Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаар...

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж, Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн талаарх ангийн сайд Б.Жавхлангийн танилцуулгыг сонслоо.


МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН УРЬДЧИЛСАН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААР

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирсан байна. Нэрлэсэн ДНБ 2022 онд 48 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 10 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 28 их наяд төгрөгт хүрсэн байна.

Эдийн засгийн өсөлтийг салбараар авч үзвэл хөдөө аж ахуй, уул уурхайн салбар болон бүтээгдэхүүний цэвэр татвар бодит өсөлтөд гол хувь нэмэр оруулсан байна.

Монгол Улсын Засгийн газраас экспортыг эргэн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагаст 8.1 сая тонн буюу өмнөх оноос 12.7 хувиар агшаад байсан нүүрсний экспорт 2022 оны эцэст 31.6 сая тоннд хүрч  2021 оноос  даруй хоёр  дахин өссөн байна. Зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ингэснээр АМНАТ-ийн орлого 2.7 их наяд төгрөгт хүрч, уул уурхайн орлого 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 750 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Төлбөрийн тэнцэл 2022 оны эцэст нэг тэрбум ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын албан нөөц 3,399.6 сая ам.долларт хүрсэн. Уг нөөц нь валютын төлбөртэй барааны импортын нийт 4.7 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.

Засгийн газраас  2022 оны аравдугаар сард “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар  тогтоол гаргаж  хэрэгжүүлсэн нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж улмаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон “Оюу толгой” ХХК нийт 1.1 тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК дээрх тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.5 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ.

Мөн өнгөрсөн онд арилжааны банкууд гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас хэд хэдэн урт хугацаат санхүүжилтийг татсан нь валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Томоохон гарах урсгалын хувьд өнгөрсөн онд “МИК ОССК” ХХК 2019 онд гаргасан 300 сая ам.долларын бондын үлдэгдэл 130 сая ам.долларын үлдэгдлийг төлсөн. Мөн Монгол Улсын Засгийн газар 2022 оны арванхоёрдугаар сард Чингис бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг амжилттай төлж барагдуулаад байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр 2022 онд 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гараад байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугаар саруудад хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляц огцом нэмэгдэж, Орос Украйнын зэвсэгт мөргөлдөөн болон БНХАУ-ын тэг ковидын хатуу бодлого хэрэгжиж байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан.


МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ:

Нэгдсэн төсвийн нийт орлого: Засгийн газраас Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс ангижрах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эдийн засаг сэргэх төлөвт шилжиж байгаа нь төсвийн орлого нэмэгдэхэд эерэг үр дүн үзүүлж байна.

 Нэгдсэн төсвийн нийт орлого 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18,593.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.3 хувиар буюу 1,886.9 тэрбум төгрөгөөр давж, өмнөх оны мөн үеийнхээс 25.5 хувиар буюу 4,337.9 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн үзүүлэлттэй байна.  

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого: 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17,198.5 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгөөнөөс 7.8 хувь буюу 1,244.0 тэрбум төгрөгөөр давж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,487.1 тэрбум төгрөгөөр буюу 35.3 хувиар нэмэгдсэн байна.

Засгийн газар хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах замаар экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, голлох боомтууд болох Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэгт тээвэр (AGV) нэвтрүүлж, нэвтрэх машины тоог нэмэгдүүлсэн. Тухайлбал, Булган, Ханги, Замын-Үүд боомтуудаар гарах нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсны үр дүнд эхний хагас жилийн байдлаар 8 сая тонн байсан нүүрсний экспортыг 31.7 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 90.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улмаар нийт экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөөнөөс даруй 3.5 тэрбум ам.доллароор өссөн байна. Энэхүү үзүүлэлт нь АМНАТ, ААНОАТ-ын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.
Татварын орлого 15,568.3 тэрбум төгрөгт хүрч төлөвлөснөөс 1,710.7 тэрбум төгрөгөөр буюу 12.3 хувиар давж биелсэн байна.

Нэгдсэн төсвийн нийт зарлага: Нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,177.8 тэрбум төгрөг болж зарлагын төлөвлөгөө 3.5 хувиар буюу 656.0 тэрбум төгрөгөөр дутуу, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар буюу 2,547.4 тэрбум төгрөгөөр илүү байна.

Хөрөнгийн зардал 445.7 тэрбум төгрөг, бараа, ажил үйлчилгээний зардал 348.3 тэрбум төгрөг, хүүгийн зардал 74.7 тэрбум төгрөг, татаас 41.2 тэрбум төгрөг, урсгал шилжүүлгийн зардал 146.6 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулагдсан байна.

Төсвийн хэмнэлт: Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төсөл 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлагдаж  хөшөө дурсгал, угтах хаалга, дэд болон орлогч дарга нарын орон тоо, автомашины хэрэглээг хязгаарласан нь төсвийн сахилга хариуцлагыг чангатгах, төрийн  үрэлгэн байдлын эсрэг соёл, чиг хандлагыг тогтоох эерэг үр дагавартай болсон.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2022 онд урсгал зардлаас 189.1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлаас 156.4 тэрбум төгрөгийг тус тус  хэмнэсэн бол  2023 оны төсөвт нэг их наяд төгрөгийн зардлын нөлөөлөл үүсэх байсныг зогсоож чадсан байна. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалт: Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1376 төсөл, арга хэмжээний 1,697.3 тэрбум төгрөг батлагдсанаас, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1369 төсөл, арга хэмжээний 1,393.7 тэрбум төгрөг, “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтөд долоон төсөл, арга хэмжээний 303.6 тэрбум төгрөг тус тус батлагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 1,539.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноор 90.7 хувьтай гарсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Огноо:

,

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Огноо:

,

Нийтийн ашиг сонирхлыг  хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна.  Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Огноо:

,

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр болж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.

Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох