Үзэл бодол
Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүн

Батхаан овогт Хорлоогийн Цэндбаяр гэх нэрийг Төв аймгийнхан тэр дундаа Эрдэнэсантынхан андахгүй. Учир нь тэрбээр нутгийнхаа олон бахархалт хүмүүсийн нэг байсан юм. Батхаан уулын энгэрээс дандаа алдартнууд төрөн гардаг жамтай гэмээр. Учир нь, энэ нутгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон долоо, Гавьяат цолтон 10 төрөн гарсан түүхтэй. Тэдгээрийн нэг бол миний хөрөг нийтлэлийн гол дүр болох Х.Цэндбаяр. Эрхэлсэн ажилдаа чин үнэнчээр зүтгэж, хөдөлмөрлөж чадсан хэн бүхнийг амьдрал шагнадаг гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж явсан энэ эрхэм буурлын үр хүүхэд, ач, гуч нь өдгөө ч сум орон нутагтаа аавынхаа нэрийг дуурсган ажил хөдөлмөр эрхэлсээр явна.
Х.Цэндбаяр нь 1932 оны хавар Төв аймгийн Эрдэнэсант суманд Батхаан уулын энгэр “Байшинт” хэмээх газар мэндэлжээ. Хорлоо малчны хүү тэрбээр бага боловсролоо сумынхаа “Угалзат” багийн бага сургуульд эзэмшсэн байна. Харин 1944-1947 онд Баянчандмань сумын долоон жилийн дунд сургуульд суралцаж, улмаар Улаанбаатар хотын I арван жилийн дунд сургуулийг 1950 онд төгсчээ. Хотод ерөнхий боловсролын сургуулиа төгссөн даруйдаа өөрийн хүсэлтээр мал маллахаар хөдөөг зорьжээ. Хэн бүхний гаргах шийдвэр биш ч залуухан хархүү зориг шулуудан нутгийн зүг хүлгийн жолоо залсан нь тэр. Эх орныхоо торгон хилийг нэр төртэй манах, эр цэргийн албанд мордсон нь 1952 оны үйл явдал. Цэргийн албыг гурван жилийн хугацаатай хааж ирсэн цагаасаа хойш Цэндбаяр залуу халуун насаа сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө зориулж, хөдөлмөрлөж чадвал хүн ямар амжилт гаргаж болохыг үлгэрлэн харуулсан түүхтэй. Цэргээс халагдаж ирснийхээ дараа өөрийн хүсэлтээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Трактор, комбайнчны сургуульд явж, Хөдөө аж ахуйн механикжуулагч-тракторч-комбайнчны мэргэжил эзэмшжээ.
Амьдралын ханьтайгаа учирч, ижий, аав болсон он жилүүд хэчнээн гоёхон дурсамж билээ. Түүний хань Ж.Өлзийхутаг нь Өмнөговь аймгийн Өлзийт суманд төржээ. Заяаны хань Х.Цэндбаяртай танилцсанаас хойш Эрдэнэсант суманд амьдарч, Мал аж ахуйн машинт станц, нэгдэлд ажиллаж байжээ. Мөн нэгдлийн даргын бичээч хийж байсан аж. Харин түүний хань Цэндбаяр нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Өвс хадах морин станцад тракторч, комбайнч, Мал аж ахуйн машинт станцид тракторын бригадын ахлагчаас эхлэн Тэжээлийн аж ахуйн трактор, комбайнчны тасгийн даргаар ажилласан тэртээх 35 жилийн хугацаанд ажлаасаа нэг ч удаа хойш суугаагүй, үргэлж манлайлж, тэргүүн эгнээнд нь алхаж, залуу үедээ зөвөөр үлгэрлэж явсныг нутгийн зон олон, үе тэнгийн ахмад буурлууд нь өдгөө ч бахархалтайгаар эргэн дурсах.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд, ХАА-н сайд асан Ш.Гунгаадорж гуай дурсан ярихдаа “Эрдэнэсант чинь мундаг том аж ахуй байлаа. Тэжээлийн аж ахуйн гурван бригадтай. Гуравдугаар бригад нь зүүн урд тал руугаа байсан. Ургац арвин авдаг сайн бригад байсан. Га-гаас 25 центнер ургац авч байсан шүү. Тэргүүн байрыг хоёр, гуравдугаар бригад нь авч байсан юм. Тэр үед болзол зарлачихсан байдаг байлаа. Трактор, мотоциклоор шагнадаг байсныг санадаг. Х.Цэндбаярын бригад их түрүүлнэ ээ. Ажлаас салдаггүй, мундаг хөдөлмөрч хүн байсан даа” хэмээжээ. Тэрээр, 1991 онд гавьяаныхаа амралтад гарснаас хойш мөн л сумынхаа хөдөө аж ахуй, хүнсний ногооны “Уртын гол” ХХК-д зөвлөх менежер, механикжуулагчаар ажиллаж байжээ.
Тэр эгэл монгол эр хүн бүрийн адилаар найранд гурван дуутай, наадамд гурван даваатай явсан. Аймгийн заан цолтой, волейбол, зээрэнцэг, шатраар хичээллэдэг шаггүй спортлог эр байж. Энэ талаар түүний охин Ц.Баяр-Отгон дурсан ярихдаа “Миний аав ажлын төлөө л төрсөн юм шиг хүн байсан. Улсын ажлыг хэзээ ч цалгардуулж болохгүй гэдэг зарчимтай. Тэр жилийн хавар 80 настай эмээгийн маань бие нь тааруу байхад аав “Тариа тарих цаг дөхөж байна” гээд “Талын баян”-д байдаг бригад руугаа явчихсан гэсэн. Гэтэл аавыг эзгүйд эмээ бурхан болсон юм билээ. Хожмоо аав минь өөрөө 80 хүрчихээд Монголын радиогоор Х.Үнэнхүү гавьяатын “Эхийн тухай дуу” явахад гэнэтхэн ихэд мэгшин уйлж билээ. Намайг юу болсныг асуухад “Би нээрээ айлын ганц хүү байж ажлын төлөө яваад эхийнхээ толгойг түшиж чадаагүй дээ” хэмээн харамсаж байж билээ. Аав минь ингэж л ажлын төлөө махран зүтгэдэг, эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж байж салдаг хүн байлаа. Олон таван үггүй, шаардлага өндөртэй, тэмүүлэлтэй, залуусыг их дэмждэг, хэт шударга хүн байсан. Гавьяатад таван удаа тодорхойлогдож байсан ч намын харьяаллаас авч чадаагүй юм” гэв. Тэр ч байтугай Хөдөлмөрийн баатар цолны болзлыг ажлын үр дүн, амжилтаараа таван удаа хангаж байсан гэдэг. Монголын төр энэ мэт эгэл баатруудаа умартаж, их харуусал дунд явуулдаг нь гаслантай.
Х.Цэндбаярын удирдан ажиллаж байсан Хөдөө аж ахуйн Үр тарианы бригадын тасгийнхан амжилтаараа БНМАУ-ын “Ургацын аварга хамт олон”-оор таван удаа шалгарч, тэргүүлэн “ГАЗ-53” автомашин, “иж планета” мотоцикл, мөнгөн шагналаар /24000 төгрөг / тус тус шагнуулж байжээ. Тэдний хамт олноос тракторч комбайнч Т.Лувсанцэрэн нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болж, Сүхбаатарын одон,Алтангадас , Хөдөлмөрийн хүндэт медалиар тус бүр таван хүн шагнуулж байсан. БНМАУ-ын “Ургацын аварга”-аар 21 хүн 1-5 удаа шалгарч байсан нь түүхийн шарласан хуудаснаа тодхон бичигдсэн байх юм. Энэ бол сайн удирдагч, сайн ахлагчийн хичээл зүтгэл гэдэгтээ хэн ч маргахгүй болов уу. Түүний удирдсан үр тарианы бригад, тасгийн хамт олон нэг га-гаас авах 10 центнерийн норм, төлөвлөгөөгөө жил бүр 120 хувиас дээш давуулан биелүүлж, ажилласан түүхтэй. Тодруулбал 1966, 1980,1973, 1975, 1976, 1980, 1981 онд нэг га-гаас 18-25 центнер ургац авч, улсын хэмжээнд онцгой өндөр амжилт тогтоосон байжээ. Энэ бүхэнд Цэндбаярын ижийгээ өвчтэй байхад нь орхиод явж байсан чин сэтгэл, ханийгаа тариан талбайд төрүүлэх хүртлээ махран зүтгэсэн хөдөлмөр зүтгэл ороогүй гэж маргах хүн гарахгүй байх аа.
Гэхдээ төр дандаа “сохор” байсан уу, гэвэл бас тийм биш. Түүнийг нутгийн зон олон, хөдөлмөрч, бүтээлч төв нутгийнхан дэндүү их мэддэг, бас хүндэлдэг байсан учраас Сумын АДХ-ын депутатаар гурван удаа, Аймгийн АДХ-ын депутатаар хоёр удаа сонгож, МАХН-ын XVII их хурлын төлөөлөгчөөр томилон явуулж байсныг нутгийнхан нь ярилаа. Монгол Улсын төр засгаас хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж, 1988 онд Сүхбаатарын одон, 1973 онд Алтан гадас одон, 1968 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсанаас гадна ойн медалиуд болон Засгийн газрын Хүндэт жуух бичиг он онуудын “Таван жилийн гавъшгайч” цол тэмдгээр тус тус шагнуулж байсан нь өдгөө үр хүүхдүүдийнх нь гэрийн хойморт гялалзах ажээ.
Ааваараа, ээжээрээ бахархаж, би ийм хүний үр сад шүү хэмээн бардам хэлэх бахархлыг үлдээнэ гэдэг энэ орчлонд хүн болж ирсний утга учир юм. “Миний аав чинь Батхаан уулын энгэрт төрсөн бахархалт хүн байсан” хэмээн үр хүүхэд нь нүүр бардам хэлж байгаа нь хэчнээн сайхан.
Цэндбаярынх гэдэг айл дөрвөн хүү, гурван охинтой бөгөөд тэд бүгд улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна. Сэтгүүлч, багш, барилгачин, малчин, төрийн албан хаагч гээд салбарт бүрт эцгийн нэрийг сайнаар дурсгаж явна. Хүү Ц.Анхбаяртаа мэргэжлээ өвлүүлсэн бөгөөд өдгөө орон нутагтаа эхнэрийнхээ хамт газар тариалангийн бизнес эрхэлж, “Уртын гол” ХХК нь орон нутгийнхаа төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж явааг эцэг нь тэнгэрээс харж, талархан суугаа нь дамжиггүй.
Үзэл бодол
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч талархлын захидал ирүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНТУ-ын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоан талархлын захидал ирүүлэв.
Уг захидалд,
“Хүндэт Ерөнхийлөгч, эрхэм анд аа,
Кахраманмараш болон ойр орчмын 10 мужийг хамарч, улс оронд маань их хэмжээний сүйрэл, гай зовлон авчирсан хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэлийн захидал илгээн бидний уй гашууг хуваалцаж, нэн даруй тусламж үзүүлсэнд Бүгд Найрамдах Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.
”Та бүхний тусламж хахир өвлийн хүнд өдрүүдэд газар хөдлөлтийн гамшигтай нүүр тулсан манай ард түмэнд нэн их тус хүргэсэн.
Монгол Улсын аврах, эрэн хайх баг өөрсдийн амь насыг үл хайрлан, нурангид дарагдсан иргэдийг аврахын төлөө гаргасан хичээл зүтгэлийг бид үргэлж талархан санах болно.
Энэ завшааныг тохиолдуулан ахан дүүсийн харилцаатай Монгол Улсын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.
Үзэл бодол
Хороо, эрүүл мэндийн төвийн цогцолбор ашиглалтад орлоо
Төрийн анхан шатны үйлчилгээ болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэг дороос хүргэх, яаралтай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд анхан шатны төрийн үйлчилгээний цогцолборыг барьж, ашиглалтад орууллаа.
Тус цогцолбор нь эмчилгээ, төрийн үйлчилгээний 18 өрөө тасалгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт бүхий хоёр ариун цэврийн өрөө, энгийн хоёр ариун цэврийн өрөө, авто зогсоол, зоорь бүхий хоёр давхар барилга юм. Уг цогцолбор барилга ашиглалтад орсноор 21 дүгээр хорооны 9553 хүн нийтийн хэв журам, эрүүл мэндийн анхан шатны тусламж, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор авах боломжтой.
Барилга угсралтын ажлыг Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Жигүүр эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм.
Үзэл бодол
Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно
-Ойн өдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Дэлхий дээр уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж байна. Тэр дундаа манай улс анхаарлын тэмдэг авах хэмжээнд очсон. Бидний үр хүүхдүүд цаашид ямар орчинд, ямар нийгэмд үлдэх вэ гэдгийг бид өнөөдөр нухацтай бодох ёстой.
Өнгөрсөн 80жилийн хугацаанд Монгол улс 2,25 хэмээр дулаарчээ. Энэ үйл явц зогсохгүй үргэлжилбэл 2100 он гэхэд 4-4,5 хэм хүртлээ дулаарах тооцоо гарсан.
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх хамгийн чухал салбар бол ой. Жилдээ ганцхан өдөр бид ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэтэл өнөөдөр бидэнд өдөр бүрийг ойн өдөр болгох шаардлага тулгарсан байна. Ялангуяа энэ ойн өдрөөр бид сайн сайхныг гэхээсээ илүү болж бүтэхгүй байгаа тулгамдсан асуудлуудаа ярилцах хэрэгтэй.
Тулгамдаж байгаа асуудлууд дээрээ гарц, шийдэл олоод үлдсэн 364 өдөртөө хэрэгжүүлдэг байхын төлөө ажиллах ёстой. МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарих асуудал биш, дэлхий нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах.
2022 оны тавдугаар сард хийсэн судалгаагаар 737 мянган га газар ойн хөнөөлт шавжид идэгдсэн гэх харамсалтай тоо гарсан.
Бид нэг талд тэрбум мод тарих тухай асуудлыг хөндөн ярьж байхад нөгөө талд тэрбум залуу мод үхэж, үгүй болох асуудал хөндөгдөж байна.
Үүнийг бид нуух хэрэггүй. Хөнөөлт шавжаас гадна хушин ой, самрын бизнестэй холбоотой ой мод сүйдэж байгаа маш том асуудал бий. Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүртэл алдах болно гэдгийг анхааруулъя.
Байгаль орчны асуудлуудыг тус тусад нь авч үзэх ямар ч боломжгүй. Бүгд хоорондоо харилцан шүтэлцээтэй. Тийм учраас та бүхнийг ойн зөвлөгөөн дээрээ маш үр дүнтэй санал, шийдлүүд гаргах байх гэж хүлээж байна.
Хот суурин дахь ногоон байгууламжийн асуудлыг ч орхигдуулж болохгүй. Бид амьдарч байгаа орчноо ногооруулахгүй бол хэн ч бидний орчныг өөрчлөхгүй шүү.
Модгүй бол усгүй. Усгүй бол хөрсгүй. Хөрсгүй бол хүнсгүй. Хүнсгүй бол амьдрал үгүй. Харангадаж, ангаж, өлсөж үхэхгүйн тулд бүгдээрээ ойгоо аварцгаая гэж Ойн газраас мэдээллээ.
-
Цаг үе2021/04/07
Цэргийн анги дахь хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар ЗХЖШ-аас ХЭҮК-т тайлба...
-
Улстөр нийгэм2022/02/28
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид Франц Улсад ажлын айлчлал хийлээ
-
Улстөр нийгэм2021/07/08
Аймгууд хөл хорио тогтоохдоо Улсын онцгой комисстой зөвшилцөнө
-
Цаг үе2022/12/22
ЗГ: Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Сэтгэгдэл