Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хотын дарга гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцлаа. Энэ төрлийн дуудлага, мэдээллийг Орон зайн нэгдсэн мэдээллийн системд бүртгэж, ирсэн дуудлага бүрийн үнэн эсэхийг нягталж, шалгадаг болжээ. Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Он гараад нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.5 дахин нэмэгдсэн. 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ бүхэн дээр хэрэг нээж, ажиллаад явж байна” хэмээн танилцуулав. Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэртэй бус харилцаа. Үүнд мөн үүнд архи, согтууруулах ундаа нөлөөлдөг байна. Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон бүртгэгддэг аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Гэмт хэргийн гаралттай холбоотой мэдээллийг системд хурдан оруулж, удирдах албан тушаалтнуудад шуурхай мэдэгдэж, зохион байгуулалтад орж ажиллах хэрэгтэй. Улаанбаатар хотын хэмжээнд 35 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэднээс мэргэжлийн хяналт, цагдаа, эмч гээд нийт 16 мянган албан хаагч нэгдүгээр шугамд ажиллаж байгаа. Нэг ч гэсэн иргэний эрүүл мэндийн хамгаалахын төлөө, нэг ч гэсэн хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүйн төлөө, согтуугаар тээврийн жолоодож өөрийн болон бусдын амь насанд халдах нөхцөл байдал гаргуулахгүйн төлөө бид ажиллаж байна” гэсэн юм.

102 тусгай дугаарт хоногт гэр бүлийн хүчирхийллийн 100-150 дуудлага бүртгэгддэг. Тэгвэл хөл хорио тогтоосон эхний өдөр 182 дуудлага бүртгэгдсэн бол бусад өдөр 100-150, өчигдөр гэхэд 88 дуудлага бүртгэгджээ. Өмнөх хатуу хөл хорионы үеэр согтууруулах ундаа хориглоход гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 60-80 болж буурсан аж. Гэхдээ олон улсын жишгээр архи, согтууруулах ундааг хориглосноор гэмт хэргийн гаралт буурдаггүй, харин нэмэгдэх хандлага ажиглагддаг байна. Иймээс энэ удаагийн хөл хориогоор согтууруулах ундааг бүр мөсөн хорилгүй, 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглосон юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох