Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Төмөр: Монголын баг сагсны ДАШТ-д зодоглох цаг ойрхон

Огноо:

,

Сагсан бөмбөгийн 18 дахь удаагийн ДАШТ эхлэхэд ердөө 4 хоног үлджээ. Дэлхийн олон сая үзэгчдийн анхаарлыг татаж буй уг тэмцээнийг NTV анх удаа эх орон даяар албан ёсны эрхтэй дамжуулах юм. Тэгвэл тус тэмцээнийг тайлбарлан хүргэх хөтлөгч Б.Төмөртэй ярилцлаа.

-Өдрийн мэнд. Удахгүй болох сагсан бөмбөгийн ДАШТ-ний сонин сайхнаас яриагаа эхлэе?

-Энэ удаагийн ДАШТ олон онцлогтой болж буй. Жишээ нь энэ жилээс дэлхийн аваргын тэмцээнд 32 баг оролцдог болсон нь өмнө нь уг тэмцээнд орж чаддаггүй байсан багуудад боломж олдох магадлал өссөн. Мөн Азид буюу БНХАУ-д  зохиогдож байгаа учраас манай үзэгчдэд цагийн таатай нөхцөл таарч, ажил, сургуулиа тараад гэртээ ирэх үед тоглолтууд гарч таарч байгаа.

-Тэгэхээр ДАШТ-ний тоглолтуудыг бид хэдэн цагаас хүлээн авч үзэх боломжтой вэ?

-Хамгийн эхний тоглолт 16:00 цагаас бол дараагийн тоглолтууд 20:00, 22:00 гээд тун боломжийн цагаар явагдах хуваарьтай байна.

-Энэ ДАШТ-ний үргэлжлэх хугацаа болон багуудын тоглолтын хуваарийн тухай тодорхой мэдээлэл өгөөч?

-Энэ удаагийн ДАШТ-нд 32 баг оролцож, 8 хэсэгт хуваагдсан байгаа. Нэг хэсгээс хамгийн олон хожилтой хоёр баг гарах юм. Нийт 92 тоглолт болох тов гарсан байгаа. Сагсан бөмбөгийн ДАШТ 5 жил завсарлаад дахин зохиогдож байгааг сануулах нь зөв. Хамгийн сүүлд 2006 онд Ази тивд энэ тэмцээнийг хийж байсан. Уг тэмцээн дандаа Европ юм уу Америк тив гэх мэт манай цагийн бүсчлэлээс өөр газар зохиогдож байсан учраас энэ удаагийн ДАШТ-ний уур амьсгал, мэдээ мэдээлэл бидэнд илүү ойрхон, хүртээмжтэй байх болов уу.

-Энэ жилийн ДАШТ-нийг Монголд NTV телевиз албан ёсны эрхтэй шууд дамжуулж буй юм билээ. Ямар онцлог байдлаар шууд дамжуулах вэ?

- NTV телевиз өнгөрсөн зуны спортын хамгийн том үйл явдал болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг маш амжилттай, чанарын өндөр түвшинд орон даяар дамжуулсан. Түүнчлэн спортын томоохон төсөл, контентуудыг албан ёсны эрхтэй үзэгчдэд хүргэсэн туршлага, баг, хамт олон байгааг дурдах нь зөв. Энэ жил ч ялгаагүй сагсан бөмбөгийн ДАШТ-ний 92 тоглолтын эрхийг бүгдийг нь албан ёсны эрх, техник хэрэгсэл, дуу дүрсний чанартай гаргахын сацуу хэсгийн тоглолтуудыг Star, SPS телевизүүдтэй хуваан дамжуулах гэж байна.

Мөн бид энэ жилийн сагсан бөмбөгийн ДАШТ-ний тайлбарлагч, дасгалжуулагчдыг аль болох мэргэжлийн баг бүрдүүлэхээр зорьж ажиллалаа. Жишээ нь, манай шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд  Монгол Улсын шигшээ багийн ахлагч Г.Баттөр, Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулж байсан, мэргэжилтэн Б.Мандуул мөн, хоёр залуу дасгалжуулагч манай багт орж ажиллах болно. Бид яагаад дасгалжуулагчдыг сонгосон бэ гэвэл, талбай дээр болж буй тактик, тоглолтын нөхцөл байдлыг мэргэжлийн тоглогч, дасгалжуулагчдын нүдээр тайлбарлаж, үзэгчдэд хүргэвэл илүү сонирхолтой, ойлгомжтой болох болов уу гэж бодсон.  

-Хэсгийн тоглолтыг хоёр телевизтэй хуваан дамжуулах тухай ярилаа. Тэгэхээр хэсгийн зарим тоглолт давхцана гэсэн үг үү. Энэ тухай дэлгэрүүлж ярина уу?

-Хэсгийн 4 тоглолт яг зэрэг явагдах хуваарьтай байгаа. Тиймээс бид бүх тоглолтыг шууд дамжуулах үүднээс NTV телевиз үндсэн сувгаараа болон ONTV сувгаар дамжуулахаас гадна Star, SPS телевизтэй хамтран шууд дамжуулах гэж байна. Монголын телевизийн түүхэнд бие даасан дөрвөн телевиз бүх техник хэрэгсэл, тайз арын албаны бүрэлдэхүүнтэйгээр шууд дамжуулалтыг зэрэг хийх гэж байгаа нь анхны тохиолдол гэж хэлж болно.

-Түрүүн та хэллээ. ДАШТ-ний шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд мэргэжлийн дасгалжуулагчдын баг ажиллах тухай илүү дэлгэрүүлж, тайлбарлагчдыг танилцуулахгүй юу?

-NTV, Star, ONTV телевизүүдэд эдгээр тайлбарлагч, дасгалжуулагчдын баг ажиллах бол SPS телевиз өөрсдийн үндсэн хөтлөгч, аналистуудаар хэсгийн тоглолтуудыг хүргэх юм.  Манай тайлбарлагчдын бүрэлдэхүүнд багтсан Б.Мандуул, Ч.Ижилболд нар гадны сургуульд дасгалжуулагчийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Мөн А. Алтан-Очир дасгалжуулагч багаа хоёр ч удаа лигийн аварга болгосон туршлагатай. Түүнчлэн Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлагч, тамирчин Г.Баттөр нарын мэргэжилтнүүд шууд дамжуулалтын бүрэлдэхүүнд багтсан. Эдгээр мэргэжилтнүүдийг урьсан гол шалтгаан бол яг мэргэжлийн үүднээс тайлбарыг хэрхэн хүргэх вэ гэдгийг бид үзэгчдэд сонирхуулахыг хүсч байна. Жишээ нь, миний хувьд энгийн тайлбарлагч. Бид тухайн өдөр болсон тоглолтыг юу болсон чигээр нь ярьж, хүргэх бол эдгээр мэргэжлийн дасгалжуулагч, тамирчид тусдаа нэвтрүүлгээр тухайн тоглолтын арга барил, дасгалжуулагчийн шийдэл, онцлох үйл явдал зэргийг задалж, үзэгчдэд сонирхолтой байдлаар хүргэнэ.

-Ямар баг түрүүлэх таамагтай байгаа вэ. Мэдээж АНУ-ын баг жил бүр л түрүүлэх гол багаар нэрлэгддэг. Танд арай өөр таамаг байгаа юу?

-Миний хувьд  сагсан бөмбөгийн эх орон гэгддэг америкчууд энэ удаагийн тэмцээний гол фаворит биш гэж үзэж байгаа. Учир нь, Европын багууд тэр дундаа Франц, Испани, Сербийн шигшээ тун хүчирхэг байна. АНУ-ын багийг дээрх дурьдсан Европын төлөөллүүд буулган авах бүрэн боломжтой. Тиймээс энэ жилийн ДАШТ-ний бас нэгэн онцлог бол өрсөлдөөн маш ширүүн байгаа. Би хувьдаа үзэгчийн нүдээр аль баг түрүүлэх вэ гэж таамаг дэвшүүлбэл сербийн залуучуудыг нэрлэмээр байна. Учир нь сүүлд болсон гурван том тэмцээнд сербүүд дандаа мөнгөн медаль хүртэж, харамсалтай ялагдсан. Тэд АНУ-ын шигшээ багт гурван ч удаа хожигдоод байгаа. Тиймдээ ч Сербийн шигшээгийн залуусын цаг нь ирсэн болов уу гэсэн хүлээлт байна.

-Монголын залуучуудын хамгийн дуртай спорт бол мэдээж сагсан бөмбөг. Энэ спортоор 3х3 гэх мэт төрөлд бид давгүй амжилт үзүүлж эхлээд байна. Мэргэжлийн тайлбарлагчийн хувьд Монголын шигшээ хэзээ ДАШТ-нд зодоглох бол?

-Дараагийн ДАШТ-ийг 2023 онд Азийн гурван улс хамтран зохион байгуулна. Яг одоо лиг, 3х3 гэх мэт төрлөөр манай залуучууд үнэхээр сайн хөгжиж, сайжирч байгаа. Бид дараагийн ДАШТ-д эх орны шигшээгээ илгээхэд ч болохгүй зүйлгүй. Аливааг гэгээлгээр харах хэрэгтэй шүү дээ.

-Та анх сагсан бөмбөгийн спорттой яаж холбогдсон бэ. Хөтлөгч, тайлбарлагч болсон түүхээ хуваалцаач?

-Анх 1993 онд NBA хэмээх Хойд Америк гэлтгүй дэлхийд цар хүрээ нь дэлгэрсэн лигийн том тэмцээний цуурайг сонсож байлаа. Тухайн үед шууд тоглолт хүлээн авч үзнэ гэдэг ойлголт байсангүй. Үндэсний телевизийн оройн мэдээний завсраар хэсэгхэн бичлэг л үзүүлдэг байв. Ингээд Chicago Bulls багийн домогт од Майкл Жорданы тоглолтыг харж, сагсан бөмбөгийн спортод буцалтгүй орсон. Майкл Жорданы тоглолт олон ч хүүхэд, залуусыг уг спортод татан оруулж байсан ид үе юм. Би сагсан бөмбөгийн мэргэжлээр сурч, боловсрох хүсэлтэй байсан ч амьдрал дээр хэрэгжүүлж чадаагүй. Учир нь, 10-р ангиа төгсөх үед манай улсад спортын сэтгүүлчээр мэргэжилтэн бэлтгэж эхлээгүй байлаа. Бага идэр насандаа сагсны спортоор хичээллэж, бас хэрэндээ амжилт гаргасан байсан маань нөлөөлсөн гэхэд болох юм. Ер нь л сагсны спорттой ойрхон амьдарч ирсэн. Нэг хэсэг АНУ-д ажиллаж амьдарч байхдаа гадны тайлбарлагч, дамжуулалтыг тогтмол үздэг байсан маань тайлбарлагч болох хүслийн нэг хэсэг байж улмаар зорьсноо орхилгүй явсаар дуртай мэргэжлээрээ ажиллах бололцоо гарч ирсэн. Хамгийн анх 2012 онд телевизэд ажиллах боломж гарч ирж, Sport Box телевизээс гараагаа эхэлсэн.

-NTV телевиз спортын томоохон контентуудыг албан ёсны эрхтэй дамжуулсаар байгаа. Цаашид ч мөн энэ чиглэлээрээ тасралтгүй ажиллах уу?

-Өнгөрсөн зуны хөлбөмбөгийн ДАШТ, энэ жилийн сагсны ДАШТ, Дакар Ралли-2019, Н.Төгсцогт гавьяатын тулааныг эх орон даяар анх удаа албан ёсны эрхтэй хүргэсэн гээд NTV телевиз үзэгч, олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж яваа гэж боддог. Тиймдээ ч энэ жилийн ДАШТ-нийг дамжуулах үе буюу 8-р сарын 31-нээс 9-р сарын 15-ны хооронд дотоод, гадаад гэлтгүй спортын олон үйл явдал давхцаж байгаа. Жишээ нь, Мазаалай лигийн тоглолтууд болон Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн эрэгтэй багийн нэн чухал тоглолт болох ДАШТ-ний урьдчилсан шатны тулаан биднийг хүлээж байна. Гадны дамжуулалт гэвэл Бундеслигийг NTV телевиз 9 дэх удаагаа албан ёсны эрхтэй гаргана. Энэ бүгдийг бид дамжуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Ямартаа ч үзэгчид 2 долоо хоногийн турш NTV телевизтэй хамт байснаар спортын олон сонирхолтой үйл явдлыг хүлээн авах боломжтой.

-Дэлхийн аваргын томоохон контентыг худалдан авах, шууд дамжуулах зэрэг  үйл ажиллагаанд ивээн тэтгэгчдийн оролцоог дурьдах нь зөв болов уу?

-Мэдээж аливаа контентыг үзэгчдэд хүргэхэд ивээн тэтгэгчдийн оролцоо тун чухал. Тиймдээ ч энэ удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-нийг Худалдаа хөгжлийн банк, Скайтел групп, “Union Pay Mongolia”, АПУ ХК, Бишрэлт групп зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.

Т.Батсугар
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

М.Түвшинжаргал: УОК-ын шийдвэрээр "Цэргийн наадам-2020"-д оролцохгүй

Огноо:

,

ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Олон улсын “Цэргийн наадам”-ыг зохион байгуулах талаар сүүлийн үеийн мэдээллийг хүргэхгүй юу?

-Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамны санаачилгаар олон улсын Зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор “Цэргийн наадам”-ыг 2015 оноос уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд Оросын Холбооны Улс бусад зохион байгуулагч улстай хамтран 2020 оны 8 дугаар сарын 23-наас 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд “Цэргийн наадам”-ын цэргийн мэргэжлийн цогцолбор уралдаан, тэмцээнүүдийг дэлхийн 10 улсын нутаг дэвсгэрт 32 төрлөөр явуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.

-Монгол Улсын хувьд ямар үүрэг, оролцоотой байгаа вэ?

-“Цэргийн наадам”-ын хүрээнд явагддаг зарим төрлийн цогцолбор уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2015 оноос эхлэн амжилттай оролцож ирсэн. Түүнчлэн 2019 онд анх удаа олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг өөрийн оронд зохион байгуулан уралдаанд оролцогч орноос зохион байгуулагч орон болж оролцоогоо нэмэгдүүлсэн.

-УОК-оос “Цэргийн наадам”-ыг зохион байгуулахтай холбоотой ямар санал, зөвлөмжийг ирүүлсэн бэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин “Цэргийн наадам-2020”-ын хүрээнд явагдах олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг бие даан, “Цэргийн ралли” уралдааныг Оросын Холбооны Улстай хамтран өөрийн оронд болон тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөөд байсан. Мөн ОХУ, БНХАУ, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Шри Ланк улсуудад зохион байгуулагдах “Танкийн биатлон”, "Инженерийн томъёолол", “Цэлмэг тэнгэр”, “Зэвсгийн мастер”, “Артиллерийн галын мастер”, “Хурдач радист”, “Мэргэн буудагчийн зааг” “Хээрийн гал тогоо” зэрэг уралдаан, тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийг бэлтгэн оролцуулахаар тус тус төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байсан хэдий ч дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гаргасан УОК-ын шийдвэрийг үндэслэн дээрх уралдаан, тэмцээнд оролцох боломжгүй болсон.

Цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал намжвал бид 2021 онд “Цэргийн наадам”-ын хүрээнд зохион байгуулагдах эдгээр уралдаан, тэмцээнд үргэлжлүүлэн оролцохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин 

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Ариунзаяа: Халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал нийгмийн халамж, даатгалын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийг дэмжих төслийн 1-р шат саяхан хэрэгжиж дууссан. Хоёрдугаар шатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр хоёр талын саналыг оруулан бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн нийгмийн даатгалын чиглэлээр төслийн хоёрдугаар шатыг урт хугацааны сургалт зохион байгуулахаар болсон. Ирэх есдүгээр сард сургалтын агуулга тодорхой болно” гэв.

Дээрх хоёр төслийн хүрээнд яамны болон сайдын зүгээс саналаа илэрхийлэхийг хүслээ. Цаашид ХНХЯ-тай нийгмийн суурь судалгааны тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт хүрч чадаж байгаа эсэх хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхож байгаагаа дурдлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Яг одоо манай улс нийгмийн даатгалын шинэчлэл хийх цаг үе дээр явж байна. Тэтгэврийн тогтолцоог буруу гэж үзсэн ард иргэдээс хуримтлалын систем рүү шилжинэ гэсэн маш том хүлээлт үүсээд байгаа. Тиймээс нийгмийн даатгалын шинэтгэлийн хуулийн төслүүдийг олон жил бэлдсэн. Яамны зүгээс актуар тооцоолол хийх шатандаа явж байна. Тиймээс эхний ээлжинд нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэхтэй холбоотой ажлуудыг хийнэ.

Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээл. Манай улсын хүн амын 65 хувь нь 35 наснаас доош залуус. Хөдөлмөр эрхлэх гэхээр нэг талаасаа ажлын байр байхгүй. Нөгөө талаасаа сул байгаа ажлын байранд тохирох ур чадвартай боловсон хүчин байхгүй. Эрэлт, хэрэгцээ нь нийцэхгүй хөдөлмөрийн зах зээлтэй. Тиймээс хөдөлмөр, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх гэсэн манай яамны гол үндсэн чиглэл танай үйл ажиллагаатай уялдаа холбоотой.

Ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Мөн нийгмийн халамжийн 50-аас дээш хувь нь ядуу бус хүнд очсон гэсэн дүн гарсан. Нийгмийн халамжийн үйлчилгээ хүрэх ёстой хүндээ 100 хувь хүрч чадахгүй байна. Тиймээс эхний ээлжинд халамжийн газрын системийг цахимжуулж бусад төрийн байгууллагын мэдээллийн сантай холбох ажил хийнэ. Өрхийн мэдээлийн сангаас тухайн өрхийн гишүүн бүрт мэдээллийн сан үүсгэнэ. Ингэснээр халамж үйлчилгээнд хамрагдах иргэд бүрдүүлэх материалаа онлайнаар авах боломжтойгоос гадна тухайн иргэний бүх мэдээлэл гараад ирэх учраас яг халамж авах ёстой хүн мөнүү бишүү гэдэг нь ч тодорхой болно. Мөн манай албан хаагчдад ирэх цаасны ажил буурч иргэндээ үйлчилгээ үзүүлэх цаг зав нь нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөлмөр эрхэлдэггүй, татвар төлдөггүй хэрнээ халамж авдаг бол хөдөлмөр эрхлүүлэх талаас нь анхаарах зэрэг халамжаас хөдөлмөр лүү шилжих ажлыг үе шаттайгаар хийнэ” гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мэдэгдэл

Огноо:

,

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсанаар Үндэсний телевизийн сарын хураамж 20,000 төгрөг болно гэнэ” гэсэн худал мэдээлэл цацагдаж олон нийтийг эргэлзээнд оруулж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.

МҮОНРТ нь 2005 оноос эхлэн Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэхүү хуулийн 17.1.1-д “МҮОНРТ-ийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс байна”, 18.1-д “Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна” заасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолоор “Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, хувь этгээдээс хураан төвлөрүүлэх журам” батлагдсан. Энэхүү журмын дагуу Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 403 тоот тушаалаар Улаанбаатар хот, түүний дүүрэгт оршин суух айл өрх, хувь иргэдээс 1,100 төгрөг, албан байгууллагаас 1,650 төгрөг, аймгийн төвийн айл өрх, хувь этгээдээс 850 төгрөг, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 1,200 төгрөг, сум багийн айл өрх, хувь этгээд, албан байгууллага, аж ахуйн нэгжээс 600 төгрөгийн телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг сар бүр авахаар тогтоосон нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд айл өрхийн сарын цахилгааны төлбөр дээр нэмж авах байдлаар төвлөрүүлдэг.

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг тодорхойлж, зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 3.1-д “Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаатай холбогдох харилцааг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан. Өөрөөр хэлбэл МҮОНРТ-ийн үйл ажиллагааг зөвхөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан.

Иймд Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдаж мөрдөгдсөнөөр МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс буюу хураамж нэмэгдэхгүй хэвээр байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз

Дэлгэрэнгүй унших

Санал болгох