Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгууль өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй

Огноо:

,

Монгол Улсын Их хурал энэ оны 12-р сард багтаан Сонгуулийн тухай  хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд танилцаж байна. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажилласан бол   энэ сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр ажиллалаа. УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Сонгогчдын бүртгэл хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Пүрэвдорж нар болон байнгын хорооны ахлах, зөвлөхүүд Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг билээ. Одоогийн байдлаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд сонгуулийн насны 2.111.842 иргэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд Сонгуулийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, 2020 оны сонгуулийн бэлтгэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.

2017 оны сонгуулиар нэг хаяг дээр 20-30 хүн бүртгэгдсэн, адилхан овог нэр, регистрийн дугаартай, нас барсан хүнийг иргэний бүртгэлээс хасаагүй зэрэг асуудлууд гарсан. Үүнийг хэрхэн шийдэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хангаж, биелүүлж байгаа тухай гишүүд асуулаа.  

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хаягийн асуудал сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахад үндсэн мэдээлэл болдог. Иймээс хаягийн асуудлыг объектод суурилсан буюу газрын кадастрын мэдээллийн санг бий болгож, үүн дээр суурилж иргэний улсын бүртгэлийн хаягийн сангаа өөрчлөх ёстой гэлээ. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд  86 мянга орчим хаяг байдаг.  Цаашид хаягийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, хаягийн сангийн асуудлыг цэгцэлж, холбогдох байгууллагуудаас бодит мэдээллийг сонсож, шийдлийг олох хэрэгтэй байгаа тухай ярьж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хаягийн асуудлаар удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна гэлээ. 

УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн багц хууль 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгуулиа өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй гэдгийг тайлбарлалаа. Мөн регистрийн дугаарын сүүлийн 2 орноос бусад нь адилхан буюу овог нэр, төрсөн он, сар өдөр нь ижил давхцаж болзошгүй 2200 гаруй хүн байна.Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оноос 150 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Цахим архив үүсгэсэн учраас ямар ч иргэний мэдээллийг хэдхэн хормын дотор харах боломжтой. Давхцаж болзошгүй иргэдийг тодорхойлж, эрсдэлийн бүлэг тогтоосон гэлээ. Нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдлын тухайд иргэд  www.burtgel.mn хаяг руу орж өөрсдийн хаягаа харах, шалгадаг болсон. Зөрчил гарвал Улсын бүртгэлийн Ерөнхий газарт мэдээлж, арилгуулах боломжтой гэлээ.

Ингээд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгууль бүрээр гардаг зөрчил дутагдлыг арилгахад анхаарч, идэвх санаачилгатай ажиллаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа албан бичгээр  ирүүлэхийг санууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох