“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Долгор буюу Ц.ТОГТОХ: Ээж минь миний охин заавал урлагийн хүн болоорой гэсэн болохоор хэлснийг нь биелүүлж кинонд тоглосон
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Чих дэлссэн яриа

“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Долгор буюу Ц.ТОГТОХ: Ээж минь миний охин заавал урлагийн хүн болоорой гэсэн болохоор хэлснийг нь биелүүлж кинонд тоглосон

2013.08.12
“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Долгор буюу Ц.ТОГТОХ: Ээж минь миний охин заавал урлагийн хүн болоорой гэсэн болохоор хэлснийг нь биелүүлж кинонд тоглосон

-Таны нутаг ус хаана билээ. Хотод орж ирээд удаж байна уу?

-Би Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 1930 онд төрсөн. Мал маллаж, морь тэмээ унаж, өслөө дөө. Эхээсээ есүүлээ, айлын хоёр дахь охин. 1944 онд байх. Одоо бараг мартаж байна шүү. Хотод ирэх болсон түүх их сонин. Нэг өдөр гэртээ байж байтал манай багийн дарга Довчин гэж хүн ирлээ. Тэр хүн “Аймгийн дарга Цагаан танай охиныг урлагт л таарах хүн. Энэ хүнийг урлагийн сургуульд явуулах хэрэгтэй” гээд л яриад байх юм. Тэр үед би жаахан охин, дөнгөж 14 нас хүрч байсан юм чинь. Тийм болохоор нэг их тоогоогүй. Тэгээд хэд хоногийн дараа ээж маань гэнэт “Дарга нар чамайг урлагийн сургуульд явуул гэсэн” гээд хаа холоос аймаг дээр ирээд, намайг хот руу гаргаж өгдөг юм байна. Надад захихдаа “Чи заавал урлагийн сургуульд сурна шүү” гэсэн. Тэгэхэд нь би “Гэрээ санана шүү дээ. Би яаж явах юм бэ” гэж хэлээд л аргагүйн эрхэнд явсан даа. Тэгээд хот руу дөхөж ирээд “Яаж энэ том хотод ганцаараа, тэгээд урлагийн сургуульд орно доо” гэж бодсонсон.

-Хотод ирсний дараа ямар санагдав. Тухайн үедээ урлагийн сургуульдаа орж амжсан уу?

-Ээж маань намайг бусдын баахан хүүхэдтэй хамт ачааны машин дээр суулгаад л явуулсан. Хотод хүрч ирээд “Одоо би хаана суръя даа. Тэр урлагийн сургуулийг нь олохгүй дээ” гэж бодоод явж байлаа. Тэгсэн Анагаахын дунд, Санхүүгийн техникум зэрэг сургуульд хуучин сурч байсан хүүхдүүд явж байна. Тэднийг харж байгаад Хүн эмнэлгийн техникумд нэг хүүхэд дагаад орчихлоо. Миний анх уулзсан хүн хичээл ангийн эрхлэгч байсан юм. Тэр хүн “Чи их жижигхэн биетэй юм байна. Буцвал таарна. Чамайг авахгүй” гэж байна. Тэгэхээр нь “Сургуульд сурах гэж ирчихээд яаж буцах вэ. Би ичиж байна. Та намайг энэ сургуульдаа авчихаач” гээд гуйсан чинь шалгалт авна гэв ээ. Тэгээд дөрвөн аргын тоо, хэл бичгээр шалгалт авлаа. Шалгалтад нь тэнцчихлээ. Тэгээд л Хүн эмнэлгийн техникумд сурах болсон. Хичээл сургуулийн дундуур янз бүрийн өвчин эргүүлээд, гэрээ санаад сүйд боллоо. Хөдөө хээр ямар ч өвчин эмгэг байхгүй, тэр үед чинь сайхан байлаа шүү дээ. Тэгээд одоо яах вэ дээ. Тэсээд л байлаа. Удалгүй хөдөөнөөс манай нэг ах ирэхээр нь би гэрээ санаад байна. Харимаар байна гэсэн чинь миний үгийг ер хүлээж авдаггүй. Тэгээд л сургуулиа орхилгүй явсаар эм найруулагч мэргэжлээр төгссөн дөө. Төгсөөд нутагтаа очиж, эмийн санд ажиллаж эхэлсэн ч, удалгүй буцаад хотод ирсэн. Тэгэхэд II эмийн сан гэж байсан юм. Тэнд эм шалгагчийн ажил хийж байлаа.

-Та багадаа хэр авьяастай хүүхэд байсан бэ. Өөрөө урлагийн хүн болох юмсан гэж бодож байв уу?

-Багадаа хэр авьяастай байснаа өөрөө мэдэхгүй. Ямартаа ч бага сургуулийн концерт тоглолтод оролцуулдаг л байсан. Тийм учраас л аймгийн дарга Цагаан “онилж” харсан юм байлгүй дээ.

-Кинонд тоглох саналыг хэн анх тавьсан бэ. Та тухайн үед кинонд тоглоно гэж төсөөлж байв уу?

-Ажлаа хийж байтал нэг өдөр кино үйлдвэрээс хэдэн хүн ирлээ. Кинонд тоглуулах учраас проб авна гэлээ. Тэр талаар би юу ч мэдэхгүй бас ажлаа хаяж явах дургүй байгаа юм аа. Тэгсэн чинь Эрүүлийг хамгаалахын сайд Дэмбэрэлийн зөвшөөрөл өгсөн бичиг нь энэ байна гээд нэг бичиг үзүүлдэг юм байна. Аргагүйн эрхэнд явах боллоо. Эмийн сангийнхаа эрхлэгчид хэлтэл “Чи юунд нь дургүйлхээд байгаа юм бэ. Тогтох минь очоод хэдэн зураг авахуулчихаад хүрээд ирэхгүй юу” гэв. Дүүрсэн хэрэг гэж бодоод л дагаад явлаа. Тэр үед найруулагч Р.Доржпалам, оператор, туслах найруулагч нар нь хамт явсан. Кино үйлдвэр дээр очтол “Салхины амт” гэдэг кинонд тоглуулна гээд баахан үг хэлүүлээд зураг аваад л байсан. Гэтэл нөгөөдүүл чи босоод алхаатах гэлээ. Би ч яах вэ дээ хэлснээр нь алхаад үзүүлтэл “Чи энэ кинонд тохирохгүй юм байна” гэдэг байгаа. Яасан юм бол гээд бодож байсан чинь арван наймтай охины дүрд тоглуулах гэдэг байна шүү.

-Кинонд шалгуулах үед та хэдэн настай байсан юм бэ?


-Тэгэхэд би 25-тай л байсан байх. Бас ч үгүй хоёр хүүхэд төрүүлчихсэн байсан юм. Тэгээд “арван наймтын” дүрд тэнцэхгүй болчихлоо. Хэтэрхий намбатай байж л дээ.

-Тэгээд дараа нь “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд тоглосон юм уу. Хэдэн онд вэ?

-Тэр чинь 1959 онд байх аа. Тухайн үед шалгуулаад тэнцээгүй болохоор нь ажил руугаа явах гэж байтал “Чамайг дараагийн кинонд тоглуулна. Ер нь кинонд тоглоно гэж бодоод л явж байгаарай” гэсэн. Тэгээд сүүлд нь бодож байлаа. Кинонд тоглох гэдэг чинь байдаггүй юм байна. Худлаа юм байна гэж бодоод явж байсан чинь хэдэн сарын дараа дахиад найруулагч Жигжид гуай бас оператор энэ тэртэйгээ ирээд аваад явдаг юм байна. Тэр үед бас л проб авлаа. Тэд надаас шалгалт аваад, дуу зааж өгөөд, дуулуулаад л байсан. Тэр олон хүн итгэл хүлээлгэсэн учраас аргагүйн эрхэнд шалгуулаад тэнцэх болоод ажлаас чөлөөлөгдөөд хоёр жил шахам кино үйлдвэрийн ажилчин болчихлоо. Гэнэт мэргэжлээ солиод огт мэдэхгүй ажил хийх хэцүү санагдаж байсан.

-Киноны зураг авалт хэр хугацаанд үргэлжлэв. Нээлтээ хэзээ хийсэн бэ?

-Кинондоо тоглож дуусчихаад ажлаа хийж байтал 1961 оны нэгдүгээр сарын 1-нд уулзалт хийнэ гэдэг юм байна. Тэгэхэд кино маань Элдэв-Очир кино театрт анх нээлтээ хийсэн юм. Уулзалт эхлүүт л улсууд баяр хүргээд, цэцэг өгөөд л жигтэйхэн байна аа. Тэгэхэд нь баярлаад, хөөрөөд сүйд болсон. Түүнээс хойш олон сургууль, албан байгууллага дээр очиж, уулзалт хийж байлаа.

-Зураг авалтыг хаана хаана хийсэн бэ. Мэргэжлийн бус хүн кинонд тоглох ямар санагдаж байв. Шантрах үе гарах уу?

-Зураг авалтыг их олон газар хийсэн. Ихэнх зургийг хотод авсан шүү. Бас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд концертын хэсгийн зураг авалтыг хийсэн. Эхнэр хувцастай дуулдаг хэсгийг Төв аймагт авсан. Олон газар зураг авсан. Бараг 50-иад жилийн өмнө тоглосон болохоор одоо ч мартагдах л юм байна шүү дээ. Эхэндээ кинонд тоглож чадахгүй юм чинь төвөг гэж бодох үе байсан ч, ээж маань “Миний охин заавал урлагийн хүн болоорой” гээд гаргаж өгсөн болохоор ээжийнхээ хэлснийг биелүүлэх ёстой гэж бодоод л тоглосон. Ер нь хэцүү  санагдалгүй л яах вэ. Хамгийн дурсамжтай мөч маань хамт ажиллаж байсан группийнхэн маань их сайхан байсан. Бид Хөвсгөлд зургаа авахуулчихаад буцах замдаа Булган аймагт хэсэг саатаад л. Газар үзэж, байгалийн сайхантай танилцаад. Ер нь их сайхан байсан. Кинонд тоглох бус зүгээр л газар ус үзэж, сайхан амарч яваа юм шиг санагддаг байлаа.

-Кинон дээр дуулдаг дууг бүгдийг нь та дуулсан уу?


-Бүгдийг нь өөрөө дуулсан. Дуулахгүй бол болохгүй гээд дуулуулж байлаа.
-Тухайн үед нууц амрагийн асуудал ил задгай байгаагүй. Кинонд тоглосны тань дараа хүмүүсийн харьцаа өөрчлөгдсөн үү.

Гэр бүлийнхэн тань хэр хүлээж авсан бэ?

-Юун нөхрөөсөө өөр хүнтэй уулзах, тийм хүн ч байгаагүй. Нууц амраг энэ тэр чинь одоогийнх шиг байгаагүй, байдаггүй байлаа. Нэгэнт кинонд тоглохоор сонгогдсон учир зовоод байх зүйл байгаагүй. Тоглох хэрэгтэй гэдгээ ойлгоод л ажилласан. Кинонд тоглосны дараа хүмүүс их баяр хүргэдэг байсан. Гудамжинд явж байхад танихгүй хүмүүс хүрч ирээд л баяр хүргэнэ. Би ажилдаа яараад явж байхад чинь огт танихгүй хүн хүрээд ирнэ. Тэгээд юм ярих гээд зогсоогоод л байна. Тэр үед чинь өглөө ажил руугаа автобусаар эсвэл явган явдаг байлаа. Одоогийнх шиг их машин байгаагүй юм чинь.

-Хамтран тоглосон жүжигчдийнхээ талаар дурсахгүй юу?


-Хамт тоглосон жүжигчид маань их сайхан хүмүүс байсан. Л.Жамсранжав, Дамдинбазар хоёр маань тэнгэрт халилаа. Миний хүүд тоглосон Гочоо  их сайн хүүхэд байсан, сайн ч жүжиглэнэ. Хүү маань хааяа над дээр ирдэг юм. Энэ жил харин ирсэнгүй. Хэзээ билээ дээ, Жигжид гуайн ерэн насны ой болсон шүү дээ. Тэр үед намайг урьсан юм. Тэнд очиход ирээгүй байсан.

-“Улаанбаатарт байгаа миний аавд” киноны дараа дахин кинонд тоглох санал ирж байв уу?

-Энэ киноноос хойш хэсэг байзнаад байтал эмч болсон хойно юмдаг “Хүний амь” гэдэг кинонд тоглуулна гэлээ. Тэгээд тоглохоор болоод үгээ аваад байж байтал хилийн цэргийн заставын даргаар ажиллаж байсан миний том хүү осолд орсон гэдэг мэдээ ирээд юун кино манатай. Хэл үггүй хаячихаад яваад өгсөн юм. Буцаад ирсэн чинь өөр хүн тоглуулчихсан байсан. Тийм л тохиолдол байсан даа. Дахиад өөр кинонд тоглоогүй.

-Киноны гол дүр Долгор бүжгэнд хорхойтой нэгэн байдаг шүү дээ. Та бүжгэнд хэр явдаг байв?

-Бүжгэнд явалгүй яах вэ. Тэр үед Залуучуудын соёлын ордонд их бүжиглүүлдэг байсан юм. Хөгшин залуугүй тэнд очоод бүжиглэдэг л байсан. Одоо бүжиг хийдэг газар байхгүй болсон байх.

-Кинонд тоглосны дараа урлагийн хүн болъё гэсэн бодол төрж байв уу?


-Кинонд тоглож байхад Д.Жигжид “Чамд авьяас байна. Чамайг ЗСБНХУ руу кино жүжигчин эсвэл найруулагчийн ангид шалгалтгүй явуулъя. Театрын дарга Л.Вангантай уулзъя. Зөвшөөрвөл чамайг явуулна” гэлээ. Тэгэхээр нь би олон хүүхэдтэй, киноны дээд сургуульд явлаа гэхэд яаж сурах юм бэ. Хэцүү л байх гэж бодоод явж байтал нэг өдөр Л.Ванган дээр дагуулаад орлоо. Л.Ванган гуай “Чи өөрөө л мэд. Чиний л дур мэднэ. Явуулахаар болвол шалгалтгүй явуулна аа” гэдэг байна. Би тэгэхэд нь  өчнөөн хүүхэдтэй, хань нөхөртэй шүү дээ гээд яваагүй. Явсан бол өдийд жүжигчин байх байсан биз. Сүүлд нь ер нь яах вэ, эмийн сандаа ажиллаад байх уу өөр сургуульд сурах уу гэдэг эргэлзээ төрж эхэлсэн. Гэнэт Анагаах ухааны дээд сургуульд оръё гэж шийдээд шүдний факультетийг төгсч, эмч болсон.

-Та залуудаа их сайхан хүүхэн байжээ. Ханьтайгаа хэзээ танилцсан тухайгаа хуучлахгүй юу?

-Манай нөхөр НАХЯ-д ажилладаг, офицер хүн байсан. Анх танилцсан түүх маань их сонин. Дөнгөж Хүн эмнэлгийн техникумыг төгсчихөөд аймагтаа ажиллаж байсан чинь хэдэн хүн орж ирээд л эм бичүүлээд байсан. Тэдэн дунд нэг цэргийн хүн яваад байна. Тэр хүн эм авна гээд сонинд боодолтой нэг шил өгч байна. Тэгэхээр нь нөгөө шилийг нь аваад хогийн сав руу хийчихлээ. Тэр хүмүүсийг гараад явсны дараа “Ийм цэргийн хүнтэй суувал сайхан юм байна даа” гэсэн шүү юм бодогдож байлаа. Залуу ч байж дээ. Тун удаагүй нөгөө шилийг нь угаалганд өгөх санаатай задалтал дотор нь захиа байсан.

-Захиан дээрээ юу гэж бичсэн байсан бэ?


-“Танилцъя. Би өөртэй чинь олон удаа танилцах гэж хүссэн боловч хэлж чадахгүй явлаа” гэж бичсэн байсан. Тэгээд тэр хүн намайг эргүүлэхгүй юу. Мэдээжийн хэрэг тэр шил боосон сонинг задлаад доторх захиаг нь олж үзнэ гэж бодсон юм байлгүй. Түүнээс хойш удалгүй гэрлээд таван хүүхэдтэй болсон. Өвгөнтэйгөө ханилах үед манай хүн хэлтсийн дарга байсан юм. Тэр үед нэг жижигхэн байшинд л амьдралаа эхэлж байлаа даа. Түүнээс хойш 30 гаруй жил хамт амьдрахдаа хоёр охин, гурван хүү төрүүлсэн.

-Тухайн үеийн бүсгүйчүүд цэргийн даргатай гэрлэх моод дэлгэрч байсан цаг гэж ярьдаг юм билээ. Та нөхрийгөө дагаад цэргийн ангиудаар явдаг байв уу?

-Би чинь тусгай ажилтай байсан учраас нөхрийгөө тэр бүр дагаад цэргийн ангиар яваад байх бололцоо байхгүй. Хааяа л хөдөө цуг явдаг байлаа.

-Цэргийн хүний гэргий байх хэцүү гэж ярьдаг. Таны хувьд?

-Цэргийн хүний гэргий байх сайхан л даа. Халамжтай сайхан хань байлаа, манай өвгөн. Хайр хүндэтгэл хүлээсэн. Цэргийн хүний эхнэр байх хэцүү зүйл биш ээ. Бие биеэ хайрлаж, хүндэтгээд халамжлаад явахад сайхан л байдаг байсан.

-Шүдний эмчээр хэчнээн жил ажилласан бэ?

-Анх сургууль төгсөөд Дорноговь аймагт шүдний эмчээр ажиллах томилолт өглөө. Жирэмсэн байсан учраас явж чадахгүй нь гээд байсхийгээд л сайд, дарга, боловсон хүчин дээрээ ордог байлаа. Намайг дахин дахин ороод байсан болохоор тэд аргагүйн эрхэнд явуулахаа болиод Найрамдлын районы ерөнхий эмчээр томилчихдог юм байна. Түүнээс гадна надад бөөн ажил тохоогдлоо. Ерөнхий эмч, намын үүрийн дарга, шүдний эмч гээд гурван алба ногдуулчихлаа. Тэгээд одоо яах вэ дээ. Эмнэлгийн нэг хэсэгт нь шүдний тасаг нээгээд, бусад ажлаа хийгээд хэсэг байлаа. Тэр үед хамгийн бага охин маань гэдсэнд байсан юм. Тэгээд төрснийхөө дараа үргэлжүүлээд энэ ажлаа хийж байгаад Мэргэжлээс шалтгаалах өвчний улсын диспансер, Барилгачдын эмнэлэг хоёрт ээлжээр 30 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Хүүхдүүдээс таны мэргэжлийг эзэмшсэн хүн бий юу?


-Миний хүүхдүүд бүгд өөр өөр мэргэжилтэй. Хамгийн том нь хилийн заставт ажилладаг байсан. Дараах нь хуулийн мэргэжилтэй, гурав дахь нь Оросын элчингийн цагдаагийн тусгай албанд ажиллаж байсан. Бага хүү маань зураач мэргэжилтэй. Бага охин маань хувийн бизнес эрхлээд л байж байна. Хүүхдүүд маань ихэнх нь тэтгэвэртээ гарчихсан шүү дээ.

-Та зураг их авахуулдаг байжээ?


-Манай өвгөн бид хоёр Орост явж амарсан. Тэгээд өвгөн маань миний зургийг их авдаг байсан юм. Зөндөө зураг бий.

-Дээр үед кино групийнхэн их уулздаг байсан. Та тэдэнтэйгээ холбоотой байдаг уу?

-Дөнгөж зах зээлд шилжиж байх үед манай киноны бүрэлдэхүүнийг телевизийн нэвтрүүлэгт оруулах гэж байна гээд намайг өдөр шөнөгүй дуудаад байдаг. Би ачийгаа хараад очиж чаддаггүй байлаа. Тэгсэн бүр сүүлдээ арга нь барагдсан уу гавьяат жүжигчин Г.Равдан ирээд намайг авч явах гээд байсан даанч очиж чадаагүй. Ер нь уулзалдаж чаддаггүй.

-Жүжигчин бус хүн учраас уйлахаас авахуулаад зураг авалтын үед хүндрэл бэрхшээл гарч байв уу?

-Найруулагч, зураглаач нар их зааж, зөвлөж байсан л даа. Тэгэхдээ ийм дүр бүтээнэ, иймэрхүү төрх гарга, чамд ийм зүйл тохиолдвол яах вэ гээд л зөндөө их ярина.

-“Улаанбаатарт байгаа миний аавд” кино, фестивалиас шагнал авч байсан санагдаж байна?

-Намайг орос руу өвгөнтэйгөө амрах гээд явсан хойгуур манай кино Москвад болсон кино наадамд оролцохоор болоод намайг эрээд байсан юм билээ. Түүнийг нь мэдээгүй. Манай кино группийнхэн шагнуулсан гэсэн. Бас л очиж чадаагүй. Ер нь миний кинонд тоглосон маань аав, ээж, хань ижил, үр хүүхэд, төр засгийн минь буян л гэж боддог юм шүү дээ.

-Та залуудаа хэр ганган бүсгүй байсан бэ?

-Нэг их гангалдаггүй, будаж шунхддаггүй байсан.

-Тухайн үед киноны проб авахуулж байх үед Долгорын дүрд олон хүн байсан уу?

-Миний өмнө 17 эмэгтэй орсон байсан. Би 18 дахид нь ороод сонгогдсон гэсэн. Найруулагч тэгж ярьж байсан.

-Кинонд тоглосны дараа ч  юм уу, ер нь таныг залуу байхад залуучууд их эргүүлдэг байсан байх даа?

-Зарим нэг залуу эргүүлдэг л байсан. Би нөхөртэй, хүүхэдтэй хүн гээд заримыг нь тоглоом хийгээд манай нөхрөөс зөвшөөрөл ав гэдэг л байлаа. Сайхан, уран үгтэй захиа өгнө. Янз бүрийн харчууд захиа өгдөг л байсан. Тэгэхдээ би тоохгүй. Хүн өгөөд байхад би яах вэ дээ

-Киноны зураг авалт гээд удаан хугацаагаар явах болоход хүүхдүүдээ нөхөр тань хардаг байсан уу?

-Манай яамны ясли, цэцэрлэг гэж байсан. Хүүхдээ 45 хонуулаад л яслид өгчихнө. Цэцэрлэг гээд л дамжаад явчихна. Хүүхдээ цэцэрлэгт нь аваачиж өгчихөөд л кинондоо тоглоод явчихдаг байлаа шүү дээ.

-Таныг анх хотод ирэхэд хот ямар байсан бэ?

-Тэр үед чинь би айгаад юун хот үзэх манатай байсан юм чинь. Одоо сайхан болжээ. Хүмүүс нь их соёлтой болсон байна. Дээр үед чинь бүдүүлэг байжээ. Тэгэхдээ одоо яах вэ. Тухайн үедээ сайхан л байсан.

-Тоглосон киног тань гарахаар ач, гуч нар тань юм хэлнэ биз?

-Киногоо гарахаар ач, гуч нартайгаа тойрч суугаад л үзнэ дээ. Байсхийгээд л гарч байдаг юм. Юу гэх вэ дээ. Манай эмээ сайхан байжээ л гэдэг юм.

-Танд киноны тань эх бичлэг байдаг биз дээ?

-Хуучин телевизэд гаргадаг байсан кассет л байдаг. Одоо тийм кассет үздэг телевизор байхаа больчихсон юм шиг байна лээ.

-Одоо цагт хүмүүс шүдний хувийн эмнэлэг байгуулах нь их болсон байна. Та шүдний эмнэлэг байгуулах бодолгүй байсан юм уу?

-Уг нь шүдний эмнэлэг байгуулъя гэж бодсон чинь чадаагүй. Тэгэхэд чинь Мэргэжлээс шалтгаалах өвчний диспансераас тэтгэвэртээ гарчихаад Угаалгын комбинатад цехийн хэсгийн эмч, шүдний эмч хоёрыг хавсарч хийж байлаа. Амьдрахын эрхэнд ажиллахаас өөр арга байгаагүй. Тэгсэн чинь гэнэт зах зээл болоод байгууллагын машин, тоног төхөөрөмжийг худалдаад эхэлсэн. Угаалгын комбинатын дарга нь “Таныг Уртцагаанд аваачаад тоног төхөөрөмжийг чинь тавиад нэг өрөөнд суулгая. Тэнд та ажлаа хий” гэсэн. Шүдний аппарат аваад ажиллаж олсон мөнгөнөөсөө төлөөд бай гэдэг байгаа. Тэгэхэд тэр аппарат нь 70 мянган төгрөг гэж байсан болохоор хүүхдүүдээ өрөнд оруулчих юм байна гээд аваагүй. Тэр үедээ л их мөнгө юм чинь. Тэгээд хэзээ хойно манайхны нэг эмч аппаратаа зарах гэж байна гэхээр нь гэртээ авчраад тавьчихсан. Одоо хааяа хэдэн хүүхдийнхээ шүдийг л янзалдаг  юм.

-Таны нутаг ус хаана билээ. Хотод орж ирээд удаж байна уу? -Би Өмнөговь аймг...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN