Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Угаарын хийн дуудлага өмнөх хоёр жилээс буурчээ

Огноо:

,

НЗДТГ, НИТХ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар /НАБТГ/, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Таван толгой түлш” ХХК хамтран хэвлэлийн бага хурал зарлаж, аравдугаар сарын 1-нээс нэг сарын хугацаанд өрнөсөн “Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны үр дүнгийн талаар мэдээллээ.  

Хэвлэлийн хуралд НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар оролцсон юм. 

НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн “Өнгөрсөн жил гарсан угаарын эрсдэлүүдийн дийлэнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас үүссэн нь тогтоогдсон. Угаар үнэртдэггүй, амтагддаггүй, нүдэнд харагддаггүй учир  шууд хүний амьсгалыг боомилж, амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болдог. 2019-2020 оны галлагааны улиралд 2970 иргэн угаартсан тоо бүртгэгдсэн. Мөн оны зөвхөн аравдугаар сард 712 тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл энэ оны аравдугаар сард 430 угаарын дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх жилийн аравдугаар сартай харьцуулахад дуудлагын тоо даруй 282-оор багассан гэсэн үг.  Хэрэглэгчдэд үйлчлэх төвд ирж буй дуудлагын 205 нь угаарын дуудлага байсан бол бусад дуудлага нь даралт ихсэх, толгой өвдөх гэх мэт өөр шалтгаантай байна” хэмээв.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул хэлэхдээ:

-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлш, түүхий нүүрсний хэрэглээнд манай алба хаагчид хяналт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш, шахмал түлшний зөв хэрэглээний талаар заавар, зөвлөгөө өгч, хяналт, шалгалт тогтмол явуулахын дээр автомашины чанга яригчаар анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч хэвшиж байгаа. Угаарын хордлогод өртөж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Үүнд,  хур тунадас орсон үед сайжруулсан түлшийг бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаарын хордлогод орох нь олон. Мөн айл өрхүүд яндангаа хөөлөхгүй, пийшин зуухны битүүмжийг хангаагүй, тэдгээрт завсар зай гарснаас утаа гарч угаарын хордлогод өртдөг. Угаар мэдрэгч хэвийн ажиллаж буй эсэх, зай нь дууссан үгүйг шалгахгүй байна. Уг нь сайжруулсан түлшний шуудайн дээр уг түлшийг хэрхэн ашиглах заавар бий. Түүнийг үзэж танилцалгүй хаяж орхидог. Энэ мэт шалтгаанаар иргэд угаартах нь бий” гэлээ.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Иргэд гэр, байшингийнхаа дулааныг алдахгүйн үүднээс яндангийн хаалтаа хаах нь олон. Сайжруулсан шахмал түлш түлсэн үедээ яндангийн хаалтыг хааж болохгүй. Хаалт, сойлт хэрэглэх нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа тохиолдолд тохиромжгүй арга юм. Мөн “Таван толгой түлш”  ХХК-аас айл өрхүүдийн угаар мэдрэгчид нэмэлтээр дамжуулагч суурилуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй айл өрхөд дамжуулагч суурилуулсан.  Анхны дохио аравдугаар сарын 6-нд ирсэн. Өнөөдрийн байдлаар 120 гаруй удаагийн угаарын хийн аюултай түвшин илэрлээ гэх дохио манай хяналтын дэлгэцэд ирсэн. Энэ бүрд бид тухайн айл руу холбогдож, 24 цагаар хяналт тавьж байгаа” хэмээн онцоллоо.

“Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх есөн төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж буй юм. Мөн  зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийн янданг хөөлөх зорилт тавьснаас одоогоор 3005 айл өрхийн янданг хөөлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 3.-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.


2024 оны дөрөвдүгээр сарын 26-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр, 28, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүүхдийг 2 нас, ихэр бол 3 нас хүртэл харж буй эх, эцгийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс төлнө

Огноо:

,

Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлнө. Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандах боломжтой.

ЭМД-ыг нь төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох