Б.Баабар:Н.Энхбаяр гэдэг хүн гэр бүлээрээ Монголын төрд ноёрхолоо тогтоосон
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Үзэл бодол

Б.Баабар:Н.Энхбаяр гэдэг хүн гэр бүлээрээ Монголын төрд ноёрхолоо тогтоосон

2010.07.24
- Саяхан манай сонинд хэвлэгдсэн Ц.Элбэгдоржтой Энхбаяр ерөнхийлөгчийн тухай хийсэн ярилцлага нь ёстой сенсаац боллоо. Та тэр ярилцлагыг уншсан уу?
- Уншсан. Үнэхээр шуугиан болсон байхаа. Яагаад гэхээр news.mn-ээр орсон сэтгэгдэл нь гэхэд мянга хол гарсан байна билээ. Барагцаалсан тоогоор дор хаяж 150 мянган хүн уншсан гэсэн үг. Гого.мн дээр тавигдаад хоёр цаг болоход л хэдэн арван мянган хүн орсон. Одоо Монголд мэдээллийг тараагч нь сонин гэхээсээ интернэт болчихсон шүү дээ.
- Ер нь таны нийтлэл дээр хичнээн сэтгэгдэл гардаг вэ?
- Голдуу 200-300 гардаг нь их тоо. Тэгэхээр тэрнээс гурав дахин их байна.
- Хүмүүс тэгээд юу гэсэн байх юм бэ?
- Сайт дээрх сэтгэгдэл чинь хүмүүсийн үзэл бодлын илэрхийлэл биш шүү дээ. Энэний дийлэнхийг захиалгаар хэдхэн хүн хийж суудаг юм. Минийхээр орж хараал ерөөл бичдэг улсыг би бараг цээжээрээ мэднэ. Уншаад төрсөн сэтгэгдлээ бичдэг хүмүүс мэдээж бий. Тэр нь 20 орчим хувь л байдаг. Харин нийт хандалтаар нь нийт орсон, уншсан хүний тоо гаргаж болдог юм. 100-150 хандалт тутамд ойролцоогоор нэг сэтгэгдэл гэж тооцож болох юм билээ. Үүнээс гадна цаана нь тоолуур гэж бий шүү дээ. Би сэтгэгдэл огт уншдаггүй, гэхдээ статистик нь сонин байдаг юм. Ай пи-гээр шалгахад орж ирж буй сэтгэгдлийн дэндүү дийлэнх нь ердөө хэдхэн цэгээс гардаг. Бүдүүлэг муухай хараал, арга ядсан тачъяадал, хорсол, хонзорхол, хэн ч мэдэхгүй гэж бодсон бахархал, өөрийн өчүүхнийхээ хорслыг тайллаа гэсэн урамшил, ердийн атаархал л байгаа. Ийм юмаар өвчилчихсөн, бүр ажил болгоод өдөржин нус цэр хаяж суудаг хүн ч байдаг юм шүү дээ. Нэг төрлийн өвчин л юм даа. Хэн ч байсан хамаагүй орж нус цэр бөөлжис гаргаж суудаг, тэр нь цэнгэл болчихсон, нэг төрлийн сэтгэцийн өвчин л дөө. Аль ч нийгэмд тодорхой хэсэг нь ийм донд автсан байдаг. Социализмын үед манайд ямар олон матаач байдаг байсан гэж санана. Нийгэм нь тэрийг хөөргөөд урамшуулаад эхлэхээр бүр нийтийн дон болж байхгүй юу. Матаас хэлэхээр тосч авч ажил хэрэг болгодог газар маш олон, албан газар болгонд нам эвлэлийн үүр гэдэг чинь голлож ийм ажилтай байсан.
- Одоо матаас хүлээж авдаг газаргүй болсон учраас алга болсон байх аа даа ?
- Үгүй дээ, алга болоогүй. Нийгмийн байгууламжаас үл хамаараад хүн төрлөхтний 25 хувь нь солгой, 10 хувь нь бэлгийн өөр хандлагатай байдаг. Энэн шиг байхгүй юу. Цаанаасаа ийм гажтай төрсөн хүн матаасаа гаргах газар үргэлж олдог. Жорлонгийн ханан дээр элдэв сонин зураг, байшингийн ханан дээр болон орцонд хэн нэгнийг гутаасан бичиг хаа сайгүй л байдаг шүү дээ. Ийм хүмүүс голдуу сул дорой амьтад байдаг. Энүүгээрээ бахархаж чаддаггүй, бичихдээ бусдаас их нууна. Сайхан хүүхэн эргүүлчихсэн, эсвэл сүрхий зодоон хийчихсэн эр тэрүүгээрээ их бахархаж бусдад бүр дэгэсдүүлж ярьдаг даа. Гэтэл энэ матаачид чинь тэрүүгээрээ бахархаж болдоггүй, ерөөсөө энэ дон нь цаанаасаа тэгээд заяагдчихсан сул дорой үлбэгэр хүний ажил л даа. Доржготов гуайн нэг өгүүллэгт хулгай хийчихсэн хүн тэрүүгээрээ бахархах гэтэл чаддаггүй тамд унаад сүүлд нь тэсэлгүй гайхуулж байгаад баригддаг. Гэтэл ийм үлбэгэрүүд гайхуулъя ч гэж боддоггүй. Ер нь олны дунд ороод ганц үг чангахан хэлчиж чаддаггүй, хамаг юм нь дотроо бугшчихсан бүрэг дорой юмнууд байдаг учраас стрессээ тайлж байгаа хэрэг шүү дээ.
- Хүмүүс сэтгэгдэл их уншдаг санагдах юм.
- Үгүй байхаа. Хаалттай нийгэмд байсан хүмүүс гэнэт нээгдсэн учраас юм юм руу хэсэгтээ хошуурдаг. Ерээд оны эхээр анхны порно болон шалиг сонинг нэг их уншдаг байлаа. Дараа нь шар сонин уншиж бараг бүр орчихсон байсан. Одоо больчиж байгаа биз дээ? Ингэхээр манай нийгэм тусах ёстой өвчнөө л тусаж илааршиж яваад байна. Гэхдээ матаас бичигч гэдгээс гадна уншигч гэдэг бас дон нийгмийн цөөн хэсэгт бий. Айл айлаар ороод л хов зөөгөөд явдаг авгай нар байдаг шүү дээ. Зарлалын самбар дээр бичсэн өөрт нь ямар ч хамаагүй юмнуудыг нэгд нэгэнгүй уншдаг хүн бий. Сонин дээр гарсан гашуудлын мэдээг алгасалгүй уншдаг хүн ч байдаг. Энэ бол бараг төрөлхийн араншин. Солгой гэдэг шиг л. Солгойг засах нь хэрэггүй, бараг хортой. Үүнтэй адил цаанаасаа буй болсон араншинг засах ямар ч хэрэггүй. Тэгээд л төрчихсөн юм чинь яалтай нь билээ? Харин судалгааны хувьд бол их сонин сэдэв. Өрнөдөд энэ талын судалгаа гойд хөгжсөн, манайд бол эхлэл нь ч тавигдаагүй.
- Захиалгаар сэтгэгдэл бичдэг юм бол дон гэхээсээ мөнгөний төлөө хийж байгаа юм биш үү?
- Захиалга авсан бичигчид андашгүй. Би цэвэр психологийн талаас нь нэг хэсэг их сонирхож хардаг, статистик гаргаж үзэж байсан юм. Захиалга авсан нөхөд их залхуу. Голдуу кирилл, латин үсгээр хэдхэн юм баахан алдаатай биччихээд тэрийгээ копи-паст хийгээд явчихдаг. Нийгэмд нэр нь гарсан улс төрч, урлаг спортынхон дээр захиалга их байдаг. Тэднийг ай пигээр нь хөөж гарч буй хичнээн цэг буйг нь ч тогтоосон. Гэхдээ хэн гэдгийг нь биш хичнээн гэдгийг нь сонирхож статистик хийж үзсэн юм. Миний нэг дуртай хобби бол нийгмийн сэтгэл зүй. Энэ талаар би маш их олон ном уншсан. Хойно байхдаа өрөөндөө психологийн ангийн хоёр оюутантай олон жил өнгөрөөснөөс ийм сонирхолтой болчихсон. Нэг нь нас барчихсан, нөгөөтэй нь би байнга харилцаатай байдаг. Одоо тэр найз маань психологийн том эрдэмтэн болсон. Би өөрөө нийгмийн, ялангуяа Монголын нийгмийн сэтгэл зүйн талаар мөн ч олон өгүүлэл бичсэн дээ. Нэлээд нь гадаадын тэрбайтугай мэргэжлийн хэвлэл дээр орчуулагдаж тавигдсан шүү. Ном ч бичсэн. "Монголчууд" гээд ном маань англи, япон хэлээр бий.
- Манай сонин уг нь Элбэгдоржтой хийсэн ярилцлагаа тантай үргэлжлүүлэх гэсэн юмаа. Тэгсэн өөр юм руу хальтарч ороод аягүй бол таны тодорхойлолтоор өнөө гаж донтон нь болчих шиг боллоо.
- Тэр бол тухайн хувь хүний тухай биш нийгмийн хүний тухай ярилцлага болсон байна билээ. Нээлттэй нийгэмд олонд танигдсан хүн нийгмийн болж хувирдаг. Ялангуяа ард түмнийг төлөөлж шийдвэр гаргах эрхтэй хүмүүс бол нэг талаасаа бараг л нийгмийн өмч. Сая Обамаг ерөнхийлөгч болоход хоёр жаалхан охиныг нь "ингээд энэ хүүхдүүдийн хүний амьдрал дуусч, эцгийнхээ золиос болов оо" гэж бичсэн байна билээ. Иймээс нийтийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүний хувийн амьдрал ч, зовлон шаналал нь ч, гэр бүлийн амьдрал нь ч, баяр хөөр нь ч нийтийн асуудал болдог юм. Энийгээ мэдэж байж хүн улс төрийн амьдралд орох хэрэгтэй л дээ. "Энхбаяр хэлмэрчээ хийгээд явж байсан бол би тэрний тухай ярих ч үгүй байсан" гэдэг Элбэгдоржийн үг зөв. Яахав, угаасаа "буриад хөгшрөхөөрөө хэлмэрч, бух хөгширхөөрөө зааз" гэж үг ч байдаг л даа.
- Та тэгэхээр Элбэгдоржийн ярилцлагатай санал нэг байна уу?
- Мэдээж. Би өөрөө Энхбаярын тухай арав орчим өгүүллэг бичсэн. Гэхдээ би Энхбаяр судлаач биш шүү дээ. Нийтдээ би хоёр мянга орчим өгүүлэл бичсэн гэж үзэхэд өчүүхэн хувь нь байгаа биз дээ? Асуудал Энхбаяр гэдэг хувь хүндээ байгаа юм бишээ. Урьд нь буруу юм хийсэн, алдаа гаргасан гэж хариу авах, шийтгэх тухай ч асуудал биш. Энэ хүн Монголын нийгмийг тогтолцооных нь хувьд хангалттай хорлолоо. Дахиад цааш хорлох асар их ирээдүй байна. Иймээс салах цаг болсон юм биш үү? Ардчиллын нэг гоё тодорхойлолт байдаг юм. "Ардчилал гэдэг бол ард түмэн увайгүй удирдагчаасаа цус гаргалгүй салж болох бололцоог хэлнэ". Эсрэг талаас нь уран хэлсэн байгаа биз? Уг тэр ярилцлагаа Энхбаяртай өөртэй нь үргэлжлүүлбэл дээрсэн.
- Надтай уулзахгүй л дээ, уулзаад ч юм хэлэхгүй.
- Асуудал нь тэндээ биш. Манай сэтгүүлчид өөрснөө ярилцлага хийж чаддаггүй. "Сүхбаатарын талбайг тойрсон хэдэн барилга тантай холбоотой гэлцэх юм?" гэж асууж байгаа юм. Нөгөөдөх нь хөөрхөн дөнгөнө, "Манай аав Үйлдвэрчний эвлэлд ажиллаж байсан учраас зүүн байшинг холбодог, би соёлын яаманд байсан болохоор баруун байшинг холбодог..." гээд маазруулна. Зүй нь "Хуучнаар бол Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн үйлдвэрийн байшин өмчлөлийн хувьд үнэхээр танд түй ч хамаа байхгүй юу?" гээд асуух байхгүй юу. "Арцатын ам танд бүр ямар ч хамаагүй нь үнэн биз?" гээч. "Шаргалжуут, Гурваннуур, Оргил рашаан өмчлөл эзэмшлийн хувьд ерөөсөө одоо болоод ирээдүйд танд болоод таны төрлийнхөнд огт хамааралгүй юу?" гэж шалгаагаач. "Оргил рашааны хашаан дотрох баригдаж байгаа байшингууд, газрынх нь наймааны талаар та нэг сонирхооч" гэж хатгаач. "Төмөртэйн орд газрын 50 хувь нь хятадуудад, 25 хувь нь нэг монгол үлдсэн 25 хувь нь бас нэг монгол хүнд байх юм, тэр хоёрын нэг нь тантай ямар холбоотой юм болоо?" гэж сонирхооч. "Төмөртэй орд Төмрийн үйлдвэрийн мэдэл" гэж хариулна, тэгэхээр нь "Бишээ, тэрийг хэлээгүй, одоо төмөр зам татаж байгаа тэр орд нь!" гэж ирээд тодотгооч. "Буриадад Байгаль нуур орчмоор бизнестэй хүмүүсийг та таньж мэдэхгүй биз?" гэж шордооч. "Зууны мэдээ сонин, ТВ9 зэргийг та дэмждэг л гэлээ, гэтэл таны дэмжээд байгаа тэр өмчлөгчийг нэр овгоор нь хэл л дээ" гэж шалаач. Тэгээд хариултыг нь бүтнээр нь авчихаад цааш сурвалжилдаг байхгүй юу даа. Хамаагүй, би туслая л даа.
- Тэгэхээр хүний хувийн өмч хөрөнгөнд атаархлаа гээд уурлаад унах биш үү. Бас хувийн нууц гээд сүйд болох байлгүй?
- Нэгдүгээрт хөрөнгө орлогоо нийтэд ил хэлэх үүрэгтэй хүн. Хоёрт хамгийн гол нь хэн ч тэр дундаа төрийн албан хаагч яаж ийм юмтай болсон нь бүхний сонирхлыг татна. За яахав дээ, өнөө "ямаанаас эхлээгүй хэн байхав" гэгчээр идэж уугаагүй төрийн албан хаагч гэж хаа байхав. Манай өнөөгийн нийгмийн үнэлэмж харамсалтай нь ийм болчиж. Урьд би түмний хөрөнгийг тэр ч идчихлээ, энэ ч уучлаа гэж хар хүний өмнөөс шар хүн гэгчээр нэг их юм болдог байсан. Одоо бол ийм муухай нүгэлд өөрөө л орохгүй, өөрөө л цэвэр явж айлгүй амьдарч, үхэхийн цагт тайван уужуу байхыг л дээрд үздэг боллоо. Хичнээн итгэж явсан сайн нөхөр чинь хулгайч юм гэдэг нь мэдэгдэхээр дотор ёк гээ л явчихдаг юм. Олон дахин "ёк" хийхээр залхаад хар амиа бодон холхон л нүдээ аниад чихээ бөглөөд суухын түүс болно доо.
- Энхбаяр өмч завшдаг нь бага асуудал байж, яагаад гэхээр цөмөөрөө л тэгдэг юм чинь онцгой юу ч алга гэж та хэллээ шүү дээ. Тэгэхээр юу нь гол гэж?
- Түүхэнд нэг хүний гүйцэтгэх ролийг марксистууд л үгүйсгэдэг юм. Гэтэл энэ хорвоо чинь ямар өчүүхэн юман дээр тогтдог гэж санана? Ленин байгаагүй бол Октябрийн хувьсгал гарахгүй байсан гэж судлаачид нэгэн дуугаар хэлдэг. Нэрон байгаагүй бол өөр хүн Ромыг түймэрдэх байсан гэж үү? Александр пап, түүний хүү Цэзарь Боржиа хоёр дундад зууны Италийн байтугай баруун Европын түүхийг бичсэн. Бүх Европыг нэгтгэх тийм үл гүйцэлдэх амбиц Наполеоноос өөр хүнээс гарна гэж үү? Хэрэв Бэнжамин Франклин байгаагүй бол Америкийн дүр төрх өөрөөр бүрдэх байсан байх. Хэтэрхий ширүүн шудрага Гэндэн, олхиогүй Лувсаншарав, амгалан Амар, сагсуу Чойбалсан нар зөв ухаалгаар зохицож чадсан бол Монголын хувь заяа арай өөрөөр бичигдэх байсан байж ч болох.
Ингэхээр "Энхбаяр байгаагүй бол?" гэдэг асуулт өөрийн эрхгүй төрнө. Элбэгдорж зөв л хэлсэн байна билээ. "Энэ хүнээс өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү!" гэж.
- Яагаад ингэж удаан зууралдаж чадаад байна? Чадаад байгаа биз дээ?
- Маккавили гэж нэг суут хүн байлаа. Тэрний бичсэн "Дээдэс" гэж зохиол бий. Төрийг хэрхэн эзэгнэж, үр дүнтэйгээр тас зуурч эзэрхийлэх вэ гэдгийг хэлж өгсөн сурах бичиг. Энхбаярыг боловсролгүй хүн гэж хэлэхгүй л дээ. Өөртөө таарсан боловсролтой. Гэхдээ Маккавиллиг уншаад л анализ дүгнэлт хийгээд, тэндээс суралцах зиндааных биш байлгүй. Ингэхээр энэ хүн увайгүй аргаар засаглах төрлөхийн чадвартай юм. Нэрон ч, Боржиа ч Маккавилиг мэдэхгүй шүү дээ. Харин Маккавили тэднийг харж ийм учиртай юм байна гэж нээсэн хэрэг. Өнөөгийн соёлт ертөнц Маккавилиг мэднэ. Засагт нэг гарч аваад хэрхэн увайгүйтэн зууралдах сурах бичиг нь бэлээхэн байна. Гэтэл тэгэхгүй л байгаа биз дээ? Харин засгийн эрхэнд байгаад байх сонирхол бүгдэд нь бий. Угандад Иди Амин гэж байлаа. Бараг бичиг үсэггүй тэр хар ямар үхсэнийхээ Маккавилиг мэдэх вэ дээ. Гэтэл ХХ зууны хамгийн агуу маккавилист. Тэрнээс салахын тулд ямар их цус урссан гэж санана? Ингэхээр ийм хүмүүс төрдөг болохоос сурдаг юм биш.
- Тэр намын дарга болсоныхоо дараа хардах хагалган бутаргах ажлыг амжилттай эхлүүлсэн байх аа?
- Тэр хамгийн түрүүн хүмүүсийг хагалан бутаргаж, биенээсээ цэрвэх байдлыг буй болгож чадсан. Түүнийг УИХ-д орж ирэхээс өмнө танхимд хэрэлддэг, дараа нь хамт тамхилдаг, заримдаа архиддаг дотно уур амьсгал байсан. Одоо энэ Нямдорж бид хоёр чинь дажгүй найз нөхөд байлаа шүү дээ. Энхбаяр намын дарга болуутаа л нөхдөө хардаж хатгаж эхэлсэн. Тоглоом шоглоомоор тэднийгээ туршуул, тэр энэний найз, та хоёр холбоотой юм чинь чи л очоод найзтайгаа яриад ир гэх мэтээр шордоно. Намын дарга тэгээд байхаар өнөөдүүл нь болгоомжилдог, цэрэвдэг болоод ирж байгаа юм. Дараа нь заалнаас гарч төрийн алба хааж байгаа болон энгийн намын гишүүдээ ийм байдал руу оруулсан. Тун ч удалгүй ардчиллынхантай бусдын нүдэн дээр яриад зогсох зоригтой хугийн хүн байхгүй л болсон юм даа. Өөрөө болохоор их уулзамтгай. Тэрийгээ ёрдоод, сүрдүүлээд, аргалаад гэх мэтээр тайлбарлана. Хамгийн түрүүн жилийн өмнө өөрийг нь намын дарга болоход дэмжээгүй хэсгийг шордож эхэлсэн. Ингэж Багабандийн бүлэг гэж үүссэн юм шүү дээ. 1998 он гэхэд Энхбаяр албан бусаар энэ орны эзэн болсон. Тэрний зөвшөөрөлгүйгээр улс орны ямар ч ажил шийдэгддэггүй болчихсон. Тэр дараагийн албан ёсны эзэн болно гэдэг нь сохор хүнд ч тодорхой болоод ирлээ. Намынхан нь түүнээс үнхэлцгээ хагартал айдаг, аль болох ая эвийг нь олох гэдэг, эвгүй сэтгэгдэл төрүүлчихээс болгоомжилдог болоод ирж байгаа юм. Надтай гэхэд Баяр, одоо энэ элчин Хангай, Үндэсний шуудангийн Ганболд энэтэр гээд хэдхэн хүн л Энхбаярын хардлагыг тоодоггүй, найз бол найзаараа байдаг байсансан. 2000 онд би нэг хугийн урьд нь зүгээр байсан нөхөртэй уулзах хэрэг болов оо. Тэгсэн Зайсанд очиж уулзая гэдэг юм байна. Уулзлаа. Тэгсэн эзгүй хээр оччихоод шивэгнээд байж билээ, зайлуул. Хөөрхий дээ, цөмөөрөө л нэг иймэрхүү болчихсон.
- Намынхаа хуучин кадруудыг намаасаа зайлуулах нь түүний хувьд чухал алхам байсан юм шиг байгаа юм?
- Энхбаяр намын дарга болсноосоо эхлээд шууд тавдугаар цуваа бий болгож эхэлсэн. Энэ цуваа нь намын хуучин кадруудыг түлхэж унагах, зайлуулах зорилготой байлаа. Ингэж мөнөөх алдартай Залуу социалист луйварчдын холбоо үүссэн юм. Тэрэнтэйгээ өрсөлдүүлэхийн тулд зэрэгцүүлээд нэгийг байгуулсан. Эдний хоорондын өрсөлдөөн юугаар төгслөө дөө. Ямар ч боловсролгүй махчин Иди Амин ингэдэг байсан, ингэхээр энэ арга бол цаад хүний увайгүй байх эсэхээс хамаардаг юм. Ингээд л хууччуудаа шахаж эхэлсэн. Английн монгол судлаач Алэн Сандэрс гээд нэг өвгөн бий. Британника тольтой хамтарч ажилладаг юм билээ. Тэрийг уургалаад авчиж. Тэгээд 2002 оны жилийн хавсралтанд "Энхбаяр нь үхширсэн коммунистуудыг шахан зайлуулж намаа цэвэрлэн социал демократ болгосон" гэж бичүүлсэн байдаг юм. Нөгөө үхширсэнүүд нь Даш-Ёндон, Өөлд, Чимид, Гомбосүрэн энэтэр шүү дээ.
- Тэдний араас төрийн албан хаагчдыг золигт гаргаж эхэлсэн байдаг байх аа?
- Дараа нь "үхшрэлийн" эсрэг тэмцэл нь 2000 оноос төр рүү орсон. 15 мянган төрийн мэргэшсэн ажилтанг ажлаас нь халаад хаяж байгаа юм даа. Ардчилсан засгийн үед төрийн албаны нийт ажилтны 60 гаруй хувь нь хувьсгалт намынхан байсан. 2000 оноос ардчиллынхан байтугай нам бусчууд, ардчиллынхантай ойр дотно байсан хугийнхан хүртэл гудамжинд гарсан. Хүмүүс мартамхай даа, 2002 онд намтайгаа гэрээ хийж итгэлцэл байгуулахгүй бол төрийн албаар шагнахгүй гэсэн кампанит ажил болж байсан. Төрийн ажилтнууд гэрээ гэгчид гарын үсэг зурцгаагаад л. Энэ бол Энхбаярт үнэнч байхаа гарын үсгээр батлахыг шаардсан хэрэг. Мэргэшсэн төрийн ажилтнууд буюу түүний нэрлэснээр үхширсэн хэсгийн ажлыг хэн авсан гэж санана? Ямар ч боловсрол гэх юмгүй, улаан шудрага, наад захын мораль, ёс жудаггүй, бүдүүлэг, бичиг үсэг тааруутай гарууд гарч ирсэн дээ. Тэрээр төрийн албыг худалдаалах увайгүй явдлыг санаачилж амьдралд нэвтрүүлсэн хүн. Ху намд огт хамаагүй боловч төлбөрийн чадвар сайтай олон хүн төрийн том албанд гэнэт олноороо орж ирэн Энхбаяраас намын чойг авч хүзүүндээ зүүж байлаа. Дам болон шууд утгаар нь хэн юуг хэдээр худалдаж авсан олон тохиолдлыг би мэддэг юм. Эндээс албан тушаалын ханш үүссэн. Худалдан авах хэлбэр нь "хандив" нэртэй. Замаа алдсан даа! Сүүлдээ тэндэр "хандив"-аар хэмжигдэх боллоо. "Нэг бизнес байнаа, их ашигтай юм, мэдээж 30 хувийг нь намдаа хандивлаад..." гэсээр орж ирнэ шүү дээ. Замын гэлүү өндөр хүчдэлийн гэлүү тэндэр авсан нэг компанийн захирал халтуурынхаа төлөө шүүхэд дуудагдаад "10 хувийг нь төв намдаа хандивласан, 10 хувийг нь яамны намын хороонд хандивласан, 10 хувийг нь тэндэрийн намын хороонд хандивласан, үлдсэнээр нь би үүнээс дээр юу барих болж байна?" гэж мад тавьж байсан. Энэ онигоо биш шүү, эзэн нь одоо их том албанд байгаа.
- Албан тушаалын татварыг бий болгосныхоо дараа тэр эрх мэдлийг туйлшируулж эхэлсэн үү?
- Дараа нь хөөрхий "хувааж аваад захир" гэдэг нэн эртнээс мэдэгддэг феодалын ёс тогтоосон доо. Татвараа дээш нь хураалгаад доош нь бол ард түмнийг дээрэмдэх ёс шүү дээ. Эзэмшил газар дээрээ нэр бүхий феодал дураараа дургиж болно, хууль ёс ёстой падгүй, гагцхүү дээшээ л үнэнч, тэгээд татвар төлдөг байх ёстой. Хан-Уул дүүрэг дээр их тод харагддаг юм. Ингэхээр хулгай зэлгий, залилан, авлига, шамшигдуулал найгаа алддаг юм байгаа биз дээ. Хамтарч цөлмөх систем. Гэхдээ энд Энхбаярын нарийн ухаан харагддаг. Бүгдэд нь цөлмөх бололцоо олгочихоод бүгдийг нь бүртгээд баримтжуулаад өөртөө хадгалчихдаг. Ингэхээр бүгд потенциал эрүүгийн гэмт хэрэгтнүүд, хэзээ ч хэн нь ч шоронд ороход бэлэн рецедивүүд. Ингээд хөөрхий тэд хаашаа ч гарахаа больж буй нь тэр! Бүгд ямаанаас эхэлсэн юм чинь.
- Нэгэнт эрх мэдэл гэдэг хүлээн зөвшөөрөгдсөн дээрэм болж хувирсан болохоор түүнд дуртай хүмүүсийн уртын урт цуваа Н.Энхбаярын өрөөний үүдэнд дугаарлахаас өөр аргагүй болсон дог?
- 2000 онд УИХ-ын гишүүдийг Байгаль орчны яамны үүдэн дээр очирлуулчиж байгаа юм даа. Аргаль угалзны агнуурын эрх авахаар 3 мянган долларын ашиг гардаг юм байж. Хөөрхий нөгөөдүүл нь сайдын үүдэн дээр очоод очирлочихсон. Тэрийг нь бах болгоод л, тэр тэр очирлоод тэдэн аргалийн эрх аваад тэрэнд тэдээр өгөөд гэсэн шиг толгой сэгсэрч ярина. Заримд нь оч гэчхээд утсаар "наадахдаа битгий өгөөрэй" гэж царайчлуулна. Тэгээд эргээд ирэхээр нь хажууд нь утсаар загнаж, эсвэл гуйж "тус болно". Дараа нь газрын наймаа гарч ирсэн. Энхболд газрын наймаа хийсэн гэж яриад байдаг, үнэндээ түүнд мэдэл байгаагүй, Энхбаяр зохицуулж эцсийн шийдвэр гаргадаг байсан юм шүү дээ. Хүнд "үгүй" гэж хэлнэ гэж байхгүй дээ. "За" гээд л гарч амжаагүй байхад нь утасдаад "үгүй" болгочихно. Тэгээд л яс хаянаа. "Чамайг би дэмжээд байдаг, цаад тэр чинь чамайг үзэхгүй юм, уг нь хараад байхад та хоёр биендээ гайгүй л байх шиг байдаг, гэхдээ цаанаа нэг эртний юм байгаа юмаа даа. Гээд би цаадахыг чинь сайн шахаж байгаад чиний хэргийг бүтээчихэе" гэх маягтай. Түүний кабинетийнхэн биенээ үздэггүй байсан юм шүү дээ. Цөмөөрөө Энхбаяртаа сайн гэж жигтэйхэн. Бүгдэнгийнх нь хулгай луйвар хашрын бүртгэлд байгаа. Тэд нүдэн дээр баяжсан даа. Солих гонжоомгүй байсан улс жилийн дотор аль үнэтэй байр машинаар гоёж, эхнэр хүүхэд нь лут бизнесчин болсон.
- Гар бариад бугуй барь гэдэг шиг барьцаа лавшируулахын тулд дараа нь яасан бол?
- Хувийн компаниудыг захирдаг болж эхэллээ. Ардчилсан намыг дэмждэг нэрээр хичнээн олон компанийг шатаасан гэж санана. Очоод шалгуулаад дарамталчихана. "Дампуурч модоо барьтал нь дарамтал" гэж үүрэг өгч байсан олон тохиолдол бий. Эндээс манай нийгэмд хоёр нүүр гаргах муухай ёс журамгүй явдал газар авсан. Таван оны сонгуулийн үеэр Ардчилсан намын нэг бизнемтэй зүтгэлтэн намдаа 20 сая төгрөг ил тодоор баяр ёслолын байдлаар алга ташуулан хандивлачихаад, орой нь бүрийгээр Энхбаяр руу тав дахин их мөнгө цүнхлээд сэм "хандивлаж" байх жишээтэй. Урьд нь айлгачихсан, дараа нь яах ч юм билээ гэж байгаа хэрэг шүү дээ. Тэндэр хэнд өгөхийг шийднэ. Өөрт нь сайн хандивлагч л тэндэр авна. Энэ орон ч дампуурсан даа, тогтоцын хувьд.
- Н.Энхбаяр бас шүүхийг бүрэн дампууруулж дуусах шиг боллоо. Сүүлийн үед шүүхийн өмнөөс ичдэг боллоо?
- Ерөнхий сайд байхдаа шүүхийг их шүүмжилж, байн байн толгой сэгсэрдэг байсныг нь санаж байна уу? "Манай шүүх ч бишээ, улайм цайм ийм юман дээр л ингэж байгаа юм даа!", "Шүүх ер нь нэг хүнээс хамаараад байнаа!", "Шүүх дэндүү шудрага биш байна!", "Цаанаа эзэнтэй болохоор зовлонтой юм!". Багабандийг л хэлээд байгаа хэрэг шүү дээ. Багабанди ч зүгээргүй л байсан байх, гэхдээ одоогийн Энхбаяр шиг ингэж улаандаа гарч байгаагүй болов уу. Тоглоом хийдэг юм шүү дээ, шүүхээр. Эхэлж захиалж баахан чангална. Тэгснээ эргээд учиргүй тус болно. Өршөөж байгаа хэрэг. Бурхан өөрөө! Ингээд л хөөрхийг гартаа хийгээд хөдөлгөхгүй болгож байгаа юм даа. Авилгатай тэмцэх газар байна. Сталин 1937 онд цэвэрлэгээ хийчихээд эргүүлээд цэвэрлэгч нараа бүгдийг нь хүйс тэмтэрсэн тухай эд нар сонсоогүй байхаа. Би одоо Сталины тухай маш гоё баримтат ном орчуулж байгаа, 500 орчим хуудас том эд, ирэх намраас дуусчих болов уу. Тэр болтол эд зайлуул байж л байгаасай даа.
-Шүүхийг өөртөө үйлчлүүлж эхэлсэнийхээ дараа хэвлэл мэдээллийнхнийг базаж авсан. Энэ бол хамгийн эмгэнэлтэй үйл явдал болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
- Ардчиллын нүдэнд харагдах хамгийн тод илрэл нь мэдээллийн хэрэгслэл юм шүү дээ. Мань хүн чадсан л юм даа. 2000-2004 онд манайд чөлөөт хэвлэл бараг алга болчихсон. Зурагт ч ганцхан байлаа. Уул нь зурагтыг 1999 онд хуулиар олон нийтийн болгосон. Энхбаярт хууль ямар хамаа байх билээ. Муусайн шар сонингуудыг ч ганц болгосон доо. Эхлээд татвараар боож гарсан. Тэд урьд нь татвар ч өгч үзээгүй эрхээрээ хатсан юмнууд байлаа. Дараа нь заримаас нь хааж эхэлсэн. Хүүхний мээм үзүүллээ гэж хааж байсан юм. Асуудал мэдээж мээмэнд биш л дээ. Дараа нь ивээгээд мөнгө төгрөгөөр худалдаж авч эхэлсэн. Монголын сэтгүүл зүй ямар арчаагүй хэврэг болохоо тэгэхэд нэг харуулсан даа. Дөрвөн жилийн дотор хэвлэл мэдээллүүд Энхбаярыг 27 удаа оны шилдэг хүнээр шалгаруулсан байдаг юм. Долигонох уралдаан зарлачихсан юм шиг болсон. Эхнэр нь хэвлэл мэдээллийн хатан хаан боллоо. Шоглож байгаа юм шиг "чөлөөт хэвлэлийн" үү! 2004 онд депутат нөхөр Мөрөнгөөр оролдсон хэргээр нэг жаахан охин шоронд оровоо. Яг тэрнээс хэдхэн хоногийн дараа эхнэрийнх нь толгойлдог чөлөөт хэвлэлийн холбооноос Энхбаярыг олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "хэвлэлийн эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч" шагналаар шагнаж төв талбай дээр гардуулдаг юм! Төр өөрийн хэвлэлтэй байхыг хориглосон хууль 1999 онд гарсан. Гэтэл Засгийн газрын нөөц мөнгөнөөс тухайн тухайн хэвлэлийн захиалгыг ямар олон саяар хичнээн жил даасан гэж санана. Чингисийн удмын эхнэртэй тухай сонинууд ам уралдан бичиж саймширч байсныг одоо хүмүүс санаж байгаа болов уу? Зурагтаар хүмүүс баян тарганаа гайхаж л ярилцлага өгдөг байлаа. Өлсдөг, даардаг, дээр нь жаргаж байгаагаа тогтмол ярьж суух л хүний нандин эрхэмсэг оршихуйг ганц сайн гутааж байгаа хэрэг юм шүү дээ.
- Ингээд Энхбаярын гэх хязгааргүй хаанчлал тогтсон юм биз дээ?
- Ер нь гэр бүлээрээ ноёрхоод эхэлсэн юм даа. Тосонцэнгэл сумын сургуулийг төгссөн гурван хүн зэрэг төрийн нарийн, агентлагийн даргаар дэвшиж байсныг санаж л байна. Тас хөдөөнөөс нэг тэнэгийг газар доороос ухаж гаргаж ирээд тансаглуулчихаар ёстой нэг нохойноос дор юм болж, долоогоод салахаа болино биз дээ. 2002 онд байна уу даа, би Бээжингээс нааш нисэх болсон чинь МИАТ мебель зөөгөөд унадаг юм. "Хэний юм?" гэсэн Энхбаярын ээжийнх гэнээ. Тэгэхээр нь яаж тэсэх вэ дээ, бичээд орхилоо. Тэгсэн "Зууны мэдээ" сониноор дамжуулж хэрэг эрхлэхийнхэн тайлбар гаргажээ. Урагшгүй ноёнд ухаангүй зарц! Энхбаярын ээж Улаанбаатарын утааг арилгах Японы төслийг удирддаг учраас тэр мебель түүний хувийнх нь биш, төслийн юм гээд пал хийтэл авдаг байгаа. Гурван яам, тамгын газар зөвлөх хийдэг байсан, одоо яаж байгаа юм бол? Эхнэр нь яагаад Тагнуулын газрын ерөнхий зөвлөх болоод генералуудыг урдаа очирлуулан ёслуулж байсны учрыг би мэднэ л дээ, гэхдээ тэрийг ярьвал арай муухай юм руу ороод хэтэрчих байх. Ер нь их сүрхий боловсролтой дажгүй сэргэлэн бүсгүй гэсэн. Энхбаяраас тэр болгон ухаан гарах чадвар угаасаа байдаггүй гэж ойр байсан улс нь ярих юм билээ.
- Ерөнхийлөгчийн гэхээсээ Цолмонгийн татаасууд төрийн албаар дүүрэн гэж сонссон юм байна. Та энэ тухай юу хэлэх вэ?
- Би айлын авгай хүүхэд рүү ороод л хов хутгамааргүй байна л даа. Гэхдээ энэ ард түмний өмнөөс шийдвэр гаргадаг хүний хувийн асуудал нь нийгмийнх болчихдог юм. Олон чухал түлхүүр местэнд голдуу орлогч даргаар нь тэдний гэр бүлийн тавиул байдаг юм шүү дээ. Тэднээр дамжуулж төр барих гол ажлаа нугалдаг. Энийг олон хүн мэднэ. Ийм ажлын арга барил, төрийн хэрэг шийдэх механизм энэ оронд тогтоод чулуужаад, бүр угаасаа ийм байх учиртай юм шиг болоод хэвшлээ дээ.
- Ингээд л төрийн хямрал эхлэх нь тэр үү?
- Монголын төрийн гамшиг бол буруу шийдвэр гаргаад байдагт биш, огт шийдвэр гаргаж чадахаа болиод параличд орчихдогт байгаа юм. Шийдвэр буруу гарлаа гэхэд эргээд засаж болно, харин огт шийдвэр гаргахгүй таг болчихоор ёстой алуулж байгаа нь тэр. Төрийн машиныг гацааж шийдвэр гаргах механизмыг нь зогсоож хүчгүйдүүлэх аргыг анх Энхбаяр л санаачилж амьдралд нэвтрүүлсэн. 1997 онд тэрээр УИХ-д орж ирэн намын дарга болсноосоо хойш өөрсдийхнийгээ авч хурал хаян шийдвэргүй болгох ажлыг амжилттай зохион байгуулсан. Энэ гурван жилд 120 орчим удаа "Ху"-гийнхан хурал хаясан байдаг юм. 1999 оноос УИХ ямар ч шийдвэр гаргаж чадахаа болиод бүрэн саажиж байлаа.Ерөнхийлөгч болоод төрийн машиныг гацаах шинэ арга олсон нь давхар засаглал юм. Засгийн газрыг тухайн үедээ Энхболд биш Энхбаяр толгойлж байсан. Франц, Англи, Япон явахдаа Засгийн газрыг бараг тэр чигээр нь дагуулан зөвхөн Засгийн газарт хамаатай асуудлыг шийдэж явлаа. Шийдчихсэн юм уу гэхээр эргэж ирээд өнөө ажлаа зориуд нураана. Ерөнхий сайдыг гутааж буй царай нь. Асгатын асуудалд ингэж л байсан. Өөрөө Ерөнхий сайд байхдаа Багабандийг агентлагаар айлчиллаа гэж алангаа алдаж байсан хүн шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэгч машин гацаадаг нэг тоглоом тэр бодож олсон. Өөрөө хөндлөнгөөс оролцмоор сонирхолтой юм гараад ирвэл энэ зөвлөлөөр оруулна гээд гацаачихдаг. Одоо тэнд хэдэн зуун асуудал овоолоод түгжчихсэн байгаа. Үнэхээр маккавилизмыг ардчилсан төрд бүтээлчээр хэрэгжүүлж байгаа хүн дээ!
- Төрийн машиныг гацаахын тулд давхар засаглал бий болгосон шигээ өөрөө мөнхөд хаанчлахын тулд сонгуулийг луйвардаж эхэлсэн байх аа?
- Сонгуульд булхай бүр 1990 оноос байсаан. Гэхдээ энэ нь цөөн тоогоор, энд тэнд алаг цоог, голдуу болхи маягаар. Сонгуулийг тогтолцооных нь хувьд бүрэн дампууруулж алах явдал 2000 оноос эхэлсэн. Шудрагаар үзэх асуудал горьдолтгүй болсон. 2004 онд Энхбаяр өөрөө Эрдэнээд ялагдчихсан юм шүү дээ. Тэгээд хажуугаа хадарч Бямбадоржийн тойргоос үй олноор нь сонгогч зөөгөөд. Өнөөх нь хэн ч мэдэхгүй нэг бацаанд туулгачихдаг байгаа. Тэр хоёрын хооронд бөөн хэрүүл болж л байсан. Дараа нь шанд нь өөр том албанд тавьж тайвшруулсан байх. 2004 онд эдний нам ялагдчихсан юм шүү дээ. "Манай нам сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй" гэж Идэвхтэнгээр хэлүүлж байсныг санаж байна уу? Хэдэн тойрог авч үлдээд улаан галзуу дайрсаар байгаад луйвардаад авчихсан. Ингэж тэнцүүлж аваад Ардчилсан намын хэдийг хооронд нь Ерөнхий сайдын алба руу уралдуулж, бүгдэд нь дэмжинэ гэж гэж хошгоруулаад өөрөө УИХ-ын дарга болж байсан юм. Мундаг тоглолт! Зимбабвэгийн Мугабэ саяхи сонгуулийн дараа яг ийм арга хэрэглэлээ. Биенээ мэдэхгүй энэ хоёр хүн яг адилхан байгаа биз? Ингэхээр маккавилизмд суралцдаггүй, тийм болж төрдөг гэдэг л үнэн байгаа юм даа. 2005 онд Ерөнхийлөгч болохдоо ямар том булхай хийсэн гэж санана. Сонгуулийн 2-р шат гарах, тэгвэл унах ч магадлал байсан. Ерөнхийдөө хэлэхэд залгамжлагчийн асуудал ингэж шийдэгдсэн. Би тодорхой улсын нэр төрийг бодоод хэлэхгүй өнгөрье. Гэхдээ шүүхэд дуудагдвал хэлэхээс өөр үггүй болох байх. Одоо манайд ямар нэг шудрага сонгуулийн тухай яриад яах юм бэ! Ресторанд ороод ямар ч архи захисан ширээн дээр найрка л ирдэг гэдэг шиг энэ ард түмэн хаана ч санал өгөөд нэг л хариу гарна.
- 2000 оны сонгуулийн дараа Ардчилсан нам үнэхээр хүнд байдалд орсон байх шүү?
- 2000 оноос Ардчилсан намыг үндсээр нь устгая гэж бодож байсан. Хүн амын яг тэн хагас нь Энхбаярын намын эсрэг саналаа өгсөн гэдгийг ухаарч чадаагүй. Ардчилсан намд мөн ч их яс хаясан даа. Өнөө тэнэгүүд нь тэр ясыг нь шүүрч аваад дөрвөн жил хоорондоо хэмлэлдчихдэг юм! Эхлээд өөрөө үнэмшчихсэн байсан учраас идэж уусан хэргээр баахныг нь цааш хийнэ гэж бодсон. Ухаад ухаад өнөөдүүл нь өмссөнөөсөө өөргүй гуйлгачин байсан юм чинь. Би гэхэд 1996 онд "Нүүдэл суудал" номоо бичиж зараад 50 мянган доллар олсноороо дөрвөн жил амьдарсан байсан. 2000 онд гэрийнхээ эд хэрэгслэлийг комиссын дэлгүүрт тавьж байлаа. Арчаагүйгээгээрээ гайхуулж байгаа юм бишээ, дахиж улс төр рүү орохгүй, хөдөлмөрлөөд шудрагаар явахад хаана ч амьдрана гэсэн итгэл зориг өгснөөрөө харин ч тус болсон юм. Тэгээд мань хүн ухаад юу ч олоогүй. Өнөө баахан гүтгэлэг гүжирдлэгээ баталж чаддаггүй. Энэ хэдийг тэжээдэг байх гэсэн баахан хувийн компаниудыг бужигнуулсандаа. Надаас болж хардлагад өртсөн цөөнгүй компани бий байх. Дараа нь нөгөө баахан амалсан гэмт хэрэгтнүүдээ олох гэж Бат-Үүлийг 20 хоног шоронд суулгах шив дээ. Ийм хонзогнуур хүн биднээс өчүүхэн юм олсон бол алж байж л дуусна шүү дээ. Дараа нь манайхнаас худалдаж авч эхэлсэн дээ. Олон жишээ мэднэ дээ. Хүн гэдэг чинь өчүүхэн шүү дээ, амиа аваад явчиж чадахгүй хушга царайлчихдаг хүн санасныг бодвол олон.
- Хэр баргийн хүн айгаад юм хэлж чаддаггүй Энхбаярыг та ёстой бут авах шиг боллоо. Ингэхэд та хоёрын хооронд эрт урьдын өс хонзон байна уу?
- Надад Энхбаярт гэх хувийн өс хонзон байхгүй ээ. Цагтаа би Багабандийг "Монголын төрийн гай гамшиг" гэж нэрлэж л байсан. Гай болсон юм нь их бий. Гэхдээ Энхбаяртай зэрэгцүүлэхэд бурхан хавьцаа л юм даа. Энхбаяр намайг Багабандид дургүйг минь ашиглах гэж оролдохоор нь дахиж би тэр хүний тухай бичихээ больсон. Энхбаяр миний эх орныг, миний нийгмийг, миний орчныг тогтолцооны хувьд сүйрүүлж байгаад нь би их дургүй байдаг юм. Мэдээж Монголд болж байгаа бүх юм тэр хүний буруу биш л дээ. Гэхдээ тогтолцоо ална гэдэг чинь хамгийн хорлон юм шүү дээ. Компьютерээс юм хулгайлах яах вэ, цаад хаардыг нь эвдчихээр л жинхэнэ хорлол болдог биз дээ. Энхбаяр хэдэн цаас хулгайлаа л биз, увайгүй зантай байгаа л биз, найз нөхдөө хорлоо л биз, асуудал энд байгаа юм биш. Бид хэдэн үе дамжаад засрах нөхцөлгүй тогтолцооны гажигт орчихлоо. Ганц Гитлерийн нүглийг өнөө болтол хэдэн үеийн дараах энгийн герман хүмүүс үүрч явна. Саяхан л гэнэт америкийн хуульчид заргалдаад л жүүдийн эсрэг ажиллагааных нь төлөө банкны дээрэм ч билүү юмаар шүүхэд хандан хэдэн тэрбум долларын торгууль Германы төрд тавьсан, төлж байж л салсан даа. 60 шахам жил өнгөрчихөөд байхад шүү! Энэ хүн үндэстэн ястны хооронд хүртэл яс хаяна. Таван онд дөрвөн хүн дэвшээдэхсэн чинь үлдсэн гурав нь хятадын эрлийз болж таараа биз дээ. Хүнээ олж юмаа хийлгэнэ. Ялалтын дараа цайллага болж. Цусны шинжилгээ хийгээд л явдаг нэг өвөр монгол гаралтай нөхөр нөгөө цайллаган дээр нь "Лундээжанцан, Энхболд нарын эрлийзүүдийг цааш нь дэвшүүлж болохгүй шүү" гэж олны дунд Энхбаярт албан ёсоор анхааруулж захиад халаасан гэдэг. Уул нь гарал үүсэл гээд мөшгөвөл харин ч хэн нь хэн бол? Аймхай хүнээс л ийм өөдгүй чанар гардаг юм. Гэмт хэргийг ялангуяа аллагыг зоригтой биш аймхай хүн хийдэг юм даа. Айдас, комплекс л хүнийг хамгийн аймшигтай хэрэг рүү түлхдэг. Психологи олон жил хобби маягаар сонирхсон хүний хувьд хэлж байна, судлаачид үүнийг тогтоосон юм билээ.
- Ингэж ярьлаа гээд  3 дахь Ерөнхийлөгч таныг яадаг бол?
- Энхбаяр намайг яаж ч чадахгүй ээ. Гомдол байвал шүүхэд хандаарай, гүтгэсэн доромжилсон юм байвал би хариуцлагаа хүлээнэ гэж олон хэлсэн. Улсаас болоод бусад иргэдээс хулгай хийсэн, хохирол учруулсан явдал байгаад нотлогдох юм бол хуулийн ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж ч хэлж байсан. Би хуулийн дор хүн шиг бардам амьдарч чаддагтаа л юунаас ч айдаггүй. Орцонд хүлээж байгаад хутгалдаггүй л юм бол намайг яах вэ дээ. Би улсад татвараа цагт нь бүрэн төлөөд явдаг иргэн. Миний 2006 оны намар байгуулсан "НЭПКО" хэвлэлийн компани энэ богино хугацаанд бүх төрлийн нийлбэрээрээ улсад хагас тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Сүхбаатар, Хан-Уул дүүргийн татварын албанаас очоод шалга л даа. Улс орондоо иргэний үүргээ даваадуулан биелүүлж яваа намайг яана гэх юм бэ? Арга ядсандаа бөөлүүлж гүрэм уншуулдаг л юм билээ, мухар сүсэггүй болохоор би тийм юм тоох биш. Үнэндээ Энхбаярын дайсан нь би биш намынх нь нөхөд шүү дээ. Би түүнтэй юу ч булаацалдахгүй учраас дайсан биш. Ардчилсан намынхан ч түүнд дайсан биш. Барьцаанд байгаа өөрийнх нь хуучны хамсаатан хэд нь л дайсан. Тэд хүүхдийн хийсэн цаасан хайчилбар аятай нэг нэгээрээ үнс болно. Нохой чихээ огтолсон хүнд янаг байдаг юм. Нохойн амьдрал сонгосон болохоор тэрүүгээрээ л дуусна. Энхбаяр тийм амар тэднээс салахгүй. Яагаад тэрэнтэй муудсан нөхөд нь эргээд нус нулимстайгаа холилдчихсон өрөө рүү нь мөлхөөд ордог юм бэ? Үйлийн үр. Нэгэнт хийсэн бол хохь нь. Тэр нэг даваа даваад бүх хамтрагчдаа цэвэрлэдэг хүн. Тэгэж байж дараагийнхаа давааг давахаар өгсөнө. Тэр хамтрагчдаа зольж, тэднээрээ гүүр хийн дэвсэж байж урагшилдаг зантай хүн. Түүнийг дэмжигч шинэ үе гараад ирсэн. Тэднээр хуучин нөхдөө бульдозордож түрэх болно.
- Хөөрхийг арай л дэндүүлчих шиг боллоо. Зүрх нь өвдөх байх. Түүнд ядаж ганц ч гэлээ гялайх юм байгаа байлгүй дээ. Та түүнээс нь хэлж санааг нь амраавал ямар вэ?
- Энхбаяр газар хувьчилсанд би их талархдаг юмаа. Би өөрөө помещик болох гэсэн юм бишээ. Газрын харилцааг эргэлтэнд оруулж зохицуулахгүйгээр энэ орны ирээдүйн хөгжил цэгцрэхгүй. 1990 оноос бид газар хувьчлах нь зүйтэй гэж орилоод урвагчаараа л дуудуулж, Монголын дайснаар тодорсноос өөр юм болоогүй. Энхбаяр байгаагүй бол энэ асуудал дахиад хэдэн жил ч шийдэгдэхгүй байх байсан юм билээ. Ингэхээр нэг хүний түүхэнд гүйцэтгэх роль гэж бас байгаа биз? Орост өр төлсөн нь сайн хэрэг болсоон. Гэхдээ энэ нь бизнес хийж яваад аз таарсан хэрэг байдаг юм. Айл ухаж яваад галд орсон хүүхдийн амь аварсан тохиолдол байдаг шүү дээ. Мань хэд Монголын өрөөр бизнес хийж жаал хөлжсөн юм. Иточугийн өр, Чехийн өр, Германы банкнуудын өр гээд л. Гүтгэж байгаа бол уучлаарай, шүүхэд хандаарай. Гэхдээ ингэж явахдаа хүүхдийн амь аварсан. Монгол улс Оросын тэр өрийг тэгэж зохицуулаагүй бол дараахан нь маш их юмаараа барьцаалуулах байсан. Тиймээс нэгэнт хүүхдийн амь аварсан учраас Герман банкны өрөөс юм хулуусан нь бараг л "тэр зэргийн юм байлгүй яахав" гэгч болж байгаа юм.
- Энэ асуудлын хувьд тантай санал нийлдэггүй хүмүүс нэртэйгээр нь улсаа худалдчихгүй гэж эгдүүцэх байх аа даа?
- "Улсаа худалдана" гээд одоо нэг их моодны үг гарчиж. Нэг нь худалдаад л, нөгөө улс нь худалдагдаад л... тийм юм байхгүй шүү дээ. Зүгээр л тийм хэлц үг байдаг. Хэн нэг нь худалдах гэхээр л болчдог юм өнөөгийн ертөнцөд байхгүй. Цэдэнбал Монголыг Оростой нийлүүлэх гэж гурван удаа хөөцөлдөөд чадаагүй юм. Цаадуул нь аваагүй. Молотов бүр "Биднийг дэлхийн шившиг болгох гээ юу. Дэлхий даяар Зөвлөлтийн империализм гээд шуугиад эхлэнэ шүү дээ" гэж загнаж байсан байдаг. Улс орон ч тийм амар сүйрээд өгдөг юм биш. 1776 онд Адам Смитийг гудамжинд явж байхад нэг хүн уулзаад "Америк тусгаар тогтнолоо зарлаад Англиас салаад явчихлаа. Одоо Англи улс сүйрлээ" гэжээ. "Улс орон тийм амар сүйрдэггүй юмаа, ухралт бол дандаа тохиолддог" гэж суут эрдэмтэн хариулжээ. Чухамдаа Адам Смит хүн төрлөхтний хамгийн аугаа бүтээлийн нэг "Үндэсний баялаг" номоо дөнгөж дуусгачаад явж байж дээ. Энэ сургаалын дагуу Англи хөгжлийн шинэ аугаа замд орсон юм. Энхбаяр манай нийгэмд маш их ухралт буй болгож тогтолцоог хорлосон авч бидэнд шинэ бололцоо гаргаж өгч байгаа ч юм билүү. Энхбаяр ч явна, чи ч явна, би ч явна, харин Монгол улс үлдэнэ шүү дээ. Юутай ч маш том сургамж үлдээж байна. Юм болгоныг арьс махан дээрээ мэдэрч пай пүй болж байж л ойлгодог ард түмэн дээ, бид чинь.
- Энхбаяр бас нэг нарийн аргатай. Өөртөө дургүй хүнийг одонгоор шагнаад өөртэйгөө салахааргүй наачихдаг гэмтэй дээ?
- Одон тэмдэг цол гуншин их тарааж байнаа. Гэхдээ урьдын ерөнхийлөгч нар ч тэгдэг л байсан. Өнөөдүүл нь зайлуул төлбөрөө энгэр дээрээ зүүчихээд л үхэхээ мэдэхгүй зүтгэнэ биз. Тэгдэг ч юм билээ. Энхбаярын нэр төрийг хамгаалах хороо ч гэх шиг хэдэн нөхөд гүйгээд байдаг чинь явж явж нэг жаахан металлын л асуудал байдаг юм шүү дээ. Хүн гэдэг чинь цагаа тулахаар өчүүхэн амьтан даа. Надад бол тийм шагнал энэ тэр ахданаа. Миний атаархдаг хүнээс надад атаархдаг хүн харьцуулшгүй олон. Бурхан цагаа тулахаар их харамч. Бурханаас би зөндөө юм "туусан". Тэгсэн мөртөө шуналтаад л засгаасаа нөхөн төлбөр нэхээд унавал бурхан гомдоно биз дээ. Өгснөө эргүүлж хурааж авна гэвэл одонгоосоо эсэн юм болох байх.
- Энэ ярилцлагыг уншаад таныг зүхэж уурлах хүмүүс олон бий шүү. Зарим нь бүр элдэв дээдээр харааж ирээд л бичнэ. Ер нь тэгдэг шүү дээ?
- Үнэн гэдэг юм чинь чааваас үхэр тэрэг хөллөж явдаг болохоор их л хожигдож ирдэг юм даа. Гээд миний бичсэн юм бүгд үлдэнэ. Тэрэнд би итгэл төгс байдаг. "Рукопись не горить" гэж оросууд хэлдэг. Би өөрөө Монголын түүх бичихийн тулд хэдэн арван мянган материал шүүсэн. 1930 онд Бадрах гээд намын дарга байж. Төрийн эргэлтээр 1928 онд гарч ирсэн нөхөр л дөө. Тэгээд хөөрхий жинхэнэ эх орончдыг яллахын тулд идэвхи гарган "Баруун бөөрөнхийчүүд" гэдэг ном бичсэн юм. Ялын тогтоол шиг тэр бичлэг нь өнөөдөр түүхийн ямар их үнэ цэнтэй материал болж байна гэж санана. Ингэхээр би өнөөгийнхнөөс гэхээсээ хойч үеийн өмнө шараа болчихгүй юмсан гэж хичээдэг. Би энэ цагт гүтгээд л худлаа яриад л, учир дүрсгүй загнаад унавал өнөөдөртөө сүрхий харагдах ч гэсэн маргаашийн хүмүүс надаар доог тохуу хийнэ. Тэр үед би байхгүй учраас өөрийгөө өмгөөлж чадахгүй. Иймээс би тийм юманд илүү санаа зовдог. Өнөөдөртөө яахав үхэр тэргээ унаад л явж байя, хожим туулайнууд ядрана шүү дээ. Хоол бол олдоноо. Тэр дундаа ийм авъяас чадвар байхад хаана ч газардахгүй.

Ярилцсан Л.Мөнхбаясгалан
 

Уншаад төрсөн сэтгэгдлээ бичдэг хүмүүс мэдээж бий. Тэр нь 20 орчим хувь л байдаг...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 110
1234567891011121314
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN