Улстөр нийгэм
Шадар сайд Я.Содбаатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаанд оролцов
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.
ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг 2020 онд даргалж буй Энэтхэг энэ жилийн ээлжит хуралдааныг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралдааныг Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч М.Венкая Найду нээж үг хэлэв.
Хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч А.Э.Новиков, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсынпарламент дахь Гадаад харилцаа эрхэлсэн сайд Андлиб Аббас, ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзада, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов нар оролцов. Мөн ШХАБ-ын ажиглагч орнуудаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салех, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Р.А.Головченко, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Джахангири Эсхак, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нар оролцож үг хэлэв. Тус хуралдааны тусгай зочноор Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов оролцов.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар КОВИД-19 дэлхий дахинд аюул учруулж буй энэ үед цар тахлын хор уршгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцож, буурай хөгжилтэй орнуудад тусламжийн гараа сунгаж, цар тахлын хүнд үеийг даван туулахад туслалцаа үзүүлэх шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгааг дурьдан хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг уриалав.
Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллах, боломжтой төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой байгааг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хуралдаанд оролцох үеэрээ илэрхийлэв.
Мөн тэрээр Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн үйл явц тодорхой ахицтай байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Орос, Хятад гурван улсын "Эдийн засгийн коридор"-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгээд зогсохгүй, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.
Ирэх жил ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг Бүгд Найрамдах Казакстан Улс тэргүүлэхээр болов гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл