Бид ер нь хаашаа яваад байна аа...
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Улстөр-Нийгэм   Утга зохиол   Таны амралтанд   Entertainment  
155678
:      88110936: Tanai sitetai yaj holbogdoh ve      88101215: Hi busguichuude      88778433: Tsetserlegiin tuslah bagsh.n surgalt hicheellene      88061075: Bairni zaswar xine. Shawar xine.      96672451: 1      96672455: 155678      89222026: 18-20 tsarailag ohind tyslana      88182908: ene dugaaraas ugsun zariig ustaguulya      88719896: Tsarailag ohind tuslana      89121407: 23 tai dajgui undur zaluu bna      96057189: dajgvi japan mashin lizindej awna      88182908: zusland xymd baishin ymuu ger xulsluj suuna 95151006      88652149: Hi Egch busguitei taniltsay 34t zaluu bna      91990220: hi busgui      88055018: ��`�,��p0[ Á��1�\?����t��� }X�      88918144: Dajgui 31tei zalutai chin setgelese taniltsana      89044333: Land 100 zarna      88018885: Dajgui girls s ugyu. Sms      88114769: i3 aas deesh notebookeer solino 89212121 dugaariiig     
Шударга нийтлэл

Бид ер нь хаашаа яваад байна аа...

2010.06.04
Монголчууд эртнээс нааш төрөө оройн дээд очир эрдэнэ гэж итгэж биширч ирсэн ард түмэн. Тийм учраас “Төр төмбөгөр, ёс ёмбогор”, “Тэнгэрийн дор төрж, төрийн дор захирагдана”, “Төр түмэн нүдтэй Төрсөн бие хоёр нүдтэй “,”Төр төвшин бол түмэн олон амгалан” гэгчлэн төрдөө  залбирч, сүүн цацал өргөж  байдаг. Төрөөс нэг медаль хүртэхээрээ, алга хавсран “ төрийн минь хайр хишиг”  гэж   аавдаа үнсүүлсэн хүүхэд мэт хөөрөн баясдаг. Ядарч зүдэрч явахдаа төр намайг харж  буй гэж итгэж найдна. Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалахад алтан амиа золиход бэлэн явдаг. Үр хойчдоо төрийнхээ сүлдэнд сүслэж яваарай гэж л захидаг тийм л улс.
Гэтэл өнөөдөр “төр” гэгч эрхэм хүндэтгэлт чанараа алдаж байгаа нь үнэхээр нүдэнд харагдаж гарт баригдах боллоо. Эмгэнэлтэй еэ. Төрийнхээ түшээдийг сармагчин, сарлаг ч гэж хэлж болно, бичиж болно. Тэднийг мангуу, дүнхүү,  эргүү,  хүүдий, дүүдий  ер нь юу ч гэж  хэлж болно. Аймгийн дарга гэж нэг арчаагүй юм, сумын дарга гэж солиотой юм, багийн дарга гэж нэг балай юм гэх энүүхэнд. Төр нь дорой болохоор энэ үү, түмэн олон нь задарсан болохоор тэр үү.
Билиг танхай, эрх танхи аавын хүү, ээжийн охин гэж зарим нь сагана. Эрх чөлөө байвч эрх ямба дутуу байна, эрдэм боловсрол байвч элбэг жаргал алга байна, төрийн суудал л хэрэгтэй гэж хирээ мэдэхгүй зарим нь давшилна.  Сонгуулийн дүн таалагдахгүй бол галдаж шатааж болно, дээрэмдэж тонож  болно. Үүнийг ардчилал гэж андуурна, эрх чөлөө гэж эндүүрнэ.
Төрийн нүдэн балай чихэн дүлийд хулгайч худалч, луйварчин дээрэмчин  нь оодроно.  Ажилгүй алхайж суух нь төрийн буруу гэнэ. Архидан согтуурч агсам түйвээн дэгдээх нь төрийн буруу гэнэ. Авилга өгөөд санаснаа гүйцээх төрийн буруу гэнэ. Ой мод нь хожуул болж, гол горхи нь хайрга дайргатай сайр садарга боллоо. Энэ бүхнийг хараад сонсоод бид хаашаа явж байгаагаа ойлгохоо болино.
Хууль байвч тэгш шудрага үйлчлэхгүй болохоор гууль болно.  Хууль сахиж биелүүлэхийн оронд хажуугаар нь гарах гарц, нэвтрэх цоорхой хайна. Сахиж, мөрдөхөөс урьтаж хууль буруу, хуулийн цоорхой, хуулийн алдаа гэж түмэн бурууг тийш нь чихнэ. Буга согоо,  булга тарвага, үнэг чоно, загас жарайхай хүртэл мөрөөрөө өсөж үржих нөхцөлгүй болж егүүтгэгдэж дууслаа. Зохицуулах хамгаалах бодлого чиглэл байна уу гэвэл байна.   Хууль, журам байна уу гэвэл байна. Гэтэл алдаа эндэгдлийг  залруулж, зөв шударгыг тогтоож  байгаа эзэн алга. Ял асуувч алагтай цоогтой. Ядарсныг нь яллана, задарсныг нь тавиад явуулна.   Яагаад ийм болчих воо гэж дээр доргүй ярина.  Төрийн тогтолцоо сүлжээ нь ажиллахгүй байгаагийн л уршиг энэ байх.
Төрийг авч яваа, ард олныг төлөөлж төрд гарсан эрхмүүдийн хийж буй ажил, хэлсэн үгийн зөрүү, эрх ямба төлөв байдал нэг л биш. Төрд гарах гэж худлаа амлана. Түвшин шудрагын дүрд тоглоно.  Өрсөлдөгчөө гутаан доромжлох, гүтгэн мэхлэх нь энүүхэнд.  Хууран мэхлэлт гүтгэлэг доромжлолыг улс төр хийж байна гэх. Төрийн тэнхлэгт орох гэж  мөнгө зарна. Зарсан мөнгөө эргүүлж олох гэж хүнээ байна, үнээ барна.  Эрх мэдэл , албан тушаалыг мөнгө цуглуулах хэрэгсэл болгоно, ухаанаа уралдуулна, улаа урна.   Оготнын уршиг олонд гэгчээр тийм хүмүүс л төрийн нэр төр чадамжийг доройтуулж, гутаагаад байгаа юм биш үү. 
Төрийн тэргүүн нь төр энэрэнгүй байх ёстой гэсэн бамбай барьж, үгээр хэлэхийн аргагүй зэрлэгээр хүний амь санаатайгаар хөнөөсөн алуурчдыг өөгшүүлнэ.  Алсны нь  бах алуулсны нь хохь гэхтэй агаар нэгэн  юм ярьж өш хонзонгийн үрийг  ардынхаа сэтгэлд тарилаа.  Алуурчин этгээдийг төр нь давруулаад байвал хохирсныхоо өшөөг өөрөө авна гэж иргэн нь илэрхий хэлдэг боллоо. Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох ёстой ерөнхийлөгч маань харин үе дамжсан цусан өшөөний уурхайг нээж байгаа юм биш үү. Гучин жил гянданд хорино гэнэ. Гэтэл тэр  гавьяат хуульч Жанцангийн ярьж байгаагаар гяндан гэдэг чинь унтаж хэвтэх зөөлөн тохилог ортой, дотроо нойльтой өрөөнд чанартай сайхан хоол зөөлгөж идчихээд, өдөр бүр агаар салхинд гараад, ах дүү амраг садантай сардаа нэг уулзчихаад хэвтээд байдаг чухам амралтын газар юм байна л даа. Гэм нь ганцаараа байх нь л хэцүү юм байх. Бас болоогүй хэдэн жил болоод шүүх буруу шийдсэн байна гэсгээд гарчихаж ч болох талтай гэнэ. Шүүх яахаараа ч хүний амьтай холбоотой тийм  эмзэг асуудлыг  хөнгөн хуудуу шийдэх юм. Өөрөө хуульч байж мэргэжил нэгт нөхөд өө дэндүү гутааж байгаа юм биш үү.  Ингэхээр Монголын шүүхэд хэн итгэх болж байна. Мөн чанартаа зурагтаар энэ саналыг хамгаалаад байгаа албаны хүмүүсийн яриагаар сайн хахууль өгвөл гуч биш гурван жил болоод алуурчин нь  гарчихсан байхад мэдэх ч үгүй, мэдсэн ч гайхаад байхааргүй л юм байна.   Ийм шийдвэр гарвал ямар их  уршиг дагуулахын  цаад үзүүрийг харж байгаа юм уу.  Юутай гамшиг,   юутай хорлол вэ? 
Их хурлын эрхэм түшээд нь өөрсдөө ганц ч сөөг тарихгүй атлаа үүдэндээ байгаа өмнөх үеийнхнийхээ бүтээсэн үзэсгэлэнт ганц  төглийг өмхий шарилж шиг үнсэн товрог болгохоор шийдэж гэнэ. Төр ганц сайхан байшинтай болъё л доо гэнэ. Тэргүй бол төр байж болохгүй байна гэнэ. Тэндээс өөр байшин барих газар Монголд олдохгүй байна гэнэ дээ. Юутай мунхаглал, юутай ичгүүр вэ?  
Түмэн олон: Дээдэс нь суудлаа олохыг үгүйлнэ. Аугаа хүчтэй төрийг үгүйлнэ.  Аавын мэт хамгаалал, ээжийн мэт  энэрлийг үгүйлнэ. Дэндүү даварсны нь чимхээд авдаг захиргаатай болоосой. Дээрэмчин тонуулчны нь дэглээд өгдөг төртэй болоосой. Арга ядахдаа Эзэн Чингис маань эргээд ирдэг болоосой гэж бэтгэрнэ... Ямар сайндаа
Номхон тэмээ ноослоход амар
Номхон төр ноолоход  амар гэсэн хэлц гарах вэ дээ. Ийм нэгэн үед  амьдрах хувь тавилан л бидэнд оногдож дээ. Дотроо толхилцож,  хохилцсоор тусгаар тогтнолоо л тавиад туучих вий гэж эмээж түгших юм даа.  Ингэхэд бид ер нь хаашаа яваад байна аа та минь ээ. 
Д.Буянхишиг

Монголчууд эртнээс нааш төрөө оройн дээд очир эрдэнэ гэж итгэж биширч ирсэн ард ...

Хэвлэх
  Сүүлийн 5 мэдээ
СЭТГЭГДЭЛ:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUDARGA.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99959385 утсаар хүлээн авна
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Эхлэл   Чухлыг онцлов   Шударга мэдээ   Шударга яриа   Шударга нийтлэл   Фото мэдээ   Видео мэдээ   Шударга хэлэлцүүлэг  
Үйлчилгээний нөхцөл | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах | Вэб сайт хийх | RSS
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой © 2010 SHUDARGA.MN