Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.

Тухайлбал, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг дурдлаа. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид “Оюу толгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэлээ.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийллээ.

  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2020 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар тухайн үед дөнгөж томилогдоод байсан Якоб Стаусхольмтой цахим уулзалт хийж, “Оюу толгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгээ илэрхийж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар ч мөн байр сууриа нотлон хэллээ. Одоо Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

О.Энхзаяа: Иргэд III тундаа идэвхтэй хамрагдаж байна

Огноо:

,

Вакцинжуулалтын өнөөгийн явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа.

-Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ?

-Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад маань нэмэлт тунд хамрагдсан. Харин иргэдийн хувьд эхэн үедээ хойрго хандаж байсан бол сүүлийн үед нэмэлт тунд хамрагдагчдын тоо нэмэгдэж байна. Өмнө нь өдөрт 2000 орчим хүн нэмэлт тун хийлгэж байсан бол одоо 4000 гаруй иргэн вакцинд хамрагдаж байгаа.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдсан. Энэ нь нийслэлийн хүн амын 27.3 хувь юм.

-Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 2-3 төрлийн вакцинаас сонгож хийлгэж байгаа. Бүрэн тундаа синофарм хийлгэсэн хүмүүс III тундаа файзер хийлгэх гэхчилэн солбиж хийлгэх нь зүгээр үү?

-Тухайн иргэн вакцины нэг, хоёрдугаар тунд ямар ч вакцин хийлгэсэн байсан III тундаа синофарм, файзер вакцины аль нэгийг сонгож хийлгэх боломжтой. Вакцин гэдэг бол хүний биед орж буй амьд зүйл гэдэг утгаараа хариу урвал илрэх нь бий. Товлолын вакцин хийлгэхэд хүүхдүүдэд хариу урвал илэрдэг. Ковид-19-ийн вакцины урвал ч яг  адилхан. Эхний хоёр тунд хариу урвал илрээгүй ч III тунд илэрч болно.

-III тунгийн дархлаажуулалтад Ковид-19-өөр өвдсөн хүмүүс ч хамрагдах боломжтой. Тэдгээр хүмүүс өвдсөнөөсөө хойш хэдий хэр хугацааны дараа III тунг хийлгэвэл зохистой вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар Ковид-19-өөр өвдсөн хүмүүс эдгэрээд  21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.

-Вакцины цэгүүд хаана, хаана ажиллаж байгаа вэ. Суурин болон түр цэгүүдийн цагийн хуваарийн талаар мэдээлбэл хүмүүст тустай болов уу?

-Дүүрэг бүрд 2-5 суурин цэг, нийслэлд нийтдээ 31 суурин цэг тогтмол ажиллаж байгаа. Явуулын багийн  тоо 40 орчим байгаа бөгөөд 70 болон түүнээс олон ажиллагсадтай байгууллага аж ахуйн нэгжид очиж үйлчилж байгаа. 40-50 хүнтэй байсан ч захилга өгвөл очиж дархлаажуулалт хийж байгаа. Дүүргүүд дэх суурин цэгүүд 09:00-20:00 цагт байнга ажиллаж байгаа.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногоос эхлэн томоохон зах, худалдааны төвүүд, оюутны байруудад вакцин хийж эхэлсэн. Нийтдээ 24 түр цэгийг байгуулж, нэмэлт тунгийн дархлаажуулалт хийж байна. Тэдгээр цэгүүд тухайн зах, худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Мөн их, дээд сургуулиуд дээр дархлаажуулалтын цэг ажиллуулж байгаа. МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол ШУТИС, АШУҮИС, ХААИС-д вакцинжуулалтын цэг нээж байна.

-Хороо дүүрэг хамаарахгүй вакцин хийлгэх боломжтой гэж ойлгож байгаа. Зөв үү?

-Зөв. Харьяалал хамаарахгүй өөрт ойр байршилдаа вакцинд хамрагдах бүрэн боломжтой. Оршин суугаа хаяг болон ажлын газрын хаяг хамаарахгүй хаана ойрхон газартаа очиж дархлаажуулалтад хамрагдаарай гэж хүмүүст хэлье.

-Суурин болон түр цэгүүдэд биечлэн очих боломжгүй хүмүүст хэрхэн үйлчилж байна вэ?

-Ахмад настан, хэвтрийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхчилэн гэрээс гарах боломжгүй хүмүүст явуулын багийнхан гэрт нь очиж үйлчилгээ үзүүлж байгаа.

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ?

-13-33 долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Тэр хооронд эхний хоёр тунг хийлгэх боломжтой. Харин амаржсан эхчүүдийн хувьд төрснөөс хойш 32 долоо хоносны дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой. Нэг тун аваад дахин нэмэлт тун аваагүй бол дахин бүрэн тун хийлгэнэ гэсэн үг.  

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүрэлцээ хангамж хэр байна вэ?

-Эрүүл мэндийн сайд, Шадар сайдаас чиглэл өгсний дагуу вакцинаторын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

-Нэмэлт тунг хийлгэхийн ач холбогдол юу вэ?

-Коронавируст халдвар бол дэлхийн нийтийн хэмжээнд шинэ тутам тулгамдсан асуудал вирусийн халдвар байгаа. Тиймээс ч хөгжингүй орнуудад байнгын судалгаа шинжилгээ хийж байгаа. Эрдэмтэн судлаачид хамгийн түрүүнд вакциныг гаргаж ирсэн. Вакцинаа бүтээл болгоод орхилгүй, нэгдүгээр тунг хийхэд ямар нөлөө үзүүлэх нь үү, хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст хэдий хэр хугацаанд дархлал тогтож байна гэхчилэн судалсаар байгаа. Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгэсний дараа 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс их хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт тун  зайлшгүй шаардлагатай.

Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө юм. Тиймээс аль болох түргэн хугацаанд халдварыг бууруулахыг зорьж байгаа учир иргэд маань вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай. Нөгөөтэйгүүр тухайн иргэн нэгдүгээр тун хийлгэсэн ч хоёрдугаар тунд хамрагдахгүй гурван сар болчихсон бол огт вакцин хийлгээгүйтэй адил гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалд ч ийм тохиолдолд бүрэн тунд дахин хамруулахаар заасан байдаг. Тэгэхээр иргэд вакциндаа цаг хугацаанд нь идэвхтэй хамрагдаарай. 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Н.Ариунбат: ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй

Огноо:

,

Сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр түгээгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбатаас тодрууллаа.

- Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдоход хуулиар Төв банк зөвшөөрөл олгодог. ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдсон уу, Монголбанк зөвшөөрөл олгосон уу?

- ХААН банкны хувьцаа эзэмшигч солигдоогүй, хувьцаа худалдах тухай эцсийн зөвшөөрлийг Монголбанкнаас олгоогүй. ХААН банкны нийт хувьцааны 45.5 хувийг Япон улсын хуулийн этгээд “Савада холдингс” компани, 14.5 хувийг “Савада холдингс” компанийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед”, үлдсэн 40 хувийг “Таван богд трейд” ХХК холбогдох этгээдийн хамт эзэмшсэн хэвээр байгаа.

ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компани нь Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-ид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд дэлхийн хэд хэдэн улсад банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг конгломерат компани юм.

Япон улсын Санхүүгийн хэрэгсэл ба үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг худалдан авахад худалдан авч буй тал нь “Тендер санал” гаргаж, хувьцаа худалдан авах саналаа нийтэд зарладаг. Энэ жишгээр “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани “Савада холдингс” компанийн нийт хувьцааны 50.1 хувийг худалдан авах тухай тендер саналыг Токиогийн хөрөнгийн бирж (JASDAQ)-ид 2020 оны 02 дугаар сард анх гаргасан байдаг.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой. Хуулийн дагуу “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани холбогдох баримт бичгийг бүрдүүлж, ХААН банкаар дамжуулан Монголбанкнаас тухайн үед зөвшөөрөл хүссэн.

Монголбанк энэ асуудалд маш нухацтай хандаж ирсэн. Худалдан авагч талын эцсийн өмчлөгч, мөнгөн хөрөнгийн гарал үүслийг тогтоох зорилгоор “Упсилон” ХХН-өөс ирүүлсэн баримт бичгийг хууль, журамд заасны дагуу тогтмол хянаж ирсэн, цаг хугацаа ч их зарцуулсан. Энэ ажлын хүрээнд худалдан авагч талтай холбоотой нэмж тодруулах шаардлага дахин дахин гарч байсан тул “Упсилон” ХХН-тай холбоотой 10 гаруй албан бичиг хүргүүлж, нэмэлт баримт материал гаргуулан авсан байдаг. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа Монголбанкны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичиг нь дээрх албан бичгүүдийн л нэг. Уг албан бичгээр “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авахыг зөвшөөрсөн эцсийн шийдвэр биш зөвхөн тус компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн худалдан авагч талын бүрдүүлсэн баримт бичиг шаардлага хангаж байна, хүлээж авахад татгалзах зүйлгүй, мөн үргэлжлүүлэн хяналт тавинаа л гэсэн агуулгатай.

- Монголбанкнаас ХААН банканд илгээсэн 2 албан бичиг олон нийтэд ил болсон. Эдгээр нь ямар учиртай бичиг байв, Төв банк шийдвэрээсээ эргэж буцаж, ямар нэгэн хууль зөрчсөн үү?

- Монголбанкнаас ХААН банканд хүргүүлсэн нууцын зэрэглэлтэй албан бичгүүд сошиалаар олон нийтэд хүрснийг харсан. “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компанийн баримт бичгийг шалгаж дууссаны дараа дахин шалгах шаардлагатай шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ тухай худалдан авагч талд ХААН банкаар дамжуулан мэдэгдсэн албан бичиг юм. Монголбанканд гадаад, дотоодын эх үүсвэрээс “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн тал ХХБ-ны эцсийн өмчлөгчтэй холбоотой гэх мэт мэдээлэл ирсэн юм. Монголбанк шинээр үүссэн нөхцөл байдлыг шалгаж, эцэслэх ёстой. Шинээр үүссэн нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудаас тодруулж шалгахад Монголбанканд ирүүлсэн мэдээлэл баримтаар нотлогдоогүй.

Хэрэв энэ мэдээлэл батлагдаж Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан заалт зөрчигдсөн байсан бол хууль, тогтоомжийн дагуу “Савада холдингс” компанийн хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоох, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх Монголбанканд хуулиар олгогдсон байдаг.

- Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд хадгалагдаж буй төрийн мөнгөөр ХААН банкны хувьцааг худалдан авах гэж байна гэдэг хардлага олон нийтийн цахим сүлжээнд байна. Үүнд тайлбар хэлнэ үү?

-Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Чингис хаан банканд хадгалагдаж буй төрийн мөнгөөр ХААН банкны хувьцааг худалдан авах боломжгүй. Аливаа мөнгөн хөрөнгийн шилжүүлэг заавал ямар нэгэн эх үүсвэртэй байдаг. Мөнгөн хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж, хууль ёсны орлого гэдгийг нотолж чадаагүй нөхцөлд банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах боломжгүй. Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтад банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд оруулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны үйл ажиллагааны орлого байх ёстой гээд тодорхой заачихсан байдаг. Монголбанк хуульд заасны дагуу тухайн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийн хууль ёсны орлого мөн эсэхийг шалгаж, мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг тогтоодог.

- ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдох тохиолдолд санхүүгийн эх үүсвэрийг Монголбанк шалгаж чадах уу? Бохир мөнгө эсэх тал дээр хэрхэн дүгнэлт гаргадаг вэ?

- Бохир мөнгө эсэх тал дээр эргэлзэх хэрэггүй. Ер нь аливаа банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тохиолдолд шинээр орж ирж буй хувьцаа эзэмшигчийн мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг Монголбанк тогтмол шалгаж, холбогдох баримтад үндэслэн хуулийн шаардлага хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргадаг тухай би өмнө хэлсэн.

ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компанийн хувьд ч мөн адил Монголбанк эцсийн өмчлөгч хүртэл шалгаж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоосон. “Упсилон” ХХН-ийн нийт хөрөнгийн 99.99 хувийг Япон улсын иргэн ноён Хаттори бүрдүүлсэн байдаг. Хатторигийн гэр бүл бол 1881 онд өнөөгийн “Сейко холдингс” корпорацийн үндсийг тавьсан үүсгэн байгуулагчид юм билээ. Тус гэр бүлийн гишүүд өнөөгийн байдлаар “Санко кигёо” ХХК-иар дамжуулан “Сейко холдингс” корпорацийн хамгийн том хувьцаа эзэмшигчид, эцсийн өмчлөгчид байдаг. Хатторигийн гэр бүлийн нэгэн гишүүн өөрийн эзэмшдэг “Санко кигёо” ХХК-ийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчиддээ худалдаж, “Упсилон” ХХН-д хөрөнгө оруулсан байдаг. Энэ хөрөнгөөр “Савада холдингс” компанийн хувьцааг худалдаж авах эх үүсвэрийг бүрдүүлсэн нь нотлогдсон.

Япон улсын “Нишимура энд Асахи” хуулийн фирмээс “Упсилон” ХХН болон “Мета капитал” компанийн эцсийн өмчлөгч нь ямарваа эрүүгийн болон мөнгө угаах, татвараас зайлсхийх, терроризмыг санхүүжүүлэх эсхүл ижил төстэй санхүүгийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авахад зарцуулагдах мөнгөн хөрөнгө нь “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК болон ноён Хаттори нарын Япон улсын хууль, тогтоомжийн дагуу эрхэлж буй хууль ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн үйл ажиллагааны эх үүсвэр мөн болохыг баталсан хуулийн дүгнэлтийг ч Монголбанканд ирүүлсэн.

- Эцэст нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч солигдох процесс хэрхэн өрнөдгийг товч тайлбарлана уу. ХААН банкны хувьд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компани нь Японы зах зээл дээр хувьцаагаа зарахад Монголбанк хяналт тавьж чадах уу?

- Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход эсхүл нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авдаг.

ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компани нь Япон улсын хуулийн этгээд хэдий ч Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу Монголбанканд мэдэгдэж, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг хүссэн. Монголбанкнаас “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ын дагуу нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч хүртэл шалгаж, мөнгөн хөрөнгийн гарал, эх үүсвэрийг тогтоосон. Үүний дагуу “Упсилон” ХХН-өөс ирүүлсэн баримт бичиг “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-д заасан шаардлагыг хангасан гэж үзээд Монголбанкнаас холбогдох хариуг хүргүүлсэн.

Хэдийгээр “Упсилон” ХХН болон “Мета капитал” компанийн Токиогийн хөрөнгийн бирж дээр зарласан тендер санал цуцлагдсан ч “Савада холдингс” компанийн хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа Япон улсын хууль, тогтоомжийн дагуу явагдаж байгаа гэж ойлгосон. Хувийн өмчөө захиран зарцуулах эрх хэнд ч нээлттэй. Хэрвээ “Савада холдингс” компани хувьцаагаа худалдсан бол энэ талаараа ХААН банканд албан ёсоор мэдэгдэх ёстой. ХААН банк нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд орсон өөрчлөлтийг Монголбанканд мэдэгдэх үүрэгтэй. Үүний дараа Монголбанк “Савада холдингс” компанийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэж, зөвшөөрөл олгосон нөхцөлд энэ үйл ажиллагаа дуусгавар болно. Заавал зөвшөөрнө гэсэн үг биш л дээ. Ямар нэг шинэ нөхцөл байдал үүсэж, хуулийн шаардлага хангахгүй тохиолдол илэрвэл Монголбанк зөвшөөрөл олгохоос татгалзаж, Банкны тухай хуулийн дагуу хувьцааг буцаан худалдах шаардлага тавих гэх мэт арга хэмжээг авах нь нээлттэй.

Нэмж хэлэхэд Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчдөд тавигдах шаардлагыг өндөрсгөсөн. Хэрэв банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчид тавигдах шаардлагыг хангахгүй этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч болсон нөхцөлд Банкны тухай хуульд заасан арга хэмжээг Монголбанк авч хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Үүнд:

  • Банкны тухай хуулийн 36.4-т заасан баримт нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ хуулийн 27.1.5-д заасан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн” үндэслэлээр Монголбанк тухайн банкны “Банк байгуулах тусгай зөвшөөрөл”-ийг хүчингүй болгож нийтэд зарлана;
  • Хуулийн 36.7 дахь хэсэгт зааснаар “Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна”;
  • Хуулийн 36.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 36.7-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк банкны өөрийн хөрөнгөөс хасаж тооцох бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Нэмж хэлэхэд Банкны тухай хуульд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр банкны хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах зорилгоор тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтад “Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байна” гэж оруулсан. Банкууд энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх ёстой.

Зөвхөн ХААН банк гэлтгүй бусад банкууд ч хуулийн шаардлагыг хангах зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Тухайлбал ярианы гол сэдэв болоод байгаа ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компанийн охин компани “Эйч Эс Интернейшнл (Ази) Лимитед” компани ХААН банкны нийт хувьцааны 14.5 хувийг эзэмшдэг гэж би ярилцлагын эхэнд хэлсэн. Тэгвэл тус компанийн эзэмшдэг ХААН банкны хувьцааны 5 хувийг тус банкны ажилтнуудад эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд, Монголбанкнаас зөвшөөрөл хүсээд байна. Монголбанк энэ асуудлыг ч бас хуулийн хүрээнд судалж үзнэ. Хуулийн шаардлага хангасан, хувьцаа худалдан авах эх үүсвэр нь нотлогдсон нөхцөлд зөвшөөрөл олговол ХААН банкны Монголын талын хувь эзэмшил 40 хувиас 45 хувь болж нэмэгдэх бололцоотой.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой

Огноо:

,

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.  Тус хуралдаанд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ:

-Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий.  Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас дөрөв нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад үйл ажиллагаа нь саатсан. Хог боловсруулах үйлдвэрүүд хаягдал мод, үртэс, хөнгөн цагаан, автомашины дугуй зэргийг дахин ашиглах хэмжээний жижиг үйлдвэрлэл явуулж байгаа. Түүнчлэн малын гаралтай хог хаягдал, хайлш, хөдөлгүүрийн тос, картон цаас боловсруулдаг үйлдвэрүүд ч бий.

Улаанбаатар хотын хэмжээнд хог хаягдал дарж булах зардал 2006 оноос өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй, тонн тутамд 85 цент буюу 2080  төгрөг байгаа. Хэрэв хог шатаах үйлдвэртэй болчихвол хог булах хуучин технологийг халаад зогсохгүй хог хаягдлын салбарт шинэ харилцаа үүснэ. Гадаадын улс орнуудад хогийг шатааж устгах үйлдвэртээ асар их хэмжээний төлбөр төлдөг. Тухайлбал, Япон 55 ам.доллар, БНСУ 45 ам.доллар, БНХАУ 35 ам.доллар, ХБНГУ, Австрид 200 еврог төсөвлөж, хог шатаах устгах үйлдвэрүүдийг дэмждэг байна. Тэгэхээр бид цаашид Улаанбаатар хотын хог хаягдлын салбарт зарцуулах хөрөнгө мөнгийг нэмж, шинэ технологийг нэвтрүүлж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Манай улс нийт хог хаягдлынхаа 90 хувийг булж байгаа. Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой. Эс тэгвээс хойшид булах газаргүй болж байна. Тиймээс бид дээрх газруудад ногоон технологи ашиглаж, ландфиллийн аргаар булах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрхөөс гарч буй үнсийг дахин ашиглаж, барилгын материал үйлдвэрлэх туршилт амжилттай болсон. Үнсийг ашиглан барилгын материал, хөнгөн хийц  үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхэд анхаарч, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө санхүү гаргахаас арга байхгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодорхой саналыг боловсруулснаа удахгүй хуралдах НИТХ-ын чуулганд оруулна.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг  24 Тохижилт үйлчилгээний компани /ТҮК/ хариуцан ажилладаг. Тэдгээрийн 16 нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр ажиллаж буй бол найм нь хувийн хэвшлийнх юм. Өнгөрсөн долоо хоногт бид ТҮК-ийн ажилтнуудтай уулзсан. Тэд тулгамдсан асуудал, жаргал зовлонгоо ний нуугүй ярилцсан.

Улаанбаатарчуудын хувьд хогоо ангилан ялгах соёлд суралцаагүй. Тэгэхээр  хотжих соёлд бүрэн суралцаагүй байна гэсэн үг. Гудамжиндаа шүлс нусаа хаядаг, хүнд, хөнгөн бие засдаг, тамхины ишээ цонхоороо гаргаж шиддэг үзэгдэл байж болохгүй. Хотын иргэд бол дүрэм стандартад хашигдаж, хуулиа дагаж мөрддөг байх ёстой. Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. 1, 2 үе бус, 3-5 үе явж байж хотожсон иргэн төлөвшдөг.

Хог тээвэрлэлтэд 24 орчим тэрбум төгрөгийн зардал, ландфиллд хоёр тэрбум төгрөг төлөвлөн зарцуулдаг. Цаашид ийм байдлаар удаан явахгүй. Улаанбаатар хотын хогийн төвлөрсөн цэгүүдэд ландфилл байгуулна. Гэхдээ хойшид булшлахыг болиулж, хог ялгах, боловсруулахад илүүтэй анхаарах юм. Нийт хог хаягдлын 31.8 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг дарж булах орчин үеийн технологийг хэрэгжүүлэх юм. Цаас, хуванцар, металл, шил гэхчлэн ялгах аваас хогийн цэгт хаягдах хогийн хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах юм хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох