Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн Ё.Энхтөр, Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа.
МҮХАҮТ болон үйлдвэрлэл эрхлэгчид тавдугаар сарын 1-ний өдөр “Эдийн засгаа аварцгаая. Ажлын байраа хамгаалцгаая” уриан дор цахим жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Уулзалтад ирсэн мэргэжлийн холбоодын төлөөлөл эдийн засгийг дэмжих чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийлцгээв. Коронавирусийн цар тахлын улмаас үйлдвэрлэгчдийн 70 хувийнх нь борлуулалт буурч, экспорт, импорт хумигдан, үйлдвэрлэл багассаны улмаас ажлын байр цомхотгогдоход хүрч байгаа талаар тэд ярилаа.
Мөн зээл, зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөлтөд учирч буй хүндрэлийг хөнгөвчлөх, бүтээн байгуулалтын ажлуудыг хойшлуулалгүй эхлүүлэх, хилийн түр боомтуудыг нээх, ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, махны экспорт, нөөцийн махны борлуулалтын чиглэлээр арга хэмжээ авах зэрэг саналыг дэвшүүлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар тэдний хөндөж буй асуудлууд бүгдээрээ төр, засгийн анхаарлын төвд байж, холбогдох арга хэмжээ авч байгаа. УИХ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэж, өнөөдөр батлах гэж байна.
Коронавирусийн цар тахал дэлгэрэхээс сэргийлж, хязгаарлан барьж чадаж байгаагийн дүнд гаднын зарим улс оронтой харьцуулахад Монголын нөхцөл байдал харьцангуй гайгүй байна. Төр засаг, иргэд, үйлдвэрлэгчид хүчээ нэгтгэх, болзошгүй хямралыг хамтдаа хохирол багатай даван туулахад л илүү анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэлээ тэтгэж, эдийн засгаа дэмжиж байж л бид сөрөг нөлөөллийг бууруулж чадна. Тиймээс та бүхнийг Майн-1-ний жагсаал цуглаанаа болихыг уриалж байна. Иргэд, олон нийт ч тийм таатай хүлээж авахгүй болов уу. Тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэмээргүй байна гэлээ.
Улстөр нийгэм
ЗГ: Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:
- Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгалаа.
- Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов. Хэлэлцээрийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байна. Хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах 71 машин, тоног төхөөрөмж авахаас 58-ыг нь дагалдах хэрэгслийн хамт хүлээн авчээ.
Улстөр нийгэм
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн, зарим газарт хар, цагаан хил гарсан тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.
Ялангуяа иргэд ихээр зорчдог Ханхын замын чиглэлд буюу “Хадан хүй" орчимд хар, цагаан хил гарсан байна.
Цагаан хил гэдэг нь мөс хагарч, хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч, дундуур нь ус мэлтэлзэхийг хэлдэг.
Хар хилийн хэмжээ өөр, өөр байдаг бөгөөд гарсан хилийн нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна.
Гэхдээ хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.
Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна.
Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.