Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ж.Батбаясгалан: Ногоон хотыг бий болгохын төлөө төр, иргэн хоёр хамтын дүрмээ тохирно

Огноо:

,

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь түр хорооны гишүүд, Нийслэлийн ИТХ-ынм дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн төлөөлөгчид, Захирагчийн ажлын алба, холбогдох агентлаг, дүүргүүдийн удирдлагууд оролцсон юм. Энэ долоо хоногт хуралдсан Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар хүүхдийн паркийн эзэмшилд байгаа 31.4 га газартай холбоотой тогтоолын баталж гаргасан. Тэгэхдээ тус газрыг зөвхөн хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралт зугаалга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглаж талбайн хэмжээ болон зориулалтад өөрчлөлт оруулахгүй байхаар баталсан. Тэгвэл өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Баянзүрх дүүрэгт баригдаж буй “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн эзэмшлийн нийт газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг батална гэж мэдэгдлээ. Ингэснээр Нийслэлийн ИТХ-аас баталсан тогтоолыг хэрэгжилт бүрэн баталгаатай болж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвлөлгөөний өмнө хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод хөдөлгөөн үндэсний хэмжээний арга хэмжээ болон хэрэгжиж байна. Улаанбаатар хот нийт 120 сая мод тарьж ургуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэрээг байгуулж, төлөвлөгөө боловсруулан ажлаа эхэлсэн. Хотын удирдлагын баг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг эрс нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. 

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байна. Гэхдээ энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас 3-4 дахин бага үзүүлэлт. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг эн тэргүүнд бүрдүүлнэ гэж хотын Ерөнхий архитектор Б.Нацагдорж хэлэв. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх аж. Тэгэхдээ Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлнэ. Энэ зорилгын хүрээнд 6,288 га талбайд зориудаар ойжуулах, 6,660 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэн нийт 20.7 сая мод тарьж ургуулах юм. Уулзалт, зөвлөлгөөний төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “... Бид хөгжлийг өндөр байшин, өргөн замаар дүгнэж байсан бол одоо дэлхий даяараа орон зай, амар тайван байдал, бүр цаашлаад суурьшмал соёлд дасан зохицож амьдрах хэв маягаа өөрчлөх нь хөгжил болон хувирч байна. Иргэд маань тайван алхах зам талбай, үр хүүхдээ тоглуулж, салхилуулах орон зайг хөгжлийн суурь гэж харж байна. Бидний зогсож, зөвлөлдөж байгаа энэ газар 60 жилийн түүхтэй. Энэ хүрээлэнгийн төв цэгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлтөөр санаа бодлоо уралдуулж байгаа УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Засаг дарга, түүний баг хамт олон яг энэ асуудлаар зургадугаар сард тодорхой шийдвэр гаргахаар ажиллаж байна. Улаанбаатар хотыг зөвхөн төрийн шийдвэр, төсвийн хөрөнгөөр босгоогүй. Энд үеийн үед ажиллаж, амьдарч байсан иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн оролцоогоор бий болсон. Тиймээс энэ хүрээлэнгийн орон зайг хадгалж ирсэн аж ахуйн нэгжүүддээ мөн талархал илэрхийлье. Одоо бүгдээрээ эрүүл аюулгүй, ногоон хотыг бий болгохын төлөө иргэд болон төрийн хамтын дүрмээ тохирно” гэлээ. 

 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох