Улстөр нийгэм
"Лондон пост" хэвлэлд гарсан нийтлэлийг www.eagle.mn сайт орчуулан нийтэлжээ

Монгол Улс эдийн засгийн хувьд ОХУ, БНХАУ хоёр хөршөөсөө шууд хамааралтай тул цар тахлын нөлөөлд хүчтэй өртсөн. Хятад хилээ олон сар дамнан хааж байгаад саяхан буюу аравдугаар сарын 15-аас улс хоорондын худалдаагаа хэвийн явуулж эхлээд байна. Харин ОХУ-тай хийж буй худалдааны харилцаа харьцангуй хязгаарлагдмал хүрээнд үргэлжилж, дараа жил хүртэл жуулчин хүлээж авахгүй шинжтэй. Экспорт, импорт огцом уналтанд орж, ажилгүйдэл улс орны хүрээнд томоохон асуудал болж байна.
Бараа бүтээгдэхүүний хомсдол үнийн хөөрөгдөл үүсгэхийн зэрэгцээ өрхийн дундаж орлого буурч байгаа нь нийгмийн олон асуудлыг улам даамжруулж буй. Энэ хүнд цагт иргэн бүрт тараасан 1072 хувьцааны ногдол ашиг Монгол Улсын эдийн засаг цар тахлын саар нөлөөнөөс гарахад багагүй түлхэц болов.
Эдийн засаг хүндэрсэн хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд 15,5 сая тонн нүүрс борлуулж 2,7 их наяд төгрөгийн орлого олж өндөр амжилттай ажилласан тул ногдол ашиг тараах боломж бүрджээ. Улмаар 2020 онд 2,5 сая хувьцаа эзэмшигчдээ нийт 179,8 тэрбум төгрөг тараахын зэрэгцээ улсад 739,1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэв. Нэгж хувьцаанд 90 төгрөгөөр бодож, иргэд дунджаар 90,000 төгрөг (татварын дараах дүнгээр 86,000 төгрөг) авсан юм. Цар тахлын хүнд үед иргэдийн хувьд нүдээ олсон хөрөнгө оруулалт болсон нь гарцаагүй.

“Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч Х.Дэлгэрмөрөн
Тэрээр 31 настай, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Дэлгэрмөрөнгийн амьдралд тус ногдол ашиг их нэмэр болсон. Тэрээр 2013 онд харааны бэрхшээлтэй хүүхэдтэй болж амьдралын олон асуудалд нухлагдсан ч шантралгүй тэмцэж, улам хурцлагдаж хүүхдийнхээ төлөө тусгай хэрэгцээт цэцэрлэгт туслах багшаас эхэлж эрхлэгч хүртэлх бүх албыг хашиж дэвшсээр өдийг хүрчээ. Өдгөө Улаанбаатар хот дахь “Нарны хаан хүүхдүүд” тусгай боловсролын цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байна.
Түүний хүү харааны бэрхшээлдээ түүртэлгүй сурах эрмэлзлээр бялхаж байдаг. Тэрээр энгийн хүүхдүүдтэй хамт ерөнхий боловсролын сургуульд амжилттай сурдаг боловч унших тал дээр ихээхэн бэрхшээл тулгардаг юм. Хүүгийнхээ сурах нөхцөлийг хангахын тулд 225 мянган төгрөгийн үнэтэй тусгай программ худалдаж авахаар төлөвлөсөн ч амжиргааны зардлаа дөнгөн данган олдог тэдний хувьд тийм ч амар биш аж. Тэдний сарын орлого 1 сая 400 мянган төгрөг нь хэрэглээний зардлаас хэтэрдэггүй. Тус гэр бүл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэн бүрт хүртээсэн 1072 хувьцааны нийт ногдол ашиг болгож нийт 257,850 төгрөг авсан бөгөөд үүгээрээ хүүдээ сургалтын программыг нь худалдан авч өгчээ. Дэлгэрмөрөний хүү одоо хүссэн номоо аудио хэлбэрт хувирган сонсож үеийнхэн дундаа сурлагаараа манлайлах боломж бүрджээ.
Ахмад настан Ц. Цэвээн

Цэвээн гуай ногдол ашгийн үр ашгийг хүртэж амьдралаа өөрчилсөн хүмүүсийн нэг. Таван хүүхдийн ээж тэрээр залуудаа Батлан хамгаалах яаманд тогоочоор ажиллаж байжээ. Өдгөө 15, 17 насны хоёр ачтайгаа Гачуурт тосгонд амьдарч буй. Өрхийн санхүүгийн байдал хүнд буй тул тэтгэвэрт гарсан хэдий ч Гандантэгчлэн хийдэд будаа жижиглэн зарж амжиргаагаа залгуулж байлаа. Цэрэн гуай орлогоос гадна хүмүүстэй ойр байж нийгмийн харилцаанд орохын чухлыг мэдэрсэн тул уг бичил бизнесээ эхлүүлжээ. Түүний сарын тэтгэвэр 350,000 төгрөг бөгөөд Гандантэгчилэн хийд дээр орлого сайтай байх үедээ долоо хоногт 20 орчим мянган төгрөг олж байв. Гэвч хэрэгцээгээ хангахад хүндрэлтэй хэвээр байлаа.
Өдгөө 89 настай тэрээр будаа зарахын тулд хотын баруун хязгаар Гачууртаас төвийн Гандантэгчлэн хийд хүртэл дүн өвлийн хүйтнийг ч үл ажран өглөө бүр 8 цагаас гарч 20 гаруй километр зам туулж ирдэг. Эмээ 17 жилийн турш өдөр бүрийг ийнхүү өнгөрөөж иржээ. Харин өнгөрсөн жил тараасан “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг түүнд нэгэн шинэ боломжийг нээжээ. Хувьцааны ашгаараа дахин будаа авч өдөр хоногийг аргацаахын оронд хүүхдийн гутал урлах материал худалдан авч бага байхын дуртай гар урлалын ажилд ханцуйн шамлан оржээ. Хүүхдийн гутал хийж худалдах нь түүнд “Сонин сайхан хүмүүстэй уулзах боломж олгож, дахин залуужсан шиг мэдрэгддэг” гэж Цэвээн гуай өгүүллээ.
Монгол Улсын их сургуулийн оюутан Н.Мөнхтулга

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд мэдээллийн системийн чиглэлээр сурдаг, 21 настай оюутан Н.Мөнхтулга бол “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн нэг. Дөнгөж 21 нас хүрч буй ч хэдийнэ бие дааж сурахын зэрэгцээ ажил эрхэлж хэрэгцээгээ хангадаг төдийгүй чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх шинэ зүйлсэд байнга суралцдаг юм. Их сургуулиудын дунд зохион байгуулдаг “Хакатон 2020” програмчлалын тэмцээнд UI/UX дизайнер, төслийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан тэрээр англи, испани, хятад хэлээр чөлөөтэй харилцдаг, өндөр мэдлэгтэй, идэвхтэй оюутан юм.
Хэдий чадварлаг залуу боловч хил хаагдсанаас үүдэж түүнд эдийн засгийн хямрал нүүрлэж орлого тасрах болжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг авсан нь түүний амьдралд шинэ хуудас нээсэн гэхэд буруудахгүй. Н.Мөнхтулга ашгаараа график дизайны онлайн сургалтанд хамрагдсан бөгөөд өдгөө их сургуулийнхаа хажуугаар маркетингийн компанид дизайнераар ажиллаж байна. Ажил нь түүний идэвх зүтгэлийг үнэлж, төгссөнийхөө дараа үргэлжлүүлж ажиллахыг уриад буй.
“Эрдэнэс Тавантолгой” болон Монгол Улсын Засгийн газар Монголын иргэн бүрд байгалийн баялгийнхаа ашиг шимийг шууд утгаар хүртэх боломжийг хувьцаагаар дамжуулж олгосон. Тус компани хэдхэн жилийн өмнө хувьцаа эзэмшигчдийнхээ тоогоор 3.5 сая хувьцаа эзэмшигчтэй Энэтхэгийн “Reliance Power Ltd”-ийн ард дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байв.
Зарим улс орон ядуурлыг бууруулах, нийтэд хүртээмжтэй бодлого хэрхэн явуулах учраа олохгүй байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Засгийн газартай хамтарч иргэдэд бэлэн мөнгө олгосноор хүн болгонд өөрийн хүссэнээр зарцуулж, амьдралаа өөрчлөх боломжийг бүрдүүлжээ.
Эх сурвалж: www.london-post.co.uk
Улстөр нийгэм
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсэг БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа
Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан ажлын хэсэг 2023 оны есдүгээр сарын 22-нд БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа.
Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, гишүүдээр Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хятадын талаас “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэн Вэй, Төмөр замын газар, Нүүрс тээвэрлэлтийн газар, Олон улсын хамтын ажиллагааны газар, “Чайна Энержи Баошөн төмөр зам” болон бусад ажлын хэсгийн төлөөллүүд зэрэг нийт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа.
Тус хурлаар талууд гурван дэд ажлын хэсгийн холбогдох асуудлууд болон ажлын явцын талаар санал солилцлоо.
Эх сурвалж: ХЗДХЯ
Улстөр нийгэм
Үндэсний статистикийн хороо БНСУ-ын статистикийн газартай хамтран төсөл хэрэгжүүлнэ
БНСУ-ын Статистикийн газар болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран “Ази, Зүүн Өмнөд Ази, БНСУ-ын хөгжлийг ДНБ-ээс өөр үзүүлэлтээр хэмжих нь” олон улсын бага хурлыг БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 18-22-нд зохион байгууллаа.
Бага хурлын үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа болон БНСУ-ын Статистикийн газрын дарга Ли Хёонг Ил нар уулзаж, Монгол Улсад Статистикийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх төслийн талаар онцлон ярилцлаа.
Эргэн сануулахад, 2023 оны долдугаар сард “Төрийн нэгдсэн мэдээллийн сан” зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж, талууд төслийг 2024 оноос хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй гэдгийг хэлэлцээрийн үеэр албан ёсоор мэдэгдэв
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нар 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс нь Оросын Холбооны Улстай сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдгаа илэрхийлэв.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй илэрхийлсэн юм.
Талууд өнгөрөгч 06 дугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулж, анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирсон нь хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсонд санал нэгдэв.
Энэ удаагийн айлчлалын хүрээнд болох хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын анхдугаар хуралдаанаар цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, шинэ арга механизмуудыг бий болгохын зэрэгцээ парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин онцоллоо.
Тэрбээр, манай хоёр улс хөрш орон. Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнө эртний уламжлалыг улам өргөжүүлэн хөгжүүлэх нь бидний үүрэг юм. Ялангуяа хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хууль тогтоох байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах нь нэн чухал гэв.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин хэлэлцээний үеэр тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүйг албан ёсоор мэдэгдлээ.
Мөн Парламентын хоорондын хамтын ажиллагааны комиссын дараагийн хуралдааныг ирэх онд ОХУ-д зохион байгуулах санал гаргасныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийллээ.
Хэлэлцээний үеэр талууд Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд явагдаж, талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлж, бүх түвшний харилцааны цар хүрээг өргөжүүлэх болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2021/09/30
Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ
-
Цаг үе2019/10/15
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
-
Цаг үе2019/07/29
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Шударга мэдээ2022/10/24
ХЭҮК-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллалаа
Сэтгэгдэл