Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-ны өдрийн 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ажлын дэд хэсгийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Д.Ламжав, Улсын бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нарын зэрэг хүмүүс оролцов.

Хэвлэлийн бага хурлын эхэнд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ болох Үндсэн хууль бүрэн бүтэн болж улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

1992 оны 01 дүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль мөн оныхоо 02 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр болж байсан түүхтэй.

Тэгвэл, бидний 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт маань ийнхүү хүчин төгөлдөр болж байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан зохицуулалт хийснээр улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн хорь, гучин жилд яаж удирдан зохион байгуулж явахав, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангахав, улс орноо яаж хөгжүүлэхэв, ирээдүйнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэхэв гэдгийг тогтоож чадлаа.

    Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийснээр:

  • Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч залрууллаа;
  • Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өглөө;
  • Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болголоо;
  • Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ;
  • Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт орууллаа;
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийлээ.

Ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах 40 гаруй хууль ард түмний хүсч байгаа шударга ёс, төрийн эрх барих байгууллагын хариуцлага, төсвийн ил тод хяналттай байх нөхцөлийг амьдрал дээр биежүүлэн буулгах ёстой юм.

Органик хуулиуддаа энэхүү нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг нэг бүрчлэн нарийвчлан суулгаж чадахгүй бол засаглалын хямрал засагдах ажил удаашрах болно.

Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан үзүүлэхийн төлөө дараагийн төр, засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрэн дүүрэн хэрэгжиж, Монгол төрийн сүлд ивээх болтугай” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ба уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай уулзаж байна

Огноо:

,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин,  Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.

Уулзалтад  Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг  байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцож,  Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, соёл урлагийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар  ярилцан, санал солилцож байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

"Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жил дуусч байгаатай холбогдуулан хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Төгсөлт" тусгай арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын бааз, амралтын газруудад 21 насанд хүрээгүй иргэнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, зохион байгуулалттайгаар архидан согтуурах улмаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх "Зөвлөмж" хүргэн ажиллаж байна.

“Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн 21.1.1. "21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх", мөн хуулийн 27.1, 27.2, 28.1.2 зэрэг хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлж, хамтран ажиллана уу.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевичид сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр улсын тээврийн салбарын түүхэн харилцааг өргөжүүлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Талууд энэ удаагийн уулзалтаар авто зам, төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, Богд хаант төмөр зам болон манай хоёр улсын зам, тээврийн салбарт найрамдлын бэлэг тэмдэг болсон Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор зэрэг өргөн сэдвээр ярилцаж, санал солилцлоо.
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич хэлэхдээ,
 
Сүүлийн жилүүдэд дэлхийн геополитик хүчтэй өөрчлөлтүүд явагдаж, үүнийг дагаад манай хөрш орнуудын гео эдийн засгийн бодлогод өөрчлөлт ажиглагдах болсон. ОХУ, БНХАУ-н хоорондох эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж, хоёр орны худалдаа 200 орчим тэрбум долларт хүрээд байгааг онцлоод, Монгол Улсын хувьд газар зүйн маш чухал байрлалд оршиж байгааг хэллээ.
 
Түүнээс гадна өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд авто зам барих асуудал хамгийн чухал төдийгүй энэ төрлийн бүтээн байгуулалтад тус улсын компаниуд оролцох сонирхолтой байгааг илэрхийлж байв.
 
Уулзалтын төгсгөлд талууд УБ-Москва чиглэлийн шууд нислэг болон Баруун, Зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалт, түүний эдийн засгийн үр өгөөжийн талаар санал солилцоод, дээрх чиглэлд шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэхээр ажлаа эрчимжүүлж байна гэж ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.
 
Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн зүүн босоо буюу Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл, бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжсэнээр төмөр замаар нэвтрэх ачаа тээврийн эргэлт, хүчин чадал, экспорт, импортын урсгал нэмэгдэж, далайд гарцгүй Монгол орны хувьд эдийн засгаа өсгөх боломж гэдгийг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: ЗТХЯ
Дэлгэрэнгүй унших

Санал болгох