Улстөр нийгэм
УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа.
Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг хамгийн сэргэг мэдэрч, бодитоор амсаж буйн хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, үр дүнг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцолж, COP17 хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа. Энэхүү олон улсын хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хууль тогтоох байгууллага шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллана гэдгийг тэрбээр тэмдэглэж, НҮБ-ын Нарийн бичгийн даргын газрын бодлогын удирдамж, мэргэжлийн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ буюу 2025 оны долдугаар сард COP17 хурлын Ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Тэрбээр Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажиллах болсон тул Засгийн газраас COP17 хурлын дараагийн Ерөнхийлөгчийг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгийг тэрбээр Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцууллаа.
Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад цөлжилттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын идэвх санаачилгыг сайшааж, COP17 хурлын бэлтгэлийг өндөр түвшинд ханган ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газар болон Монголын ард түмэнд талархал дэвшүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсын манлайлал, тэнцвэртэй гадаад бодлогын үр дүнд COP17 бага хурал Конвенцид оролцогч талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх эерэг итгэлцэлд суурилсан талбар байх болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.
Олон улсын бага хурлыг Монгол Улсын иргэдэд төдийгүй дэлхийн дахинд хүртээмжтэй бодит үр шим бүхий чухал үйл ажиллагаа болгохыг зорьж ажиллахаа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад дурдаж, парламентын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, бодит оролцоог хангах асуудалд онцгойлон анхаарна гэсэн юм. Иймд тэрбээр COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцах хүрээнд төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, цөлжилт, ган гачиг, газрын доройтлын эсрэг үйл хэрэгт олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож буйгаа танилцууллаа.
Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Яап Ван Хиердэн, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нью-Йорк дахь албаны захирал Ражеб Булхаруф болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
