Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Огноо:

,

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Ганбат танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тонн нүүрс олборлож, 13.0 сая тонн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 7 удаагийн арилжаагаар 416.0 мянган тонн нүүрсийг 53.9 саяар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдлээ. Түүнээс гадна  “Тавантолгой” ХК-иас 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох нийт 13.9 сая доллар буюу 48 тэрбум төгрөгийг “Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлэн бүрэн төлж барагдуулав. Мөн Цанхийн баруун уурхайн 3 жилийн хугацаатай гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сард дууссан тул шинээр тендер зарласан. Шинэ тендерийн төсөвт өртгийг бууруулж хэмнэж чадсан.

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 588.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулж, үүнээс зөвхөн бүрэн эрх төлөөлөгч  томилогдсоноос хойш 495.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.5 сая тонн нүүрс ачууллаа.  Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж байна. Түүнээс гадна санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд компанийн өрийн дарамтыг бууруулж, ашигтай ажиллагааг нэмэгдүүлсэн гэх зэргээр  танилцууллаа. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж. Батжаргал, Т.Аубакир, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч цаашид хэр хугацаагаар үүргээ гүйцэтгэх вэ, нүүрсний чанар, стандартыг хэрхэн сайжруулах вэ, нүүрсийг сорчилж борлуулах байдлыг хэрхэн өөрчлөх вэ, 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах талаар хэрхэн ажиллах талаархи асуултуудыг асуусан.

Уул уурхайн сайд Ж.Ганбаатар, “Эрдэнэс таван толгой” хувьцаат компанид Засгийн газар цаашид ямар менежмэнт явуулах, үр ашгийг  дээшлүүлэх талаар ярилцаж байна. Энэхүү бодлого тодорхой болох хүртэл бүрэн эрхт төлөөлөгчийг сунгаж ажиллуулахаар ярилцаж байна.  Бүрэн эрхт төлөөлөгчийн оронд менежмэнтийн нээлттэй баг бүрдүүлэн  ажиллах боломжтой. Нүүрсний чанар стандартыг сайжруулахад хамгийн чухал нь нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад яаралтай оруулах ёстой. Цаашид нүүрсний үнийг 170 ам.доллараас доош буулгахгүйгээр борлуулах гэрээг байгуулна. Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжихээр урт хугацааны гэрээг байгуулж, ажиллана гэв. 

Засгийн газрын Онцгой бүхэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж. Ганбат, 1072 хувьцааны ногдол ашиг болгож,  2019 онд 96 мянган төгрөг, дараа нь цар тахлын  үе буюу 2020-2021 ондуудад  мөн ногдол ашиг  олгосон. Компанийн үр ашгийг нэмэгдүүлж, менежмэнтийг сайжруулснаар ногдол ашиг олгох боломжтой.  Гэхдээ нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулсны дараа ашиг нэмэгдэж, нүүрсний экспортод том ахиц гарна.  Мөн нүүрсийг зөвхөн сорчилж бус эрчим хүчний нүүрс, хагас коксжсон нүүрсээ борлуулах гэх мэт менежмэнтийг хэрэгжүүлснээр  компанийн  үр ашгийг  нэмэгдүүлэх боломтой  хэмээн хариуллаа. 

Байнгын хорооны гишүүд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг  үүргээ сайн гүйцэтгэн ажиллаж байгааг үнэлээд цаашид компанийн үр ашгийг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй гэх зэрэг санал хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

"Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчид авах асуудлаар уулзалт хийлээ

Огноо:

,

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэнд ээлтэй хотыг цогцлоох үүднээс хүүхэд бүр өөрийн амьдарч байгаа хотхон, хороолол дотроо суралцаж чадвал автомашины хөдөлгөөн 30 орчим хувиар буурах тооцоолол бий. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн удирдлагууд болон Баянгол дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд "Эрин эверест интернэшнл" сургуулийг төрийн өмчит болгох саналыг хотын даргад хүргүүлээд буй. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрин хороолол орчимд 11000 иргэн оршин суудаг. Гэсэн хэдий ч уг байршилд төрийн өмчийн сургууль байхгүй. Иймээс оршин суудаг хүүхдүүдийн ихэнх хувь нь замын цаана нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор” сургууль болон 10-р хорооллын “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулиудад хол очин суралцдаг. Тухайн бүсэд байгаа хувийн хэвшлийн сургуулийг төрийн өмчид авах гэрээ хийгдвэл олон хүүхдүүд болон эцэг эх хол явах шаардлагагүй болно” хэмээлээ. 

Түүнчлэн сургууль цэцэрлэгийн байгууламж байхгүй Хархорин, Өнөр хороолол, Эрин хороололд амьдарч буй сургуулийн насны 3900 хүүхдүүдийн асуудлыг шийдэхийн тулд хэлэлцээр хийж шийдэл гаргахаа хотын дарга онцоллоо.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Улаанбаатар хотын хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал 2020 онд хүнд байсан. Нэг ангид 50-60 хүүхэд суралцаж, өдрийн гурван ээлжээр хичээллэдэг байсан. Баянгол дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13 сургууль, 13 цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Зарим сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Уг Эрин сургуулийн асуудлыг бүрэн шийдэж төрийн өмчит болговол Баянгол дүүргийн бүх хороо сургууль, цэцэрлэгтэй болно. Ингэснээр бид үнэгүй чанартай боловсролыг олгож чадна’ гэв. 

“Эрин интернэшнл ХХК”-ийн дэд захирал Д.Даваасүрэн “Эрин хорооллыг 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сургууль төлөвлөх хүсэлт тавьсний дагуу бид төлөвлөж улсын хөрөнгөөр бариулах хүсэлт удаа дараа тавьсан боловч 2019 онд олон улсын сургууль болох зорилоготойгоор Япон Улсын хөрөнгө оруулалттайгаар байгуудагдсан. Одоо хувийн чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа. 960 хүүхэд нэг дор хүлээн авах хүчин чадалтай, бүх анги тэнхимийн лаборатори нь орчин үеийн багаж хэрэгслээр тоногдлогдсон хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартаар бүрэн стандартын дагуу байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдийн сурах таатай орчин нөхцлийг бүрэн хангасан” гэж хэлэв. Мөн тэрбээр сургуулийг төрийн өмчит болох асуудалд аж ахуйн нэгж хоорондын гэрээний дагуу үнэ тохиролцож ширээний ард ярилцахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ээждээ зориулсан үг

Огноо:

,

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН ҮГ

Бидний ачлалт хайртай ээж минь Таныхаа алтан шарилд түмэнтээ мөргөм үү...

Хайрт ээж минь 2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүнд өвчний учир тэнгэрт дэвшлээ. Бидний хайрт ээж Гомбосүрэн овогтой Хэрлэнбаяр нь 1978 оны дөрөвдүгээр сарын 25-нд Налайх дүүргийн төрөх тасагт аав, ээжийн 4 дэх охин болон мэндэлжээ.

Та минь бага насандаа цэцэрлэгт хүмүүжиж, 1985-1993 онд Төрхурахын 8 жилийн дунд сургуульд, 1993-1995 онд Хөнгөн хүнсний техникумд, 1999 онд Алт угаагч түр курст суралцан "Шижир алт" ХХК-д, "Алтан Дорнод Монгол" ХХК-д дээж авагчаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

2005 оноос "Номин холдинг" ХХК-д борлуулалт, үйлчилгээний бизнест худалдагчаар ажилд орсноор өнөөг хүртэл тус компанитай хувь заяагаа холбож, "Номин электроникс", Номин УИД, Номин хайпермаркет, супермаркет зэрэг олон салбаруудад борлуулагчаас барааны нярав, орлогын нярав, зохион байгуулагч хүртэл албан тушаалуудад дэвшин ажиллаж, өөрийн ажилдаа дур сонирхолтой, хичээл зүтгэлтэй, хамт олныг удирдан чиглүүлэгч, сайн зохион байгуулагч, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн суралцаж, уралдаант шалгаруулалтад дээгүүр байрт жагсдаг, хамт олондоо нэр хүндтэй, үнэнч шударга, хөдөлмөрч, чадварлаг шилдэг ажилтан байлаа.

Ээж минь 1996 онд гэр бүлтэй болж, 1997, 2003, 2009, 2019, 2021 онуудад нэг хүү, дөрвөн охины ээж болсон ба гурван зээ хүүгийн эмээ, өнөр өтгөн гэр бүлийн өгөөмөр буянтан байлаа. Ээж минь та өөрийн зовлонг бусдад нялзаалгүй, бусдын төлөө амьдрахын учрыг ойлгуулж, олонтой явахын, зөв шударга амьдрахын толь байжээ. Та алдар гавьяаг биш хөдөлмөрийг илүүд үздэг байсныг бид сайн мэднэ. Ээж минь та эгнэшгүй хөдөлмөрч, нэн ачлалт, хосгүй буянтан байлаа.

Та хатууг сөрж амьдарсан.

Та минь аюулт өвчний өмнө аргагүй бөхийлөө. Хайрт ээж минь та орчлонд хувь хүн болж төрсөн ч олон үр, олон амь, олон айл өрх ТАНААС эх авлаа.

Энэрэлт ээж минь таныхаа ард бид хүүхдээрээ, олуулаа үлдлээ ч танаараа Л ДУТАЖ амьдрах нь ээ. Та минь дэндүү залуугаараа биднийгээ орхин одлоо. Ээж минь та гайхалтай ажилсаг, цаг наргүй хөдөлмөрдөг нэгэн байсан. Та минь олон найз нөхөдтэй, олон түмнээрээ хүрээлүүлсэн хүнлэг нэгэн байсан. Ээж минь олон хүүхэд төрүүлж, өсгөн төрийн эрхэм хүндэт "Алдарт эх II" одон хүртэж байлаа. Таны минь авьяас билэг, хүч хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медаль, Монгол Улсын Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэг, УИД-ийн 100 жилийн ойн медаль, Номин холдинг ХХК-ийн 30 жилийн ойн медалиар шагнаж байв.

Үр хүүхдүүд бид чинь сайхан ээж танаараа бахархаж байна. Та минь хүний журам, түмний ёсыг дээдлэн амьдрахыг хичээж, үр хойч бидэндээ үлгэр дуурайл болон амьдарсан. Та минь олон хүүхэдтэй айлын нэгэн мөчир байсан. Хорвоогийн жам хатууг бид харж байна. Энэхүү үнэнтэй эвлэрч, таныгаа бурхан болохыг үзэх зүйрлэшгүй хэцүү байна.

Та минь хөх тэнгэртээ заларч, эгнэшгүй ачит Дарь Эх болон мөнхрөөрэй. Үр хойч бидэндээ эргэн төрөөрэй. Таны эргэн төрөх зам мөр элдэв саадгүй дардан байх болтугай. Буянтай сайхан, ачлалт хөөрхөн ээж минь ТА АМГАЛАН НОЙРС ДОО.... Таныгаа үүрд дурсан, шүтэж явах болно.

ХАЙРТ ЭЭЖ, ГЭР БҮЛИЙНХЭН, АНД НӨХӨД, ХАМААТАН, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨӨС НЬ

- * -

 

АНГИЙН АНД ЧАМДАА...

Хоёр салаа гэзгэн дээр,
Хосгүй цэцэг ургуулсан
Хонгорхон алаг нүдэн ...
Холбооны охин чи минь
Хонхорын 10 жилийн 10А ангийн сурагч билээ...

Холбоо үг хоршуулан,
Хоёр мөртийг энүүхэнд зохиочихно
Хэн нэгнийг ёжтой нь аргагүй үгээр
Хааяа нэг шоглон инээх
Хэдийд ч бэлэн сэцэн үгтэй
Сахилагагүй юм шиг мөртлөө
САЛААНЫ ДАРГА байсан Хэрлээ охин минь...

Хүүрнэн урсах үгсээр
Хүрэн бор дэвтэрийг дүүртэл
Хөх бэхийг дуустал
Хосгүй уянгалах шүлгийг бичсэн
Хүрэл Тулга шүлгийн уралдааны ЭЗЭН охин минь...

Томоо гитарын араас
Тогдгор жаахан гараар
Төвөггүй тоглож байхад
Урлагийн тэнгэр чамд дурласан байх гэлтэй
Сурлага сайтай, урлагт авьяастай Сургуулийн анд минь...

Гитар тоглож дуу аялан
Гудамжны найзуудаа хөгжөөнө
Гурван чавхдасыг хөглөн тоглож
Гуч хүрсэн андуудаа баясгана.

Гутрана гэдгийг Мэдэхгүй,
Гундана гэдгийг Мэдрэхгүй
Хаана ч явсан Зоригтой,
Хэзээ ч эмээж Шантардаггүй
Энгийн атлаа ГҮНДҮҮГҮЙ
Тайван мөртлөө АУГАА
Дөлгөөнхөн мөртлөө ХҮЧТЭЙ
Даруухан атлаа ЗОРИГТОЙ байх чи минь....
 
Нарт хорвоо чамайг минь
Нар буцахаас өмнө аваад явчихлаа
Нас залуухан, цус шингэнд дурлаа юм болов уу

Алаг хорвоо чамд минь
Амьдралын бурмыг амсуулж амжилгүй аваад явчихлаа
Ааш сайханд нь дурлаа юм болов уу

Хонгорхон найз минь чи
Аз жаргалын ДИВААЖИН гэх оронд
Амар тайван нойрс доо.

ХАЙРТАЙ ШҮҮ.
Ангийн андуудаас....................

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ, Сангийн яамны удирдлагууд, Монголын банк, санхүүгийн салбарын төлөөллүүд АНУ-ын Нью-Йорк хотноо “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” нэгдсэн арга хэмжээнд оролцож байна. Энэ сарын 22-ны өдрөөс эхэлсэн арга хэмжээний эхний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус биржийн дэд ерөнхийлөгч, Олон улс хариуцсан зөвлөх газрын тэргүүн Крис Тэйлор болон бусад удирдлагуудтай уулзалт хийж, Монголын компаниуд, тэр дундаа банкнууд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарах боломжийн талаар санал солилцов. 

Арга хэмжээний хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Нью-Йорк хотноо “Монголын банкны форум” зохион байгуулагдаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баярсайхан тэргүүтэй төрийн байгууллагууд болон арилжааны банкнуудын төлөөлөл оролцож, илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Монголбанк, СЗХ болон Монголын банкны холбооны удирдлагууд Монголын банкны салбарын томоохон банкнууд дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсон нь чухал алхам болсон бөгөөд тус салбарын хөрөнгө оруулалтын өгөөж 19.4 хувь байгаа нь Төв Азийн орнууд дундаа харьцангуй өндөрт тооцогдох үзүүлэлт гэдгийг онцлов.

Форумд гадаадын 50 гаруй хөрөнгө оруулагч, шинжээч оролцсоны дотор BNP Paribas, JP Morgan, Morgan Stanley, Standard Chartered Banks, Moody’s Rating Agency, Fitch Rating Agency зэрэг АНУ-д төвтэй томоохон банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд багтсан. “Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” болон “Монголын банкны форум” үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын харилцаа, судалгааны чиглэлээр Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Capital Market Mongolia” компани Монголбанктай хамтран анх удаа зохион байгуулснаараа онцлог байв гэж Монголбанкнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох