Улстөр нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж, улмаар ОХУ-ын тал санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэнээр, газар шорооны ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн юм.
ХАЛХГОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулж байна. Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа юм.
Бүтээн байгуулалтыг “Их модун” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, оффицер, нийт 500 гаруй хүн оролцож байна.Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа нь төслийг цаг хугацаанд нь чанартай хийж дуусгахад хамгийн том түлхэц болж байна.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 60-аад онд гаргаж байсан. Одоо бид XXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй.
Мөн ахуй буюу XXI зуунд хүн яаж амьдрах ёстой вэ гэдэгт, хоёрдугаарт малчдын орлогыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарлаа хандуулдах шаардлагатай юм. Хөдөөгийн, сумын иргэдийн малаас гаралтай түүхий эд нь баталгаатай борлогддог байлгах, нөгөө талаасаа газар тариалангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Халхгол сумаар жишээ авахад Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай энэ бүс нутагт газар тариаланг хөгжүүлж хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн экспортлох боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь ямар нэг байдлаар боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна.
Мөн Халхголын тулалдааны 80 жилээр бөх барилдуулж, морь уралдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалт босгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. 2019 оны есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусч, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байх болов уу.
Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. 2012 онд УИХ-аар алслагдсан сумдаа шинэчлэхээр болсон 2, 3 хан сум шинэчлэгдээд энэ ажил зогссон. Та бүхэн Халхголын бүтээн байгуулалтаар сум шинэчлэх ажил амжилттай үргэлжилж байгааг харж байгаа байх. Мөн ажилд барилгын цэргийн ангийнхан оролцож байгаа. Дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байна” гэлээ.



Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Шударга мэдээ2024/08/08
ХАА-н салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын...
-
Улстөр нийгэм2025/07/04
УИХ: “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” ...
-
Цаг үе2022/07/25
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Цаг үе2025/08/12
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
