох болов уу?
Та улсад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй учраас Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй байна. Харин та нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрхтэй.
13. Иргэн А, Б нар бүтэн өнчин 3 настай хүүхдийг үрчлэн авсан. Энэ тохиолдолд хүүхдийн асаргааны тэтгэмж авах уу?Авах бол ямар хэмжээний байдаг вэ?
Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж байгаа эцэг, эх үрчлэн авсан хүүхдээ 16 нас хүртэл нь тэтгэмж авна. Тэтгэмжийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байдаг ба үүнийг улиралд нэг удаа авна.
14. Манай хүүхэд 6 сартай. Эцгээс нь хүүхдийн тэтгэлгийн мөнгө сард хэдэн төгрөг авах вэ?
Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насных нь байдлыг харгалзан тогтоодог. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг олгогддог.
15. Би оюутан. Хичээлээсээ чөлөө авалгүйгээр хүүхдээ асарч байгаа. Иймд хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй юу?
Нийгмийн халамжийн тухай хуулийн 15. 2 дахь хэсэгт зааснаар их, дээд сургууль, коллежийн оюутан эх амаржсаны тэтгэмж авсны дараа хүүхдийг нэг нас хүртэл нь хүүхэд асарсаны тэтгэмжийг тухайн оршин суугаа сум, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагаас авах эрхтэй.
16. Ихэр хүүхдийн тэтгэмжийн хэмжээ хэдэн төгрөг байдаг вэ?
Хоёр ихэр хүүхэд төрүүлээд эсэн мэнд бойжуулж байгаа эхэд төрснөөс хойш гурван сарын дараа хүүхэд тус бүрт 20000 төгрөгийн тэтгэмж олгоно. Харин гурав ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол төрийн зардлаар асрамжилдаг бөгөөд асрамжлаагүй тохиолдолд хүүхэд тус бүрт 20000 төгрөгийн тэтгэмж олгоно.
17. Манай нөхөр цагдаа байсан. Би гурван хүүхэдтэй тэжээгчээ алдсаны тэтгэврийг хэдэн хувиар тооцож авах вэ?
20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар бодож тэтгэвэр тогтоолгодог. Та гурван хүүхэдтэй болохоор энэхүү тогтоосон тэтгэврийг 100 хувиар авна.
18. Хүүхэд асарч байх хугацаандаа дахин жирэмсэлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хаанаас авах вэ?
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүснэ. Та хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дээрх шимтгэлийг төлсөн бол нийгмийн даатгалын сангаас дахин жирэмсэлсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
19. Нөхөр бид хоёрт хууль ёсны баталгаа байхгүй. Амьдраад хоёр жил болж байна. Энэ хугацаанд нэг настай охинтой болсон юм. Гэтэл салах болоод хүүхдийн тэтгэмж өгөх тухай ярьтал наад охин чинь миний хүүхэд биш гээд байх юм. Үүнийг хаана хандаж яаж шийдвэрлүүлэх вэ?
Та одоо нөхрийнхөө оршин суугаа газрын шүүхэд эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж шүүхийн журмаар эцэг тогтоолгоно. Шүүхээр эцэг нь тогтоогдвол та хүүхдийн тэтгэлгийг гаргуулан авах эрх үүснэ.
20. АНУ-д нөхөртэйгээ гурван жил амьдарч байна. Одоо гэрлэлтээ цуцлуулах гэсэн юм хаана хандах вэ?
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гадаад улсад байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ цуцлуулахаар болвол Монгол Улсад захиргааны болон шүүхийн журмаар цуцлуулж болно гэж заасан байдаг. Ийм учраас та хоёр гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй бол энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ (эх хувийг нь) өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж захиргааны журмаар Монгол Улсад шийдвэрлүүлж болно. Харин 18 нас хүрээгүй хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай бол өөрсдөө заавал Монгол Улсад ирж шийдвэрлүүлнэ.
21. Би гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Одоо манай нөхөр гэртээ ирэхээ больсон. Би хүүхэддээ тэтгэлэг тогтоолгон авч болох уу?
Та хүүхэддээ тэтгэлэг тогтоолгон авч болно. Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай өргөдлөө хариуцагчийн оршин сууж байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлнэ.
22. Би 2000 онд нэгэн эмэгтэйтээ гэр бүл болсон юм. Бид хоёр, хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй нийлсэн юм. Дагавар хүүгээ насанд хүрсэн гээд өөрийн байр, жолооны курсээ бэлэглэсэн юм. Гэтэл миний төрсөн хүүг дээрэлхээд бүр хааяа агсам тавиад байх боллоо. Би их гомдолтой байна. Би бэлэглэлийн зүйлсээ буцааж авах боломжтой юу?
Монгол Улсын Иргэний хуульд зааснаар та дараахи тохиолдолд бэлэглэлийн зүйлсээ буцааж авах эрх үүснэ. Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг болон түүний төрөл садны хүнийг айлган сүрдүүлж амь нас эрүүл мэндэд нь хор хохирол учруулсан болон учруулахаар завдсан бол гэж заасан байна. Бэлэглэгчийг гомдоосон гэсэн үндэслэлээр та иргэний шүүхэд бэлэглэсэн эд хөрөнгөө буцааж авахыг хүссэн нэхэмжлэл гаргаж уг асуудлаа шийдвэрлүүлнэ.
23. Хүмүүс гэрлэхдээ хоёр талаасаа нийлүүлсэн эд хөрөнгийнхөө талаар ямар нэг гэрээ хийж болох болов уу?
Болно. Гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыгхариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцлийн талаар эд хөрөнгийн гэрээ байгуулж болно. Гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлнэ. Энэхүү гэрээгээ гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно. Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно.
24. Би хүүхдийн тэтгэлэг төлдөг. Одоо би нэгэн хувийн компанид ажилладаг. Миний цалин маш бага. Гэтэл хүүхдийн тэтгэлгээ төлөх ёстой бас өөрийн амьдралаа авч явах хэрэгтэй байна. Иймд хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгах хуулийн заалт байдаг уу ?
Болохоор заасан заалт Гэр бүлийн тухай хуульд байдаг юм. Үүнд нь : Таны хүүхэддээ төлөх тэтгэлгийн хэмжээ тань цалингийн 50 хувиас хэтэрсэн байвал та тэтгэлгийн хэмжээгээ багасгах хүсэлтээ өөрийнхөө оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.
25. Би эхнэртэй хүнээс хүүхэдтэй болсон юм. Би тэр хүнээс хүүхдийн тэтгэвэр тогтоолгож болох уу?
Хүүхдийн эцэг болох хүн эхнэртэй, эхнэргүй байх нь тэтгэвэр тогтоолгоход хамаарахгүй. Иймд та хүүгийнхээ оршин суугаа газрын харъяалах шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хүсэлтээ гаргаж болно. Хүүхдийн тэтгэлэг нь 11 нас хүртэл бол амьжиргааны баталгаажих доод түвшингийн (2005 оны байдлаар Улаанбаатарт 30000 төгрөг) 50 хувиар, 11-16 нас хүртэл 100 хувиар тооцож бодно. /62 дугаар асуултын хариултаас тодруулан үзэж болно/
26. Миний эхнэр бид хоёр АНУ-ын иргэн. Монголоос 8 настай бүтэн өнчин хүүхэд үрчлэн авах гэж байгаа. Энэ тохиолдолд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авах гэж байгаа тохиолдолд түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Мөн үрчлэн авах гэж байгаа хүүхэд чинь 7-гоос дээш настай хүүхэд бол өөрийнх нь зөвшөөрлийг авдаг. Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэн нь дээрх зөвшөөрлөөс гадна хүүхэд үрчлэн авах тухай хүсэлт түүнийг нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны орчуулга, үрчлэгч нь сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаарх эмнэлгийн магадлагаа, өргөдөл гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, байнга оршин суугаа газрын талаарх холбогдох байгууллагын тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлэх ёстой.
27. Манай нөхөр саяхан нас барсан. Бид хоёр нэг өрөө байртай. Хамт амьдраад 5 жил болсон боловч гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Манай нөхөр 10 жилийн өмнө гэр бүлээсээ салж гэрлэлтээ цуцлуулах үедээ 3 хүүхэдтэй байсан юм. Манай байрны ордер зөвхөн манай нөхрийн нэр дээр байсан болохоор байрыг хүүхдүүд нь авна гээд байна.
Иргэний хуулийн дагуу нас барагчийн албан ёсны эхнэр, нөхөр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, түүнийг нас барсны хойно төрсөн хүүхэд нас барагчийн төрсөн болон урчилж авсан эцэг эх нь хууль ёсны өвлөгчид байдаг. Таны хувьд гэрлэлтээ батлуулснаар хууль ёсны өвлөгч болох эрх үүсэх байсан. Иймд нас барагчийн хууль ёсны өвлөгчид нь түүний төрсөн 3 хүүхэд юм. Харин дээр дурдсан өвлөгчдөөс гадна өвлүүлэгч нас барахаасаа өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогддог бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд тэдгээртэй адил хэмжээгээр өвлөх эрх эдэлдэг болно.
28. Би өөрийн төрсөн дүүгээсээ хүүхдийг нь өргөж авах гэсэн юм. Хаана хандаж ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Та хүүхэд үрчилж авахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг эхнэрээсээ (нөхрөөсөө) авсан байх шаардлагатай. Дараа нь үрчилж авах хүүхдийнхээ эцэг эхээс хүүхдээ бусдад үрчлүүлэхийг зөвшөөрсөн тухай зөвшөөрөл хүсэлтийг бичгээр гаргуулна. Ингээд та хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө хүүхдийн оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргана. Өргөдөлд:
1. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
2. Хүүхдийн төрсний гэрчилгээ
3. Үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг эх, зсхүл асран хамгаалагч харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх зэргийг хавсаргана.
29. Би хүүхдийнхээ эцгээс салаад удаж байна. Хүүхэд маань одоо 8 настай. Тэтгэмж авдаггүй. Одоо хүүхдийн тэтгэмжийг авъя гэвэл болох уу?
Болно. Та хүүхдийнхээ эцгийн оршин суугаа газрын сум, дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж хүүхэддээ тэтгэлэг тогтоолгож болно. Таны хүүхдэд амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар тэтгэлэг тогтоогдох болно.
30. Хүүхэд асарсны тэтгэмжээс гадан нярай хүүхдийн тэтгэмж гэж байх юм. Үүнийг хаанаас авах вэ?
Нэн ядуу өрхийн эх хүүхдээ төрүүлснээс хойш гурван сарын дотор нэг удаа нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эрхтэй байдаг. Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна.
31. Би дөрвөн хүүхэдтэй. Олон хүүхэдтэй эхийн тэтгэмж авах уу? Бас нэг удаагийн тэтгэмж авч болдог гэх юм.
Олон хүүхэдтэй эхийн тэтгэмж нь дор дурдсан төрөлтэй байдаг.
Үүнд:
1. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа эх (эцэг)-д олгох нэг удаагийн тэтгэмжийн
хэмжээ нь тухайн үеийн амьжиргааны доод түвшингийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байдаг.
2. Тав ба түүнээс дээш хүүхэдтэй эх (эцэг)-д жил бүр олгох тэтгэмж, үүнийг төрүүлж өсгөн
хүмүүжүүлж байгаа 16 хүртэлх насны 5 ба түүнээс дээш хүүхэдтэй эх (эцэг) жил тутам тэтгэмж авах эрхтэй бөгөөд тэтгэмжийг хүүхэд тус бүрт 2000 төгрөгөөр тооцож жилд нэг удаа олгодог. Та олон хүүхэдтэйн нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн учир тэтгэмж авах тухай өргөдлөө холбогдох бичиг баримтын хамт 4 дэх хүүхдээ төрүүлснээс хойш 6 сар өнгөрсний дараа 4 долоо хоногийн дотор сум дүүргийнхээ нийгмийн халамжийн газарт гаргана.
32. Би үйлдвэрт ажиллаж байгаад осолд орсон юм. Надад ямар тэтгэмж өгөх вэ?
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсвэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдох эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно. Харин тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180 хоногоос хэтрэхгүй байна.
33. Иргэн тэтгэвэр, тэтгэмж авах ямар эрхээр хангагдсан байдаг вэ?
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжинд заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд цаатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр тэтгэмжийг авах эрхтэй. Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь тухайн даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд тэтгэвэр, тэтгэмж олгохгүй байх үндэслэл болохгүй.
34. Аав маань улсад 20 жил тасралтгүй ажилласан. Гэтэл саяхан нас барж оршуулгын тэтгэмж авах шаардлага гарлаа. Энэ талаар тодруулж өгнө үү?
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал оршуулгын тэтгэмж олгоно. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад оршуулгын тэтгэмж олгогдох болно.
35. Улсад 25 жил тасралтгүй ажилласан. Үүнээс хортой нөхцөлд 11 жил ажилласан эрэгтэй хэдэн насандаа тэтгэвэр тогтоолгох вэ?
Улсад нийт 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллажтэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
36. Гэрлэлт цуцалсан тохиолдолд орон сууцны асуудлыг ямар журмаар шийдвэрлэх вэ?
Гэр бүлээ цуцалсан аль нэг гишүүний өргөдлөөр доорхи материалыг бүрдүүлсэн тохиолдолд шүүх шийдвэрлэнэ. Үүнд:
1. Орон сууц олгосон тухай гэрээ, ордерийн бүртгэлийн хуулбар
2. Жил бүрийн хүн амын тооллогын тодорхойлолт, сар бүр орон сууцныхаа хөлсийг төлж байсан тухай орон сууцны конторын тодорхойлолт
3. Хорооноос гаргасан ам бүлийн тодорхойлолт
4. Орон нутгийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг материал бүрдүүлсэн байна.
37. Орон сууц хөлслөх гэрээг заавал бичгээр хийх ёстой юу? Гэр бүлийн гишүүд энэ талаар ямар эрх эдлэх вэ?
Орон сууц хөлслөх гэрээг бичгээр хийнэ. Бичгээр хийгээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна. Орон сууц хөлслөгчтэй хамт аж төрж байгаа гэр бүлийн гишүүд нь хуулиар буюу орон сууц хөлслөх гэрээгээр тогтоогдсон бүх эрхийг эдэлнэ.
38. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг яаж тооцож олгодог вэ?
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон авах эрхтэй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно. Хэрэв тухайн гэр бүлд хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100 хувь, хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 2 бол 75 хувь, хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 1 бол 50 хувь олгоно.
39. Миний тэтгэврийг 34000 төгрөгөөр тогтоосон. 2002 оны 10 дугаар сарын 1-ээс тэтгэврийн 20 хувийг хассан гэж сонссон. Мөн 65 хувиар биш 45 хувиар боддог болсон гэх юм. Ийм хууль, тогтоол хэзээ гарсан юм бэ?
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1,5 хувиар бодож нэмэгдэл олгож байна. Нййгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын 2002 оны 193 дугаар тогтоолын дагуу 2002 оны 10 дугаар сарын 1-ээс өмнө тэтгэвэр тогтоолгон авч байсан иргэдийн тэтгэврийг нэмсэн юм. 2002 оны 10 дугаар сарын 1 нээс хойш тэтгэврээ тогтоолгосон иргэд тэтгэвэр нэмэх дараагийн арга хэмжээнд хамрагдана.
40. Гадаадын иргэнтэй гэр бүл болбол ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?
Гэр бүл болох гэж буй хоёр орны иргэн хувийн анкет өргөдлөө холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлж холбогдох байгууллагад очиж бүртгүүлнэ. Ялангуяа гадаадын иргэд өөрийн улсын оршин суудаг байсан газраасаа холбогдох бичиг баримтыг бүрдүүлж ирэх нь чухал.
41. Би эхнэртэйгээ суухдаа гэр орноо бэлтгэж, тохижуулсан байсан. Мөн банкинд хадгаламж нээж, үүнийгээ өөрөө нэмэгдүүлж байсан. Эхнэр маань ажилгүй гэртээ сууж байгаад хүүхэд гаргасан. Бид хоёр гэр бүлээ цуцлуулах гэтэл эхнэр маань бүх хөрөнгөө хуваана гэх юм. Би энэ саналыг хүлээж авах ёстой юу?
Гэр бүлээ батлуулснаас хойшхи бүх орлогыг дундын өмч гэж үзнэ. Иймээс шүүх гэрлэснээс хойшхи үеийн хөрөнгийн хэмжээг тогтоож эхнэр, нөхөрт тэнцүү хувааж олгоно.
42. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал тулгамдсан асуудал болоод байна. Энэ талаар төр олон нийтийн байгууллагаас хийсэн судалгаа, зохиож байгаа ажил юу байна вэ?
Гэр бүлийн нэг гишүүн нөгөөгийнхөө эрх ашиг сонирхлыг зөрчиж бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн болон эдийн засгийн дарамтанд оруулах явдал ялангуяа сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс явуулсан судалгаагаар манай улсад гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртдөг. Хоёр хүүхэд тутмын нэг нь өндөр настангуудын 14 хувь нь хүчирхийлэлд өртдөг байна. Энэ байдалд дүгнэлт хийж төрөөс болон олон нийтийн байгууллагуудаас олон ажил зохиож байгаагийн нэг нь " Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч хуульч эмэгтэйчүүдийн холбоо, хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс боловсруулж УИХ-аар батлуулсан явдал юм. Энэ хууль батлагдсанаар энэ байдалд нааштай өөрчлөлт гарах нь дамжиггүй.
43. Төрөөс гэр бүлийн хөгжлийн бодлогын асуудлаар саяхан шийдвэр гарсан гэж сонслоо. Энэ талаар тодруулж өгнө үү?
Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоол өнгөрсөн хаврын чуулганаар батлагдсан. Энэ бодлогонд гэр бүлийн 10-15 жилийн хөгжлийг тодорхойлох юм. Гэр бүл судлал, гэр бүлийн асуудлаар мэргэжсэн цагдаа, өмгөөлөгч, шүүгч гэсэн шинэ мэргэжил бий болох юм. Мөн гэр бүлийн эдийн засагч, социологич, сэтгэл зүйч, багш, нийгмийн ажилтныг ч бэлтгэх юм байна. Өөрөөр хэлбэл 30-аас дээш жил ханилсан гэр бүл, үр хүүхдээ сайн хүмүүжүүлсэн эцэг эхийг төрөөс хүндэтгэн урамшуулж байх юм.
 

Гэр бүлийн баталгаа нь зөвхөн гэр бүлээ цуцлуулах асуудалд биш, хуулийн дагуу б...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 86
1234567891011
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN