Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө

Огноо:

,

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хуралдлаа.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын дөрвөн гишүүн асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулт өглөө. Тухайлбал гишүүд “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу  хариу тайлбар гаргах хугацаа энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж, хүргүүлэх ёстой гэсэн чиглэлийг Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгуулах магадлал өндөр байгаа талаар дурдлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газарт хүргүүлэх чиглэлийн төслийг Түр хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтай ажиллаж байна. Энэ нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал  ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх тухай танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.

Түр хорооны гишүүд чиглэл өгөх төслийг тал бүрээс нь хэлэлцэж, асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн авахаар төлөвлөж буй аливаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, түүнчлэн Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах санал гаргаж, чиглэлийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлэв.

Гишүүдийн асуултад хариулахдаа Түр хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюу Толгой” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд 1 их наяд 80 тэрбум долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн бололцоотойг харуулж байгаа талаар тайлбар хийв.

Түүнчлэн гишүүдийн олонх нь “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргахыг чиглэлийн төсөлд тусгах талаар санал хэлсэн юм.  

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргах талаар чиглэлийн төсөлд тусгахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү хэлэлцээд Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр аливаа нэмэлт санхүүжилт нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.

Түр хорооны тэмдэглээр Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал  хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь дэмжлээ.

Дараа нь Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой төслийн байгаль орчны үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон гүний хоолойн газрын доорх усны  ордын нөөцийн талаар, Татварын ерөнхий газраас  "ОюуТолгой" ХХК-ийн татварын талаар танилцуулга хийлээ. Мөн "ОюуТолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан "ОюуТолгой" ХХК-тай холбоотой санхүүжилт, зээлийн хүү, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, ашиглалтын хугацаатай холбоотой мэдээллийг өгсөн юм. Дээрх танилцуулга, мэдээллүүдтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, тодруулан, хариулт авахын зэрэгцээ тодорхой санал гаргаж, саналыг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон юм. 

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг байгууллага бүр гаргаж, нэгдсэн мэдээллийг Түр хороонд ирүүлэхийг чиглэл болгосноор Түр хорооны хуралдаан өндөрлөв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна

Огноо:

,

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж буй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-“Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн асуудлыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн судалж, энэ оны 2 дугаар сараас бичиг баримт, тооцоо, судалгааг үндэслэн албан хэлцлийг хийн, хуулийн дагуу 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн газартай холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-д хандсан байгаа. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна” гэлээ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:

-Хамгийн эхний ажил бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажил. Үүнийг сайн зохион байгуулалттай хийхээр төлөвлөж байна. Үүний дараа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн Арена хэлбэрийн хүрээлэн болгох судалгааг эхлүүлнэ. Судалгааг олон нийтэд танилцуулна. Энэ салбарт олон жил ажилласан туршлагадаа үндэслэн  “Төв цэнгэлдэх хүрээлэн” татаас авдаг бус улсын төсөвт татвар төвлөрүүлэх боломжтой гэж харж байна гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан хашаа, хайсыг буулгалаа

Огноо:

,

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад,  Да хүрээ зах орчимд ажиллалаа.

Тус Ажлын хэсэг өөрсдийн хариуцсан трасст хээрийн судалгааг хийн,  энэ сарын 10-ны өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн газар, хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилгуулах, хаягийн байгууламж, гэрэлтүүлгийн шон, инженерийн шугам сүлжээний бүрэн бүтэн байдлыг стандартын дагуу хангуулах мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Өнөөдрөөс хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.

Мөн “Да хүрээ Трейд” ХХК нь эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалсан байсныг илрүүлсэн юм. Тус компани хэтрүүлэн хашаалсан газарт контейнер байршуулж, иргэдэд түрээсэлдэг байжээ. Тус талбайг чөлөөлөх ажлыг энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Түүнчлэн Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгалаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг байна. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр байдаг. Мөн НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн  цусанд  хар тугалганы агууламж хамгийн өндөр гарсан.  Энэ орчимд авто машин, сэлбэгийн худалдаа байхад тохиромжгүй.  Мөн мэдэгдэх хуудас авсан ААН, иргэд заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хэтрүүлэн барьсан хашаа хайс, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг албадан чөлөөлнө гэв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох