Тусгаар тогтнолын хувьчлал 1.0
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга мэдээ

Тусгаар тогтнолын хувьчлал 1.0

2017.06.02
Эзний жолоочоос Эрдэнэтийн жолоодогч болсон нь

1.Түүх өгүүлэхийн өмнө

1996 он.  Хөлтэй нь хөлхөж,хөлгүй нь мөлхөж хөлжихийн төлөөх их тэмцэл өрнөж байсан тэртээх он жилүүдэд жинс оёж, ганзаганд гүйж, камер зарсаар хөлжсөн Х.Баттулга хэмээх залуу бизнесмэн "Пирамид" гэх чамин нэртэй компани байгуулж, “Холливууд” баарыг ажиллуулах болжээ.  Тулга боссын жолоочоор  сахал хочит Д.Эрдэнэбилэг ажилладаг байв.  Эзний жолооч хийж асан 1996 оноос “Эрдэнэт” үйлдвэрт эзэн суух хүртэлх  хорь гаруй жилийн дотор хэрхэн Монголын ард түмний бүтээн байгуулсан  хамтын өмч, улсын баялгаас  сорчлон луйвардаж,  тусгаар тогтнолын баганууд, төрт ёсыг хувьчдаа өмчилж ирсэн тухай  хүн бүр мэддэггүй, мэдүүлэхийг ч хүсдэггүй кино мэт түүхийг эргэн сөхье...



Энэ түүх бол зөвхөн нэг үйлдвэрт холбогдох  түүх биш. Энэ түүх бол төдий хэмжээний өмчийг, төртэй нь, хууль ёстой нь худалдан авах хэмжээний аварга том луйврын засаглал хэрхэн бүрэлдэж бий болсон тухай түүх. Монголын мөнгөн гүйлгээний дийлэнхийг эргүүлж байсан, хамгийн сайн менежменттэй “Худалдаа хөгжлийн банк”-ыг хэрхэн хувьчилж авсан тухай,  Монгол Улсын стратегийн чухал өмч, уул уурхайн гол орд газруудын лицензийг эзэмшдэг “Монголросцветмет” компанийг Төрийн Өмчийн Хорооны оролцоотойгоор хувьд шилжүүлсэн тухай,  "Хөтөлийн цемент шохой", “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концесс нэртэй луйврын хувьчлалын тухай, цаашид хувьчилж авахаар төлөвлөж байсан дулаан, цахилгааны станцууд, МҮОНРТВ зэрэг төрт улсын багана болсон салбарууд, түүний гол байгууллагуудыг гартаа хийх замаар Монгол Улсын тусгаар тогтнолыг банк төвтэй бүлэглэлийн саварт базах мега луйвар хэрхэн өргөжиж ирсэн тухай түүх.

Улстөр,  хууль хүчний байгууллагын удирдлагууд, тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нам дамжсан эрх мэдэлтнүүд, тэр ч бүү хэл Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүдийн оролцоотой явагдсан нь эдүгээ ил болсон энэ том луйвар монголчууд бидний өвөг дээдсийн амь биеэр олдсон тусгаар тогтнол, ард түмний баялагт халдахын сацуу барьцаа улам ахиулж, олон жилийн өмнөөс сойсон төлөөний хүнээ монгол төрийн толгойд суулгахаар санаархаж байна гэж үзэж буй тул ийнхүү илчлэхээс өөр аргагүйд хүрлээ.

2.Түүхийн төгсгөл буюу цаг хугацааны хайч

2017 оны хоёрдугаар сарын 10. “Эрдэнэт“ үйлдвэр ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх УИХ-ын нэгдсэн чуулган.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ядрангуй харагдана. УИХ-ын гишүүнээр нийт 17 жил, хоёр удаа Засгийн газрын тэргүүн, хоёр удаа төрийн тэргүүнээр сонгогдсон энэ зангарагтай улстөрчий имиж түүний нүүрийн баясгалан, өөдрөг уран илтгэл, сүүл үе уруугаа бол загалмайлсан эцэг маягтай баахан загнах бааварлах дүр төрх билээ. Ийм ядрангуй, ийм сүр сүлдгүй харагдах нь ардчиллын анхны арвангурвын нэг гэгдсэн шавилхан гал цогтой залуугаас Монголын улстөрд  “хаан” суусан гэгдсэн 27 жилд  магадгүй анх удаа. Тэрээр цаашаа харж бурууг хийж, наашаа харж зөвийг ярьж явсаар энэ хоёр эсрэг тэсрэг зөрчлийн туйл болсон  уг чуулганд үг хэлэхдээ эрхгүй цуцсан төрх анх удаа үзүүлэв.  Тэрээр үе үе санаа алдангаа “Эрдэнэт үйлдвэр тал нутгийн өвсөнд явсан тарган чадалтай саалийн үнээ байсан цаг бий, одоо бол эмчилгээ тэжээлийн цэгт очсон” хэмээн элдвийн л үг хэлсэн улстөрийн карьерт нь тэмээнээс тэмдэгтэй хошин шог болж үлдэх түүхэн анекдотоо авторлож хэллээ.

“Эмчилгээ тэжээлийн цэгт очсон” Эрдэнэт үйлдвэрийг худалдан авсан үйл явдлын хувьд УИХ-аас гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг тоймловол өнгөн дээрээ ийм юм болжээ.

Өмнө нь бараг үйл ажиллагаа явуулж байгаагүй, нэрээ хэдэнтээ өөрчилсөн компани 2016 оны гуравдугаар сард “Монголын Зэс Корпорац” болж хувирсан нь энэ компанийн нэр дээр “Худалдаа хөгжлийн банк”-нд данс үүсгэх ажлын бэлтгэл  байлаа. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалзаж “Монголын Зэс Корпорац” буюу “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д худалдахыг зөвшөөрчээ. Энэ өдрөөс сонгууль явагдсан 29-ний өдрийг хүртэлх хоёр 7 хоногийн үйл явдлын өрнөл сонирхолтой.  Учир нь зөвшөөрөл гарсан 13-ны өдөр Худалдаа Хөгжлийн банкин дахь Монголын Зэс Корпорацын дансанд гартаа хийж авсан өмч худалдан авах эрхээ эдлэхэд хүрэлцэх хөрөнгө байсангүй. Ингээд Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банкин дахь иргэдийн хадгаламж болон Монголбанкнаас монголчуудын нэр дээр өр бичээд мөнгө цуглуулах ажилдаа оров.



Гэнэт тодорсон шинэ тэрбумтан Монголын Зэс Корпорацийн захирал 27 настай Ц.Пүрэвтүвшингийн Улаанбаатар банкин дахь 112 тэрбумын хадгаламж(тухайн үеийн хөрөнгөөс тооцоход уг банк нэг зээлдэгчид 17.0 тэрбум төгрөгийн зээл олгох эрхтэй) багтав.  Дээр нь зургадугаар сарын 20-нд Худалдаа хөгжлийн банкнаас 75 сая доллар ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалан зээлэв.  Тэртэй тэргүй долоо хоногийн дараа буюу 27-нд Сангийн сайд Б.Болорын тушаалаар ТУЗ-ыг гартаа авмагц өмнөх оны ногдол ашиг гэх мэтээс бүрдэх 55,7 сая доллар Эрдэнэтээс шилжүүлээд авчихна.  Нэмээд өмнө нь хоёр удаа Монголбанкнаас 100 тэрбум төгрөгийн зээл авч байсан Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн QSC компани зургадугаар сарын 28-нд Монголбанкнаас 160 тэрбум төгрөгийн хууль бус зээл авч, улмаар Монголын Зэс Корпорацид  62,9 сая ам доллар зээлүүлжээ.  Энэ компани Хөгжлийн банкны бондын мөнгөнөөс 136.0 тэрбум төгрөгийн зээл авч байсан ба 2015 онд өөрийн хөрөнгөөр барьсан гэх 35.1 км төмөр замыг 90.3 сая доллараар улсад өгч байсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн концессын гэрээгээр авсан Золжаргалын хайртай “хүү” ажээ. Тэгээд ч хүрсэнгүй, ХХБ дахь хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөс ерөнхийдөө Эрдэнэбилэг, Пүрэвтүвшин нарын эзэмшлийн 3 компанид  зээл олгох, олгохдоо заримд нь Эрдэнэтээс худалдан авах зэсийн баяжмалыг барьцаалж  олгоод улмаар түүнийгээ Монголын Зэс Корпорацид эргүүлж зээлүүлэн барин арайхийж бүрдүүлснийгээ гурав цувуулан ОХУ-ын Альфа банкин дахь Пүрэвтүвшингийн данс руу шилжүүлжээ.  Нэг гүйлгээ хийгээд л нөгөө гүйлгээнийхээ эрэлд ямар сандралтай гарч байсныг нь үйл явдлын өрнөл харуулна. Яг л 15 жилийн тэртээ Худалдаа хөгжлийн банкыг “хуулийн дагуу” хувьчилж авах ганган хор найруулаад яг дуустал Н.Энхбаяр, О.Чулуунбат агсан нарт мөнгө дутаад сандардаг шиг юм болжээ.  Түүх давтагдсаар, энэ удаагийнх дээрээ дооз нь хэтэрсэн юм болсон хэрэг. 

Оросоос Монголд шилжсэн гэх улс хоорондын хөрөнгийн хөдөлгөөн  зарим нэг “эх орончдын” элэг зүрхэнд санаатай болон санамсаргүй будлиан үүсгэснээс биш төрийн юмыг төрийн мөнгөөр, өөрийг нь өөрийнх нь хөрөнгөөр худалдаад авчихдаг арга техник Монголд угтаа шинэ үзэгдэл биш. Эрдэнэтийн хувьд амташсан хэрээ 13 дахиж байгаад арай дэндүүлсний дээр Сайханбилэг цагаан цайлган гэх үү задгай амтай жул зангаа барьж дийлэхгүй “цаг хугацааны хайчинд орсон” гэж өчсөнчлөн сонгууль дөхөж ялагдахын цондон үнэртмэгц ямар ч үнээр хамаагүй мөнгө цуглуулж байгаад эргээд унах нүхээ малтсанд л ялгаа нь бий. 

Ямар ч гэсэн  “Монголын Зэс Корпорац” Оросын Альфа банкинд хугацаандаа багтаж ноосоо тушааж амжсан агаад Ардчилсан Нам ар далаараа цэвэр тавиулахад хоёр хоног дутуу байхад Б.Болор тушаал гаргаж  Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын торгон жолоог Худалдаа Хөгжлийн банкны талд атгуулах бичиг баримтыг үйлдэж амжжээ. Зургадугаар сарын 28 гэхэд МАН дотор нөхцөл байдал ил болов.  Орос Монголын найрамдлын бэлэг тэмдэг биш юм гэхэд хэн бүхний шахааны сав Эрдэнэтийг Элбэгдорж ба Ардчилсан намын банкны бүлэглэлд тийм гэнэгүй алдчихсандаа итгэж ядсан ах нам үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байсныг хэлэх хэрэгтэй. Маргааш нь сонгууль болох гэж байдаг. МАН гарч ирээд эд нар Эрдэнэтийг хуваагаад идчихлээ гээд хар пиар хийх гээд байдаг. Нохойд барих мод болсон Сайханбилэг шаварт унасан шарын эзний үлгэрээр 28-ны орой хэдэн медиа цуглуулж байгаад эв хавгүйхэн мэдэгдэл хийсэн нь саяхны түүх. Маргааш нь үнэмлэхгүй ялалт авсан МАН 10 сард хаврын чуулган эхэлмэгц ажлын хэсэг байгуулж, тэр нь дүгнэлтээ  2017 оны нэгдүгээр сарын 16-нд танилцуулав.  Улмаар хаврын чуулганы хаалтын өдөр 49 хувийг улсад буцаан авах тогтоолын төсөл хэлэлцэхэд анхнаасаа Ц.Нямдоржийг мэдэгдэл хийсэн даруйд л ”юун гуя” гээд гүйгээд гараад ирсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “шаварт унасан жинхэнэ шар”-ын үлгэрээр тийн муухай царайлан чуулганд сууж, монгол төрийн үгээр дэлхий үг хийхгүй, та нар шударгадаа биш Засгаа огцруулахын төлөө ийм юм хийж байна гэх ухааны юм хэлээд оймс гутал шидүүлэн алдсан нь тэр байлаа.

Дээр өгүүлсэн гуравхан сар гаруйн хугацаанд болж өнгөрсөн үйл явц, идэвхтэй оролцсон талуудыг нэгтгээд харъя: Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголбанкны ерөнхийлөгч, Худалдаа Хөгжлийн Банкны дэд захирал асан Б.Золжаргал, Худалдаа Хөгжлийн банкны эзэмшигч сахал хочит Д.Эрдэнэбилэг, Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банк, бусад зохицуулах төрийн агентууд...

49 хувийг худалдан авах арилжааны хэлэлцээр хоёр жил орчим үргэлжилсэн гэж Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон хэлсэн байдаг. Гэхдээ газрын зураг, цаг хугацааны масштабаа томсгоод харвал хорин жил бэлдэж хоёр жил хэлэлцэж хоёр сар гүйцэтгэсэн ажил гэхэд хилсдэхгүй.  Хоёр арван дамжин Монголын улстөр эдийн засгийн динамикыг тодорхойлсон Монголбанк, Засгийн газар, арилжааны банк, компани холилдсон луйврын урлагийн ноён оргил болсон ийм махинац хийх хэмжээний бүлэглэл гурван сарын дотор нэгдэж бий болоод гар нийлэн ажиллах боломжгүй нь ойлгомжтой. Тэгээд хэзээнээс хэн хэн нийлж явсаар энэ хүрэв?

3.Түүхийн эхлэл буюу төрийг худалдан авч, хуулиар хожоотой наймаа хийсэн нь

1997 он. Монгол Улсын хилээр 17 чингэлэг спирт хуурамч бүрдүүлэлт хийж орж ирсэн хэргийн эзнийг  Копполагийн  алдарт “Загалмайлсан эцэг” киноны Сицилийн мафийн нэрээр овоглосон Женко Баттулга гэж хэн бүхэн мэднэ. Тэрээр уг киног хэдэн арав дахин давтаж үзсэнээ нэгэнтээ ярьсан байдаг агаад одоо олдохгүй нь дамжиггүй өдөр тутмын сонинд  хүүхэд байхдаа хулгай яаж хийдэг байсан талаараа  хээв нэг ярилцлага өгсөн байдаг нь энэ киноных нь нөлөө ч байж мэдэх юм. Ямар ч гэсэн бааргүй “Сицилийн мафи” гэж юу байхав, овтой одтой залуу бизнесмэн залуучуудын соёлын төвд Холливууд хэмээх баар ажиллуулдаг, түүний жолоочоор Д.Эрдэнэбилэг гэх залуу ажиладаг байсан нь одоогийн Улаанбаатар банкны 99.1 хувь, Худалдаа хөгжлийн банкны 93.1 хувийн эзэмшигч сахал хочит Эрдэнэбилэг. 



Шилжилтэд туйлдсан нийгэм хямд архинд живж байлаа. Нөгөө талаас нь харвал найруулсан спирт шиг ашигтай бизнес байсангүй.  Овтой залуу бизнесмэн 17 чингэлэг буюу 340 тонн спирт хуурамч бүрдүүлэлт  хийгээд оруулаадахсан чинь баригдаж Төмөрзамын Цагдаагийн газраас эрүү үүсгэжээ. Олон хүний нэр холбогдож, удаан сунжирсан хэргийн явцад тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Билэгсайханы нэр дээр бүртгэлтэй Билэг гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд хадгалаатай байсан, монголчуудын хэдэн жилийн архины хэрэгцээ гэгдсэн 17 чингэлэг спирт ус болж хувирсан байдаг.  Ус, ариутгалын бодис гэж бүрдүүлсэн хуурамч баримт бичгийг буулгасан бичлэгийг телевизээс хулгайлж Х.Баттулгад авч өгсөн үндэслэлээр хэсэг хоригдож байсан түүхтэй, хожим “Миний мэдэх Женко” хэмээх ном хүртэл гаргасан кино найруулагч Д.Төрмөнх, Ард кино театрыг "бялуундаа" хувьчилж авсан Б.Сосорбарам нар ардчилсан хувьсгалыг хамтран манлайлсан андын нэг, тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид энэ хэргийг зуучилж өгснөөр Ерөнхийлөгч Н.Багабандийн анхааралд хүртэл ороод байсан энэ том хэргийг ус болгож ууршуулж чадсан гэгддэг. Х.Баттулга Со ах Со ах ирж жаал загнаж зөвлөгөө өгөв хэмээн жиргэж харагдах нь нэгэнтээ загнуулах юм хийж явсан дүүгийн жаяг.
 
17 чингэлэг спиртийн хэрэг бол Монголын хуульт ёсыг хахуульдаж, төрийн сүлд, түүний албатуудыг мөнгө ба эрүүгийн хэрэгтнүүдийн өмнө бөхийлгөсөн анхны том авилгын хэрэг байлаа. Энэ хэргээр Х.Баттулга ба Д.Эрдэнэбилэг нар төрийг худалдан авч болдгийг, Ц.Элбэгдорж хуулиар хонжоотой бизнес хийж болдгийг нээж мэдэв. Монголын мөнгөний улстөрд Ц.Элбэгдорж өдий дайны тоглолт хийж чадсан нь ийм том хэргээс эхлэн арга ухаан, зүрх зоригоо олсон  хуулиар наймаацах ур чадварт нь бий. Боссон ч, суусан ч мөнгө хийдэг.  Оюутолгойг залуу охин гэж цоллоод л, Саусгобиги Сэндсийн татварын хэргээр Каплаг суллаж өгөөд л, Тавантолгойг өгчих өгчих гэж зурагтаар нэг гараад л, Эрдэнэтийг эмчилгээ тэжээлд очсон хөгшин үнээ гэж хаацайлаад л... хаана мөнгөний хэрүүл байна, тэнд Элбэгдорж бий.

Ингээд ая эвээ олсон бүлэглэл арай хатуу юм гартаа хийх ажиллагаагаа эхэлжээ. 

4. Түүхийн өрнөл буюу хар пиарын түүхэн эхлэл ба урт шар дээл

2000-2004. Олон улсад  өртөг, бүтээмжээр өрсөлдөж ашиг хийх  боломж муу Монголд социализмын үед төрөөс бодлогоор хөгжүүлсэн салбар, аж ахуйн нэгжүүд болон байгалийн баялаг хамгийн том “булууны яс” нь.  Тиймдээ ч энэ 27 жилийн улстөрийн хэрүүл зодоон ерөнхийдөө гуравхан төрлийн асуудлыг л тойроод гардаг.  Төсвөөс төлөх зээл татаасыг хэн нь томхон идэх вэ гэдэг нь нэг том хэрүүлийн яс. Нөгөө хоёр нь уул уурхайг хэн ашиглах вэ, өмчийг хэн хувьчилж авах вэ. Тавантолгой ч, Эрдэнэт ч уул уурхайн болон улсын өмчийг хэн хувьчилж авах вэ гэдэг маргаанд орно. 

2000 он бол 1990-өөд онд хийгдсэн цэнхэр ягаан тасалбарын болон бэлэн мөнгөний хувьчлалын үе шувтарч МИАТ, АПУ, Монгол Даатгал, Говь, НИК гээд хамгийн чөмөгтэйнүүдийг нь дуудлага худалдаагаар дуудах дээр ирээд байсан үе. ОУВС жил тутам хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохдоо энэ онд хувьчлалаар төдөн тэрбумыг ол, энэ онд тэдэн ширхэг том улсын объект хувьчил, дараа жил хувьчлах жагсаалтаа танилцуул гэх мэтчилэн болзол заадаг байв. Хувьсгалын өмчийг хувьчлах санаа нь таалагдавч ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар хувьчлахаар өөрсдөө дутуу идчих гээд болж өгөхгүй. Яг энэ үеэр 2000 оны сонгуульд 72 суудал авсан намын дарга, цар хүрээгээрээ Ц.Элбэгдоржийг арай гүйцэхгүй боловч төрийн тамгаар түмэн зоос босгож явсаар авилгын загалмайлсан эцэг цол хүртсэн Н.Энхбаярын хэгэмони эхэлж байв.



Н.Энхбаяр хэмээх шинэ хүч түүний найз Монголбанкны Чулуунбат нар ба  хуучнаас бядтай Багабандь, Балдорж, ГОК-ын Отгонбилэг нарын фракцын хүч тэнцэж ирээд том аж ахуйн нэгжүүдийн хувьчлал тойрон булуу булаалдсан зодоон эхэлжээ. Том хувьчлалд том орохын тулд том мөнгө хэрэгтэй байлаа. Энхбаяр, Чулуунбат нарт  Монголбанкны алт, валютын нөөц, Засгийн газрын зээл авах тараах эрх байв. Үүн дээрээ тухайн үеийн Монголын мөнгөн гүйлгээний дийлэнхийг эргүүлж байсан  банк, Ц.Элбэгдоржийн хэлснээр тал нутгийн өвсөнд явсан тарган чадалтай үнээ Эрдэнэт үйлдвэр, ГОК-ыг нэмэх хэрэгтэй.

Ингээд Монголын улстөрд хар пиарын түүхэн эхлэл гэж хэлж болохуйц операц өргөн фронтоор хийгдлээ.  Ц.Элбэгдорж, Баабар, Ц.Төрмөнх нар нийлээд Н.Энхбаярын талд буюу Н.Багабаньдийн фракц, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага Ш.Отгонбилэгийн эсрэг “Зууны луйвар” нэвтрүүлэг хийж Ийгл телевизээр цацав. Төрийн өмчийн хорооны З.Энхболд “төр өмчөө мэдэж байна” хэмээн томорч, Д.Дорлигжавд Эрдэнэтийн удирдлагыг шилжүүллээ. Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сунгаанд ерөөсөө ч нэг ч хүн тоохгүй байсан ч хамаагүй ерөнхийлөгчийн засаглалтай ардчилал яриад гүйгээд байсан нь Ц.Элбэгдоржид өрөө төлж яваагаас зайлахгүй. Насаараа өртэй амьдрал гэдэг том мөнгө хийсний, тэрийг нь хэзээ ч барьж өгөхөд бэлэн хүнд хэрэгтэй цагт нь үйлчлэх ял үүрэхийн нэр.

Ингээд Эрдэнэтийн төсөвт тамга дарах эрх олж авлаа. Одоо зэсийн борлуулалтаас мөнгө хийх хэрэгтэй. ЭГОК-д хэний фракц нөлөөтэй байх дээр нэгийгээ  үзэж байсан тэр үеэр Отгонбилэг, Энэбиш нар ээлж дараалан бурхан болсон нь их сонин хэрэг. Ямар ч гэсэн Энхбаяр нарт хүссэнээ хийх боломж гарч Худалдаа хөгжлийн банкны хувьчлалыг эхлүүллээ.  Монголын ард түмний хоёр үе дамнан бүтээсэн өмчийг худалдаад авах мөнгө жигдхэн ядуу нийгэмтэй нэг гараанаас гараад удаагүй тэдэнд байх учир байсангүй. Тэгэхээр мөн л ард түмний мөнгө хадгалагдаж байгаа, нийт гүйлгээний дийлэнхийг хариуцдаг хамгийн сайн менежменттэй банкинд ноёрхлоо тогтоох, улмаар тэр мөнгийг нааш цааш хөдөлгөх замаар биет өмч, аж ахуйн нэгжүүдийг гартаа хийх.  Өнөө хэдээ бодвол басчиг эр хүний шийртэйдээ хамгаа хийчихээд хамтрагсаддаа дээрэмдүүлэхээ урдчилан харж чадаагүй Энхбаяр яг энэ тактикаар ажиллаж, өөрсдөдөө зориулсан тендерийн нөхцөл зарлав. Бүр өрсөлдөгчгүй хувьчилж болох тогтоол гаргажээ.  15 жилийн дараа Энхбаяр нь Элбэгдоржийн утсан хүүхэлдэй Сайханбилэг, Чулуунбат нь Золжаргалаар солигдсон баг Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах давуу эрхийг ч  өрсөлдөгчгүй “хувьчилж” орхисон боловч тухайн үетэй харьцуулахад ОУВС ч юм уу үглэх хүнгүйн дээр “цаг хугацааны хайчинд” тийм тогтоолтой манатай тэрнээс бохир ажил хийсэн хэрэг.  

Ингээд төрийн өмчлөлд байхдаа л жилдээ л 12 сая долларын ашигтай ажилладаг байсан банкыг 12 сая доллараар үнэлээд “Global Investment and Development” хэмээх оффшор компанид хувьчилсан нь 2002 оны төгсгөл. “Global Investment and Development” гэдэг нь тухайн үед  Эрдэнэтийн зэсийн борлуулалтын гуравны нэгийг зуучилж асан  Жеральд Металлз болон Европын хаанаас ч юм бэ олж ирсэн Лугано хэмээх жижиг банк, улмаар манай төр банкны луугарууд хамтран байгуулсан оффшор компани.  Тухайн үед энэ оффшор компанийн А зэрэглэлтэй давуу эрхтэй хувьцааг  Н.Энхбаяр, төв банкны ерөнхийлөгч О.Чулуунбат, төрийн өмчийн хороон дарга Пүрэвдорж нар эзэмшиж байв. Энэ оффшор үүсгэн байгуулагдахтай хамт тусгаар тогтнолын хувьчлал эхэлсэн, Н.Энхбаярын хаанчлал энэ оффшортой хамт эхэлж, үүнийгээ булаалгаснаар дууссан нь санамсаргүй хэрэг биш.  17  чингэлэг “ус” мартагдаж, Баянгол зочид буудал ч хувьчлагдлаа. 
 
Эрдэнэтийн 49 хувийг авах давуу эрхийг шилжүүлж авсныхаа дараа баруун солгойгүй баахан мөнгө хайж давхисан байдаг шиг Энхбаяр, Чулуунбат нар өөрсдөдөө зориулаад тендер биччихсэн хэрнээ эргээд төлөөд авах мөнгөгүй баахан сандарч давхисан байдаг. Тухайн үед 12 сая доллар гэдэг ОУВС хараахан Монголоос гарч амжаагүй, хуульчлагдсан дээрмийн хаанчлалаа хараахан эхлээгүй байсан Энхбаяр нарт их мөнгө. Тендерийн нөхцлөө зөөллөөд зөөллөөд, хугацааг нь сунгаж сунгаад бардаггүй. Чулуунбат агсан Швейцарь дахь улсын хатуу валютаас хүртэл хувьдаа 5 сая доллар гуйн захидал бичсэн нь хэвлэлээр гарч байжээ. Улмаар төлөх мөнгийг төсөвт багасган тусгаж, банкны ногдол ашгаас Засгийн газар татгалзсанаар хэдэн сая доллар гаргаж авчээ. Эрдэнэтийг барьцаалж зээл авч ирээд Эрдэнэтийг худалдаж авснаа, авсан зээлийнхээ төлбөр ногдол ашгаас нь хийчихсэн операцтай онц ялгарах юмгүй.  Н.Энхбаярын оронд түүнийг бодвол жижиг гар боловч Ч.Сайханбилэг, О.Чулуунбат агсны оронд Н.Золжаргал. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.

Энхбаяр нар энэ мэтээр туйлж эхлээд түүний урт шар дээл, том толгой хөнгөлөлттэй зээл болзолтой тулгах замаар арав гаруй жил Монголын эдийн засагт цэвэрлэгээ хийсэн ОУВС-тай таарахаар байжээ. Ингээд  ОУВС 12 жил орчим оролцсон бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, нөхцөлт зээлийн бодлогоо орхиод Монголоос гарав. Энхбаяр эрх мэдэлд согтуурч байгаад валютын сантай муудсан шигээ нөгөө хэдтэйгээ муудаж оймсоо гозолзуулсан байх магадлалтай.

5. Түүхийн үргэлжлэл...

Энхбаяр, Элбэгдорж, Баттулга нарын бүлэглэл улсын мөнгөн гүйлгээний дийлэнхийг эргүүлж байсан сайн банкны менежментийн багийг хагалахыг нь хагалж, худалдахыг нь худалдаж аваад улстөрчдийн шуналд барих мод, луйврын хувьчлалд эргүүлэх санхүүгийн бул болгож хувиргасан түүх энэ болой.

Уг нь ХХБ зүгээр ажиллаж байсан Монголын хамгийн сайн менежменттэй банк байлаа.  Ер нь хүний хөгжих хөлжих, бүтээн байгуулах тэмүүллээр хар зөнгөөрөө хөгжөөд явдаг хувийн хэвшил  авилгаас ангид оршин тогтнох боломжгүй хэмжээнд хүрсэн нь Энхбаяр, Элбэгдорж мэтийн Монголын эдийн засаг, тусгаар тогтнолд хувийн компаниудаар могой бариулж хумсаа шигтгэдэг улстөрчдийн бүтээл. Тэднээс болж бизнесээс илүү төрд зүтгэх, бизнес хийж байгаа нь зах зээлээс илүү төртэй найзалж гүйх, тэр хоёр нь нийлээд нийт эдийн засгаа сорох, сорох тусам нь идэх чөмөг нь багасах, багасах тусам нь өр олж ирэх, зээлэх тусам нь хүүгийн дарамт нэмэгдэх, нэмэгдэх тусам нь эдийн засаг туйлдах, туйлдах тусам нь тусгаар тогтнолын багана ганхах гэсэн цикл гүнзгийрсээр өнөөг хүрлээ.



Аз дутаж улстөрчдийн луйврын торонд хэлхэгдсэн Худалдаа Хөгжлийн Банк үүргээ гүйцэтгэж явсаар өдгөө өөрөө торонд орооцолдоод Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авна хэмээн амь тэмцэж байна. Түүнтэй хамт Монголын эдийн засгийн амь тэмцэл ч үргэлжилж байна.  Цахиагийн Элбэгдорж ч тойрсон хүрсэн болгоноосоо мөнгө саах боломж нь шавхагдаж, үнэнд гүйцэгдэх өдөр ойртохын хэрээр оймсоо гозолзуулахгүй үлдэх улстөрийн нүүдэл хийхээр амь тэмцэж байна.  Элбэгдорж нар ба Монголын эдийн засгийн амь тэмцэлд аль нь ялах вэ? Тэд энэ тэмцэлдээ ялахын тулд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойж байна вэ? Жолоочийн босс Женко Баттулга уу, “эмчилгээ тэжээл”-д очих шахсан Эрдэнэт үйлдвэрийг улсад буцаасан М.Энхболд уу?  Аль нь вэ гэдгийг таах амархан.  

Ус балгасан мэт явсаар 49 хувийг улсад буцааж авах акц хийгээд, 2016 он хүртэлх хуулийн наймаанд шалгалт оруулсан М.Энхболд томчуудтай тооцоо бодож, цаг үеийн эрэлтэд хариулах замаар улстөрийн шинэ лидер болж өөрийгөө тодорхойлох алхам хийнэ. Нэгэнтээ сахал Эрдэнэбилэгийн босс байсан ч Элбэгдоржийн нохойд барьдаг мод явсан Женко түүнтэй “амин эрх ашиг” нэгдэж ахиад махны машины бариул атгавал Энхбаярын түүх номер хоёр давтагдаж, Элбэгдоржийн түүх номер хоёр дахин эхлэнэ. Учир нь 20 жилийн өмнөөс эхэлсэн өнгөтэй өөдтэй бүхнийг хамах мастер төлөвлөгөө, хамаг Монголыг хувьчилж авах махинац дуусах болоогүй...

Н.Ганаа
"Монголчуудын амьдрал" сонин

1996 он.  Хөлтэй нь хөлхөж,хөлгүй нь мөлхөж хөлжихийн төлөөх их тэмцэл өрн...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 10
12
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN