Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Бямбадорж: Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд нэгдэхийг уриалж байна

Огноо:

,

Нийслэлийн онцгой комиссоос  коронавирусний тархалтын нөхцөл байдал, хэвтэн эмчлүүлэгчдийн орны хүрэлцээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, "Бид хүний нөөцөө нэмэхийн тулд ЭМЯ болон Улаан загалмай нийгэмлэг, Өрхийн эмнэлгийн холбоо зэрэг байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 239 резидент эмч Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилагдсан. Мөн Глобал сангийн санхүүжилтээр сард 50 ам.долларын урамшуулалтай сайн дурынхныг ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 207 хүн ирэх ёстойгоос 110 хүн ажиллаж байна. Бид эдгээр хүний цагийг өдөр бүр бүртгэж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Улаан загалмай нийгэмлэгээс сайн дурын 187 ажилтан ажиллах ёстойгоос өнөөдрийн байдлаар 57.2 хувь нь ажиллаж байна. Стандартын дагуу эрчимт эмчилгээний таван оронд нэг эмч, нэг сувилагч ажиллах ёстой. Түрүүн хэлсэн тоонууд энэ стандартын дагуух тоонууд. Гэтэл цар тахал гэлтгүй ердийн нөхцөлд ч эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолтой байдаг. Дэлхий нийтэд сувилагчийн хомсдолтой байна. Бид эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмч, сувилагч, сайн дурын ажилтнуудыг ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд нэгдэхийг уриалж байна. Бидний гаргасан судалгаагаар эрүүл мэндийн бус мэргэжилтэй 910 хүн нийслэлийн хэмжээнд ажиллах бололцоотой. Эдгээр хүнд бид сургалт хийх боломжтой юм. Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ идэвх санаачилгатай ажиллаж байна. Эмнэлгийн бус мэргэжлийн 292 хүнийг ковидын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний ажилд ажиллуулах шийдвэр гаргаж, бидний үйл ажиллагаанд дэмжлэг болж байна" гэв.

Сэтгүүлчдэд өгсөн түүний хариултыг хүргэж байна.

-Өрхийн эрүүл мэндийн зарим төв түргэвчилсэн тестийг 25 мянган төгрөгөөр авч байна гэсэн. Энэ талаар тайлбар өгнө үү. Нийслэлд халдвар аваад гэртээ нас барсан иргэдийн тоо хэд байна вэ?

-Ковидын халдварын шинж тэмдэг илэрсэн, түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр эерэг гарсан бүх тохиолдолд Тандалт, хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Хамгийн түрүүнд Тандалт, хариу арга хэмжээний шуурхай баг очиж, тухайн хүнд үнэлгээ хийж, гэрийн хяналтад байх уу, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай юу гэдгийг тогтооно. Гэрийн хяналтад байхаар бол өрхийн эмч хяналтдаа авна, эмнэлгийн тусламж авах шаардлагатай бол түрүүн хэлсэнчлэн УОК-т мэдээлэл нь очсоноор эмнэлэгт хэвтэх юм. Хүний биеийн байдал өглөө, өдөр, оройдоо өөрчлөгдөж байдаг. Тиймээс ковидын халдвар авсан, эмнэлгийн тусламж авах нэн шаардлагатай иргэд заавал УОК-т хандахгүйгээр шууд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг авч байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тест хуваарилсан.

Тандалт, хариу арга хэмжээний багийнхан ойрын хавьтал, шинж тэмдэг илэрсэн нөхцөлд очиж шинжилгээ авна. Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар жирэмсэн, архаг хууч өвчтэй, өндөр эрсдэлтэй хүмүүсээс 5-6 дахь хоногт шинжилгээг үнэ төлбөргүйгээр авч үйлчилж байна. Ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажлын нэг чухал хэсэг бол эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэхээр Яармагт 145 ортой эмнэлэг ажиллаж байгаа. Энд биеийн байдал гэнэт муудсан хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, биеийн байдлыг тогтворжуулан, дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Харин сүүлийн гурван долоо хоногт эмнэлгээс гарах болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн харьцаа өөрчлөгдсөнөөс эмнэлгийн ор хоног уртассан, эмнэлэгт байгаа нэн хүнд, хүнд, хүндэвтэр хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа учир орны эргэлт удааширсан.

Үүнтэй холбоотойгоор яаралтай тусламжийн төвөөс эмнэлэгт хүргэгдэх үйл ажиллагаа удааширч байгаа учраас ор дэлгэлтийг нэмэгдүүлж байгаа юм. Ковидын эсрэг авч хэрэгжүүлэх ажиллагааг эмнэлгүүд өөрсдөө зохицуулалт хийж байсныг нэгдсэн удирдлагаар хангах шаардлага гарсан. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо өдөр өөр өөр байгаа. Дунджаар 400-500 хүн байдаг. Үүнээс улаан эрэмбийн буюу нэн шаардлагатай 150-180 хүнийг хариу арга хэмжээний багийнхан үнэлж, эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор иргэд гэртээ нас барах тохиолдол гарч байгаа. Бид гэртээ нас барсан тохиолдол бүрд анализ хийдэг. Зарим тохиолдолд архаг суурь өвчний сүүлийн шатны оноштой хүмүүс халдвар авсан ч өрхийн эмнэлгийн хяналтад байя гэдэг. Бид жирэмсний хяналтыг онцгой анхаарч ажиллаж байна. Сүүлийн гурван хоногт жирэмсний батлагдсан тохиолдлыг 100 хувь эмнэлэгт хэвтүүлсэн. Ковидын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамааран өгч байгаа. Халдвар авсан иргэнд жигд хүртээмжтэй тусламж үзүүлэх бүх бололцоог ханган ажиллаж байна.

-Цар тахлын нөхцөл байдал хүнд байхад Эрүүл мэндийн төвийн дарга нарыг өөрчилж байна гэсэн шүүмжлэл хэвлэлээр гараад байгаа. Үүнийг тайлбарлана уу?

-Цар тахлын үед мэргэшсэн багийг тогтвортой ажиллуулах, байнгын дэмжлэг, удирдлага, арга зүйгээр хангах тал дээр ЭМЯ, НЭМГ хамтран цаг наргүй ажиллаж байна. Цар тахлын үеийн хариу арга хэмжээний менежментэд ДЭМБ, олон улсын байгууллагуудаас эмчилгээний арга зүйн шинэчлэлүүдийг байнга хийдэг. Энэ дагуу сургалт явуулах, богино хугацаанд шинэчлэл хийх шаардлагууд байдаг. Бид ажлын байран дээрх архидалттай эвлэрэхгүй. Бусад асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Ажлын алдаа, дутагдал гаргасан нөхцөлд бид зайлшгүй арга хэмжээ авч байгаа. Энэ нь цаашид гарах эрсдэлүүдээс сэргийлнэ. 

-Хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг гаргасан. Тэнд байгаа эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэх вэ?

-Зургаадугаар сард эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр тухайн төвийг нээсэн нь маш үр өгөөжтэй ажил болсон. Яармагт байрлах хотын захиргааны байранд байрлаж байгаа Түргэн тусламжийн төвийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Яаралтай түргэн тусламжийн төвд цаашид тогтвортой ажиллах орчин шаардлагатай. Тухайн төвийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлснээр ковидын дараа ч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бололцоотой болж байгаа юм.

-Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авч байгааг хэрхэн тайлбарлах вэ?

-Дэлхий нийтэд коронавирусний эсрэг вакцинжуулалтыг өвчнөөс сэргийлэхээс илүү тухайн халдварын эрсдэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулах, өвдлөө гэхэд эмнэлэгт хэвтэхгүй байх, эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ор хоногийг багасгах зэрэг эрсдэлээс хамгаалж хийж байгаа. ЭМЯ-наас мэдээлж байгаагаар гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 0.1 хувиас л халдвар илэрч байна. Гуравдугаар тун хийлгэсэн иргэдээс нас барсан мэдээлэл байхгүй.

-Коронавирусний альфа, дельта хувилбаруудад ижил эмчилгээ хийж байгаа юу. Эмчилгээний арга байхгүй байгаагаас нас баралт нэмэгдэж байна уу?

-Хөнгөн болон эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа үед вирусийн эсрэг эмчилгээ хийх үү, дархлааны эсрэг эмчилгээ хийх үү гэдэг зөвлөмжүүдийг ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудын салбар зөвлөлийн эрдэмтдийн удирдамж зааврууд гарсан. Эмнэлэгт хэвтсэн нөхцөлд вирусийн эмчилгээг зайлшгүй хийдэг. Вирусийн эсрэг болон бусад эмчилгээг дэмжиж байж эмчилгээний үр дүн гарч байгаа. Бусад оронтой харьцуулахад Монгол Улсын эмчилгээний үр дүн өндөр үзүүлэлттэй байгаа.

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ямар зохицуулалт хийж байгаа вэ. 160 мянган төгрөгийн багц харилцан адилгүй байна. Жирэмсэн эх болон нярай хүүхдээс шинж тэмдэг илрэхэд тухайн Өрхийн эрүүл мэндийн төв нь түр оршин суугч учир үзлэг хийхгүй байна гэсэн?

-Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих, ачааллыг тэнцвэржүүлэх нь хамгийн чухал. Одоогийн байдлаар 31 мянга гаруй хүн Өрхийн эрүүл мэндийн төвд хянагдаж байна. Зарим Өрхийн эрүүл мэндийн төвд 70 гаруй, заримд нь 1000 хүн хянагдаж байгаа. Хүн амын нягтаршлаас хамааран Өрхийн эрүүл мэндийн төвүүд жигд биш ачаалалтай байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төвд хянагдаж байгаа болон тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийг бид эрүүл мэндийн даатгалтай эсэх, Улаанбаатар хотын үндсэн болон түр оршин суугч эсэхээс үл хамааран жигд үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 300-гаас дээш иргэн хянагдаж байгаа 60 хороо бий. Эдгээр хороонд нэмэлт баг ажиллуулах хуваарь гарган, сургалт хийсэн. Зарим хороодод нэмэлт хүч хуваарилсан. Өөрөөр хэлбэл, хянагдаж байгаа иргэдийн тоо 300-гаас дээш хүрвэл нэмэлт баг хуваарилах зохион байгуулалтыг хийж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож,  боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.

Эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа өнөөгийн бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. ОюуТолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.

Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ гэлээ. 

Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариуллаа. Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө. Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстойг Ерөнхий сайд хэллээ.

137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргав. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна. Үүнд,  

-Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх босоо тэнхлэгийн авто зам барих
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв. Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй

Огноо:

,

Уржигдар шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ?

-Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас орж, ойрын тав хоногт агаарын температур шөнөдөө 1 хэм дулаан, өдөртөө 7-10 хэмийн дулаан байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй. Харин өнөө шөнөөс эхлэн баруун аймгийн нутгаар буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа. Тиймээс иргэд, тээвэрчид шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.

-Цас хэр хэмжээгээр орсон тохиолдолд аюултай үзэгдэлд тооцдог вэ?

-Цас 5-10 мм-ийн зузаантай орсон бол аюултай үзэгдэл, 10 мм-ээс дээш зузаантай байвал гамшигт үзэгдэлд ордог.

-Өнөөдрөөс хүйтэрч эхэлж байна. Ирэх өдрүүдэд дулаарах уу?

-Есдүгээр сарын 29-нөөс нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Э.Бат-Оргил: Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа

Огноо:

,

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Шинэ автобусны техникийн үзүүлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:

 -Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, тэр дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Автобусны гэрэл нь лед, таван паартай, дулаалгын тусгай материал ашигласан. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлсэн. Суудлын бүрээс сайжруулсан лидрен материал. Суудал бүрд агааржуулагчтай. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг бол ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан. Зэвний хамгаалалтыг замаск, тос гэж андуурсан мэдээлэл гараад байгаа гэлээ.

Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байна. Иймээс парк шинэчлэлийг чинээнд нь тултал нь хийж, эхний автобуснууд үйлчилгээнд явж байгаа. Дизель автобус 20 орчим ороод ирчихсэн, үлдсэн 80 нь маргааш ирнэ. Автобуснуудад цахим карт уншуулах төхөөрөмж суурилуулж, аль болох богино хугацаанд үйлчилгээнд гаргана. Дизель автобуснуудыг холын чиглэлд, цахилгаан автобусаа хотын төвөөр гаргахаар төлөвлөж байна.

Мөн цаг агаарын нөхцөл байдал зэрэгт тохируулан автобуснуудад тодорхой тооны нэмэлт төхөөрөмж хийлгэсэн. Тухайлбал, хөргөлтийн систем, паар зэргийг нэмсэн. Автобуснуудыг зах зээлийн үнээр авч байгаа. 60 автобус авах тендер зарлаад жил гаруй үргэлжилсэн түүх бий. Өдгөө бид 800 гаруй автобусыг шинэчилж байгаа. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдах ёстой. Бид аль болох богино хугацаанд парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтөд ажиллаж, хүлээгдэл багатай байхаар төлөвлөж байгаа. Өглөө, оройн ачаалалтай цагаар Энхтайваны өргөн чөлөөнд богино эргэлтийн чиглэлийг гаргасан. Түүнчлэн өглөөний эх авалтыг бүх буудлаас нэгэн зэрэг эхлүүлдэг системийг нэвтрүүлээд байна. Нисэх, Яармагт шинэ чиглэл, богино эргэлтийг нэмсэн. Мөн ачаалалтай чиглэлд автобусны тоог нэмж байгаа. Түүнчлэн алсын чиглэлийн буух цагийг хойшлуулсан гэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох